Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/146

 

2025/ШЦТ/146    

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Т

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А  

              Шүүгдэгч: Т.Э

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тын Эд холбогдох эрүүгийн 2512000000084 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт А аймгийн Х сумын, А баг, З гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Тын Э/РД:АИ............./  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Э нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа, А аймгийн Х сумын Н багийн Т хорооллын ..........тоот хашаанд байрлах иргэн Г.Сгийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан авч  нийт 1.165.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2512000000084 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Г.Сгийн өгсөн:

“...Миний бие 2025 оны 03 дугаар сарын 02-ны орой 19-22 цагийн хооронд А аймгийн Х сумын Н багийн Т хорооллын .... тоот хаягт байх өөрийн монгол гэрээс тус хашаанд байрлах хүргэн Э.Дын байшинд орж цай хоол идээд орж ирээд унтаад өгсөн. Маргааш нь буюу 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн цаг 26 минутад миний гар утсанд Хаан банкны ухаалаг мэдээ ирж зарлага гарахаа нь өөрийн унтдаг орны, дэрний хажууд байсан бор цүнхийг үзтэл байхгүй болсон байсан. Тухайн өдөр миний тэтгэврийн Хаан банкны виза картнаас 4 удаа гүйлгээ хийж 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийн зарлага гарахаар нь Хаан банкны лавлах утас руу залгаж асуухад А аймгийн Ц сумын ....... нэртэй дэлгүүрт гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. Шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, Сувроский шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, улаан хүрэн өнгийн түрүүвчтэй байсан 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг, Хаан банкны виза карт 1 ширхэг, даралтын аппарат 1 ширхэг, Жи-мобайлын 10,000 төгрөгийн нэгж, иргэний үнэмлэх 1 ширхэгийг хүрэн бор өнгийн цүнхэнд хийсэн байсан. Би А аймгийн Х сумын НнХ багийн иргэн Т.Э гэх хүнийг сэжиглэж байгаа. Т.Э нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны орой манай гудамжны тэр хавиар ганцаараа согтуу яваад байсан. Надад сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгох шаардлага байхгүй. Би гомдолтой байна. Алдсан эд зүйлсээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/,

 

*Хохирогч Г.Сгийн дахин өгсөн:

“...Надад А аймгийн Х сумын иргэн З.Т гэх хүн нь миний хүү Т.Э нь танай гэрт согтуу үедээ ороод, шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, Сваровский шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, улаан хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, 200.000 төгрөг, Хаан банкны виза карт 1 ширхэг, даралтын аппарат 1 ширхэг, Жи мобайлын 10.000 төгрөгийн нэгж, иргэний үнэмлэх 1 ширхэг, хүрэн бор өнгийн цүнх 1 ширхэг, мөн таны Г С гэсэн тэтгэврийн ногоон өнгийн виза картнаас уншуулсан 125.000 төгрөгийг бэлнээр надад өгөөд хүү Т.Эгийн өмнөөс уучлалт гуйсан юм. Би өөрийн алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан тул надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 32 дугаар тал/

 

*Гэрч З.Тын өгсөн:

“...2025 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 11 цаг 40 минутын үед манай хүү Т.Э нь гаднаас маш их согтуу ухаан мэдрэлгүй орж ирэхээр нь би гэрийнхээ зүүн талын орон дээр унтуулах гэтэл өмсөж явсан дээлийнх нь өвөрт хүрэн өнгийн гар цүнх байхаар нь онгойлгоод хартал Ггийн С гэх манай нутгийн хүний иргэний үнэмлэхтэй цүнх байхаар нь олсон юм байхдаа гэж бодоод авран дээрээ тавиад маргааш нь хүү Т.Эгээс асуух гэтэл Т.Э нь намайг босохоос өмнө гараад яваад өгсөн байсан. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Т.Эг сураглаад сумаар явж байтал тус суманд оршин суух иргэн Д.Бтой А аймгийн Ц сум явсан гэхээр нь араас нь явж тус аймгийн Ц сумаас гудамжнаас согтуу ганцаараа байхаар нь аваад А аймгийн Х суманд өөрийн гэртээ ирээд хувцсаа тайлтал өмсөж явсан дээлийнх нь өврөөс ногоон өнгийн Хаан банкны виза карт гарч ирэхээр хартал Ггийн С гэсэн байхаар нь би 2025 оны 03 дугаар сарын 06-ний өдөр хүрэн гар цүнхийн аваад Г.С эгчийнд очиж энэ таны цүнх мөн үү гэж асуутал мөн байна би 2025 оны 03 дугаар сарын 02-ны орой гэрээсээ хулгайд алдсан гэж хэлэхээр нь Г.С эгчийг та цүнхээ онгойлгоод эд зүйлсээ бүртгээд үздээ гэж хэлтэл Г.С эгч эд зүйлсээ бүртгэж үзээд бүгд бүрэн байна. Харин миний Хаан банкны тэтгэврийн виза картнаас 4 удаагийн гүйлгээгээр 125.000 төгрөгийн зарлага гарсан гэхээр нь би бэлэн байсан мөнгөнөөс 125.000 төгрөгийг бэлэн өгөөд хүү Т.Эгийн өмнөөс уучлалт гуйсан. Тухайн үед Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн маш их согтолтой байсан. Манай хүү Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд ухаан мэдрэлээ алдаад юу хийснээ санадаггүй юм. Манай хүү Т.Э нь А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуульд 2002 онд элсэн орж 2009 онд 8-р анги төгсөөд сургуулиас гарч хөдөө маллан амьдарч байгаа. Цэргийн алба хаагаагүй зарим үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ өөрийгөө удирдах чадваргүй, юу хийснээ санадаггүй. Ажилсаг хичээнгүй, хүнд тусархуу хүн юм. Одоогоор эхнэр хүүхэдгүй аав ээжийн хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/

 

*Яллагдагч Т.Эгийн өгсөн:

“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-70 дугаар тал/

 

*Дамно үнэлгээ ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн АЦ25-54 дугаартай:

“...шүрэн шигтгээтэй 2 ширхэг мөнгөн бөгж 600.000 төгрөг, сувроский шигтгээтэй мөнгөн бөгс 85.000 төгрөг, улаан хүрэн өнгийн түрүүвч 10,800 төгрөг, хаан банкны карт 8,000 төгрөг, даралтны аппаратын үнэ 51,000 төгрөг, иргэний үнэмлэх 48,300 төгрөг, бэлэн мөнгө 200,000 төгрөг, жи мобайлын нэгжийн карт 10,000 төгрөг, хүрэн бор өнгийн цүнх 27,000 төгрөг, нийт 1,040,100/нэг сая дөчин мянга нэг зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 52-57 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 38 дугаар тал/

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-7 дугаар тал/

*Хохирогч Г.Сгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 15-16 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Т.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Т.Э нь А аймгийн Х сумын НнХ багийн Т хорооллын .... тоот хашаанд байрлах иргэн Г.Сгийн монгол гэрээс шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, сваровский шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, улаан хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, бэлэн 200.000 төгрөг, “Хаан банк”-ны виза карт 1 ширхэг, даралтын аппарат 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, “Жи мобайл”-ын 10.000 төгрөгийн нэгжийн карт 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, хүрэн бор өнгийн цүнх 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, улмаар иргэн Г.Сгийн “Хаан банк”-ны виза картыг ашиглан 125.000 төгрөгийн худалдан авалт болон бусад зарлага хийж нийт 1.165.100 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Т.Э нь А аймгийн Х сумын НнХ багийн Т хорооллын .... тоот хашаанд байрлах иргэн Г.Сгийн монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.165.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай  болох нь хохирогч Г.Сгийн”...2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн цаг 26 минутад миний гар утсанд Хаан банкны ухаалаг мэдээ ирж зарлага гарахаа нь өөрийн унтдаг орны, дэрний хажууд байсан бор цүнхийг үзтэл байхгүй болсон байсан. Тухайн өдөр миний тэтгэврийн Хаан банкны виза картнаас 4 удаа гүйлгээ хийж 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийн зарлага гарахаар нь Хаан банкны лавлах утас руу залгаж асуухад А аймгийн Ц сумын ..... нэртэй дэлгүүрт гүйлгээ хийгдсэн байна гэж хэлсэн. Шүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг, Сувроский шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, улаан хүрэн өнгийн түрүүвчтэй байсан 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг, Хаан банкны виза карт 1 ширхэг, даралтын аппарат 1 ширхэг, Жи-мобайлын 10,000 төгрөгийн нэгж, иргэний үнэмлэх 1 ширхэгийг хүрэн бор өнгийн цүнхэнд хийсэн байсан. Би А аймгийн Х сумын НнХ багийн иргэн Т.Э гэх хүнийг сэжиглэж байгаа. Т.Э нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны орой манай гудамжны тэр хавиар ганцаараа согтуу яваад байсан...” гэх мэдүүлэг, гэрч З.Тын”...А аймгийн Х суманд өөрийн гэртээ ирээд хувцсаа тайлтал өмсөж явсан дээлийнх нь өврөөс ногоон өнгийн Хаан банкны виза карт гарч ирэхээр хартал Ггийн С гэсэн байхаар нь би 2025 оны 03 дугаар сарын 06-ний өдөр хүрэн гар цүнхийн аваад Г.С эгчийнд очиж энэ таны цүнх мөн үү гэж асуутал мөн байна би 2025 оны 03 дугаар сарын 02-ны орой гэрээсээ хулгайд алдсан гэж хэлэхээр нь Г.С эгчийг та цүнхээ онгойлгоод эд зүйлсээ бүртгээд үздээ гэж хэлтэл Г.С эгч эд зүйлсээ бүртгэж үзээд бүгд бүрэн байна. Харин миний Хаан банкны тэтгэврийн виза картнаас 4 удаагийн гүйлгээгээр 125.000 төгрөгийн зарлага гарсан гэхээр нь би бэлэн байсан мөнгөнөөс 125.000 төгрөгийг бэлэн өгөөд хүү Т.Эгийн өмнөөс уучлалт гуйсан. Тухайн үед Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн маш их согтолтой байсан...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Т.Эгийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Э нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Т.Эг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Г.Сд 1,165,100 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Г.С нь хохирогч хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Т.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж дүгнэв.

               

              Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Тын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Эг  1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд оногдуулсан 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  5. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР