| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2025/1087/Э/220/2025/0586 |
| Дугаар | 2025/ШЦТ/1257 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1257
2025 05 08 2025/ШЦТ/1257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Б.Сүрмандах, шүүгдэгч Б.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Мянгат овогт ********гийн ******** холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан Мянгат овогт ********гийн ******** (РД:*************),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******** нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Спарров ресторанд ******** ******** **** санхүүгийн байгууллагын ажилчид шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэж байх үеэр тус байгууллагын ажилтан У.********ийн шагналын мөнгөө хийсэн гар цүнхийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.********: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дэх тал),
Хохирогч У.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Спарров нэртэй ресторанд болсон бөгөөд тухайн арга хэмжээний үеэр 20 цаг 30 минутын үед байгууллагаасаа шагнагдсан. Байгууллагын зүгээс шагналын мөнгө болох 2.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба би тухайн мөнгийг хамт ажилладаг ********гийн ******** гэж хүнээр өөрийнхөө цүнх рүүгээ хийлгэсэн. Тэгээд түүнээс хойш нэг цаг гаруйн хугацаанд миний цүнх тухайн хүнд явсан. Ингээд шинэ жилийн арга хэмжээ дуусаад намайг согтчихсон байсан болохоор манай ажлын газрын хүмүүс миний цүнхийг ажлын газрын ******** гээд эгчид өгөөд явуулчихсан байсан. Тэгээд би маргааш нь ******** эгчтэй холбогдоод цүнхэнд миний утас байна уу гэж асуухад ******** эгч дотор нь ийм л зүйл байна гээд миний цүнхний дотор талын зургийг явуулсан ба миний цүнх нь дотор нүүрний будаг болон байгууллагаас шагнуулсан шагналын дугтуйтай мөнгө байсан. Тэгээд би 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цүнхээ ******** эгчээс аваад АТМ ороод мөнгө данс руугаа хийх гэтэл 1.400.000 төгрөг дутчихсан байсан. Тэгэхээр нь би шинэ жилийн арга хэмжээ болсон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Спарров нэртэй рестораны хяналтын камерыг шүүж үзэхэд Б.******** нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21 цаг 48 минутад миний цүнхийг аваад эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө рүү орж байсан. Ингээд би ******** эгчээс тодруулж асуухад цүнхэнд чинь байсан дугтуй нээлттэй байхаар нь эгч нь өөрөө л нээсэн юм байлгүй гэж бодоод юм бодоогүй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ********той холбогдож чи миний цүнхийг аваад ариун цэврийн өрөө орж байгаа чинь камерт бичигдсэн байна гэж хэлэхэд эхэндээ үгүй би аваагүй гэж байгаад сүүлдээ чи хэдэн төгрөг алга болгочихсон юм, би төлчихье. Би нэр төрөө цэвэрлэж авна гэх зэрэг зүйлс яриад байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна....” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 15 дахь тал),
Гэрч Н.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн өдрийн орой 18 цагт манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. Тэгээд арга хэмжээний үеэр У.******** бид хоёр байгууллагаасаа шагнуулсан. Ингээд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нэлээн согтчихсон. Тэгээд нэг харахад миний цүнх, У.********ийн цүнхийг хэн нэгэн надад өгсөн. Тэгэхээр нь би өөрөө нэлээн согтолтой байсан болохоор тэр дор нь цүнхнүүдээ ******** эгчид өгч явуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 31-34 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал),
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт, ICU эмнэлгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.********од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Б.******** нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Спарров ресторанд *********** байгууллагын ажилчид шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэж байх үеэр тус байгууллагын ажилтан У.********ийн шагналын мөнгөө хийсэн гар цүнхийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэргийн талаарх мэдүүлсэн мэдүүлэг,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-9 дэх) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.********ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Б.********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн зүйл заалтад зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөө авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...”гэсэн саналыг шүүхэд гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, прокурорын гаргасан санал дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Б.********од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч У.********ийн шагналын мөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөрөөс 500.000 төгрөгийг буцаан авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн баримттай байна. /хх-ийн 19/
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.********оос нийт 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч У.********т олгуулахаар шийдвэрлэв.
Хэргийн хохирогч У.******** нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр хохирогчоор өгсөн мэдүүлэгт тэмдэглүүлсэн ********* дугаарын утас руу холбогдоход холбогдох боломжгүй байсан ба шүүх хуралдааныг товыг мэдэгдэж зурвас үлдээсэн талаарх шүүгчийн туслахын тэмдэглэл авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Б.********ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мянгат овогт ********гийн ********ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********од хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” гэсэн заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Б.********оос нийт 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ********овогт ***********т олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ