| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/02903/И |
| Дугаар | 101/ШШ2022/02890 |
| Огноо | 2022-06-21 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/02890
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаана*******ар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух Боржигон овогт Э*******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* тоот хаягт оршин суух Боржигон овогт Б*******гийн******* /РД:*******/-т холбогдох,
20,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Ц.Энхбаярын шүүх хуралдааны үед гаргасан тайлбарт:
Э.******* миний бие 2016 онд иргэн Б.Ганзоригтой Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ******* тоот 56,34 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авч 2016 оны 12 сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Худалдан авах үед Б.Уламбаяр миний худалдан авсан орон сууцанд амьдарч байсан бөгөөд удахгүй чөлөөлж өгнө гэсээр сүүлдээ элдэв шалтаг тоочин миний өмчлөлийн орон сууцнаас гарахгүй байсан тул арга буюу шүүхэд хандаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Уламбаярыг миний өмчлөлийн орон сууцнаас албадан гаргах тухай шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон боловч Б.Уламбаяр өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна.
Б.Уламбаяр нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2019 оны 11 сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 29 сарын хугацаанд миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж бусдын өмчлөлийн орон сууцанд амьдарч өөрийн зардлыг хэмнэж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжаа авсан боловч ажиллагаанд төлөх мөнгөгүй байсны улмаас сая шийдвэр гүйцэтгэлд өгсөн байгаа. Шүүхийн шийдвэрээр хариуцагчид төлөх төлбөрийг өгөх мөнгө байхгүй байна. Энэ байрыг хүнд зарж байж л мөнгөтэй болж хариуцагчид өгөх мөнгийг төлнө. Худалдан авагч нэг удаа гарч ирсэн боловч энэ хүмүүс байр суллаж өгөөгүйгээс болоод зарж чадаагүй.
Орон сууцны түрээсийн дундаж үнэ 1,000,000 орчим төгрөг байгаа. Манай зүгээс сарын 700,000 төгрөгөөр тооцож миний өмчлөлийн орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг 1 сарын 700,000 төгрөгөөр бодож 29 сарын хугацааны төлбөр болох 20,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, өмгөөлөгч Ц.Батхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай дүү Б.Уламбаяр нь энэ орон сууцыг 2012 онд Асар өргөө ХХК-ийн захирал Л.Зоригтоос худалдаж авсан. Тухайн үед өөрийн зав чөлөөгүй байдлын улмаас дүү Б.Ганзоригийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан. Ингээд найз Б.Цог нь чиний орон сууцыг барьцаалаад мөнгө зээлээд удаахгүй өгнө гэж гуйсны дагуу зөвшөөрснөөр энэ бүх асуудал болсон.
Дүүгийн минь байр банкны зээлийн өрөнд хураагдах шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдаалагдах болоход Б.Цог, Э.******* нар оролцож орон сууцыг 95,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээг дүү Б.Ганзоригтой байгуулсан. Энэ байрны барьцаанд тавьсан мөнгийг Б.Цог ганцаараа хэргэлсэн бөгөөд үүний улмаас дүү маань өр төлбөрт орж орон байргүй болж сэтгэл санааны хүнд байдлын улмаас сэтгэцийн өвчтэй болж эгчийн хувиар би харж асарч байгаа.
Одоогийн нэхэмжлэгч Э.******* шүүхэд хандсанаар орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгаж, Э.*******ээс орон сууцны зөрүү үнэ болох 38,733,489 төгрөгийг гаргуулж Б.Уламбаярт олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед нэхэмжлэгч нь Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд явж байсан.
Гэтэл энэ мөнгөө өгөөгүй байж бид нараас түрээсийн төлбөр нэхэмжилж байгаад гомдолтой байна. Энэ байранд өвчтэй ээж болон дүү хоёр маань амьдарч байгаа. Би орон сууцыг чөлөөлж өгье гэдгээ хэлдэг. Гэхдээ надад шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн зөрүү мөнгөө өгчихвөл хашаа байшин ч болсон аваад нүүж гармаар байна. Бид энэ орон сууцыг нь өгнө л гээд байгаа. Гүйцэтгэлийн ажиллагаа явуулах гэхээр гүйцэтгэх хуудас Э.*******т олгогдсон тул дахиж гүйцэтгэх хуудас бичихгүй гээд өгөөгүй. Нэхэмжлэгч Э.******* нь гүйцэтгэх хуудсаа шийдвэр гүйцэтгэлд аваачиж өгөөгүй байсан.
Энэ бүх хугацаанд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээс хянагдсан. Үүнд нь бид гомдол гаргаж дээд шүүхээр хянагдаж явсаар 2022 он гарсан байхад бид нараас 2 жил хагасын түрээсийн мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зохицуулалтад хамаарахгүй байна. Энэ хүн бидэнд өгөх мөнгөө өгсөөр байтал байрнаас нь гарахгүй бол зардлаа хэмнэсэн гэж үзэж болох юм.
Нэхэмжлэгч Э.******* хариуцагч нарын хооронд төлбөр төлөх хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03248 дугаартай шийдвэр, 2020 оны 3 сарын 20-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 632 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн тогтоол, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, №000538592 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, Тэнхлэг зууч ХХК-ийн үнийн мэдээлэлийн тухай лавлагаа,
Харицагчаас: Нэхэмжлэгч Э.*******ийн 2018 онд гаргасан нэхэмжлэл, Альфа лимит ХХК-ийн 2011 оны 10 сарын 25-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт явуулсан албан бичиг, Ган хаш трейд ХХК-ийн итгэмжлэл, Ган хаш трейд ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан өргөдөл зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Б.Уламбаярт холбогдуулан 20,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг өөрийн өмчлөлийн орон сууцыг 2019 оны 11 сарын 20-ны өдрөөс 2022 оны 4 сарын 25-ны өдөр хүртэл 29 сарын хугацаанд хууль бусаар эзэмшиж, өөрийн зардлыг хэмнэж байгаа тул 1 сарын 700,000 төгрөгөөр тооцож 29 сарын хугацааны төлбөрт 20,300,000 төгрөгийг хариуцагчаас гаруулна гэж тодорхойлсон.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс 38,733,489 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйгээс орон сууцыг чөлөөлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд, түүний өөрт учирсан хохирол гэж үзэж байгаа 20,300.000 төгрөг нь гэрээний үүргийн улмаас учирсан хохирол уу, хуульд заасан үүргийн улмаас учирсан хохирол уу гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Талуудын тайлбараар тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хэлцлийн улмаас үүсэх иргэний эрх зүйн харилцааны шинжийг агуулаагүй байна.
Зохигчдын хэн алиных нь тайлбар болон хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 56 дугаар байр, 22 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038879 дугаарт бүртгэгдсэн хоёр өрөө орон сууцыг хариуцагч Б.Уламбаярын эзэмшлээс албадан чөлөөлөх, нэхэмжлэгч Э.*******ээс орон сууцны зөрүү үнэ 38,733,489 төгрөгийг гаргуулж, Б.Уламбаярт олгохоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй. /хх-ийн 4-18 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6 дахь хэсэгт зааснаар талууд хэн аль нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг хэн аль биелүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч Э.******* нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүйтэй холбоотойгоор орон сууцыг чөлөөлөөгүйд хариуцагч Д.Уламбаярыг буруутгах үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгчийн хариуцагчийг зардлаа хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбарын тухайд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт, Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1-д, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зохицуулсан байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх нөхцөл тавигдсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд хуульд зааснаар үүсэх үүрэг буюу шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг хэн алинд нь үүссэн учир хуульд заасан ...үүрэг үүсээгүй.. тохиолдолд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар энэ эрхээ мөн хэрэгжүүлэх боломжтой байхад талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байх хугацаанд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимтай.
Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.*******ийн хариуцагч Б.Уламбаярт холбогдуулан гаргасан 20,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******ийн хариуцагч Б.Уламб*******с 20,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА