Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/159

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Т.А  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн  Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Бийн Бад холбогдох эрүүгийн 2412001010329 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр З аймгийн Т суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа З аймгийн Т сумын Д баг, ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Бийн Б/РД:ИЦ............./

 

                               Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу өөрийн ашигладаг фейсбүүк хаягаас “З аймгийн Т сумын зарын групп” гэх фейсбүүк групп дээр “хашааны хаалга хийнэ” гэсэн зар оруулж, уг зарын дагуу холбогдсон А аймгийн Т сумын төвд оршин суух Ж.Мд хашааны хаалга хийж өгнө гэж чат бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 810,000 төгрөгийг Х банкны ............. дугаарын данс руу шилжүүлж авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 *Эрүүгийн 2412001010329 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 *Хохирогч Ж.Мын өгсөн:

“...Миний бие А аймгийн Т сумын төвд нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн гар утсаараа “З аймгийн Т сумын зарын групп” гэх фейсбүүк групп дээр “хашааны хаалга хийнэ” гэсэн зарын дагуу солонгос хэлээр ......... гэх хаягтай холбогдтол хашааны хаалга хийнэ 750,000 төгрөг болно. 60,000 төгрөг нь 4 метрийн урттай трубаны үнэ нийлээд 810,000 төгрөг болно гэхээр нь би тухайн өдөр өөрийн Х банкны ......... тоот данснаас ............. тоот данс руу 810,000 төгрөгийг хашааны хаалга, захиалга гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд 06 дугаар сарын 27-ны өдөр У хот орох унаанд З аймгийн Т сумаас танай хаалгыг тавьж явуулсан жолоочийн дугаар гэж ......... гэсэн над руу явуулсан тус дугаар руу тухайн үед залгахад хөгшин настай хүн дугаарыг аваад би тээвэрт явдаггүй, хотод амьдардаг хүн гэж хэлсэн. Би уг хүнтэй байнгын фейсбүүк чат болон ........., ......... дугаарын утсаар холбогдож байсан. Би 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Т сумын зарын групп дээр “......... дугаарын утастай хүн хашааны хаалга хийнэ гэж залилаад байна. Таних хүн байна уу” гэсэн зар оруултал З аймгийн иргэн Д гэх хүн над руу чат бичиж холбогдож наад хүн чинь Бийн Б гэдэг хүн байгаа. Манай суманд бас хэд хэдэн хүн залилсан сураг байсан гэж мэдээлэл хэлж өгсөн. Одоо фейсбүүк рүү нь чат бичихээр “мөнгөө хийнэ, түр хүлээж бай” гэсэн хариу өгдөг бөгөөд одоо хүртэл миний захиалсан хаалга болон мөнгө байхгүй хохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/

 

*Гэрч М.Цийн өгсөн:

“...Б.Б нь өмнө хийж зарсан хаалганыхаа зургийг фейсбүүк зар дээр оруулж А аймгийн Т сумын иргэнээс хаалганы мөнгө 810,000 төгрөг шилжүүлж авчхаад Х аймгийн М хот руу яваад өгсөн. Тэрнээс хойш ирээгүй ба хотод байгаа сураг байсан. Б.Б өмнө Т сумын иргэн .... гэх хочтой хүнд хийж зарсан хаалганыхаа зургийг фейсбүүк зар дээр оруулж А аймгийн Т сумын иргэнээс хаалганы мөнгө 810,000 төгрөг шилжүүлж авсан байсан. Мөнгө шилжүүлж авах үедээ болон дараа нь ямар нэгэн хаалга хийгээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-63 дугаар тал/

 

*Гэрч О.Оийн өгсөн:

“...Манайхаас хойш Б.Б гэх хүн фейсбүүкээр “мөнгө авчхаад хаалга хийж өгөхгүй хулхидсан” гэсэн зарууд аягүй их явсан. Би Тийн нэлээн хэдэн хүн хулхидуулаад араас нь хөөцөлдөж мөнгө, төгрөгөө авсан сураг байсан. Манай нөхөр Б...ыг “Ш” гэж дууддаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 66-70 дугаар тал/

 

*Гэрч Б.Бгийн өгсөн:

“...Б.Б нь өмнө хийж зарсан хаалганыхаа зургийг фейсбүүк зар дээр оруулж А аймгийн Т сумын иргэнээс хаалганы мөнгө 810,000 төгрөг шилжүүлж авчхаад хаалгыг нь хийж явуулалгүй хот руу яваад өгсөн байна. Б.Б нь Х банкинд дансгүй бөгөөд дүүгийнхээ Х банкны интернэт банкийг нь гуйж ашиглаж байсан ба А аймгийн Т сумын нэг хүнээс хашааны хаалга хийж өгнө гэж хэлээд дүүгийнхээ дансаар мөнгө шилжүүлж авсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 77-79 дүгээр тал/

 

*Гэрч Б.Оийн өгсөн:

“...Би тухайн үед У хотод ажил хийж байсан ба манай төрсөн ах Бийн Б нь 2023 оны 06 сард З аймгийн Т суманд байхдаа “ахдаа нэг дансаа ашиглуулчхаач ахад нь ямар нэгэн интернэт банк байхгүй болохоор хүн амьтанд мөнгө шилжүүлж, авах хэцүү юм” гэхээр нь зөвшөөрч Б.Б ах миний Х банкны ............. тоот дансны интернэт банкийг авч би түүнд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгээ хэлж өгсөн. Дансанд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ...... гэх утгатай 810,000 төгрөгийн гүйлгээний талаар мэдэхгүй байна. Өнгөрсөн зун нэг эрэгтэй хүн миний утас руу залгаад “Оэ гэдэг хүн мөн үү Т сумаас ярьж байна миний шилжүүлсэн мөнгө чиний данс руу орсон байна” гэхээр нь би тэр хүнд төрсөн ах Б.Бад дансаа ашиглуулж байсан юм гэж хэлсэн. Тэгээд би ах руу тухайн үед залгаж тодруулахад “ах нь өөрөө мэдэж байгаа өөрөө зохицуулчихна, ах нь наад хүнтэй чинь байнга ярьж байгаа” гэж хэлэхээр нь би тухайн үед интернэт банкаа хаалгаж өөрөө авсан...” гэх мэдүүлэг/86-88 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Бын өгсөн:

  “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Мд 800,000 төгрөгийг дансаар шилжүүлж хохирлыг барагдуулсан. А аймагт 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр очиж, 11 дүгээр сарын 29-ний өдөр У хот руу очоод тэндээ хэд хоноод ...... аймгийн Д. суманд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гагнуурын ажил хийхээр ирсэн. Оргон зайлсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 123 дугаар тал/

 

*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Т сумын иргэн Ж.М нь 06 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүкээр бусадтай харилцаж үл таних хүнээс хашааны хаалга худалдаж авахаар бусдад 810,000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 2, 4 дүгээр тал/,

 

*Х банкны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5135/183 дугаартай “................ тоот дансны эзэмшигч Б овогтой Оэ, дансны хуулганы хамт хүргүүллээ...” гэх албан бичиг /хх-ийн 49-56 дугаар тал/

 

*Х банкны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5135/217 дугаартай “....... тоот дансны эзэмшигч Балсандорж овогтой Б, дансны хуулганы хамт хүргүүллээ...” гэх албан бичиг, /хх-ийн 89-90 дүгээр тал/,

 

*Х банкны ............. тоот дансанд үзлэг хийсэн “...Хэрэгт ач холбогдол бүхий хохирогчийн ......... тоот данснаас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10 цаг 38 минутад ...... гэх утгатай 810.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байх уг гүйлгээний дараа 5.000, 100, 50, 3.800, 100, 12.450, 100, 50, 50, 4.400, 100, 2000, 100, 15.000, 100, 50, 2.500, 100, 3.200, 100, 2.500, 100 төгрөгийн зарлага хийгдсэн байна. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг 57 минутад а гэх утгатай 750.000 төгрөгийн зарлагын гүйлгээ 5329077511 тоот данс руу хийгдсэн байна...” гэх тэмдэглэл, /хх-ийн 56-57 дугаар тал/,

 

*Эд зүйлд үзлэг хийсэн “...Уг эд зүйл нь хохирогч Ж.Мд фейсбүүк чатаар явуулж итгэл төрүүлсэн, хуурч мэхэлсэн хашааны хаалга байх ба уг хаалга нь ногоон өнгийн гүйдэг хашаанд суурилуулсан хаалга байв. Уг хаалганы өндөр 1,80 метр, урт нь 4 метр, жижиг хаалганы өргөн 83 см, өндөр 1,80 метр хэмжээтэй, дээд хэсгээр сараалжин төмөртэй, дотор тал нь цагаан өнгийн төмрөөр хийсэн хар өнгийн төмөр хүрээтэй... хаалга байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 71-74 дүгээр тал/,

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Бад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу өөрийн ашигладаг фейсбүүк хаягаас “З аймгийн Т сумын зарын групп” гэх фейсбүүк групп дээр “хашааны хаалга хийнэ” гэсэн зар оруулж, уг зарын дагуу холбогдсон А аймгийн Т сумын төвд оршин суух Ж.Мд хашааны хаалга хийж өгнө гэж чат бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 810,000 төгрөгийг Х банкны ............. дугаарын данс руу шилжүүлж авч залилсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ж.Мын”...Миний бие А аймгийн Т сумын төвд нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн гар утсаараа “З аймгийн Т сумын зарын групп” гэх фейсбүүк групп дээр “хашааны хаалга хийнэ” гэсэн зарын дагуу солонгос хэлээр ......... гэх хаягтай холбогдтол хашааны хаалга хийнэ 750,000 төгрөг болно. 60,000 төгрөг нь 4 метрийн урттай трубаны үнэ нийлээд 810,000 төгрөг болно гэхээр нь би тухайн өдөр өөрийн Х банкны ......... тоот данснаас ............. тоот данс руу 810,000 төгрөгийг хашааны хаалга, захиалга гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд 06 дугаар сарын 27-ны өдөр У хот орох унаанд З аймгийн Т сумаас танай хаалгыг тавьж явуулсан жолоочийн дугаар гэж ......... гэсэн над руу явуулсан тус дугаар руу тухайн үед залгахад хөгшин настай хүн дугаарыг аваад би тээвэрт явдаггүй, хотод амьдардаг хүн гэж хэлсэн. Би уг хүнтэй байнгын фейсбүүк чат болон ........., ......... дугаарын утсаар холбогдож байсан. Би 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Т сумын зарын групп дээр “......... дугаарын утастай хүн хашааны хаалга хийнэ гэж залилаад байна. Таних хүн байна уу” гэсэн зар оруултал З аймгийн иргэн Д гэх хүн над руу чат бичиж холбогдож наад хүн чинь Бийн Б гэдэг хүн байгаа. Манай суманд бас хэд хэдэн хүн залилсан сураг байсан гэж мэдээлэл хэлж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч М.Цийн”...Б.Б нь өмнө хийж зарсан хаалганыхаа зургийг фейсбүүк зар дээр оруулж А аймгийн Т сумын иргэнээс хаалганы мөнгө 810,000 төгрөг шилжүүлж авчхаад Х аймгийн М хот руу яваад өгсөн. ... Мөнгө шилжүүлж авах үедээ болон дараа нь ямар нэгэн хаалга хийгээгүй...” гэх мэдүүлэг, гэрч О.Оийн”...Манайхаас хойш Б.Б гэх хүн фейсбүүкээр “мөнгө авчхаад хаалга хийж өгөхгүй хулхидсан” гэсэн зарууд аягүй их явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн”...Б.Б нь өмнө хийж зарсан хаалганыхаа зургийг фейсбүүк зар дээр оруулж А аймгийн Т сумын иргэнээс хаалганы мөнгө 810,000 төгрөг шилжүүлж авчхаад хаалгыг нь хийж явуулалгүй хот руу яваад өгсөн байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оийн”...манай төрсөн ах Бийн Б нь 2023 оны 06 сард З аймгийн Т суманд байхдаа “ахдаа нэг дансаа ашиглуулчхаач ахад нь ямар нэгэн интернэт банк байхгүй болохоор хүн амьтанд мөнгө шилжүүлж, авах хэцүү юм” гэхээр нь зөвшөөрч Б.Б ах миний Х банкны ............. тоот дансны интернэт банкийг авч би түүнд нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгээ хэлж өгсөн. Дансанд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ...... гэх утгатай 810,000 төгрөгийн гүйлгээний талаар мэдэхгүй байна. Өнгөрсөн зун нэг эрэгтэй хүн миний утас руу залгаад “Оэ гэдэг хүн мөн үү Т сумаас ярьж байна миний шилжүүлсэн мөнгө чиний данс руу орсон байна” гэхээр нь би тэр хүнд төрсөн ах Б.Бад дансаа ашиглуулж байсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бын мэдүүлэг, Х банкны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5135/183 дугаартай албан бичиг, Х банкны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5135/217 дугаартай албан бичиг, Х банкны ............. тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Быг Ж.Мд хашааны хаалга хийж өгнө гэж чат бичиж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 810,000 төгрөгийн шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, прокуророос шилжүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн нэг шинж нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа гэрээний харилцаанаас ялгагдах бөгөөд хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулсаны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч байгаа шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр илэрч, бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байхын тулд эзэмшигч өмчлөгчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийснээр энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.  

 

              Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Быг зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            

             Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мд 810,000  төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогч Ж.М нь хохирол төлбөрөө авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд торгох ял оногдуулах нь нь зүйтэй байна.

          Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бын 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 13/арван гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох ялаас хасаж, шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

            1. Шүүгдэгч Ц овогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 13/арван гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох ялаас хассугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ГАНДОЛГОР