Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/03371

 

 

   2022          08           01

            101/ШШ2022/03371

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Д холбогдох

 

15,930,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.А нь Ш.Дтой Япон сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээ явуулахаар харилцан тохиролцож, үйл ажиллагаа явуулахаар ярилцаж байх үед хамтран ажиллах үйл ажиллагаа эхлэхээс өмнө Ш.Д нь надаас удаа дараа мөнгө хэрэгтэй байна, түр мөнгө зээлээч гэж гуйсаны дагуу Ш.Дийн Хаан банкны 50000000 тоот дансруу мөнгө шилжүүлж байсан болно. Ингээд Ш.Д-оос мөнгөө нэхэхэд удахгүй хамтран ажиллах үедээ тооцоогоо бодьё, хөрөнгө оруулах мөнгөнд чинь оруулж тооцьё гэсээр өнөөдрийг хүртэл тооцоо нийлж, мөнгөө төлөхгүй хохироож байна. Б.А миний бие дүү Б.А болон Ш.Д түүний ах Ш.Х нартай хамтарч япон сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээ явуулахаар харилцан тохиролцож, Б.А, Б.А нар хөрөнгө оруулалт болох 30,000,000 төгрөгийг төрсөн эх Н.Ц орон сууцыг барьцаалан зээл авч, Ш.Д болон түүний төрсөн ах Ш.Х нарын дансанд шилжүүлж байсан. Бидний харилцан тохиролцсон үйл ажиллагаа болох автомашины сэлбэг оруулж ирэх бизнес амжилтгүй болж, хөрөнгө оруулсан мөнгөө Ш.Д, Ш.Х нараас нэхэхэд өгөхгүй биднийг хохироож байсан тул миний төрсөн эх Н.Ц нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Ш.Д, Ш.Х нарт залиллуулчихлаа гэм буруут үйлдлийг шалгаж, хөрөнгө оруулсан мөнгийг гаргуулж өгнө үү гэсэн өргөдөл гаргаж байсан боловч Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1799 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, шийдвэрлэсэн. Миний төрсөн дүү Б.А нь хөрөнгө оруулсан мөнгөө нэхэмжилж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Мөн Ш.Д нь мөн дээрх хамтран ажиллахтай холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.А түүний эхнэр Х.Т нараас 7,055,000 төгрөг нэхэмжилж шүүхийн шийдвэр гарсан. Харин миний Ш.Дид удаа дараа шилжүүлж байсан мөнгөний асуудал шийдэгдэхгүй үлдсэн. Ш.Д-ийн Хаан банкны 500000000 тоот дансанд 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1,300,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1,300,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 500,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 217,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3,000,000 төгрөг, мөн өдрийн 1,200,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 200,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 130,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 33,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 300,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 250,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5,000,000 төгрөг, нийт 15,930,000 төгрөгийг шилжүүлсэн. Ш.Д-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Иймд хариуцагч Ш.Д-оос 15,930,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ш.Д нь Япон сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээг явуулж байсан бөгөөд нэхэмжлэгч Б.А нь түүний найз гэдгээр ажилд нь тусалсаны хариуд цалин олгодог байсан. Ийнхүү туслан ажиллахдаа Ш.Д-ийн эзгүйд хийгдсэн сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний төлбөрийг өөрийн дансаар аваад дараа нь Ш.Д-д шилжүүлдэг байсан болно. Гэтэл нэхэмжлэгч Б.А нь уг шилжүүлсэн төлбөрийн зарим хэсгийг сонгон авч хариуцагч Ш.Д-оос нийт 15,930,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү төлбөрийг Б.А төлөх үүрэггүй юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд энэхүү хамтын ажиллагаатай холбоотой бие биендээ ямар нэгэн төлбөр төлөх байхгүй болох нь нэхэмжлэлд дурдсан төлбөрийн гүйлгээний утгууд “сэлбэг хэрэгсэл, цалин, хойд тэнхлэг гэх мэт” гэсэн байгаагаар нотлогдоно. Харин Б.А-ыг Ш.Д-ийн ажилд туслан ажиллахаа больсноос хойш 2018 оны 9 дүгээр сард түүний дүү Б.А нь үргэлжлүүлэн туслан ажиллаж байхдаа Ш.Д-ийн ах Ш.Х 25,000,000 төгрөг өгч 4 ширхэг делика автомашины сэлбэг захиж, хамтран ажиллахаар болсон ч сэлбэг орж ирэх явдал удааширч орж ирснээс Б.А хамтран ажиллахаас татгалзаж, өгсөн мөнгө болох 25,000,000 төгрөгийг Ш.Дийн ах Ш.Х буцаан шаардаж, үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага болон шүүхэд өргөдөл нэхэмжлэл өгч шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр, магадлалууд байдаг. Мөн хариуцагч Ш.Д нь нэхэмжлэгч Б.А-ын дүү болох Б.Аболон түүний эхнэр Х.Т нарт 7,055,000 төгрөгийг буцаан өгснийг дээрх хэргийн оролцогч бус этгээдэд гэж үзээд 25,000,000 төгрөгөөс хасч шийдвэрлэлгүй орхисныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Б.А, Х.Т нараас 7,055,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. Гэтэл нэхэмжлэгч Б.А нь дээрх нэхэмжлэлд дурдсан төлбөрийн асуудлын талаар урьд нь хэзээ ч ярьж мэдэгдэж байгаагүй атал Б.А, Х.Т нараас 7,055,000 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруй урьдны хоорондоо худалдсан сэлбэг хэрэгсэл, хийгдсэн засвар үйлчилгээний өөрийн дансаар авсан төлбөрийн өндөр дүнтэй зарим гүйлгээг сонгон авч Ш.Д-оос нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1799 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, Б.А-ын Хаан банкин дахь 5000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03926 дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00500 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэл, хариу тайлбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/00964 дугаартай магадлал, Ш.Дийн Хаан банкин дахь 500000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22/01/57 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-ыг хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Ш.Д-д холбогдуулан 15,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хамтран үйл ажиллагаа эхлэхээс өмнө Ш.Д нь удаа дараа мөнгө хэрэгтэй байна гэж авсан тул хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэжээ.

 

            Хариуцагч нь урьдны хоорондоо худалдсан сэлбэг хэрэгсэл, хийгдсэн засвар үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч өөрийн дансаар авсан төлбөрийн өндөр дүнтэй зарим гүйлгээг сонгон авч Ш.Д-оос нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03926 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Ш.Х 10,010,000 төгрөгийг гаргуулж, Б.Алтанхутагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,990,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрээр Ш.Х нь түүний төрсөн дүү Ш.Д, Б.А болон түүний ах Б.А нар Япон улсаас автомашины сэлбэг оруулж ирэн худалдах, олсон ашгаа хуваахаар харилцан тохиролцсоны дагуу дүү Ш.Д-ийн хүсэлтээр Б.А шилжүүлсэн 25,000,000 төгрөгөөр Япон улсаас 4 ширхэг Ххххх автомашиныг задлан оруулж ирэн Ш.Д-д хүлээлгэн өгсөн, Ш.Х нь Б.А ээж Н.Ц дансанд 14,990,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогддог.

 

Энэхүү шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22/01/57 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор тогтоогдож байна.

 

Ш.Д нь дээрх хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор Б.А болон Х.Т нарт холбогдуулан 7,055,000 гаргуулахаар шүүхэд хандсан байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00500 дугаартай шийдвэрээр хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Б.А 4,200,000 төгрөг, Х.Т 2,855,000 төгрөгийг гаргуулж, Ш.Д-д олгохоор шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргасан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/00964 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1799 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор “Иргэн Н.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Капитрон банкнаас 70 сая төгрөгийн зээл авч, 20 сая төгрөгийг Ш.Х, Ш.Д нарт залилуулсан” гэх 7478 дугаартай гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтий хэрэг нээхээс татгалзжээ.

 

Эдгээр эрүүгийн болон иргэний журмаар шалгуулсан асуудал нь хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс хойшхи мөнгө шилжүүлсэнтэй холбоотой байх бөгөөд нэхэмжлэгч Б.А нь хамтран үйл ажиллагаа эхлэхээс өмнө Ш.Д-д удаа дараа шилжүүлсэн мөнгийг Ш.Д нь төлөөгүй буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж шаардаж байна.

 

Ш.Д нь япон сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээг явуулж байсан байх ба 2017 оны 6 дугаар сараас эхлэн Б.А нь Ш.Д-ийн ажилд тусалж, цалин авдаг байсан болох нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1799 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолд гэрч Б.Аын “Би Ш.Дтой одоогоос 10 гаруй жилийн өмнө танилцсан найзууд байгаа юм. Ш.Д нь япон машины сэлбэг авч Дарь-Эхэд манай хашаа гаражид сэлбэгийн худалдаа болон засвар үйлчилгээний ажил эрхэлье гэхээр нь би зөвшөөрч эхний ээлжинд 5 сая төгрөгийг цалингийн зээл авч өгсөн. Тэгээд 2017 оны 6 дугаар сараас хамтарч ажиллаж байгаад ...” гэх мэдүүлэг, Ш.Деийн Хаан банкин дахь 50000000 тоот дансны хуулгаас үзэхэд 2017, 2018 онуудад Б.А-ын Хаан банкин дахь 50000000 тоот дансанд “цалин, засвар” болон ямар нэгэн утга заахгүйгээр харилцан мөнгө шилжүүлж байсан зэргээр тогтоогдож байна.

 

Үүнээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Б.А нь туслан ажиллахдаа Ш.Д-ийн эзгүйд хийгдсэн сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний төлбөрийг өөрийн дансаар аваад дараа нь Ш.Д-д шилжүүлдэг байсан болно ...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн зохигчдын Хаан банкин дахь дээрх дансны хуулгуудаас үзэхэд харилцан мөнгө шилжүүлж байсан байх бөгөөд нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр “2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1,300,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1,300,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 500,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 217,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3,000,000 төгрөг, мөн өдрийн 1,200,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 200,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 130,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 33,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 300,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 250,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5,000,000 төгрөг, нийт 15,930,000 төгрөг”-ийн шилжүүлэгийг сонгон авч, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж буй нь ойлгомжгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан үндэслэлд хамааруулан хариуцагчийг 15,930,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Д-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ