2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1299

 

 

 

 

 

 

 

 

 

   2025           05            13                                        2025/ШЦТ/1299

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал, улсын яллагч Н.Цогням /томилолтоор/, шүүгдэгч Б.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******** ургийн овогт ********ийн ********од холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн **** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар **** дүүргийн ***дугаар хороо, **** тоотод оршин суудаг,

урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******** овогт ********ийн ******** (РД:******).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.******** нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ****дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** гэртээ байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.********ийн эрх чөлөөнд халдаж түүнийг цохиж эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, эрүү, баруун хацар, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүгдэгч Б.******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхийн шатанд гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт: 

Шүүгдэгч Б.********: “...Миний буруу тул гэм буруу дээрээ маргахгүй зүйл байхгүй...” гэв.

Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Н.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө ***** дүүргийн **** дугаар хороо **** тоот гэртээ орой унтахаасаа өмнө нөхөртэйгөө дарс уучхаад би түрүүлээд унтаад өгсөн. Тэгтэл үүрээр 6 цагийн орчим унтаж байхад манай нөхөр шууд намайг цохиж аваад намайг зодоод эхэлсэн. Би тухайн үедээ хүүхдүүдээ дуудаад арай гэж нэг тэр өрөөнөөс гараад явсан. Би байрнаасаа гараад шууд зугтаж байхад нэг залуу таараад би цагдаа дуудаад өг гэж гуйгаад хамт байж байтал манай нөхөр араас орилоод намайг хөөгөөд байсан. Замын цаана гараад явж байгаад нөхөртөө баригдаад намайг гэр рүү хамт оръё гэхээр нь би одоо чадахгүй чамаас айж байна гэж хэлээд байж байтал ашгүй хэдэн залуучууд гарч ирээд надад тусалсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандсан.

...миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, хамар амнаас цус гарсан, хоёр талын чих хавдсан, бүдүүн гуя хөндүүртэй, толгой битүү хавдсан байна...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 12 дахь тал),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №1498 дугаартай: “...Н.********ийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, эрүү, баруун хацар, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 22-23 дах тал)

 

Яллагдагчаар Б.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эхнэр Н.********тай 2 шил вино хувааж уусан. Шөнө 02 цагийн үед эхнэр унтаад өгсөн. Би гараад гэртэй ойрхон СЮ дэлгүүрээс 2 шил сөжү нэртэй архи аваад тухайн дэлгүүрийн гадаа уусан, дахин 2 шил сөжү аваад гэр рүүгээ явсан. Гэртээ ороод унтах гэж сууж байснаа эхнэрийн утсыг шалгахад өмнө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан үл таних эрэгтэй хүнтэй цахимаар буюу фейсбүүкээр хоорондоо чат бичсэн байсан. Манай эхнэрийн чатанд би уурхайгаас очиж байна гэхэд эхнэр бүх биечийг чинь үнсмээр байна,нөхрийг аргалж байгаад уулзана гэсэн утгатай чат бичсэн байсан. Тухайн чатыг хараад би шоконд орж сууж байгаад унтаж байсан эхнэрээ сэрээгээд чи ямар их намайг хуурдаг юм бэ, урьд өмнө намайг 4 удаа хуурч байсан байж яагаад наад үйлдлээ болихгүй байгаа юм гэж хэлээд, чи намайг болон 3 хүүхдийг минь ямар их доромжилдог юм гээд эхнэрийн нүүр хэсэгт 2-3 удаа өөрийн баруун гараар алагдсан, эхнэр гэрээс гарах гээд байхаар нь би гаргахгүй гээд нуруу хэсэгт нь 2-3 удаа алгадсан, удаагүй хүүхдүүд сэрээд уйлаад байхаар нь миний хүүхдүүд санаатай зоволтгүй аав нь ээжтэй нь учраа олох гээд байна гээд хүүхдүүдээ аргадаж байхад эхнэр гэрээс гараад гүйсэн байсан. Араас нь гарахад эхнэр шатаар бууж байхаар нь араас нь татаад битгий яв гэхэд эхнэр аллаа гээд орилоод байсан. Араас нь зулгааж байгаад бид хоёр шатны уруу хоёулаа унасан. Орцонд хоёр эрэгтэй хүн таараад ахаа болиоч, хүн аллаа ш дээ гэхээр нь манай эхнэр байгаа юмаа гэсэн. Тэгээд тухайн хоёр залуутай уулзаж байхад дахин төмөр замын сургуулийн урд хэсэгт гүйж байсан. тэгээд араас нь очоод битгий яв гээд эхнэрээ араас нь зулгаасан, удаагүй цагдаагийн байгууллагын алба хаагч нар ирсэн. Орцонд таарсан хоёр эрэгтэй хүн дуудлага өгсөн байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

Хохирогч Н.******** түргэн тусламжийн үйлчилгээ авсан хуудас (хавтаст хэргийн 63 дах тал),

 

Хохирогчийн зүгээс сэтгэц учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 67 дах тал),

 

Шүүгдэгч Б.********ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн  тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 73-75, 88-93 дах тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.********од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.******** нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ***дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** гэртээ байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.********ийн эрх чөлөөнд халдан цохиж эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, эрүү, баруун хацар, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хохирогч Н.********ийн мэдүүлэг, шүүгдэгч Б.******** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №1498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дах тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Н.********ийн биед учирсан “...хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, эрүү, баруун хацар, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.******** түүнийг нүүр болон бие хэсэгт нь гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нарийвчлан зохицуулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг ойлгоно. Энэ тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл/-ээр давхар зүйлчлэхгүй.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл/-ээс объектив талын үндсэн шинж болох хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүн, халдлагад өртөгчөөр нь ялгаж зүйлчилнэ.

 

Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ нь хүний биед халдах зөрчил /Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл/-тэй объектив талын үндсэн шинж болох үйлдэл, субьектив талын үндсэн шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ төстэй боловч хохирол, хор уршгаар нь ялгаж зүйлчилнэ.

 

Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн тухайд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдаг бол хүний биед халдах зөрчлийн тухайд хохирогчид халдаж зодсон боловч эрүүл мэндэд хохирол учруулаагүй байдаг.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.********, хохирогч Н.********ийн биед халдаж эрүүл мэндэд нь “...хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, эрүү, баруун хацар, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн зэргээр гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч гэм буруугийн хуралдаанд: “...шүүгдэгч Б.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн зүйл заалтад зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийн талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно...” гэсэн саналыг гаргасан.

 

          Шүүх, шүүгдэгч Б.********од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан санал, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 67, 70/ зэргийг тус тус харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Б.********од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.********од оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.********ийн эрүүл мэндэд хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, эрүү, баруун хацар, хоёр бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй байх ба шүүх хуралдааны товыг мэдэгдэж хэрэгт тэмдэглүүлсэн ***** дугаарын утсаар холбогдоход “ойлголоо” гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.

 

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** ургийн овогт ********ийн ********ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********од 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.******** нь торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.********од оногдуулсан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.********од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ