| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01770/И |
| Дугаар | 183/ШШ2017/02069 |
| Огноо | 2017-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2017/02069
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийнхуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн …............... байрлах “С.К.Т ”ХХК /РД: ............./-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хан-Уул дүүргийн .................. тоотод байрлах “А”ХХК /РД: ............./-нд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40.097.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Анхбаяр, хариуцагчийн төлөөлөгч М.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “С.К.Т ”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “С.К.Т ”ХХК нь “А”ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 16.039.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тус хуулийн этгээд нь телевизийн студидээ шаардлагатай гэж үзэн манай компаниас тоног төхөөрөмж зээлээр худалдан авсан бөгөөд гэрээний нийт үнийн дүнгээс урьдчилгаа болох 4.811.700 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор төлж үлдэгдэл төлбөр болох 11.227.300 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Гэвч “А”ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд байгуулсан гэрээний үнийн дүнгийн төлбөрийг хүү, алдангийн хамт одоог хүртэл шилжүүлээгүй байгаа нь манай байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Иймд зээлээр авсан тоног төхөөрөмжийн төлбөр 16.039.000 төгрөг, гэрээ байгуулснаас хойш 40 сарын хугацаа өнгөрсөн тул 40 сарын хүү 16.039.000 төгрөг, алданги 8.019.500 төгрөг, нийт 40.097.500 төгрөгийг “А”ХХК-иас нэхэмжилж байна. Гэрээнд тусгагдаагүй ч хэтэрсэн хугацаа бүрт хүү авахаар тохирсон учир 40 сарын хүүг нэхэмжилж байна гэв. Хариуцагч “А”ХХК шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 40.096.500 төгрөг нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Хариуцагч “А”ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс гэрээ байгуулсан болон үндсэн төлбөр, алдангийн талаар маргахгүй. Харин 40 сарын хүү 16.039.000 төгрөгийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуульд зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаанд хүү тооцож боддог. Зээлийн гэрээний хугацаа дууссанаар зээлийн гэрээний хүү шаардахгүй, харин алданги шаардах ёстой. Талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь үлдэгдэл төлбөрийг 6 сарын хугацаанд 2.5 хувийн хүүтэйгээр сарын бүрийн 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Иймд манай компанийн зүгээс 6 сарын хүүг төлөх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжилж буй 40.097.500 төгрөгөөс 34 сарын хүү болох 13.633.150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин үлдсэн 26.463.350 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С.К.Т ”ХХК нь хариуцагч “А”ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40.097.500 төгрөг шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагаас 26.464.350 төгрөгийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзлээ. Нэхэмжлэгч “С.К.Т ”ХХК нь хариуцагч “А”ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 16.039.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байх ба уг тоног төхөөрөмжийн төлбөр төлөгдөөгүй байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. Харин хариуцагч байгууллага нь талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаа 6 сар тул, 6 сарын хүү 2.405.850 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хэтэрсэн хугацааны 34 сарын хүү 13.633.150 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв. Учир нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1-д 16.039.000 төгрөгийн төлбөрийн 30 хувь болох 4.811.700 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор төлөх, гэрээний 2.2-д үлдэгдэл төлбөр 11.227.300 төгрөгийг 6 сарын хугацаанд 2.5 хувийн хүүтэйгээр, сар бүрийн 10-нд шилжүүлэх үүргийг худалдан авагчид ногдуулсан байх тул нэхэмжлэгч байгууллага зээлээр худалдсан тоног төхөөрөмжийн төлбөр болох 16.039.000 төгрөгийг, гэрээ байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 6 сар буюу 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны хүүгийн хамт шаардах эрхтэй байна. Гэтэл гэрээний хугацаа дууссан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хэтэрсэн хугацаанд хүү тооцож нэхэмжилсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.4-т худалдан авагч нь барааг хүлээн авсан боловч төлбөрөө товлосон өдрөө шилжүүлээгүй бол барааны үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож нийлүүлэгчид төлөхөөр заасан байх тул хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн хариуцлагад алданги тооцож нэхэмжилсэн атлаа давхар хүү тооцсон нь үндэслэлгүй юм. Иймд үндсэн төлбөр 16.039.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 6 сарын хүү 2.405.850 төгрөг, алданги 8.019.500 төгрөг, нийт 26.464.350 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байх бөгөөд алдангийн хэмжээ хуульд нийцсэн болохыг дурдах нь зүйтэй. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 26.464.350 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358.437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 290.271 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны баримтлан хариуцагч “А”ХХК-иас 26.464.350 /хорин дөрвөн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С.К.Т ”ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.633.150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 358.437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 290.271 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С.К.Т ”ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
|
| |||
| |