Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00075

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч А.Тунгалаг,
шүүгдэгч С.Мөнхгайхамшигт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Санги овогтой Мөнхгайхамшигтад холбогдох эрүүгийн 201706000119 дугаартай, 132/2017/0068/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд болосвролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүүний 17-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баян-Хошуу овогт Сангийн Мөнхгайхамшигт /РД:ЧГ72030511/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Мөнхгайхамшигт 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Тунгалагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолоор/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч С.Мөнхгайхамшигтийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөх шаардлагагүй гэх мэдүүлэг, Хохирогч А.Тунгалагийн өгсөн: С.Мөнхгайхамшигт нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө ажлаа хийнэ гээд гараад явсан. Тэгээд архи уучихаад нилээн халамцуу ирсэн. Найзтайгаа ганц нэг юм уучмаар байна 20000 төгрөг өгөөч гэсэн. Би мөнгө байхгүй гээд нэлээн маргалдсан. Тэгэхэд манай хүү мөнгө барьцан явж байсан ба тэр мөнгийг авна гэхээр нь би өгөхгүй гээд дахиж хэрэлдээд барьцалдаж авсан. Тэгээд ширээн дээр байсан данхтай цайг аваад надруу шидсэн. Араас нь аяга шидсэн. Тэгэхээр нь би гараад гүйсэн. Гадаа мод байсан
2
тэрийг аваад миний бөгс рүү цохисон. Би буцаж гүйж ороод хаалгаа түгжээд цагдаа дуудсан.Тэр үед манай эгч хөдөөнөөс орж ирсэн. Тэгээд цагдаад өргөдөл бичиж өг, ингэж зодуулж байхаар гээд өргөдөл бичиж өгсөн гэх мэдүүлэг,
201706000119 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Шүүгдэгч С.Мөнхгайхамшигтийн сэжигтнээр өгсөн: Би сар, өдрийг нь санахгүй байна. Эхнэр хүүхдийн хамт Эрдэнэт орчихоод ирээд найзуудын хамт архи уусан. Тэгээд гэртээ ирээд эхнэрээсээ мөнгө нэхэж эхнэр уурлаад бид 2 маргалдсан. Би маргаж байгаад гарт таарсан уурганы модоор эхнэрийн бөгсөн биерүү цохьсон гэх мэдүүлэг /хх 21-22 тал/,
Хохирогч А.Тунгалагийн өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр хүүхдүүдийн хамт хөдөөнөөс орж ирсэн. Тэгээд Мөнхгайхамшигт хүнтэй уулзаад ирье гэж яваад тэр өдөртөө ирээгүй. Маргааш өглөө нь намайг эгчийндээ байхад ирээд бид хамт гэрлүүгээ явсан. Хариад надаас архины мөнгө нэхээд байхаар нь би байхгүй гээд маргалдсан. Тэгтэл намайг үсдэж аваад толгой руу цохихоор нь би зугтаад гэрээс гартал араас гарч ирээд гадаа байсан модоор бөгс хэсэг рүү цохисон. Би гэрлүүгээр орж хаалгаа дотор талаас нь түгжээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 08, 09 тал/,
Гэрч О.Даваанямын өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн 102 дугаар утсанд нөхөртөө зодуулсан гэх дуудлага ирсэн. Би эргүүлийн цагдаа Сэр-Оддамбын хамт хаягаар очиход Тунгалаг зодуулсан байдалтай байсан. Нөхөр Мөнхгайхамшигт гэрийнхээ гадаа ирэхэд нь бид саатуулж эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх 11 тал/,
Гэрч Б.Сэр-Оддамбын өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн 102 дугаар утсанд нөхөртөө зодуулсан гэх дуудлага ирсэн. Би эргүүлийн цагдаа О.Даваанямыг хамт хаягаар очиход Тунгалаг зодуулсан байдалтай байсан. Нөхөр Мөнхгайхамшигт гэрийнхээ гадаа ирэхэд нь бид саатуулж эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх 12 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 112 тоот:
1. А.Тунгалагийн биед тархи доргилт, зүүн шуунд шарх, зүүн шуу, хэвлийн хажуу хэсэг, зүүн өгзөг, баруун шилбэ, зуун хөхлөг сэртэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн бугалаганы, мөр орчмын сорви нь хуучин гэмтэл байна. Бусад нь шинээр үүссэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 15 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 04 тал/,
3
Булган аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт /хх 26 тал/, эрүүлжүүлсэн бүртгэл 27-30 тал/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 33 тал/, аюулын зэргийн үнэлгээ /хх 35-37 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Мөнхгайхамшигт 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Тунгалагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч А.Тунгалагийн өгсөн: “намайг үсдэж аваад толгой руу цохихоор нь би зугтаад гэрээс гартал араас гарч ирээд гадаа байсан модоор бөгс хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг, гэрч О.Давааням, Б.Сэр-Оддамба нарын өгсөн “2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн 102 дугаар утсанд нөхөртөө зодуулсан гэх дуудлага ирсэн. Хаягаар очиход Тунгалаг зодуулсан байдалтай байсан. Нөхөр Мөнхгайхамшигт гэрийнхээ гадаа ирэхэд нь бид саатуулж эрүүлжүүлсэн” гэх өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 112 тоот дүгнэлт, шүүгдэгч С.Мөнхгайхамшигтын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч С.Мөнхгайхамшигтийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч С.Мөнхгайхамшигт, хохирогч А.Тунгалаг нар нь сайн дураар эвлэрч байгаагаа илэрхийлсэн, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилсан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баян-Хошуу овогт Сагнгийн Мөнхгайхамшигтыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С.Мөнхгайхамшигтад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч С.Мөнхгайхамшигт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа эвлэрсэн болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мөнхгайхамшигтад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ