| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0097/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/126 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/126
2025/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: О.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Оын Ст холбогдох эрүүгийн 2412002770254 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Т хорооллын ... тоотод оршин суух хаягтай, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ....... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар зааснаар 2.040.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Оын С/РД:АЮ................/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.С нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ...ын урд талд байрлах ХААН банкны АТМ-ээс мөнгө авах гээд хүлээж байсан хохирогч О.Бийн банкны картыг гуйж аван О.Бид 60.000 төгрөгийг бэлнээр өгч, өөрийн данс руу 600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, хохирогч О.Бид 540.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2412002770254 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч О.Бийн өгсөн:
“...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед А аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутагт АТМ-ээс мөнгө авах гээд авч чадахгүй хүн гуйдаг юм билүү гэж бодоод зогсож байтал нэг эмэгтэй хүн ирээд “чи надад картаа өгөөч, би виза картгүй болчхоод байна, би чиний виза картаар хүн рүү мөнгө шилжүүлээд буцаагаад өгье” гэхээр нь би хүлээн зөвшөөрөөд өөрийн картаа, нууц кодоо хэлээд “та мөнгө шилжүүлчхээд надад миний данснаас 400.000 төгрөг аваад өгчих" гэсэн чинь надад барьж явсан 60.000 төгрөгийг бэлэн өгөөд “виза карт болон бусад мөнгөө АТМ-ээс аваарай” гэсэн. Миний дансанд 2.468.456,34 төгрөг байсан. Тухайн эмэгтэй 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цаг 11 минутад .......... дугаарын дансанд 600.000 төгрөг шилжүүлээд надад 16 цаг 12 минутад 350.000 төгрөг авч өгсөн. Миний гар утсанд банкны ухаалга мэдээ ирдэггүй. Би 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дансныхаа хуулгыг Хаан банкнаас авч үзсэн чинь миний дансанд байсан мөнгөнөөс 600.000 төгрөг .......... дугаарын дансанд шилжүүлсэн байсан. Махлагдуу, 40 орчим настай, өндөр нь 150-160 см-ын өндөртэй эмэгтэй хүн байсан. Би гомдолтой байна, алдсан мөнгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/
*Хохирогч О.Бийн дахин өгсөн:
“...Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул би сэтгэцэд учирсан гэм хор уршгийг тогтоолгохгүй. Би О.С гэх эмэгтэйгээс өөрт учирсан 600.000 төгрөг болон нааш цаашаа явсан зардал, өмгөөлөгч хөлслөн мэдүүлэгт оролцсон хөлс болох 150.000 төгрөгийг авсан. Би нийт 750.000 төгрөг авсан. Би өөрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан учир одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
*Яллагдагч О.Сийн өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, би тухайн 540.000 төгрөгийг шууд өөрийн хэрэгцээнд буюу зээл дарах хүнд өрөө өгөх зэрэг зүйлд зарцуулчихсан миний буруу би гэм буруу дээрээ маргахгүй. Би хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан мөн нааш цаашаа явсан зардал гэж нэмж 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 132-133 дугаар тал/
*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 3 дугаар тал/
*2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хаан банкны 5135/418 дугаартай албан бичиг, түүний хавсралт Оын Сийн .......... дугаарын данс эзэмшдэг талаарх баримт, дипозет дансны дэлгэрэлгүй хуулга/хх-ийн 18-19 дүгээр тал/
* Мөрдөгчийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 20-22 дугаар тал/
* Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 23-24 дүгээр тал/
* Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 25-28 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар О.С нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр ...ын урд талд байрлах ХААН банкны АТМ-ээс хохирогч О.Бийн банкны картнаас мөнгө авч өгөхдөө О.Бид 60.000 төгрөгийг бэлнээр өгч, өөрийн данс руу 600.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч О.Бид 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч О.Сийг дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг шинжийг агуулж байх бөгөөд энэ гэмт хэрэгт шүүгдэгч О.С гэм буруутай болох нь хохирогч О.Бийн”...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед А аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутагт АТМ-ээс мөнгө авах гээд авч чадахгүй хүн гуйдаг юм билүү гэж бодоод зогсож байтал нэг эмэгтэй хүн ирээд “чи надад картаа өгөөч, би виза картгүй болчхоод байна, би чиний виза картаар хүн рүү мөнгө шилжүүлээд буцаагаад өгье” гэхээр нь би хүлээн зөвшөөрөөд өөрийн картаа, нууц кодоо хэлээд “та мөнгө шилжүүлчихээд надад миний данснаас 400.000 төгрөг аваад өгчих" гэсэн чинь надад барьж явсан 60.000 төгрөгийг бэлэн өгөөд “виза карт болон бусад мөнгөө АТМ-ээс аваарай” гэсэн. Миний дансанд 2.468.456,34 төгрөг байсан. Тухайн эмэгтэй 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цаг 11 минутад .......... дугаарын дансанд 600.000 төгрөг шилжүүлээд надад 16 цаг 12 минутад 350.000 төгрөг авч өгсөн. Миний гар утсанд банкны ухаалга мэдээ ирдэггүй. Би 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дансныхаа хуулгыг Хаан банкнаас авч үзсэн чинь миний дансанд байсан мөнгөнөөс 600.000 төгрөг .......... дугаарын дансанд шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хаан банкны 5135/418 дугаартай албан бичиг, түүний хавсралт Оын Сийн .......... дугаарын данс эзэмшдэг талаарх баримт, дипозет дансны дэлгэрэлгүй хуулга, Мөрдөгчийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч О.С нь бусдын банкны картнаас бэлэн мөнгө авч өгөхдөө тухайн хүнд мэдэгдэлгүй өөрийн дансруу мөнгө шилжүүлж авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч О.Сийн банкны дансанд дээрх хохирогчийн Хаан банкны данснаас алдаатай гүйлгээ хийгдэж мөнгө шилжиж орсон үйл баримт тогтоогдохгүй, хохирогч О.Бийн картнаас өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авч буй шүүгдэгч О.Сийн санаатай үйлдлийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсан үйлдэл гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжгүй. болно.
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч О.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч О.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Бид 540.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч О.С нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Ст Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, оршин сууж байгаа А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Оын Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Сийг 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 6/зургаа/ сарын хугацаанд хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР