2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1302

 

 

 

 

 

 

 

 

   2025          05           13                                    2025/ШЦТ/1302

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал,

улсын яллагч Д.Рэгзэдмаа,

насанд хүрээгүй хохирогч Д.********, түүний хууль ёсны төлөөлөгч  Ш.********,

шүүгдэгч Э.******** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Сутай овгийн ********ы ********т холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****оны *** дүгээр сарын ****-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ***настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ***** ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, аав, ээж, эгч, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Сутай овгийн ********ы ******** (РД:******).

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******** нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа таксигаар Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны ****** буудалд байрлах ажил руугаа хүргүүлэхдээ тухайн таксины хойд талын шалавч дээр унасан байсан гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Д.********гийн эзэмшлийн айфон 12 мини загварын гар утсыг, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 1.415.000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                          

Нэг: Шүүгдэгч Э.******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:

 

Шүүгдэгч Э.********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Д.********: “...2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэр рүүгээ явж байхдаа таксинд өөрийн гар утсаа мартаад гарсан байсан. Утсаа байхгүйг мэдээд утас руугаа залгахад эмэгтэй хүн авсан. Тэгээд Баянхошуунд ирээд ав гэсэн боловч утсыг маань унтраагаад дахин холбогдоогүй...” гэв.

 

Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Насанд хүрээгүй хохирогч Д.******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 7 цагийн орчим өөрийн ихэр болох ********ийн хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах вокзалын хойд талын автобусны буудал өнгөрөөд такси бариад Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо ******** **** тоот хашааны үүдэнд буухдаа таксинд Айпоне 12 мини маркийн гар утсаа мартаж буусан. Тэгээд гэртээ ороод 10-15 минутын дараа утас байхгүйг мэдээд өөрийг гар утас руу залгасан чинь эмэгтэй хүн аваад Баянхошууны тойрог дээр ирээд гар утсаа ав гэхээр нь аав ******** ихэр ******** хоёр явсан. Тэгээд замдаа явж байхдаа залгахад гар утас холбогдох боломжгүй болсон гээд буцаад ирсэн... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дах тал),

 

Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны *** дугаар сарын ****ны өглөө 07 цагийн орчим *****дүүргийн нутаг дэвсгэрт байрлах вокзалын арын автобусны буудал өнгөрөөд зогсож байхад 16-с 17 насны хоёр эмэгтэй хүүхэд Сонгинохайрхан дүүрэг оры гээд суусан. Тэгээд гэр хорооллын гудамжаар орж ****тоот гэсэн бор өнгөтэй хашааны гадна зогсож таксины мөнгө 15.000 төгрөг гарсан. Нэг охин нь 20.000 төгрөг өгч би 5000 төгрөг хариулж өгөөд тэр хашааны гадаа машинаасаа бууж тамхи татаж дуусаад төв зам руу ороод баруун гар тийш эргэж Баянхошуу тал руу явж байхад 25-с 30 орчим насны эмэгтэй хилчин хотхоны орчмоос гар өргөхөөр нь суулгаж баруун салаа ****-ийн үүдэнд буулгасан. Доошоо уруудаад явж байгаад зурагтаас нэг хүн авч төмөр замын эрүүлжүүлэх байр оруулж өгөөд Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах гэртээ ирсэн. Өдөр 16 цагийн орчим цагдаагийн байгууллагаас залгахаар нь өөрөө биеэр ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

  

“Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Т-25-193 дугаартай “...зах зээлийн үнэлгээ 1.415.000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 32-34 дэх тал),

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 44-49 дэх тал),

 

Яллагдагчаар Э.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 07 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** тоотоос ажилдаа явахаар гарсан. Тэгээд гудамжаар алхаж байгаад төв зам дээр очоод гараа өргөөд такси зогсоосон чинь хар өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл зогсохоор нь би зорчигч талын арын суудал дээр нь суугаад баруун салааны нэгдүгээр буудал орно гэж хэлсэн. Тэгээд тухайн такси хөдлөөд явсан чинь жолоочийн ар талын  сандлын шалавч дээр нь хар өнгийн хамгаалалтын гэртэй, ягаан өнгийн айфоне 12 маркийн гар утас байхаар нь би тухайн таксины жолоочид хэлэлгүйгээр нууцаар аваад өөрийн цамцны халаасанд хийсэн. Тэгээд буух газраа ирээд өөрийн Хаан банкны ******дугаарын данснаас тухайн жолоочийн дансанд 3000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгсэн тухайн олсон гар утсанд дуудлага ирэхээр нь аваад ярьсан чинь 20-оос 25 орчим насны эмэгтэй байсан. Тухайн гар утсыг байгаа газраас очоод авъя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийн байгаа газраа зааж өгсөн. Тэгсэн чинь тухайн гар утасны цэнэг дуусчихсан байсан ба надтай утсаар яриад байсан эмэгтэй надтай дахин холбогдож чадаагүй тул ирж аваагүй. Тэгээд би тухайн өдрөөс хойш гурав, дөрөв хоногийн дараа өөрийн фейсбүүк дээр зар тавиад үл таних эрэгтэй хүнд бэлнээр 600.000 төгрөгт зарчихсан. Тэгээд өөрийн Голомт банкны дансанд 500.000 төгрөгийг бэлнээр хийгээд Голомт банкны цалингийн зээл болох 1.000.000 төгрөгийг төлчихсөн. Харин үлдсэн 100.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

 

Шүүгдэгч Э.********ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 70-73 дахь тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг болно.

 

Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.********гийн *****тоот дансанд хохирол болох 1.415.000 төгрөгийг нөхөн төлсөн баримт (хавтаст хэргийн 89 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.********т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.******** нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа таксигаар Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны **** буудалд байрлах ажил руугаа хүргүүлэхдээ тухайн таксины хойд талын шалавч дээр унасан байсан гээгдэл эд хөрөнгө болох хохирогч Д.********гийн эзэмшлийн айфон 12 мини загварын гар утсыг, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшин, бага хэмжээнээс дээш буюу 1.415.000 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Д.********гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дах тал/, “Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Т-25-193 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 32-34 дэх тал/ Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 44-49 дэх тал /зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашиглах нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Э.******** нь насанд хүрээгүй хохирогч Д.********гийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн гар утсыг авч өмчлөгчид нь, эсхүл Цагдаагийн байгууллагад өгөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутай тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...шүүгдэгч Э.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, анх удаа тохиолдлын нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээ хийлгэсэн 70.000 төгрөгийг хохирогч хувийн зүгээс гаргаж өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Энэ хэрэгт цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй болно. Хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэсэн саналыг гаргасан.

 

2. Шүүгдэгч Э.******** нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үлдсэн хохирлоо төлөхөө  илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

         

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, прокурорын гаргасан санал, дүгнэлт зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Э.********ийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.********т оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.********д 1.415.000 төгрөгийн хохирол учирсан мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс нөхөн төлсөн байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээ хийлгэсэн төлбөр 70.000 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтыг хэрэгт гаргаж өгсөн байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болох 70.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгч Э.********ээс гэмт хэргийн улмаас учирсан шууд бус зардал болох 70.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.********д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сутай овгийн ********ы ********ийг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.******** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.********т оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********ээс нийт 70.000 (далан мянга) төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Ш.********д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ