Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00076

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Л.Гомбо,
шүүгдэгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбын Батбаярт холбогдох эрүүгийн 201706000080 дугаартай, 132/2017/0069/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт /байнга оршин суух/ хаяг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар баг, Мааньтын 3б-11-6 тоот/ /түр оршин суух/ хаяг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000, 12 дугаар хорооны Булагийн 21-61 тоотод түр оршин суух, Булган аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугаацаагаар хойшлуулсан, Булган аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 12 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 240 дүгээр зүйлийн 240.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Дагуур овогт Гомбын Батбаяр /РД:ГМ82050615/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Батбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд төрсөн ах Г.Батсайханыг согтуугаар агсан тавьсан үйлдлийг таслан зогсоохоор хүлэхдээ хоолойгоор нь ороож хөлийг ард нь холбон уяж болгоомжгүйгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Г.Батбаярын өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэртээ толгой хуйхлаад сууж байхад ах гаднаас согтуу орж ирээд аяга авж шидээд агсам согтуу тавиад байсан. Намайг тамхи ороогоод өг гэхээр нь би чадахгүй ажилтай байна, та өөрөө ороочих гэхэд ороогоод өгчихөөч гөлөг минь гэсэн. Тэгээд бид хоёр ноцолдоод би ахыг хүлчихээд байж байсан чинь хөдөө тэжээл хүргэж өгөхөөр болсон. Тэжээлээ хүргэж өгчихөөд ирээд ахын хүлэгийг тайлахад нас барсан байсан. Тэгээд хөдөө явах гэсэн чинь мотоцикль эвдрээд цагдаад баригдсан гэх мэдүүлэг, Хохирогч Л.Гомбын өгсөн: Миний талийгаач хүү шашны дээд сургууль төгссөн. Тэгээд хийдэд ажил хийдэг байсан ба хийд нь ажиллахаа болиод хувиараа ном уншдаг байсан юм. Сүүлдээ архинд ороод ааш зан нь өөрчлөгдөж эхэлсэн. Намайг татанхай хөгшин минь дуугүй байгаараа дургүй хүргэвэл чамайг ална шүү ч гэж хэлж байсан. Би тэр өдөр байгаагүй ба урьд шөнө шөнөжингөө агсам тавиад хоносон. тэгээд өглөө гараад явсан би хөдөөнөөс орж ирж явхад манай охин утасдаад Батсайхан ах өнгөрчихлөө гэсэн тэгээд надад хэлэх үг олдоогүй за аав нь очиж явна л гэсэн. Тэгээд гэртээ ирэхэд цагдаа нар манайхыг бүсэлчихсэн хүн оруулахгүй байсан хөгшин маань гадаа уйлцан сууж байсан гэх мэдүүлэг,
201706000080 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Шүүгдэгч Г.Батбаярын сэжигтнээр өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 12-ны үед Булган аймгийн Хишиг-Өндөр суманд малчдын ямаа самнаж мөнгө олох улмаар амьдрал ахуйдаа нэмэр болох зорилгоор ирсэн. Ирсэн цагаасаа хойш ажил эхлээгүй байсан тул Хишиг-Өндөр сумын төвд амьдардаг аав Л.Гомбынд байсан. Манай аав Ч.Гомбо, ээж Ц.Цогзолмаа нарын хамт миний талийгаач төрсөн ах Батсайхан, төрсөн дүү Батмөнх нар амьдардаг байсан. 2017 оны 03 дугаар сарын 17-ны үед манай аав Ч.Гомбо Хишиг-Өндөр сумын 1 дүгээр бригад гэх газар мал маллаж амьдардаг миний төрсөн ах Мөнхбатын гэрлүү хоёр хүүхдийг нь харахаар явсан. Ингээд аавыг хөдөө явсны дараа ээж Цогзолмаа, ах Батсайхан, дүү Батмөнх бид нар үлдсэн. 2017 оны 03 дугаар сарын 19-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай талийгаач ах Батсайхан гэрээсээ гарч явсан. Гарч явсан учир нь манай ах намайг хотоос ирсэн өдрөөс хойш байнга архи ууж согтуу байсан учир тэр өглөө мөн уусан архиныхаа шарыг тайлахаар гарсан байх. Гэтэл өглөө гарч яваад орой 23 цаг өнгөрч байхад мөн л согтуу орж ирсэн. Орж ирэхдээ нэлээн согтуу орж ирсэн. Орж ирэх үед нь ээж дүү бид нар унтаж байсан. Ах орж ирээд өрөөндөө орж хувцасаа тайлж зурагт үзэнгээ орон дээр хэвтэж байгаа харагдсан бөгөөд шөнө унтуулахгүй ганцаараа яриад орилж хашгираад байсан. Пизда гичий түй май гэж нулимаад байсан. Тухайн үед би ахынхаа орилж хашгирахыг сонсч байгаад нэг мэдсэн унтаад өгчихсөн байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад би сэрээд орон дотроо гар утасаараа оролдож тоглоом тоглоод хэвтэж байтал ах бас сэрчихсэн босоод тамхи татаад гэрээс гарч бие засчихаад орж ирж байсан. Тэгж байснаа 07 цаг болж байхад хувцасаа өмсөөд айлд очиж ном уншина гээд гараад явсан. Ахыг гарч явснаас хойш ээж, дүү хоёр сэрээд бид гурав босцгоосон. Цай чанаж уучихаад ээж маань Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар баг буюу сумын төвд байрлах гэрээс Булган аймгийн төврүү эмнэлэгт үзүүлэхээр 08 цаг өнгөрч байхад гэрээс гарч явсан. Ээж маань явахдаа сумын төвөөс тендрийн унаагаар ганцаараа явсан. Харин тухайн үед ээжийг аймгийн төврүү явах үед сумын төвд байдаг гэртээ би дүүгийнхээ хамт үлдсэн. Ээжийг гарч явсны дараа манай дүү Батмөнх ажилдаа явахаар гэрээс гарсан. Тэгээд би гэртээ ганцаараа үлдээд, хонины толгой хуйхалж Улаанбаатар хот руу эхнэр хүүхэддээ өгч явуулхаар болоод 09 цаг өнгөрч байхад Нэргүй гэх айлаас очиж газын хошуу аваад буцаад гэрлүүгээ явж байгаад Мягаа гэх Хишиг-Өндөр сумын найзтайгаа таараад бид 2 пиво авч уухаар болоод дундаасаа мөнгө босгоод 1 ширхэг 2.5 литрийн Боргио нэртэй пиво Алтанхүүгийн дэлгүүрээс Мягаа орж аваад бид 2 пивоо хувааж уусан. Мягааг дэлгүүр лүү орж пиво авахад би дэлгүүрийн гадаа байсан. Мөн 500гр монгол архи хувааж уусан. Би гэрээсээ монгол архи авчихсан явж байсан юм. Мягаа бид 7, архи, пивоо Хүрэм гэх Хишиг-Өндөр сумын баруун талд байрлах уулан дээр уусан. Ууж дуусаад Мягаа бид хоёр 11 цагийн үед салаад гэр гэрлүүгээ явсан. Би шууд гэрлүүгээ очоод үүдний гонхондоо хонины толгой хуйхлаад байж байхад гаднаас манай төрсөн ах талийгаач Батсайхан нэлээн согтуу орж ирсэн. Орж ирээд талийгаач ах маань дээлээ тайлаад үүдний сандал дээр суусан. Тэгээд талийгаач ах маань намайг тамхи ороогоод өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би завгүй байна аа, та өөрөө ороочих гэхэд, чи ороогоод өгчихөд яадгийн гөлөг минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм дугараагүй толгойгоо хуйхлаад байж байхад гэрт түс тас гээд юм дугарсан. Ороод харахад талийгаач Батсайхан ах аяга шидэж хагалчихсан байсан. Тэгсэн талийгаач намайг үгсэндээ орж ирж байгаа лалар вэ, гээд намайг цохих гэхээр нь би өөдөөс нь баруун гараараа нэг удаа хамар хэсэг рүү нь цохиж хөл алдуулаад ард нь хөлөө тавьж байгаад түлхэж унагаасан. Унагаасныхаа дараа угаалгын машины урд хэсэгт байсан цагаан өнгийн уяаг авч 2 гарыг нь урд талд нь уяад илүү гарсан үзүүрээр нь хоолойг нь нэг ороогоод үлдсэн үзүүрээр нь хөлийг нь уясан. Би талийгаачийг уячихаад гонхондоо хонины толгойгоо хуйхалж байхад хөөе лалраа энийгээ тайл ална шүү гөлөг минь гэж хашгираад байсан. Би талийгаачийг унтахаар нь уяаг нь тайлна гэж бодоод толгойгоо хуйхалж байсан чинь миний утас руу манай хүргэн Дэлгэрхүү яриад намайг голын захад байдаг айлд хивэг аваачаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгэе гээд талийгаачийг унтаагүй болохоор нь гаднаас нь цоожлоод хүргэн Дэлгэрхүүгийнд өөрийнхөө улаан өнгийн 11-76 БУА улсын дугаартай Даюун маркийн мотоциколтойгоо очиж хивэгний мөнгө аваад дэлгүүрээс хивэг аваад сумын төвөөс 2км зайд байрлах голын захад Тунгалагтуул гэх айлд 12 цаг өнгөрч байхад очиход хүн байхгүй байсан. Тэгээд гэрийнх нь гадаа 30-40 минут хүлээж байгаад ирэхээр нь хивгээ өгчихөөд буцаад гэрлүүгээ явсан. 14 цаг болж байхад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд талийгаач ахын царай нь хөхөрчихсөн амьсгаагүй болсон байсан. Тэгээд би талийгаачийг уясан хүлээсийг тайлахад талийгаач хөдлөхгүй нас барсан байсан. Тэгээд би буцаж гэрээ цоожилж гараад аав дээр очих гэж яваад замаараа дэлгүүрээр орж 1 ширхэг 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад Цогоо гэх айлаар орж Цогоотой хамт авсан архиа хувааж уусан. Тэгээд тэнд сууж байгаа 17 цагийн үед аав руу очихоор явсан. Явж байх замд миний мотоцикол эвдэрсэн. Тэгэхээр нь буцаад Хишиг-Өндөр сумын төв рүү мотоциклоо түрээд явсан. Явж байх замдаа ядраад нэлээн унтсан. Унтаад босоод ирэхэд 20 цаг болж байсан ба гадаа харанхуй болсон байсан. Тэгээд цааш мотоциколоо түрж явж байгаад мотоциклоо замдаа орхиод төв рүү явган яваад орсон. Намайг сумын төв рүү ороход цагдаа нар барьсан. Би талийгаач ахыгаа үхчинэ гэж бодож хүлээгүй. Агсан согтуу тавиад байхаар нь унтуулах гэж хүлсэн юм гэх мэдүүлэг /хх 76-79 тал/
Хохирогч Л.Гомбын өгсөн: Би 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багт байх хүүгийндээ очиж хүүхдийг нь харахаар явсан. Тэгээд байж байтал 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед манай охин Сарнай над руу залгаад Батсайхан ах нас барсан байна гээд уйлаад байсан. Би юу ч дуугаралгүй аав нь одоо төв орлоо гээд утсаа салгасан. Тэгээд сумын төв орж гэртээ харьтал манай гэрийг цагдаа нар хамгаалаалаад хүн оруулахгүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 19, 20 тал/, Гэрч Ц.Мөнхсайханы өгсөн: Би 2017 оны 03 дугаар сарын 13-ны үед Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ямаа самнахаар ирсэн юм. Тэгээд 2017 оны 03 удгаар сарын 19-ний өдөр Гомбо ахынд хоноод өглөө 08 цагийн үед босоод талийгаач Батсайханд тамхи авчирч өгчихөөд 10 цагийн үед уул руу эвэрт явсан. Намайг тамхинд гархад Батбаяр, Цогзолмаа эгч 2 байсан. Цогзоо эгч аймаг явна гэж байсан. Намайг тамхи аваад ирэхэд Цогзолмаа эгч Батбаяр 2 байхгүй байсан. Тэгээд намайг явахад Гомбо ахын гэрт талийгаач ганцаараа үлдсэн юм. Би уулруу эвэрт яваад орой 19 цагийн үед эврээс ирээд Гомбо ахын гэрт очиход гэр нь цоожтой байсан ба цоож нь угаасаа гараар онгойдог болхоор цоожийг нь гараараа онгойлгоод ороход талийгаач Батсайхан хойд өрөөндөө хажуу талаараа хэвтсэн байхаар нь унтаад байгаан байх гээд хуруугаа хацранд нь хүргэхэд хацар нь хүйтэн байсан. Тэгээд л би гэрээс нь гарч гүйгээд дүү Ганхуягийнд очоод өөрийнхөө утсаар цагдаа дуудсан юм. гэх мэдүүлэг /хх 21, 22 тал/, Гэрч Ц.Алтантуяагийн өгсөн: 2017 оны 03 сарын 20-ны өдөр намайг гэртээ юм угааж байхад 14 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна. Манай хажуу талын хөрш талийгаач Батсайхан манай гэрт орж ирээд шүдэнз байна уу, тамхи асаах гэсэн юм манай гэрт хүн байхгүй байна, гэр цоожтой байна гэж хэлхээр нь би юм угааж байсан учраас ширээн дээр шүдэнз байгаа гэж хэлсэн чинь шүдэнз аваад тамхиа асаагаад буцааж тавиад гараад явсан. Манай гэрээс гараад хаашаа явсан гэдгийг нь би мэдээгүй. Талийгаач тухайн үед манай гэрт орж ирэхдээ улаан хүрэн өнгийн подволкатай орж ирсэн гэх мэдүүлэг /хх 23 тал/, Гэрч Э.Ганцогтын өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай танил дүү Батбаяр 0.5 литрийн Ерөөл архи авч ирсэн. Улаанбаатараас ирээд хэд хонож байна гэсэн. Тэгээд архиа хувааж уучихаад хөдөө явлаа гээд яваад өгсөн. Надад ямар нэгэн зүйл яриагүй гэх мэдүүлэг /хх 24 тал/, Гэрч Ц.Цогзолмаагийн өгсөн: 2017 оны 03 сарын 20-ны өдөр өглөө 06 цагийн талийгаач Батсайхан хүү маань хөдөө айлд очиж ном уншина гээд гараад явсан. Тэгээд намайг явах гэж байхад гэртээ ороод ирсэн. Харин Батбаяр айлаас очиж газын хошуу авна гээд гараад явсан. Би 09 цаг өнгөрөөгөөд Булган аймаг руу нөхрийнхөө тэтгэврийг хөөцөлдөх ажлаар явсан. Аймаг орж ажлаа амжуулаад орой 19 цагийн үед Хишиг-Өндөр сумандаа ирээд гэрийнхээ гадаа таксинаас буухад цагдаа болон манай төрсөн дүү Мөнхсайхан нар зогсож байсан. Тэгээд би буугаад гэртээ орох гэтэл цагдаа орж болохгүй Батсайхан гуай эвгүй болчихсон байгаа гэж хэлхээр нь, эмнэлэг дээр очсон юмуу гэсэн чинь үгүй нас барсан байгаа гэж хэлсэн. Тэгээд л хүүгээ нас барсан талаар анх мэдсэн гэх мэдүүлэг /хх 25, 26 тал/, Гэрч Г.Батмөнхийн өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 50 минутын үед гэрээсээ гараад ажилруугаа явсан. Намайг гэрээсээ гарахад гэрт ээж, Мөнхсайхан ах, Батбаяр ах нар үлдсэн. Талийгаач өглөө эрт 07 цагийн үед хөдөө явна гээд гараад явсан. Ажил дээрээ байж байгаад өдөр 13 цаг өнгөрөөгөөд гэртээ цайндаа очиход гэрт хүн байгаагүй гэр цоожтой байсан. Тэгээд гэртээ ороод хувцасаа солиод буцаад ажил руугаа явсан. Манай гэрийн цоож гараар онгойдог юм. Тэгээд ажил дээрээ байж байхад орой 19 цагийн үед ээж надруу утсаар залгаад Батсайхан ах чинь нас барчихсан гэж хэлсэн. Тэгээд л би ажлаасаа гараад гэртээ яваад очиход цагдаа нар хамгаалалт авсан мөн манай гэрийн хүмүүс байсан гэх мэдүүлэг /хх 27, 28 тал/, Гэрч Д.Дэлгэрхүүгийн өгсөн: Би 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эхнэрийнхээ төрсөн ах Батбаярыг манайд ирээд надаас мөнгө аваад дэлгүүрээс хивэг аваад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт оршин суудаг Тунгалагтуул гэх хүнд аваачаад өгөөч гэж хэлсэн чинь тэгье гэсэн. Тэгээд удалгүй манай гэрт мотоциклтойгоо ирээд хивэгний мөнгө аваад явсан. Тэгээд Батбаяр над руу утсаар залгаад энэ айлд чинь хүн байхгүй байна. Би хүлээгээд сууж байна шүү гэж утсаар ярьсан. Тэгээд нэлээн удаан хүлээж байгаад хивгээ өгсөн байсан гэх мэдүүлэг /хх 32 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай
1. Талийгаач Г.Батсайханы цогцост амьсгал бүтэлт, нүүр, баруун тохой, буруун шуу, баруун өвдөг, зүүн бугалга, зүүн тохойн зулгаралт, цээж, баруун суганд цус хуралт, үүдэн шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Талийгаач нь шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач Г.Батсайхан нь боолтын улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас баржээ. Энэ нь хүзүү хоолойг хагас зөөлөн зүйлээр дарах, боох үед үүсгэгдэнэ.
5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байж гэх дүгнэлт /хх 45 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 02 тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 3-8 тал/, ул мөр, эд мөрийн байшлын схем /хх 9, 10 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11, 12 тал/, харьцуулсан шинжилгээнд дээж авсан тэмдэглэл /хх 14 тал/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 17 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 47-53 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2160 дугаар дүгнэлт /хх 35-40 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт /хх 41, 42 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3631 дугаар дүгнэлт /хх 55 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2161 дугаар дүгнэлт /хх 57 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3629 дугаар дүгнэлт /хх 62 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 3630 дугаар дүгнэлт /хх 66 тал/, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 24 дугаартай дүгнэлт /хх 68 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 83 тал/, таслан шийдвэрлэх тогтоол /хх 87-89 тал/,
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 92 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Батбаяр нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр амь хохирогч Г.Батсайханыг согтуугаар агсан тавихад нь үйлдлийг таслан зогсоох зорилгоор биеийг нь хөдөлгөөнгүй болгож хүлэхдээ, хүлгийг хоолойгоор нь ороож хүлсний улмаас түүнийг болгоомжгүйгээр алсан хууль зүйн факт, үйл баримт болжээ. Энэ үйл баримт нь шүүгдэгч Г.Батбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн: ...талийгаач ах маань намайг тамхи ороогоод өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би завгүй байна аа, та өөрөө ороочих гэхэд, чи ороогоод өгчихөд яадгийн гөлөг минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм дугараагүй толгойгоо хуйхлаад байж байхад гэрт түс тас гээд юм дугарсан. Ороод харахад талийгаач Батсайхан ах аяга шидэж хагалчихсан байсан. Тэгсэн талийгаач намайг үгсэндээ орж ирж байгаа лалар вэ, гээд намайг цохих гэхээр нь би өөдөөс нь баруун гараараа нэг удаа хамар хэсэг рүү нь цохиж хөл алдуулаад ард нь хөлөө тавьж байгаад түлхэж унагаасан. Унагаасныхаа дараа угаалгын машины урд хэсэгт байсан цагаан өнгийн уяаг авч 2 гарыг нь урд талд нь уяад илүү гарсан үзүүрээр нь хоолойг нь нэг ороогоод үлдсэн үзүүрээр нь хөлийг нь уясан. Би талийгаачийг уячихаад гонхондоо хонины толгойгоо хуйхалж байхад хөөе лалараа энийгээ тайл ална шүү гөлөг минь гэж хашгираад байсан. Би талийгаачийг унтахаар нь уяаг нь тайлна гэж бодоод толгойгоо хуйхалж байсан чинь миний утас руу манай хүргэн Дэлгэрхүү яриад намайг голын захад байдаг айлд хивэг аваачаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгэе гээд талийгаачийг унтаагүй болохоор нь гаднаас нь цоожлоод явсан. Хивгээ хүргэж өгчихөөд 14 цаг болж байхад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд талийгаач ахын царай нь хөхөрчихсөн амьсгаагүй болсон байсан. Тэгээд би талийгаачийг уясан хүлээсийг тайлахад талийгаач хөдлөхгүй нас барсан байсан гэх мэдүүлэг, гэрч Ц.Мөнхсайханы өгсөн …Би уулруу эвэрт яваад орой 19 цагийн үед эврээс ирээд Гомбо ахын гэрт очиход гэр нь цоожтой байсан ба цоож нь угаасаа гараар онгойдог болхоор цоожийг нь гараараа онгойлгоод ороход талийгаач Батсайхан хойд өрөөндөө хажуу талаараа хэвтсэн байхаар нь унтаад байгаан байх гээд хуруугаа хацранд нь хүргэхэд хацар нь хүйтэн байсан гэх мэдүүлэг, гэрч Ц. Алтанхуягийн өгсөн…14 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна. Манай хажуу талын хөрш талийгаач Батсайхан манай гэрт орж ирээд шүдэнз байна уу, тамхи асаах гэсэн юм манай гэрт хүн байхгүй байна, гэр цоожтой байна гэж хэлхээр нь би юм угааж байсан учраас ширээн дээр шүдэнз байгаа гэж хэлсэн чинь шүдэнз аваад тамхиа асаагаад буцааж тавиад гараад явсан гэх мэдүүлэг, гэрч Э.Ганцогтын өгсөн… Батбаяр 0.5 литрийн Ерөөл архи авч ирсэн. Улаанбаатараас ирээд хэд хонож байна гэсэн. Тэгээд архиа хувааж уучихаад хөдөө явлаа гээд яваад өгсөн гэх мэдүүлэг, гэрч Г.Батмөнхийн өгсөн …19 цагийн үед ээж надруу утсаар залгаад Батсайхан ах чинь нас барчихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг, Д. Дэлгэрхүүгийн өгсөн…эхнэрийнхээ төрсөн ах Батбаярыг манайд ирээд надаас мөнгө аваад дэлгүүрээс хивэг аваад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт оршин суудаг Тунгалагтуул гэх хүнд аваачаад өгөөч гэж хэлсэн чинь тэгье гэсэн. Тэгээд удалгүй манай гэрт мотоциклтойгоо ирээд хивэгний мөнгө аваад явсан гэх мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, ул мөр, эд мөрийн байшлын схем, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж бэхжүүлэгдсэн шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна. Шүүх хууль сануулж, тусгай мэдлэгийнх нь хүрээнд гаргуулсан шинжээчийн дүгнэлт болон эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.Батбаяр нь бусдыг болгоомжгүй алсан дээрхи үйлдэл нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байгаа бөгөөд хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Г.Батбаяр нь 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Булган аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 240 дүгээр зүйлийн 240.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх тул ялтай байдал арилсан гэж үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Батбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, түүний эхнэр хөгжлийн бэрхшээлтэй, бага насны 3 хүүхэдтэй, өрхийн амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зэрэг байдлыг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн дэр, ягаан эрээн өнгийн дэр, ягаан өнгийн хөнжил, цагаан өнгийн хөлний ороолт, хүрэн тэлээ, цагаан өнгийн олснууд, хаймар уяа, архины бөглөө, тамхины иш 8 ширхэг, улаан шонхор нэртэй тамхи 1 ширхэг, асаагуур 2 ширхэг, шүдэнз 1 хайрцаг, модон хусуур 1 ширхэг, төмөр цаг 1 ширхэг, саарал өнгийн алчуур, цагаан өнгийн тасархай даавуу 5 ширхэг, бор өнгийн дрож, газ, Г.Батсайханы нас барах үедээ өмсөж байсан улаан өнгийн пудволк, хар өнгийн биеийн тамирын өмд, цагаан өнгийн судалтай турсик, хар өнгийн оймс 2 ширхэг, хар өнгийн урт түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, улаан өнгийн дээл, улаан өнгийн малгай, улаан эрээн өнгийн гудас, улаан өнгийн цагаан цэцэгтэй гудас, шар өнгийн бүс, газын хошууг хохирогч Л.Гомбод буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дагуур овогт Гомбын Батбаяр бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Батбаярт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1,88.1.3-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн дэр, ягаан эрээн өнгийн дэр, ягаан өнгийн хөнжил, цагаан өнгийн хөлний ороолт, хүрэн тэлээ, цагаан өнгийн олснууд, хаймар уяа, архины бөглөө, тамхины иш 8 ширхэг, улаан шонхор нэртэй тамхи 1 ширхэг, асаагуур 2 ширхэг, шүдэнз 1 хайрцаг, модон хусуур 1 ширхэг, төмөр цаг 1 ширхэг, саарал өнгийн алчуур, цагаан өнгийн тасархай даавуу 5 ширхэг, бор өнгийн дрож, газ, Г.Батсайханы нас барах үедээ өмсөж байсан улаан өнгийн пудволк, хар өнгийн биеийн тамирын өмд, цагаан өнгийн судалтай турсик, хар өнгийн оймс 2 ширхэг, хар өнгийн урт түрийтэй гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах ыг шүүхийн эд мөрийн баримт усгах комисст даалгаж, улаан өнгийн дээл, улаан өнгийн малгай, улаан эрээн өнгийн гудас, улаан өнгийн цагаан цэцэгтэй гудас, шар өнгийн бүс, газын хошууг хохирогч Л.Гомбод буцаан олгож, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энх-Амгаланд даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Батбаярт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Батбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдол нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ