| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/03244/И |
| Дугаар | 101/ШШ2022/02905 |
| Огноо | 2022-06-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/02905
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 хэсэг Сөүл роял каунти 307 дугаар байр, 401 тоот хаягт оршин суух Хар таргад овогт Буянтөрийн Оюунтөгс /РД:ЧЖ75011409/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Алтан өргөө 72а байр 1 дүгээр орц 8-16 тоот хаягт оршин суух Choi In Seon /М50816453/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэг 154,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 3,340,000 төгрөг, алданги 77,000,000 төгрөг нийт 234,340,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунзул, өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагч Сhoi In Seon, хэлмэрч Б.Цагаандарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал, гэрч Б.Отгонжаргал, Б.Мөнхболор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Миний бие БНСУ-ын иргэн Choi In Seon-той 2019 оны 2 сарын 15-ны өдөр Хан-Уул дүүрэг, Ар зайсан гудамж 53 дугаар байр, 1 давхарын 6 тоот 303.8 мкв үйлчилгээний зориулалттай талбайг түрээслүүлэх гэрээг байгуулсан бөгөөд 2022 оны 1 сарын 07-ны өдрийн байдлаар нийт 154 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өмнө нь миний зүгээс түрээслэгчийн нөхцөл байдлыг ойлгож, түрээсийн төлбөр төлөхийг хойшлуулсаар ирсэн ба үүнээс гадна 111 сая төгрөгийг 2022 оны 1 сарын 20-ны өдрийн дотор талбайг чөлөөлсөн тохиолдолд түрээсийн үндсэн төлбөрөөс 25 хувиар буюу 37 сая төгрөгийг хөнгөлж багасгахын зэрэгцээ түрээсийн гэрээнд заасан алдангийг 10 хувь авахгүйгээр шийдвэж, асуудалд, уян хатан байдлаар хандахаа илэрхийлсэн. Энэ тогтоосон хугацаанд хөнгөлж багасгасан 111 сая төгрөгийг төлөхгүй тохиолдолд үндсэн төлбөрийн болон алдангийн хөнгөлөлт хасалт үйлчлэхгүй бөгөөд бид холбогдох байгууллагад хандан бүх төлбөр алданги хохирлоо нэхэмжлэх болохоо ч түрээслэгчид мэдэгдэж байсан.
Гэвч энэ хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд түрээсийн тайлбайг хүлээлгэн өгөхдөө зарим эд хөрөнгө дутуу, эвдрэл, гэмтэлтэй, цэвэрлэгээ хийгээгүй, түрээсийн талбайн засвар үйлчилгээ хийгээгүй байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор манайхаас 3 сая төгрөгийн зардал гарсан.
Түрээслэгч энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчин түрээсийн төлбөрөө төлөхгүй хугацаагаа хэтрүүлж байсан бөгөөд 2019 оны 12 сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл буюу гэрээний хугацааны төлбөрийн үлдэгдэл нь 154 сая төгрөг болсон ба алданги гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 77 сая төгрөг байна.
Мөн ашиглалтын зардал болох 340,000 төгрөгийг төлөөгүй. Энэ хүн зарим эд зүйлээ үлдээгээд явсныг нотлох баримт байхгүй. Харин ч нэхэмжлэгчийн зүгээс рестораныг тоног төхөөрөмжтэй нь хамт түрээслүүлсэн. Иймд нийт 234,340,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Миний бие Б.Оюунтөгстэй гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 53 дугаар байрны 1 давхарын 6 тоот хаягт байрлах Янжугол рестораныг 2019 оны 2 сарын 15-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай түрээслэн, үйл ажиллагаа явуулсан. Солонгос улсаас Монгол улс руу аялал жуучлалаар ирж байгаа жуулчдыг түшиглэн гол үйл ажиллагаагаа явуулах зорилгоор тодорхой техник тоног төхөөрөмжийн хамт түрээслэхээр болсон билээ.
Манай зүгээс гэрээ байгуулснаас хойш 2019 оны 12 сар хүртлэх хугацааны төлбөр болох 56 сая орчим төгрөгийг сар бүрийн тохирсон хугацаанд төлж, хэвийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Гэтэл 2020 оны 1 сараас ковид гарч дэлхий нийтээр цах тахалын нөхцөл байдалд орж улс бүр хилээ хаах арга хэмжээ авсан.
Үүний улмаас Монгол улсад жуулчин хүлээн авах боломжгүй болсныг нэхэмжлэгч Б.Оюунтөгс сайн мэдэж байсан. 2020 оны 12 сараас эхлэн Ковид-19 Монгол улсад улам хүчтэй тархаж 2021 оны 5 сар хүртэл Монголын нийт нутгаар хатуу хөл хорио тогтоон бизнес эрхэлэгч байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон билээ. Мөн 2021 оны сүүлээр бүх нийтээр вакцинжуулалт явагдан зөвхөн вакцин хийлгэсэн иргэдэд 50 хувьтай үйлчилж байсан.
Удалгүй Хятад улс хилээ хааснаар хоолын үйл ажиллагаа явуулдаг манай компанийн хувьд ногооны хомсдолд орж илүү алдангитай ажилласан. Манайхаар зогсохгүй бүхий л ресторанууд ийм хүнд байдалд орсон бөгөөд энэ 2 жилийн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байдалтай байсан.
Миний бие түрээсийн гэрээнээс зориуд зайлсхийсэн зүйл огт байхгүй бөгөөд түрээсийн обьектыг суллаад өгчихвөл үлдсэн төлбөр мөнгөөс чөлөөлье гэсэн зүйлийг түүний гэр бүлийн хүн болох Б.Батзориг хэлэхэд маш хүндэтгэлтэй баяртай хүлээн авч, суллаж өгсөн билээ. Мөн одоогийн түрээслэгчийг би уулзаж ярилцаж олж өгсөн.
Ашиглалтын зардалд 340,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Түрээсийн эд зүйлд 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Манайх хэрэглэж байсан эд зүйлсээ үлдээгээд гарсан. Эдийн засгийн энэ хүнд үед алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүсийг хохироомооргүй байна. Гэхдээ ийм өндөр үнийн дүнг би яагаад ч төлөх боломжгүй, үндэслэлгүй бөгөөд үндсэн түрээсийн төлбөр болох 154,000,000 төгрөгийн 30 хувийг төлөх саналтай байна гэв.
Нэхэмжлэгчээс: түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 1 сарын 07-ны өдөр өгсөн шаардлага, мэдэгдэл, хариуцагчийн 2021 оны 12 сарын 08-ны өдрийн мэдэгдэл,
Хариуцагчаас:2021 оны 12 сарын 02-ны өдрийн мэдэгдэл зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Батзориг, хариуцагчийн хүсэлтээр Б.Мөнхболор, Б.Отгонжаргал нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг шүүх бүрдүүлсэн.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Оюунтөгс нь хариуцагч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Choi In Seon-д холбогдуулан нийт 234,340,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн түрээсийн төлбөр болох 154,000,000 төгрөгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг 340,000 төгрөгийн ашиглалтын зардлын хамт төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2019 оны 12 сарын 15-ны өдрөөс 2022 оны 2 сарын 15-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 154,000,000 төгрөг, алданги 77,000,000 төгрөг, түрээсийн гэрээнээс учирсан хохиролд буюу эд хөрөнгөд учруулсан хохиролд 3,000,000 төгрөг, ашиглалтын зардалд 340,000 төгрөгийг гаргуулана гэж тайлбарласан.
Зохигч талуудын хооронд 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, нэг талаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042745 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, 53 дугаар байрны 6 тоот хаягт байрлах 303.8 мкв талбайтай, Рестораны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг холбогдох тоног төхөөрөмжийн хамт ашиглуулах, нөгөө талаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд байгуулсан бичгийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд дурдсан нөхцлөөр гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй байна. /х.х-ийн 4-6 дугаар тал/
Талуудын гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга болон зорилгоос дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө түрээслэх гэрээний агуулгад нийцсэн, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт 154,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алиных нь тайлбараар хариуцагч нь 2019 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн байна.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлийг ковид-19 өвчний улмаас 2020 оны 1 дүгээр сараас 2022 оны 1 сар хүртэл хугацаанд хил хаагдсан, ресторан үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, гэнэтийн нөхцөл байдлын улмаас санхүүгийн хүнд нөхцөлд орсон тул гэрээний хугацаанд төлөх төлбөрийг бүхэлд төлөх үндэслэлгүй гэж тодорхойлж байна.
Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар талууд түрээсийн төлбөрийн хэмжээг тохиролцсон байх бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр буюу 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 2 сарын 15-ны өдөр хүртэл хугацааны төлбөрт 154,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар хэн аль нь маргаагүй.
Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.2-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно гэж зохицуулсан.
Тодруулбал, давагдашгүй нөхцөл байдлын улмаас эд хөрөнгийг ашиглах боломж буурсан тохиолдлыг энэ зүйлд зохицуулсан байна.
2020 оны 1 сарын 30-ны өдөр Олон Улсын Эрүүл Мэндийн Яаралтай Тусламжийн Байгууллагаас өвчний дэгдэлтийг зарласан бөгөөд улмаар 2020 оны 3 сарын 10-нд Монгол улсад анхны Ковид 19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн нь гэрээний талуудын хооронд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад тэдгээрийн хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.
Ковидын тухай хууль, холбогдох дүрэм, журмын дагуу 2020 оны 1 сараас 2021 оны 5 сар хүртэл хугацаанд хэд хэдэн удаа улсын хил хаагдаж, олон улсын нислэгүүд цуцлагдсан, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон ресторан, пабын үйл ажиллагааг бүрэн зогсоосны зэрэгцээ, 8 удаа хязгаарласан цагаар, 50 хувийн дүүргэлттэй зэргээр ажиллуулсан зэрэг нөхцөл байдал үүссэн байна.
Дээрх үүссэн гэнэтийн нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаанд гэрээний зүйл болох эд хөрөнгийг ашиглах боломж бууруулсан нийтэд илэрхий үйл баримт гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн... бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасан.
Гэрээ байгуулах үед талуудын хэн алинд нь төсөөлөх боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй нөхцөл байдал үүссэн байхад гэрээний талууд хуульд заасан дээрх эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг энэ эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэж түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг 50 хувиар бууруулах, хариуцагч мөн адил хуульд заасан дээрх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж үлдэгдэл төлбөрийн 50 хувийг төлөх үүрэгтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 77,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс алдангид 77,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлийг зохицуулсан байна.
Талууд гэрээгээр түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны дотор төлөх, гэрээнд заасан хугацаандаа түрээсийн төлбөрөө төлөөгүй бол тийнхүү хугацаа хожидмуулсан хоног тутамд тухайн гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги алданги төлөхөөр тохиролцсон байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хэн алиндаа хүргүүлж байсан шаардлага мэдэгдэл, хариу мэдэгдэл зэрэг бичгийн баримтаар тодорхой тохиролцоонд хүрвэл төлбөрийн үлдэгдэлээс хасах зэрэг төлбөр төлөх хугацааг харилцан ойлголцож хойшлуулах талаар хүсэл зориг илэрхийлэгдэж байсан гэж үзэхээр байна.
Дурдсан нөхцөл байдлаас үзэхэд гэрээнд заасны дагуу буюу сар бүрийн 10-ны өдрийн дотор төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж үзэж алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн хувьд үүргээ хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болоход гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох Ковид-19 цар тахал нөлөөлсөн гэж үзнэ.
Иймд алдангид 77,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгчээс хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба түрээсийн талбайг хүлээлгэн өгөхдөө зарим эд хөрөнгө дутуу, эвдрэл гэмтэлтэй, түрээсийн тайлбайг засвар үйлчилгээ хийгээгүйгээс 3,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчээс тухайлсан ямар эд хөрөнгөд хохирол учирсан талаарх холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд хохирлын хэмжээг тодорхойлох баримт мөн хэрэгт гаргаж өгөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагч хариу тайлбараа нотлох үүрэгтэй.
Талуудын нотлох чиг үүргийн хувиарлалтын дагуу нэхэмжлэл гаргаж буй этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотолсоноор хариуцагчид тухайн үйл баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ нотлох үүрэг шилжинэ.
Иймд нэхэмжлэгчид 3,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас эд хөрөнгөд учирсан хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс ашиглалтын зардал 340,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.6-д түрээсийн төлбөрт цэвэр бохир ус, цахилгаан дулаан, утас интернэт, СӨХ-ийн болон ашиглалтын бусад зардал багтаагүй бөгөөд эдгээр төлбөрийг түрээслэгч тал төлнө гэж тохиролцсоны дагуу ашиглалтын зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Хариуцагчаас ашиглалтын зардлын хэмжээн дээр маргаагүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 340,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Choi In Seon-оос 77,340,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 157,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хувиарласан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Choi In Seon-оос 77,340,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 157,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,329,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Choi In Seon-оос 544,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунтөгсөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА