Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/144

 

                                  2025/ШЦТ/144   

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Т.А   

              Шүүгдэгч: М.Жа

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Жад холбогдох эрүүгийн 2412002320082 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дүгээр баг Б хорооллын Б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Мын Жа/РД:АЮ......../

 

                                    Холбогдсон хэргийн талаар:

 

              Шүүгдэгч М.Жа нь А аймагт үйл ажиллагаа Б ХХК-ны худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ны хооронд итгэмжлэн хариуцуулсан барааны мөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулж, хохирогч Б ХХК-д 36,140,335 төгрөгийн хохирол учруулсан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Шүүгдэгч М.Жын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Би 2016 оны 11 дүгээр сард Б ХХК-д худалдагчаар ажилд орсон. 2017 оноос эхлээд бүх салбар хариуцсан ахлахаар 2 жил гаран ажиллаж байгаад, 2021-2022 онд оператор нягтлангаар ажилласан. 2022 оноос эхлээд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Б ХХК-ийн олон төрлийн албан тушаал дээр ажиллаж байсан ч 1 удаа ч алдаа гаргаж, 1 удаа ч хохирол учруулж байгаагүй. Ажилдаа маш сайн. Ямар ч цаг завгүй, өглөөнөөс орой болтол ажилдаа хамаг ажилдаа анхаарлаа хандуулж үр хүүхдүүдээ ч тоолгүй, олон жилийн хугацаанд үнэнчээр маш сайн ажилласан. Олон шагнал авч байсан. 2024 оны 03 дугаар сараас эхлээд зээл авах шаардлага гарсан. Харилцагч дэлгүүрүүдийнхээ  эздээс би зээл авах гэсэн юм гээд үнэн учраа хэлээд мөнгө зээлсэн боловч над дээр зээл гараагүй. Учир нь Б ХХК нийгмийн даатгалыг хамгийн багаар нь төлдөг. 1,000,000 төгрөгөөс дээш төлье гэхээр төлөхгүй гэж уурладаг. Би олон удаа нийгмийн даатгалаа өсгүүлэх хүсэлт гаргасан боловч зөвшөөрөөгүй. Цалинг дансаар олгодоггүй. Бүх ажилчид захирлын өрөөнд орж, гарын үсэг зурж, картаар цалингаа авдаг учраас дансаар орсон цалин байхгүй, нийгмийн даатгал бага учраас над дээр зээл гараагүй. Өөрийнхөө зээлийг хаагаад, 1 найз маань зээлээ хаагаад дахиад зээл авах гэсэн юм гээд гуйхад нь би мөнгө зээлүүлээд буцаагаад авч чадаагүй. Тэгээд өөрийнхөө зээлийг хаагаад над дээр зээл гараагүй учраас Б ХХК-д хохирол учруулсан. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Би ямар ч байсан төлбөрөө төлнө гээд ажлаасаа гарсан боловч төлнө гэсэн хугацаандаа төлж барагдуулж чадаагүй. Цалингаасаа 3,600,000 орчим төгрөг хасуулаад, 9,000,000 төгрөгийг Б ХХК-ийн  данс руу шилжүүлсэн. Өчигдөр 16,481,837 төгрөг шилжүүлээд, одоо 7,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ 7,000,000 төгрөгөө би даруйхан төлөх боломжтой. Б ХХК-д санаатайгаар хохирол учруулъя гэсэн бодол надад байгаагүй. Би 8 жил ажиллахдаа маш сайн ажилладаг байсан. 2018 онд байгууллагын шилдэг ажилтан болсон. 2017 онд А аймгийн Засаг даргын ЖУУХ бичгээр шагнагдсан. 2021 онд ........ яамны ЖУУХ бичгээр шагнагдсан. 1 бус удаа шагнал авч байсан. Бүх ажилчдаараа сайн гэж үнэлүүлж, магтуулдаг байсан. Өөрийн болгоомжгүй, тэнэг үйлдлээсээ болж Б ХХК-д хохирол учруулсандаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

            *Эрүүгийн 2412002320082 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын өгсөн:

            “...М.Жа манай байгууллагад 2022 оны 09 дүгээр сараас эхлэн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд өмнө нь худалдагч, оператор нягтлан зэргийг хийж байгаад худалдааны төлөөлөгч болсон. Би “Д” дэлгүүрээс “2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актыг явуулахад тухайн тооцоо нийлсэн акт дээр 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 6,709,120 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авсан барааны үнийг бэлэн өгсөн” гэж тухайн акт дээр бичсэн байхаар нь гар утсаар холбогдож асуухад өгсөн талаар хэлэхээр нь М.Жатай уулзаж асуухад “тиймээ би авсан” гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр М.Жатай уулзаж өөрөөр нь байгууллагад учирсан хохирлыг төлж барагдуулах талаар бичгээр 2024 оны 04 дүгэр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар болсон. Тэрнээс хойш болон өмнө асуудлууд нь гарч ирсэн бөгөөд одоогийн байдлаар 35,561,985 төгрөгийн харилцагчийн тооцоо хувьдаа авч ашигласан. Үүнээс 2024 оны 4 дүгээр сараас 05 дугаар саруудын М.Жын цалин болох 3,658,487 төгрөгийг хасаж 31,903,498 төгрөгийн харилцагчийн тооцоон дээр гарын үсэг М.Жа хүлээн зөвшөөрүүлж гарын үсэг зурсан. Үүний дараа хагас жилийн санхүүгийн тайлан тооцоог гаргахаар харилцагч нараас тооцоо нэхэмжлэхэд дахин М.Жатай тооцоо хийсэн талаар харилцагч хэлэхээр би М.Жыг утсаар дуудаж уулзсан. Мөн дансны хуулгаар нь тооцоог авсан талаар харагдаж байсан. Тэгэхэд М.Жа тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй тооцоо дууссан байгаа гэж хэлж байсан. Тэрнээс хойш гар утсаа авахгүй манай байгууллагад мөнгө хийсэн зүйл ч байхгүй байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, манай менежер байгаа. Ц, Т сумын хариуцан ажилладаг мөн бараа хүргэлтийг хариуцдаг харин барааны захиалгыг бол Ан хэмжээнд авч ажилладаг. Ажилдаа мундаг, санхүүгийн тооцоог маш сайн хөтөлдөг. Нийтэч зан чанартай өөрийн хийсэн зүйлдээ шалтаг тоочиж явдаг хүн байгаа. Худалдааны төлөөлөгч нарын авсан захиалгын тооцоог хариуцаж ажилладаг. Байгууллагад учирсан хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 9-11 дүгээр тал/

 

            *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын дахин өгсөн:

“...Би тухайн үед М.Жын дэлгүүрээс авсан бэлэн болон дансаар орсон гүйлгээнд бодолт хийж гаргасан бөгөөд миний бодсон бага зэрэг алдаатай гарсан байх гэж бодож байна. Тиймээс би шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Б ХХК нь Хаан банкны .......... дугаартай дансыг ашигладаг...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 5-6 дугаар тал/

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын дахин өгсөн:

“...М.Жын 2024 оны 4, 5 сарын цалинг суутгасан мөн 2024 оны 08 дугаар сард 9.000.000 төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хохирол төлбөр барагдуулаагүй байгаа. Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 25 дугаар тал/

 

            *Гэрч Н.Бийн өгсөн:

“...М.Жа гэдэг хүн бараа хүргэж ирэхдээ намайг "Арван сая төгрөг зээлүүлээч гэж хэлхээр нь эгчид нь зээлэх мөнгө байхгүй одоо танай ХХК-ийн мөнгийг энэ сарын 20-д гээд хийх гэж байна гэж хэлсэн чинь би өнөөдөр мөнгө зээлж зээлээ хаагаад маргааш зээл аваад өгчихмөөр байна гэж ярьж байсан. Та надад манай ХХК- ний дансанд хийх мөнгийг өгчих би зээлээ хаагаад маргааш зээл аваад өгнө гэж хэлэхээр нь "Б" ХХК-ийн дансанд хийх гэж байсан 10,000,000/арван сая/ төгрөгийг М.Жа гэдэг хүний ........... дансанд 2024 оны 04 сарын 04-ны өдөр шилжүүлж өгсөн. М.Жа зээлсэн мөнгөө буцааж надад өгөөгүй тул би М.Жыг Б ХХК-ийн мөнгийг хийгээрэй хугацаа нь болчихлоо шүү гэж хэлсэн. Би 10,000,00 төгрөг шилжүүлж өгсөн. Өөр мөнгө төгрөг өгч байгаагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 36-37 дугаар тал/,

 

            *Гэрч Н.Бийн дахин өгсөн:

“...Надаас мөнгө зээлж байгаагүй. Харин 2024 оны 04, 5            сарын үед санагдаж байна. 10 сая төгрөг зээлээч гэсэн тэгэхээр нь би танай байгууллагад өгөх барааны 10 сая төгрөг байна гэхэд тэрийгээ өгчих би хугацааг нь болохоор өөрөө хийчихье гэхээр нь би өгсөн. Түүнээс өөр мөнгө төгрөг зээлсэн байхгүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-238 дугаар тал/,

 

*Гэрч М.Хгийн өгсөн:

“...Манай тэнд интернэтийн сүлжээ муу байдаг учраас би дандаа бэлнээр мөнгө өгдөг байсан бөгөөд 2 удаа 6 сая гаруй төгрөгийг өгч байсан мөн хүүхдийн хөл бэртсэн гээд 1.400.000 төгрөгийг зээлж байсан би дансаар мөнгө өгч байгаагүй дандаа бэлнээр өгч байсан. Би өмнө нь өөрөө худалдан авалт хийдэг байсан бөгөөд 2024 оны хавар Б маркетын нээлт дээр худалдааны төлөөлөгчөөр дамжуулан барааг хүргүүлэн авах боломжтой гэхээр нь би 2 удаа бараа хүргэлтээр авсан юм тэрнээс бол би өөрөө аймаг явж бараагаа худалдан авч байсан. Надад ямар нэгэн тооцоо байхгүй. Би бараагаа өөрөө худалдан авч байгаа. Би М.Жад зээлсэн мөнгөө хүртэл авсан одоо надад ямар нэгэн тооцоо байхгүй. Б ХХК-ны нягтлан бодогч нь гээд нэг эмэгтэй залгаад асууж байсан тэгэхээр нь би бэлэн өгсөн талаар хэлэхэд тэрнээс хойш над руу залгаагүй..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 дугаар тал/

 

*Гэрч Д.Гийн өгсөн:

"...Би өнгөрсөн хавраас хойш худалдан авалт хийдэг байсан бөгөөд худалдан авалтын өртгийг дансаар болон бэлэн мөнгөөр хийдэг байсан бөгөөд М.Жын бичиж өгсөн хувийн дансанд шилжүүлж байсан одоо бодоход өөрийн хувь дансыг өгдөг байсан юм билээ. Би зээлсэн мөнгө төгрөг байхгүй. Одоо би Б ХХК-д өр төлбөрийн асуудал байхгүй. Б ХХК-аас болон М.Жа залгаад хойд сумдаар явах гэж байна та бараа захиалах уу гэхээр нь би захиалга өгдөг байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-223 дугаар тал/

 

*Гэрч Л.Зын өгсөн:

“...Уг хүнийг танина. Би Т сумын төв дээр "У" нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг ба бараа бүтээгдэхүүн захиалдаг А аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Б компанийн борлуулагч гэдгээр М.Жа гэх хүнийг мэднэ бусдаар танихгүй. 2023 оны зун 06, 07 сарын үеэр тус хүнээр дамжуулан Б ХХк-аас 2-3 удаа бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан. Би байнга дансаар шилжүүлж байсан. 2023 онд нэг удаагийн хүргэлтээр би төлбөрөө зээлээр биш бэлнээр төлөхөөр болтол М.Жа нь "тэгвэл энэ данс руу шилжүүлчих гэсэн ба уг данс нь хувийн буюу М.Жын өөрийнх нь данс байсан тухайн данс руу 7 сая гаруй төгрөг шилжүүлж байсан санагдаж байна. Надаас 2 удаа мөнгө зээлээч гэж гуйж байсан. Би түүнд мөнгө зээлээгүй. Нэг удаа Б ХХК-аас над руу залгаад та тооцоогоо хийгээч гэхээр нь би юу яриад байгаа юм тухайн үед нь тооцоогоо хийчихсэн ш дээ гэж хэлсэн. Дараа нь М.Жа над руу залгаад та энэ сардаа багтаагаад тооцоогоо хийчихнэ гэж хэлээд өгөөч тэгэх үү гэхээр нь би "чамтай нийлж худлаа хэлэхгүй" гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 229-230 дугаар тал/

 

*Гэрч С.Пийн өгсөн:

“...М.Жыг танина. Тухайн хүн А аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-д түгээгч ажилтай гэдгээр нь танина. Түүнээс төрөл садны холбоо байхгүй. Ер нь байнга байгууллагын данс руугаа мөнгийг хийлгэдэг байсан. Харин нэг удаа 2024 оны 4 сард санагдаж байна М.Жа нь өөрийнхөө данс руу 3 сая гаруй төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс өөр бол өөрийн данс руугаа авч байгаагүй. Тэгээд манай байгууллагын нярав байхгүй байгаа миний данс руу хийчих гэхээр нь би М.Жын данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд өөрөө би маргааш өглөө няравт өгнө гэж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 241-242 дугаар тал/

 

*Хөрөнгийн үнэлгээчин А.Бын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 73  дугаартай: ...Т сумын ..... дэлгүүрт нийлүүлсэн барааны дүн 12,889,000 төгрөг, Т сумын У дэлгүүрт нийлүүлсэн барааны дүн 7,439,805 төгрөг, Т сумын М дэлгүүрт нийлүүлсэн барааны дүн 2,067,260 төгрөг, Ц сумын Т дэлгүүрт нийлүүлсэн барааны дүн 6,815,420 төгрөг, Т сумын Д дэлгүүрт нийлүүлсэн барааны дүн 4,954,970 төгрөг, Ц сумын М дэлгүүрт нийлүүлсэн барааны дүн 1,973,880 төгрөг, нийт 36,140,335 төгрөг..." гэх дүгнэлт /1-р хх-ийн 62-64 дүгээр тал/

 

            *Яллагдагч М.Жын өгсөн:

            “...Би 2016 оноос эхлэн А аймгийн Э сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Б ХХК-д худалдааны зөвлөхөөр ажилд орсон. 2017 оноос 2019 он хүртэл ахлах албан тушаал, 2019 оноос 2022 он хүртэл оператор нягтлангийн албан тушаалыг гүйцэтгэж байгаад 2022 оны 09 дүгээр сараас эхлэн А аймгийн сумдуудад үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүд болон аймгийн төвийн дэлгүүрүүдээс захиалга авдаг худалдааны төлөөлөгчийн ажилд томилогдож 2024 оны 06 дугаар сар хүртэл уг албан тушаалд ажилласан. А аймгийн сумдуудад үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүд болон аймгийн төвийн дэлгүүрүүдээс захиалга авдаг худалдааны төлөөлөгчийн ажлыг гүйцэтгэх явцдаа өөрийн буруутай үйлдлээс болж бараа, материалын мөнгө завшиж ийм үйлдэлд холбогдсондоо харамсаж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний Б ХХК-д учруулсан хохирлыг Б ХХК-ын зүгээс бодохдоо 35.561.985 төгрөг гэсэн байсан харин шинжээчийн дүгнэлтээр 36.140.335 төгрөг гэж гарсан байсан. Би шинжээчийн дүгнэлтэд заагдсан мөнгөн дүнгээр хохирлоо төлж барагдуулна. Б ХХК нь миний 2024 оны 4 дүгээр сарын цалин болох 1.527.570 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын цалин болох 2.130.917 төгрөгийг суутгуулсан. би 2024 оны 08 дугаар сард 9.000.000 төгрөгийн Б ХХК-ын эзэмшлийн хаан банкны .......... тоот данс руу шилжүүлсэн байгаа. Нийт 12.658.487 төгрөг төлсөн. Одоогийн байдлаар төлөөгүй үлдэгдэл 23.481.848 төгрөг байгаа. Би одоо хашаа байшингаа зарах гээд зар байршуулж байшиндаа засвар хийж байгаа тэгээд хашаа байшингаа зарчихвал энэ үлдэгдэл хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1-р хх-ийн 2 дугаар тал/,

*2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, оролцогч Б.Баас гаргаж өгсөн 17 хуудас материал/1-р хх-ийн 12-29 дүгээр тал/

* М.Жын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд /1-р хх-ийн 245-246 дугаар тал/

*Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 54 дүгээр тал/  зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  М.Жад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

            Гэм буруугийн талаар: 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.Жа нь А аймагт үйл ажиллагаа Б ХХК-ны худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ны хооронд итгэмжлэн хариуцуулсан барааны мөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулж, хохирогч Б ХХК-д 36,140,335 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч М.Жа үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын“...Би “Д” дэлгүүрээс “2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актыг явуулахад тухайн тооцоо нийлсэн акт дээр 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 6,709,120 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр авсан барааны үнийг бэлэн өгсөн” гэж тухайн акт дээр бичсэн байхаар нь гар утсаар холбогдож асуухад өгсөн талаар хэлэхээр нь М.Жатай уулзаж асуухад “тиймээ би авсан” гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр М.Жатай уулзаж өөрөөр нь байгууллагад учирсан хохирлыг төлж барагдуулах талаар бичгээр 2024 оны 04 дүгэр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар болсон. Тэрнээс хойш болон өмнө асуудлууд нь гарч ирсэн бөгөөд одоогийн байдлаар 35,561,985 төгрөгийн харилцагчийн тооцоо хувьдаа авч ашигласан. Үүнээс 2024 оны 4 дүгээр сараас 05 дугаар саруудын М.Жын цалин болох 3,658,487 төгрөгийг хасаж 31,903,498 төгрөгийн харилцагчийн тооцоон дээр гарын үсэг М.Жа хүлээн зөвшөөрүүлж гарын үсэг зурсан. Үүний дараа хагас жилийн санхүүгийн тайлан тооцоог гаргахаар харилцагч нараас тооцоо нэхэмжлэхэд дахин М.Жатай тооцоо хийсэн талаар харилцагч хэлэхээр би М.Жыг утсаар дуудаж уулзсан. Мөн дансны хуулгаар нь тооцоог авсан талаар харагдаж байсан. Тэгэхэд М.Жа тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй тооцоо дууссан байгаа гэж хэлж байсан. Тэрнээс хойш гар утсаа авахгүй манай байгууллагад мөнгө хийсэн зүйл ч байхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч М.Хгийн”...2024 оны хавар Б маркетын нээлт дээр худалдааны төлөөлөгчөөр дамжуулан барааг хүргүүлэн авах боломжтой гэхээр нь би 2 удаа бараа хүргэлтээр авсан юм тэрнээс бол би өөрөө аймаг явж бараагаа худалдан авч байсан. Б ХХК-ны нягтлан бодогч нь гээд нэг эмэгтэй залгаад асууж байсан тэгэхээр нь би бэлэн өгсөн талаар хэлэхэд тэрнээс хойш над руу залгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гийн”...Би өнгөрсөн хавраас хойш худалдан авалт хийдэг байсан бөгөөд худалдан авалтын өртгийг дансаар болон бэлэн мөнгөөр хийдэг байсан бөгөөд М.Жын бичиж өгсөн хувийн дансанд шилжүүлж байсан одоо бодоход өөрийн хувь дансыг өгдөг байсан юм билээ...” гэх мэдүүлэг, гэрч Л.Зын”...2023 оны зун 06, 07 сарын үеэр тус хүнээр дамжуулан Б ХХк-аас 2-3 удаа бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан. Би байнга дансаар шилжүүлж байсан. 2023 онд нэг удаагийн хүргэлтээр би төлбөрөө зээлээр биш бэлнээр төлөхөөр болтол М.Жа нь "тэгвэл энэ данс руу шилжүүлчих гэсэн ба уг данс нь хувийн буюу М.Жын өөрийнх нь данс байсан тухайн данс руу 7 сая гаруй төгрөг шилжүүлж байсан санагдаж байна. Надаас 2 удаа мөнгө зээлээч гэж гуйж байсан. Би түүнд мөнгө зээлээгүй. Нэг удаа Б ХХК-аас над руу залгаад та тооцоогоо хийгээч гэхээр нь би юу яриад байгаа юм тухайн үед нь тооцоогоо хийчихсэн ш дээ гэж хэлсэн. Дараа нь М.Жа над руу залгаад та энэ сардаа багтаагаад тооцоогоо хийчихнэ гэж хэлээд өгөөч тэгэх үү гэхээр нь би "чамтай нийлж худлаа хэлэхгүй" гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Пийн”...Харин нэг удаа 2024 оны 4 сард санагдаж байна М.Жа нь өөрийнхөө данс руу 3 сая гаруй төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс өөр бол өөрийн данс руугаа авч байгаагүй. Тэгээд манай байгууллагын нярав байхгүй байгаа миний данс руу хийчих гэхээр нь би М.Жын данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд өөрөө би маргааш өглөө няравт өгнө гэж байсан...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 73  дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Жа нь Б ХХК-ны худалдааны төлөөлөгч, тухайн аж ахуй нэгж байгууллагаас өөрийн өмчийг итгэмжлэн хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, гэрээнд заасны дагуу бусдын хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд мөн бөгөөд тухайн итгэмжлэн хариуцуулсан  эд хөрөнгийг өөрийн хэрэгцээнд ашиглаж, завшсан байна. Энэ гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу  36,140,335 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч М.Жын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.  

 

              А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Жын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

              Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас Б ХХК-нд 36,140,335 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.Жа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг төлж, одоо 7,000,000 төгрөг төлөгдөөгүй байгаа болох нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мэдүүлэг тайлбар, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Жа нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж Эрүүгийн хуульд заасан, шүүхээс шүүгдэгч М.Жад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч М.Жад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

Улсын яллагч болон шүүгдэгчийн зүгээс торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргасан боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа, шүүгдэгч М.Жа нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдал нь торгох ял оногдуулах, уг ял биелэгдэх боломжгүй нөхцөл байдал гэж үзлээ.  Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг  тухайн зүйл хэсэгт заасан хамгийн бага хугацаагар оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, оршин сууж байгаа А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Мын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жыг 6/зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жа нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух А аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 6/зургаа/ сарын хугацаанд хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жа нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч М.Жаас 7,000,000/долоон сая/ төгрөг гаргуулан хохирогч Б ХХК-д олгосугай.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Жад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ГАНДОЛГОР