Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/03208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Б

Нэхэмжлэгч: О.М

Нэхэмжлэгч: Ж.Д

Нэхэмжлэгч: Б.Б

Нэхэмжлэгч: Б.Ч

Хариуцагч: Д.О-д холбогдох

Эрхийн улсын бүртгэлийн Ү-22  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол /13320/ Да хүрээ гудамж 00  байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч ханан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б-, О.М-, Ж.Д-, О.Б-, О.Ч-нарын хууль ёсны төлөөлөгч С.Б-, хариуцагч Д.О-, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Амгалан, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар хариуцагчид холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Нэхэмжлэгч О.Б-, О.М- бид 2001.04.10-ны өдөр хариуцагч Д.О-ийн том /ихэр/ хүүхдүүд болж төрсөн байдаг. Биднийг 9 нас, 10 настай байхад дүү Б.Б- /2009 он/, Б.Ч /2010 он/ нар төрсөн. Биднийг хүүхэд ээж маань бүх зүйлийн хүүхдүүдийнхээ төлөө зориулан, сайн хүн болгохыг төлөө өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж бүх амьдралыг босгосон гэж хүүхдүүд бид ойлгож явдаг. Өнгөрсөн 20 гаруй жил ээж маань өөрийнхөө хөдөлмөрөөрөө Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61 м.кв талбайтай, орон сууцыг худалдан авахаар орон сууцны зээлийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн банктай байгуулсан байдаг. Эд хөрөнгө бидний төрснөөс хойш бидний ээж өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгө бөгөөд бид өнөөдрийг хүртэл дотор нь амьдарч байгаа тул Иргэний хуулийн 125.1.1,126.1.1-д зааснаар тус хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгө юм. Гэтэл дээрх орон сууц ээж Д.О-ийн нэр дээр зөвхөн бүртгэлтэй байдаг тул энэ эд хөрөнгө зөвхөн ээжийнх биш эмээ, эгч, дүү бид тавын хөрөнгө болохыг шүүхийн журмаар зайлшгүй тогтоолгох шаардлага үүссэн тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Учир нь ээж Д.О- нийгмийн сайн сайхны төлөө хүмүүст туслах зорилгоор барилгын төсөл хэрэгжүүлсэн боловч хамтран ажилладаг хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн. Тэгээд ээжийн маань нэр дээр бүртгэлтэй энэхүү орон сууцыг төрөөс хураан авч бидний 4 хүүхэд, өндөр настай эмээгийн хамт орон оронгүй болж, улмаар гудамжинд гарах аюул тулгараад байна. Хэдийгээр энэхүү хөрөнгө ээжийн маань нэр дээр бүртгэлтэй хөрөнгө боловч энэ байрыг худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл эгч дүү бид 4 эмээгийн хамт амьдарч байна.

2.Оногдох хэсгийн өмчлөгч болохыг тогтоолгож шаардлагатай баримт бичиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл.

Д.О- нь Ж.Д- миний төрсөн ганц охин бөгөөд өсгөн хүмүүжүүлэх явцдаа үргэлж хамт амьдарч ирсэн. Энэ хугацаанд хуучин гэрээ зарж Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61 м.кв талбайтай, орон сууцыг худалдан авахаар болж банкны урьдчилгаа төлбөрийг төлж үлдэх хэсгийг охин Д.О-тэй хамтран Төрийн банкны орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж авсан. Үүнээс үзэхэд миний оролцоо байхад өмчлөх эрхийн бүртгэл зөвхөн Д.О-ийн нэр дээр гарсан байдаг. Өнөөдөр охин Д.О- эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж, хорих ангид ял эдэлж хоригдож байгаа бөгөөд түүний холбогдсон эрүүгийн хэрэгт бидний амьдарч байгаа энэхүү орон сууцыг битүүмжилсэн.Өнөө маргаашгүй орон сууцыг хураан авч биднийг гудамжинд гарах шаардлагатай байна Аливаа эцэг эх үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, амьдрах нөхцөл боломжоор хангах үүрэгтэй. Иймээс 4 зээ бид бүгд төдийгөөс өдийг хүртэл энэ айл өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамт амьдарч ирсэн тул энэхүү орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байна. Учир нь энэхүү байрыгхудалдан авсан өдрөөс хойш миний бие зээ нараа харж, хандсаар өнөөдрийг хүрсэн юм. Энэхүү орон сууцыг зээ нар өөрийн нэр дээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт удаа дараа хандсан боловч тусгай тэмдэглэл хийсэн гээд өргөдлийг хүлээн авахаас татгалзсан. Иймээс улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байраа хураалгаж гудамжинд гарах нөхцөл байдалд ороод байна. Иймд иргэний 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид гэр бүлийн бусад хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш би болсон бусад хөрөнгөнд хамаарна. гэж зааснаар Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61м.кв талбайтай, орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, эд хөрөнгийн өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхийг Д.О-д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч О.М-, Л.М, Б.Б-, Б.Ч, Ж.Д- нараа гаргасан Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61 м.кв талбайтай, орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нарт ногдох хэсгийн өмчлөгч болохыг тогтоолгох тул эд хөрөнгөнд өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн эд хөрөнгийн газарт бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг гарган өгөхийг хариуцагчид даалгах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Учир нь уг үл хөдлөх хөрөнгийн 2016 оны 09 дүгээр сарын 09-нд гэр бүлийн бүх гишүүд хамтран өмчлөх зорилгоор ээж Ж.Д-тай хамтран урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж Төрийн банкны ипотекийн зээлээр үлдэгдэл хэсгийг санхүүжүүлэн худалдан авсан.Ингэж худалдан авснаас хойш гэр бүлийн бүх гишүүдийн хамт уг байранд амьдарч ирсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Мөн намайг хоригдсоноос хойш ээж Ж.Д- миний 4 хүүхдүүдийг асран хамгаалан зээлийг сар хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлж байгаа цаашид ч тодорхой хугацаанд ээж Ж.Д- охин О.Б-, О.М- нар цалин орлогоосоо төлөх тул уг орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хуралд биечлэн оролцох боломжгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч Д.О-, хамтран зээлдэгч Ж.Д- нартай 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 184 тоот зээлийн гэрээ байгуулан 52,600,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 204 сарын хугацаатай олгосон. Зээлийн барьцаанд зээлдэгч Д.О-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж улсын бүртгэлийн байгууллагад 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бүртгүүлсэн. Зээлдэгч зээл авснаас хойш үндсэн зээл 6,973,517.97 төгрөг, хүү 16,868,848.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,152.24 төгрөг нийт 23,847.519.4 төгрөгийг төлсөн байна. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 12 дугаар сард зээлдэгч зээлийн хүүг зогсоох хүсэлт гаргасны дагуу зээлийн хүүг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зогсоосон бай 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 45,626,482.05 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. Тус зээлийн хамтран зээлдэгч Ж.Д-гийн хувьд зээлийн үлдэгдлийг гэрээний үүргийн зөрчилгүй тухайн бүрт нь төлөх талаараа мэдэгдсэн. Иймд О.Б-, О.М-, Ж.Д-, Б.Б-, Б.Ч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банкны ХХК-ийн нарын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан нэхэмжлэлийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд: Б.Ч, Б.Б- нарын төрсний гэрчилгээний хуулбар(1 хх-ийн8-9), ипотек, барьцааны гэрээ (1 хх-ийн10-16), Нийгмийн даатгалын албан тоот(1 хх-ийн130), Цалингийн тодорхойлолт(1 хх-ийн130-131),Зээлийн мэдээллийн лавлагаа(1 хх-ийн132),Ж.Д дансны хуулга (3хх-ийн),БНСАУ-ын Солбридж их сургуулийн лавлагаа(1хх-ийн34-37) зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд: Зээлийн дансны хуулга(1хх-ийн 39-43), үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ(1 хх-ийн44), ипотекийн зээлийн гэрээ (1хх-ийн 45-48), барьцааны гэрээ (1хх-ийн49-50) зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

Шүүх: Үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг(1хх-ийн90-128),ШШГА үүссэн лавлагаа(1 хх-ийн143-149), Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.09-ний өдрийн 2022/ДШМ/145 магадлал(1хх-ийн150-211, 2хх-ийн218-3хх-ийн 28), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01-ний 2021/ШЩТ1032 шийдвэр (1хх-ийн212- 2хх-ийн 217),Монгол улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.03.30-ны өдрийн 238 тогтоол(3хх-ийн 2-30) зэрэг баримтыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар хариуцагчид холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн дундын өмч тул шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Хариуцагч Д.О- нь Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 52,600,000 төгрөгөөр худалдан авахаар Төрийн банктай харилцан тохиролцож, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №284 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулжээ. (1 хх-ийн 45-48,100,145),

Уг гэрээгээр 52,600,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 204 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч Д.О-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №284 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан байна. (1хх-ийн25, 49-50, 100,145)

Дээрх зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч А.Дариймаа зээлийн гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээжээ. (1хх-ийн 45-48)

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг, 3.1.4-д 3.1.4.-д гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг 3.1.5-д төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг гэж заасан.

Хариуцагч Д.О- О.Б, О.М, Б.Б, Б.Ч нарыг төрүүлэн өсгөж, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна. гэж зааснаар О.Б, Амбагай овгийн О.М гэсэн эхийн, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т хүүхэд эцгийн нэрийг авна гэж зааснаар Боржигон овогт Б.Б, Боржигон овогт Б.Ч гэсэн эцгийн нэрийг тус тус авсан байна. (1хх-ийн 6-9)

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.,

126.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна,

126.2.1.-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө;

126.2.2.-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө;

126.2.3.-д ногдол хувь, үнэт цаас;,

126.2.4.-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө-ийг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж хуульчилсан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1.-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг; ойлгоно.

Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт ..... С.Б-тай гэрлэлтээ бүртгүүлээгүй гэх тайлбарласнаас үзэхэд Д.О-, С.Б- нар иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлт бүртгүүлээгүй байх тул Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг С.Б-, Д.О- нарын гэр бүлийн дундын эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.;

Хүүхдийн эрхийн тухай конвенцод:

гэр бүл, түүний гишүүдийн, ялангуяа хүүхдийн өсөж бойжих, аж төрөх жам ёсны орчин, нийгмийн үндсэн нэгж болохын хувьд нийгэмд хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр үүрүүлэхэд шаардлагатай хамгаалалт, туслалцаа хүртэх ёстойг ойлгох;

Хүүхдийн эрхийн тухай хуульд:

Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;, .хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, хуулиар олгогдсон эрхээ эдлэх, шаардах., өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэйг;

Эцэг, эх асран хамгаалагч нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, тэжээн тэтгэх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх үүрэгтэйг хуульчилсан.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. гэж зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61м.кв талбайтай,2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг П.Одгэрэл, О.Б-, О.М-, Б.Б-, Б.Чинтөгс нарын хэсгээр өмчлөх дундын өмч гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5.-д зааснаар төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Д.О төрсөн ээж болох хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдсон болно.

Хариуцагч Д.О- нь Төрийн банктай харилцан тохиролцож, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №284 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулсан, уг гэрээнд нэхэмжлэгч Ж.Д нь хамтран үүрэг гүйцэтгэх үүргийг хүлээжээ. (1хх-ийн 45-48)

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Ж.Д......Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд ач зээ нарын хамт амьдардаг гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороор, 13 дугаар хороолол, 63А байр 30 тоот, Д.О-, Төрийн банк ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №284 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээнд Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт Ухаа 14 дүгээр гудамж 512 тоот гэж бүртгэгдсэнээс үзэхэд тэрээр дээрх хаягт оршин суудаг болох нь баримтаар нотлоогүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Ж.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар дээрх хаягт оршин суудаг талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч ЖД. гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж үндэслэлгүй тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Д.О нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01-ний өдрийн 2021/ШЩТ/1032 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ял шийтгэл ногдуулж, 6 дахь заалтаар 2,509,573,495 төгрөгийг гаргуулж хохирогчдод олгох, 11 дэх заалтаар Д.О өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, 00 байрны 39.61 м.кв 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгч нарын хувьд ногдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг даалгаж шийдвэрлэснийг,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.09-ний өдрийн 2022/ДШМ/145 магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад ....шүүгдэгч Д.О-ээс 2,509,573,495 төгрөг .... гэснийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 7,154,191,044 төгрөгийг ..... шүүгдэгч Д.О-ээс 2,440,935,189 төгрөгийг гаргуулж гэж, 11 дэх заалтад. ......Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч нарын хувьд ногдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг даалгасугай гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч Д.Г-, Д.О-, Д.Б нарын төлөх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хувь тэнцүүлэн гаргуулахыг даалгасугай. гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэснийг,

Монгол улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.03.30-ны өдрийн 238 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болжээ. (1хх-ийн212- 2хх-ийн 217), (1хх-ийн150-211, 2хх-ийн218-3хх-ийн 28), (3хх-ийн 2-30)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №22410789 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Д.О-ийн өмчлөлд бүртгэлтэй, Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, 00 байрны 39.61 м.кв 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгө нь Төрийн банк ХХК-тай 2016 оны 284 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, Мөрдөн байцаах албаны 2020 оны 12/4-2176 тоот, НШШГГ-ын 2021 оны 4-140/13112 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 22410255/02 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол-оор Д.О- наарын хохиролд төлбөрийн хавсралтад дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж тусгай тэмдэглэл хийгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон болно. (1хх -ийн 90, 110-119, 121-123,144-148)

Эрхийн улсын бүртгэлийн Ү-*********  дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж, 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Д.О-, Д.Б, Д.М, Б.Б-, Б.Ч нарын дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө болохыг тогтоож, нэхэмжлэгч А.Дариймаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01-ний 2021/ШЩТ/1032 шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.09-ний өдрийн 2022/ДШМ/145 магадлалаар шүүгдэгч Д.О-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх төлбөрт энэ саад шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116.,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 126 дугаар зүйлийн 126.2-т заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо , 00 дугаар хороо лол, /13320/ Да хүрээ гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлалтай, 39.61 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Д.О-, Д.Б, Д.М, Б.Б-, Б.Ч нарын дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө болохыг тогтоож, нэхэмжлэгч Ж.Д нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ