Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/428

 

 

 

 

 

 

  2021             4              28                                        2021/ДШМ/428

 

 

Г.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

шүүгдэгч Г.Э-гийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-гийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдовын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2006000001291 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Чойжилжав овгийн Ганбаатарын Э-, 19...... оны ... дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, “...........” ХХК-д ........ ажилтай, ам бүл ........ хамт ............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Г.Э- нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Уулын зам”-д зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар Б.Б-н жолоодож явсан иргэн С.А-н эзэмшлийн 51-22 УНЗ улсын дугаартай “Daewoo РС57D1” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуу шидэн хагалж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Э-д оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Г.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э-гийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд Г.Э-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэв гэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Г.Э- нь өөрийн эхнэр Б.Тунгалагтуяа болон 4 сартай хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн урд уулын замаар Налайх дүүрэг рүү явж байхад Хийморийн овоо орчимд том оврын 2 автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд урдаа оруулахгүй шахаж дүрэм зөрчиж байсан тул зогсож “яагаад шахаад байгаа юм бэ” гэх зэргээр хоорондоо маргалдсан. Тэгээд ямар нэгэн байдлаар эсрэг урсгалд ороогүй, буцаж эргээгүй, түүнчлэн чулуу шидэж цонхыг хагалаагүй гэж үнэн зөв мэдүүлсэн. Түүний эхнэр Б.Тунгалагтуяа ч энэ тухай мэдүүлж дөрөвхөн сартай нялх хүүхдээ авч яваа хүмүүс ийм зүйл хийхгүй гэдгээ хэлж мэдүүлсэн. Түүнчлэн хэргийг мөрдөн шалгахдаа “Ачааны том оврын өөрөө буулгагч автомашины урд шилний хагарсан хэсэг хүртэл газраас дээш 2 метр 70 см өндөртэй байна. Энэхүү цонхоор эсрэг урсгалаар явж байсан приус маркийн машины жолооч явдал дундаа зүүн талын цонхоороо чулуу шидэж ачааны машины цонхыг хагалах боломжтой эсэх нь эргэлзээтэй байсан. Бодит байдлыг үнэн зөвөөр тодруулах, мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдаагүй байсан тул 2020 оны 5 дугаар сарын 29-ний хэргийн материалтай танилцаад “мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу байх тул прокурорт бичгээр хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлнэ” гэж хэргийн материал танилцуулах тухай тэмдэглэлд бичсэн. Тухайн өдөр албан ёсоор хүсэлтээ бичгээр гаргаад Баянзүрх дүүргийн прокурорын газарт очтол тухайн өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын яллах дүгнэлтийн 948 дугаар авсан тул хүсэлт гомдлыг хүлээн авахгүй буцаасан. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн зүгээс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гурав дугаар хэлтэст очиж эрүүгийн хэргийн материалтай анх удаа танилцаад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үзэж судлан тэмдэглэж аваад бичгийн хэлбэрт оруулж өмгөөлөгчийн тамга дардасаар баталгаажуулан эргэж прокурорын газарт очсон. Тодорхой хугацаа шаардлагатай байсан ч тэр өдрийнхөө ажлын цагт багтаж прокурорт очсон. Тэгтэл прокуророос яллах дүгнэлтээ үйлдэж яллах дүгнэлтийн дугаар авсан гэж бүртгэлээ хааж шүүхэд шилжүүлж байна гэсэн. Прокурорын газрын мэдээлэл лавлагаа цахим системтэй тул хүсэлт, гомдлыг мэдээлэл лавлагаа хүлээн авах боломжгүй гэдгээ хэлж шүүхийн шатанд гарга гэсэн. Мөн прокуророос тус хэргийн бодит нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт зэрэгт бүрэн дүүрэн хууль ёсны дүгнэлт хийлгүй орхигдуулж хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөрдөгчөөс хэргийн мөрдөн байцаалтыг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дуусгаж, хэргийг танилцуулсан, тэр өдрөө хэргийг прокурорт шилжүүлсэн ба хэргийг прокурор нь хүлээн аваад шууд яллах дүгнэлт үйлдэн дугаар авч шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр хүртэл 14 хоногоор нэмж сунгаж болно” гэж заасны дагуу хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж тайлбар хэлдэг боловч мөрдөн байцаалт дуусгаад хэргийг хүлээн авсан прокурор нь тэр өдрөө яллах дүгнэлтийг үйлдэж дугаар авснаар өмгөөлөгчид гомдол хүсэлтийг гаргах нэг өдрийн ч хугацаа олгохгүй байгаа нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж байгаа хэлбэр гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 7 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гомдол гаргах боломжит хугацааг олголгүй хуулийг ноцтой зөрчсөн байна. Цонхоо хагалуулсан жолооч Б 2020 оны 5 дугаар сарын 13, 25-ний өдрүүдэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... намайг Зайсангийн гэрлэн дохиогоор гарч явахад маргасан приустэй залуу намайг дагаад ард явж байсан ба удалгүй гүйцэж түрүүлээд нэлээн явж байтал эсрэг урсгалаар ирж байсан машин явдал дундаа жолоочийн эсрэг талын цонхоор чулуу шидэж миний машины цонхыг хагалсан...маргалдсан залуу өөрөө машинаа унаж байсан, хажууд нь эхнэр нь хүүхдээ тэврээд сууж байсан, өөр хүн сууж байгаагүй. Хэн чулуу шидсэнийг хараагүй, толиндоо харахад надтай маргаж байсан залуугийн машины дугаар мөн байсан...” гэж мэдүүлжээ. Гэрчийн мэдүүлгээр хоорондоо эрс зөрүүтэй байхад шүүхээс ямар нэгэн бодитой дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Г.Э- нь эсрэг урсгалд ороогүй, буцаж эргээгүй гэж мэдүүлсэн. Б-н мэдүүлгээр эсрэг урсгалаар явсан машины жолоочийн эсрэг талын цонхоор чулууг шидэж миний машины цонх хагарсан гэж мэдүүлсэн зэргээр Г.Э- нь тус машины цонхыг хагалаагүй болох нь тогтоогдож байхад мөрдөгчөөс энэ байдлыг эцэслэн тогтоохоор, гэрчийн ойлгомжгүй мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, мөн уулын зам дагуух болон гэрлэн дохиотой уулзвар бүрийн камерийн бичлэг зэргийг авч Г.Э-гийн машин гүйцэж түрүүлсэн эсэх, буцаж эргэж эсрэг урсгалд орсон эсэхийг огт шалгаагүй орхигдуулсан байхад Хан-Уул дүүргийн урд дахь уулын зам дагуух болон гэрлэн дохиотой уулзвар буюу Зайсангийн гүүрний, Маршалын гүүрний, Баянзүрхийн товчооны камер шүүж бичлэгийг нэг ч удаа хараагүй, шалгаагүй байгаа нь хэргийн үнэн зөвийг шийдвэрлэх сонирхолгүй байсан нь харагдаж байна. Мөн цонхоо хагалуулсан жолооч Б-гийн машинд хамт сууж явсан гэрт А.Батмөнх мэдүүлэхдээ “... уулын замаар явж байтал приус маркийн машин эсрэг урсгалаар Зайсан орох чиглэлийн замаар явж байгаад миний сууж явсан машинтай зөрж өнгөрөхөд тас хийх чимээ гарсан. Гэтэл машины цонхонд хадтай чулуу зоогдсон. Б- зөрж өнгөрсөн машиныг толиндоо хараад маргалдсан приустэй залуу байна гэж хэлсэн. Би машины дугаарыг хараагүй, хэн шидсэнийг хараагүй...” гэж мэдүүлсэн байна. Гэрч А.Батмөнх машины дугаар болон хэн, хаанаас шидсэнийг хараагүй гэж мэдүүлсэн байхад гэрч Б- харин эсрэг урсгалаар ирсэн машиныг таньсан, маргалдсан приусын жолооч өөрөө машинаа унаж байсан, түүнчлэн жолоочийн эсрэг талын цонхоороо чулууг шидсэн, хэн шидсэнийг хараагүй талаар 2 удаа мэдүүлсэн нь өөрөө эргэлзээтэй, бодит байдалтай нийцээгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Э- нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “зам тавьж өгөөгүй” гэх шалтгааны улмаас Б-гийн жолоодож явсан С.Алтангэрэлийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуу шидэж хагалж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогдсон. Уг гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан гэрч Б-, Батмөнх, Энхзориг, Дашчирэв нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Мөрдөгчөөс хэргийг прокурорт танилцуулсан өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр прокуророос яллах дүнэлт үйлдсэн. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хууль зөрчиж яллах дүгнэлт үйлдээгүй. Хуульд заасан хугацаандаа яллах дүгнэлт үйлдсэн. Гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Байцаалтыг нэг өрөөнд авсан гээд байна. Хохирогч Б-, холбогдогч Г.Э-, хохирогч Алтангэрэл нараас өөр, өөр өдөр, өөр, өөр цагт мэдүүлэг авсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлгийг авсан. Шүүгдэгч Г.Э- хохирлыг төлсөн байдаг. Хүчээр хохирлын мөнгийг төлүүлсэн мэтээр ярьж байна. Шүүгдэгч Г.Э- нь сайн дураараа хохирлоо төлсөн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцэж байгаа боловч тухайн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт мэдүүлгэн нотлох баримтуудыг ашиглан буруутгаж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд “шүүгдэгч Г.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож”, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

Ингэхдээ, “...гэмт хэрэг үйлдсэн болох нь О.Б-, гэрч Д.Батмөнх, О.Энхзориг, Т.Дашчирэв нарын мэдүүлгээр тогтоогдсон” гээд “болсон үйл явдлын талаар гэрчүүд зөрүүтэй мэдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд гэрч О.Б-гийн мэдүүлэг нь гэрч Д.Батмөнхийн мэдүүлгээр давхар нотлогдож, О.Энхзориг, Т.Дашчирэв нарын мэдүүлгээр Г.Э-гийн унаж явсан 41-03 УНИ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь О.Б-гийн унаж явсан, хохирогч С.Алтангэрэлийн өмчлөлийн 51-22 УНЗ улсын дугаартай Дээвүү маркийн ачааны автомашиныг гүйцэт түрүүлэн явж, улмаар Баянзүрх дүүргийн товчоон дээр ирсэн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон байна” гэж шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлажээ.

            Эрүүгийн хуулиар заан тодорхойлсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гарсан эсэхийг нийтийн эрх зүйн хүрээнд прокурорын хяналтын доор эрх бүхий байгууллага шалган тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, улмаар шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудад шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийдэг.

            Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч О.Б-, гэрч Д.Батмөнх, О.Энхзориг, Т.Дашчирэв, Б.Тунгалагтуяа нарын мэдүүлгүүд нь шүүгдэгч Г.Э-г бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг бүрэн нотлоогүй байна.

            Тодруулбал, О.Б- хохирогчоор “...Өөрөө машин барьж явсан байх эхнэр нь бол бага насны хүүхэд тэвэрчихсэн явсан болохоор өөр машин барих хүн харагдаагүй. Гэхдээ яг чулуу шидэхэд ямар хүн бариад явж байсныг анзаараагүй. Жолоочийн эсрэг талын цонхоор чулуу шидсэн” /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

            О.Б- гэрчээр “...Тэр чулуу Баянзүрх дүүргийн Товчоон дээр цагдаатай уулзаад тэгээд чулуу шидсэн хүнтэй Баянзүрх дүүрэг дэх Гуравдугаар хэлтэс дээр ирж байхад уначихсан. Би тэр чулууг аваагүй. Тэр чигт нь хаясан” /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

            гэрч Д.Батмөнх “...Тэгээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Уулын замд гүүрний баруун талд явж байтал тухайн Приус-20 маркийн машин эсрэг урсгалаас Товчоо талаас Зайсан орох чиглэлийн замаар миний сууж явсан машинтай зөрж өнгөрөхдөө тас хийх чимээ гарсан. Тэгтэл машины цонхонд гарын атганы хэмжээтэй хадтай чулуу урд салхины шилэнд зоогдсон байсан” /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

            гэрч О.Энхзориг “...Баянзүрх дүүргийн гүүрний хажууд явж байтал манай нөгөө машины жолооч болох Б- нь “нөгөө 41-03 гэсэн Приус-20 чинь урд явж байгаад буцаж эргээд миний машины цонхыг хагалчихлаа” гээд утсаар яриад “Баянзүрх дүүргийн Товчоон дээр цагдаад хэлээд зогсоочих” гэхээр нь би түрүүлж товчоон дээр ирээд замын цагдаад хэлсэн” /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

гэрч Т.Дашчирэв “Баянзүрх дүүргийн Товчоон дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл нэг үл таних эрэгтэй ирээд манай машины шилийг Тоёота приус маркийн машинтай хүн чулуу шидэж, шилийг нь хагалсан, одоо ирж байгаа гэхээр нь гарахад тээврийн хэрэгслийн шилэнд гарын атга шиг том хэмжээтэй чулуу урд шилэнд нь зоогдсон, шил шинэ хагарсан шинж тэмдэгтэй байсан” /хавтаст хэргийн 30/ гэж тус тус мэдүүлсэн байх ба уг мэдүүлгүүдээс дүгнэхэд, шүүгдэгч Г.Э- нь О.Б-гийн жолоодон явсан автомашинтай зөрөхдөө чулуу шидсэн хэмээн дүгнэх хангалттай нотлох баримт болж чадахгүй байна.

            Өөрөөр хэлбэл, хохирогч С.Алтангэрэлийн өмчлөлийн 5122 УНЗ улсын дугаартай Дэйвүү үйлдвэрийн PC57D1 загварын өөрөө буулгагч ачааны автомашиныг жолооч О.Б- жолоодон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Уулын зам” гэх нэршил бүхий Богд уулын хойд хормойгоор үргэлжлэх автозамаар явахад нь урд салхины шилийг нь чулуу шидэгдэн ирж хагалсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Харин, Тоёота приус-20 маркийн автомашины жолооч, шүүгдэгч Г.Э- нь гэрч О.Б-гийн жолоодон явсан ачааны автомашиныг гүйцэт түрүүлээд буцаж эргээд, зөрж өнгөрөхдөө жолоочийн эсрэг талын цонхоор чулуу шидсэн гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан хангалттай үндэслэл” гэж шүүх, прокурор, мөрдөгч энэ хуульд заасан шийдвэр гаргахад нөлөөлж байгаа бодит баримтад тулгуурласан нөхцөл үүссэнийг ойлгоно гэсэнтэй зөрчилдөх юм.

Түүнчлэн, гэрч Б.Тунгалагтуяа “...би нөхөр Г.Э-, 4 сартай хүүхдийнхээ хамтаар гурвуулаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх дүүгийндээ том хүүхдээ хүргэж өгчихөөд буцаж явсан. Тухайн үед 41-03 УНИ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн машинтай явж байсан ба уулын замаар явж байхад 35-52 УНТ, 51-22 УНЗ улсын дугаартай хоёр ачааны машины ард явж байсан. Тэгээд бид нар гүйцэт түрүүлэх үйлдэл хийхэд 51-22 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл шахсан. Тэгээд шахаад байхаар нь буцаж эгнээндээ орох гэтэл арынх нь ачааны машин шахаж бид эсрэг урсгалд орж зогссон. Тэгээд Г.Э- бууж ачааны машины жолоочтой аятайхан соёлтой яваачээ гэж хэлж маргалдаж байсан ба Г.Э- машиндаа суугаад явсан. Тэгээд дахин явах гэтэл дахин шахаад байсан. Тэгээд явсаар байгаад Зайсангийн уулзвар дээр очсон ба нэг нь түрүүлээд явсан. Тэгээд тэр чигтээ явсаар байгаад Баянзүрхийн товчоо орсон. ...буцаж эргэсэн зүйл байхгүй, чигээрээ явсаар байгаад л Баянзүрхийн товчоо орсон” /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Г.Э- “2020 оны 5 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед Яармагийн уулзвараас Зайсан явах замд 51-22 УНЗ, 35-32 УНТ улсын дугаартай жаран хөлт Дэйвүү маркийн ачааны машинууд 2 удаа миний барьж явсан Приус-20 машинтай эхнэр хүүхдийн хамтаар явж байхад шахсан. Тэгээд би аятайхан яваач гэхэд ална шулна гэж сүрдүүлсэн, тэр хоёр машины сүүлд явж байгааг нь би эхлээд гүйцэт түрүүлсэн чинь эхэнд явж байгаа машин шахаад, арын машин сигнаалдаад шахсан. Тэгээд би зогсож байгаад хэрэлдсэн, тэгээд хэл амаа ололцохгүй байхаар нь болиод машиндаа суугаад тэр хоёр машины араас дагаад цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн” /хавтаст хэргийн 9 дүгээр тал/ гэж тус тус мэдүүлснийг анхан шатны шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй үлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад ““дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ““шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заасан.

Ийнхүү хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг шүүгдэгч Г.Э-д холбогдох хэрэгт хэрэглэх үндэслэл тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас үзсэн тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/227 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Э-г цагаатгасугай.

2. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ