| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/03622/И |
| Дугаар | 181/ШШ2022/01392 |
| Огноо | 2022-06-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2022/01392
| 2022 06 13 | 181/ШШ2022/01392 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,832,553 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй олговорт 7.832.553 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч М.А нь Бат зэв ХХК-д ачигч жолоочоор ажиллаж, 13-26 УНБ улсын дугаартай Киа маркийн тоноглогдсон тээврийн хэрэгслийг жолооддог байсан.
М.А нь Бат зэв ХХК-д холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/01 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Ийнхүү ажилдаа орох гэсэн боловч хариуцагч компанийн зүгээс одоо болтол М.Аыг урьд эрхэлж байсан ажилд нь томилох тухай тушаал гаргаагүй, ажилд нь эгүүлэн аваагүй байдаг. Харин 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ажилдаа авъя, ажилдаа ор гээд ярихаар очиход нь туслах ажилтан гээд тушаалыг нь гаргадаг. Хариуцагч байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 100/09 гэсэн албан бичгийн толгойтой, ажилд эгүүлэн авах тухай М.Аыг туслах ажилтнаар 3 сарын хугацаатай ажилд авсугай. Цалинг 500.000 төгрөгөөр бодож олгохыг нягтлан бодогчид даалгасугай гэсэн тушаал гаргасан. Үүнийг шүүхийн шийдвэрийг биелүүлж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон гэж үзэхгүй. Иймд М.Аын ажилгүй байсан 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрөөс хойш 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 9 сар 17 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.832.553 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч М.А 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа ирээгүй, ир гэж хэд хэдэн удаа шаардсан. Үүнээс хойш ажилд орохгүй байсаар улс орон даяар дэлхий нийтийг хамарсан цар тахал эхэлсэн байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр туслах ажилтнаар яагаад тушаал гаргасан талаар чатанд тодорхой баримт гарч ирэх байсан. Гэвч шүүх манай хүсэлтийг хангасангүй. Нэхэмжлэгчийг 600.000 төгрөгөөр туслах ажилтны цалингаар ажиллуулъя. Машин дээрээ хийдэг ажлаа хийгээд сул байгаа машин дээр яваад ажиллаад яв гэдэг нөхцөл санал болгоход үүнийг хүлээн зөвшөөрөөгүй.
Б ХХК-ийн захирал М.Ат Цагийн бүртгэл дээр дандаа тасалснаар явж байгаа. Эгч нь ажлаас чинь халахгүй, гэхдээ тушаалыг туслах ажилтнаар гаргана. Чиний машиныг засварласан байгаа, өмнөх өр төлбөрөө больё гэдэг асуудал ярьсан. Түүний дараагаар дуулгавартай ирсэн. Ирсэн хэрнээ туслах ажилтнаар ажиллахгүй гэж яваад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч авто машинаа эвдэлчихээд алга болсон учраас түүнийг ажлаас халсан. Өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийг Та ирээд ажлаа хий, ажилдаа орж болно гэж тайлбарлаж байсан. Тэгээд ажилдаа ирээгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/0 дугаар Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2021/1 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Э.Э-д олгосон итгэмжлэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Б ХХК-иас Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Б ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 100/9 дугаартай Ажилд авах тухай тушаал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/1 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Б ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, М.Аын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б ХХК-ийн дотоод журам зэргийг нотлох баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд томилон ажиллуулах үүрэгтэй боловч энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй гэж тайлбарлав.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэр гарснаас хойш М.Аыг ажилдаа ор гэсэн боловч ороогүй, улмаар туслах ажилтнаар томилсон тушаал гаргаж, 600,000 төгрөгөөр цалинжуулъя гэсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Б ХХК-д ачигч, жолоочоор ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлөгджээ. Улмаар тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төрбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/0 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарчээ. /хх3-4/
Б ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлж, нэхэмжлэгчийг жолоочийн ажилд томилсон тушаал гаргаж, ажил үүргийг нь эрхлүүлэхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2021/1 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалах тухай захирамжаар хүлээн авахаас татгалзжээ. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд дахин Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2021/1дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
Улмаар нэхэмжлэгч нь тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/0 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2021 оны хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/1 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх хуудас хуудас бичигдсэн болох нь тогтоогдож байна./хх52-53/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Б ХХК нь М.Аыг 2022 оны 01 дүгээр сарын өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай туслах ажилтнаар ажилд авч, 1 сарын 500,000 төгрөгөөр цалинжуулах тухай тушаал гаргасан болох нь Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 100/9 дүгээр Ажилд авах тухай тушаал болон талуудын маргаагүй тайлбараар тогтоогдож байна./хх51/
Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалыг урьд эрхэлж байсан ажил буюу жолоочийн ажилд бус туслах ажилтнаар 3 сарын хугацаатай ажиллуулахаар тушаал гаргасан тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй гэх тайлбар гаргав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэж заасан тул нэхэмжлэгч М.Аыг Б ХХК-ийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Гэвч нэхэмжлэгч нь тус шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага гаргаагүй тул шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч М.А нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч М.А нь дээрх нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шууданд хийсэн болох нь хэргийн 8 дугаар талд авагдсан Монгол шуудан ХХК-ийн дардсаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэв.
Хариуцагч Б ХХК нь М.Аыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилоогүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргаж буй тайлбараар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасныг баримтлан нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас нэхэмжлэгчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 1 сарын 800,000 төгрөг, 1 өдрийн 37,209 төгрөгөөр тооцож, нийт 4,186,045 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч М.Ат олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж заасанд үндэслэн нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр хариуцагч байгууллага нь төлөх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 4,186,045 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ат олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,646,508 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг Б ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б ХХК-иас 81,927 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ