| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0134/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/143 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/143
2025/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт Бийн Мод холбогдох эрүүгийн 2512001500123 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 сарын 04-ний өдөр А аймгийн Ч суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Б..... мэргэжилтэй, А аймгийн Ч сумын .........ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Ч сумын З багийн С хорооллын ,,,,,,,,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, П овогт Бийн М/РД:АП............/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр 2024 оны 07 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 02 дугаар сарын 27-ноос 28- нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр А аймгийн Ч сумын З багийн нутаг дэвсгэрт .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон ба улмаар согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж татгалзсан, МУ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон хэм хэмжээг санаатайгаар зөрчсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.М нь 2025 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө А аймгийн Ч сумын З багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Б.Оын “...Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны орой ажлаа тараад гэртээ байж байтал даралт ихсээд байсан тэгэхээр нь би өөрөө машингүй байсан Б.М руу утасдаад даралт ихсээд байна Аптек ороод өг гээд хэлсэн чинь “усанд орж байна гараад яваад очъё” гэсэн тэгээд орой 21 цагийн үед манайд ирээд бид 2 хамт Аптек руу явсан. Би ороод даралтын эм ээ авсан Л. 50 уудаг. Тэгээд буцаад гэр рүүгээ явж байх замдаа цагдаатай таарсан. Тэгээд цагдаа дээр ирсэн. Намайг авах гээд гэрт ирэх үед нь би гэрээсээ цагаан сар болох гээд гэрт архи байсан тэрнээсээ нэг лааз “Нийслэл” пиво гаргаж өгсөн. Тэгээд Б.М уг нь уухгүй гээд байсан цагдаад баригдана гээд айгаад байсан. Тэгээд за гайгүй биз гээд уусан чинь цагдаад баригдсан. Манай гадаа нэг лааз пиво уусан. Тэгээд эмийн сан ороод буцаад манайх руу явж байх замдаа цагдаад баригдсан. Нийтдээ 400 метр газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/, гэрч Н.Эын ”...Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны орой 23 цаг 30 минутын орчим Ч сумын төвд экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч П.Одбаярын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 00 цагийн үед төв зам дагуу .............. улсын дугаартай Т маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон тус сумын иргэн Б.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг саатуулан шалгах явцад тухайн иргэн Б.Мын рд-г аваад шалгах багаж дээр шалгах явцад эрхээ хасуулсан байсныг тээврийн хэрэгслийг түр саатуулан Б.М гэгчийг согтуурал шалгах багажаар шалгах гэтэл би архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь үнэн угаасаа уучихсан юм чинь үлээгээд гарна тэгэхээр үлээж яах юм гээд үлээхээс татгалзсан. Тэгээд та гэртээ харьж амраад маргааш ирээд асуудлаа шийдээрэй гээд явуулсан. Б.М нь тус сумын төрийн сангийн мэргэжилтэн ажилтай Отгоо гэх залуутай явж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Мын мэдүүлэг,
*Мөрдөгч Б.Э.ийн “...мөн цусыг авч шинжилгээнд өгөх гэтэл цусаа өгөхөөс татгалзсан тул согтууруулах хэмжээг тогтоож чадаагүй болохыг тэмдэглэл болгов.” гэх тэмдэглэл /хх-н 22 дугаар тал/,
*Цагдаагийн Ерөнхий газрын сангаас гаргадаг, Жолоочийн лавлагаа, мэдээлэл баримт /хх-н 31 дүгээр тал/,
*.............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-н 32, 43 дугаар тал/,
* Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тухай А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/723 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-н 48-49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.М нь Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл нь дээр гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ, согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.М нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.М нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, үедээ согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт Бийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Мод хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР