Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/412

 

2021           4             22                                       2021/ДШМ/412                                        

                                                                                                            

 

                              Р.Х, М.А нарт холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Д.Агар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чинбат,

бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 471 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Р.Х, М.Анарт холбогдох эрүүгийн 2003005380020 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

1. Хасгууд овогт Р.Х, 1980 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт

2. Харуулынхан овогт М.А, 1971 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт

Р.Хнь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Иргэний нисэхийн үндэсний төвийн харъяа газрын тусгай үйлчилгээний албаны шатахуун түгээх станцын хашаанд М.Атай хамтран албаны хэрэгцээний 32-03 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2020 оны 10 дугаар сарын сүүлээр 300 литр түлш, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 800 литр түлшийг тус тус завшиж 1.611.524 төгрөгийн хохирол учруулсан,

М.Ань  Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Иргэний нисэхийн үндэсний төвийн харъяа газрын тусгай үйлчилгээний албаны шатахуун түгээх станцын хашаанд тус төвийн Тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албаны жолооч, нярав ажилтай Р.Х хамтран албаны хэрэгцээний 32-03 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2020 оны 10 дугаар сарын сүүлээр 300 литр түлш, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 800 литр түлшийг тус тус завшиж 1.611.524 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Р.Х, М.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь  бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсанаар хэргийн бүрдэл шинж хангагддаг онцлогтой. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч М.Ань Иргэний нисэхийн Ерөнхий газрын Тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албаны жолооч, нярав ажилтай Р.Хаас түлш авсан байх ба тэрээр тухайн байгууллагын эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзэхгүй. Харин М.Ань Р.Хыг байгууллагынхаа эд хөрөнгө болох түлшийг өгч байгааг мэдсээр байж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоогоогүй байна. Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүгдэгч нартай ял тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн тул шүүхээс шүүгдэгч нарын “ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэх” эрхийг нь зөрчиж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн дүгнэлт хийх боломжгүй юм. Прокуророос Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж засах боломжгүй тул шүүгдэгч Р.Х, М.Анарт холбогдох эрүүгийн 2003005380020 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж,  хэрэгт Иргэний нисэхийн ерөнхий газар нь “Сод Монгол групп” ХХК-иас дизель түлшийг кг-ийн нэгж үнийг 1740 төгрөгөөр тооцож худалдаж авах гэрээ /хх 113-114/ авагдсан байхад прокуророос шүүгдэгч нарыг нийт 1100 кг түлж завшсан гэх мөртлөө 1.611.524 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Нэгэнт хэргийг прокурорт буцаасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нэг мөр нягталж, зөвтгөж ирүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч М.Ань Иргэний нисэхийн үндэсний төвд эд хөрөнгө хариуцсан этгээд биш боловч уг газарт өмнө уг газрын тусгай үйлчилгээний албанд жолооч нярваар ажиллаж байгаад группт гарсан ба дараагийн нярваар ажиллах болсон Р.Хаас түлшийг худалдан авахдаа урьдаас үгсэн тохиролцсон, зааж зөвлөж хэрэгт хамтран оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон, яллагдагч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн ба гэм буруу зүйлчлэл дээр яллагдаг тэдгээрийн өмгөөлөгч нар нь маргадаггүй, яллагдагч М.Аын үйлдэл нь урьдаас төлөвлөж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөж  хамтран оролцон, өөртөө ашиг олж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн.

Захирамжид “Хэрэгт Иргэний Нисэхийн ерөнхий газар нь “Сод Монгол групп” ХХК-аас дизель түлшийг кг-ийн нэгж үнийг 1740 төгрөгөөр тооцож худалдаж авах гэрээ /хэргийн 113-114-р хуудас/авагдсан байхад прокуророос шүүгдэгч нарыг нийт 1100 кг түлш завшсан гэх мөртөө 1.611.524 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Нэгэнт хэргийг прокурорт буцаасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нэг мөр нягталж, зөвтгөж ирүүлэх нь зүйтэй.” гэжээ.        Иргэний нисэхийн үндэсний төвийн Тусгай газрын тусгай үйлчилгээ Шатахуун хангалтын албаны Шатахууны хэлтсийн дарга Ц.Түмэнжаргалын “ ИНЕГ-ын тендер зарлаад тус байгууллагын дотоод хэрэгцээнд шаардлагатай 880тн дизель түлш худалдан худалдан авах гэрээг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ИНЕГ-ын Л.Бямбасүрэн, Сод Монгол групп ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Пүрэвринчен нар ИНЕГ/УЗ/ТББ/Б-05/20 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний нэмэлт гэрээг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцом, Сод Монгол групп ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Пүрэвринчен нар ИНЕГ/УЗ/ТББ/Б-05/20 дугаартай гэрээний нэгж үнийг тохируулах нэмэлт гэрээг хийсэн байсан. Уг гэрээгээр 1 кг дизель түлш 1740 төгрөгийн үнэ бүхий байсан бөгөөд Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал MNS 4633:2006 дугаартай Монгол улсын стандартаар шатахууны кг-ыг литр, литрийг кг шилжүүлэхийн тулд хувийн жинг ашигладаг. Үүнийг уг стандартад байх томъёогоор тодорхойлдог. Гэрээний дагуу 1 кг дизель түлшний үнэ нь 1740 төгрөг бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Сод Монгол групп” ХХК-иас хүлээж авсан түлшний хувийн жин массыг бодож үзэхэд 1 л дизель түлшийг 1465 төгрөгөөр бодон авч Иргэний нисэхийн Ерөнхий газраас тооцоог хийсэн байх ёстой. Уг үнээр бодоход 300 л түлш нь 439.524 төгрөг, 800л түлш нь 1.172.000 төгрөгийн үнэтэй бөгөөд 1100 литр дизель түлш нь 1.611.524 төгрөгийн үнэлгээтэй байна. Энэ үнэ нь манай компани нь “Сод Монгол групп” ХХК-иас дээрх хэмжээний түлшийг худалдан авч байгаа гэрээний үнэ бөгөөд зах зээлийн ханшаас өөрөөр бодогддог.” гэх мэдүүлгээр хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон аж ахуй нэгжээс алдагдсан түлшний үнийн дүнг гаргасан ба яллагдагч нар нь тухайн үнийн дүнгээр хохирлыг барагдуулсан, хохирол дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нар нь маргаагүй, байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нэг мөр нягталж зөвтгөх гэх нь үндэслэлгүй байна. Дээрх хэрэгт гэм хор арилсан гэж үзэн прокуророос яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нартай ял тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй  болно. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/471 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө. ...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Чтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ч: 300 литр түлшний үнийн дүн болох 439.524 төгрөгийн асуудал дээр манай санхүүгийн ерөнхий нягтлан бодогч хаанаас ч юм нэг 426.000 төгрөг орж ирсэн гэж хэлсэн. 300 литр түлшнийхээ үнийн дүнг тааруулаад манай данс руу хийчихсэн байсан. Манай байгууллагын нягтлан ч мэдээгүй, хэн ч мэдэгдээгүй байхад өөрөө хохирлыг түлшний 1 литрийг 1420 төгрөгөөр тооцож манай данс руу шилжүүлсэн байсан. Өөрсдөө дундаж үнэ гэж бодсон юм шиг байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Р.Х, М.Анарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Р.Х, М.Анарын нийт учруулсан хохирлын хэмжээг 1100 литр түлш авсан хэмээн 1.611.524 төгрөгөөр хохирлын тооцоог гаргасан. Гэтэл хэдэн литр дизель түлшийг хэдэн килограммд тооцож, тус 1.611.524 төгрөгийн хохирлыг хэрхэн яаж харьцуулсан нь ойлгомжгүй байна.

 Хохирогч байгууллагын эрх бүхий ажилтнуудаас гэрчээр өгүүлсэн мэдүүлгүүд, бусад баримтыг үзэхэд 300 литр түлшийг  шүүгдэгч нар хэзээ, яаж  завшсан, уг хохирлыг барагдуулах тал дээр хоорондоо тохирсон зүйл байхгүй байхад шүүгдэгч Р.Хы 439.500 төгрөг /хх 158/ төлсөн баримтаар хохирол төлөгдсөн гэж үзэж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуулийн шаардлага хангаагүй байна.

Иймээс тэдний үйлдсэн хэрэг, хохирлын тооцоог нарийвчлан тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна.

Харин Р.Х, М.Анарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зүйлд заасан “мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь “мөнгө угаах” гэмт хэрэг нь гэмт хэргийн замаар олдсон эд зүйл гэдгийг мэддэг бөгөөд гэмт хэрэг нэгэнт үйлдэгдэж дууссан, түүнээс бий болсон хөрөнгө, орлогыг захиран зарцуулснаар уг гэмт хэрэгт тооцогддог бол харин хөрөнгө завших гэмт хэрэг нь тухайн эд зүйлийг хариуцсан этгээдийн өөрийнх нь мэдэлд ирсэн хойно хөрөнгийг нь авах гэмт санаа зорилго үүсдэгээрээ ялгаатай юм.

Шүүгдэгч Р.Хнь Иргэний нисэхийн үндэсний төвийн Тусгай үйлчилгээ шатахуун хангалтын албаны нярав, жолоочоор ажилладаг ба тухайн шатахуун, дизелийг хариуцаж, харж хамгаалах эрх бүхий этгээд болох нь ажил үүргийн хувьд тодорхой байна.

Прокуророос Р.Х, М.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн завших гэмт хэргийг хамтран үйлдсэн хэмээн хамтран оролцооны хэлбэрийг тодорхойлж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв тул хэргийн зүйлчлэлийн талаар шалгах шаардлагагүй.

            Иймд шүүгдэгч Р.Х, М.А нарт холбогдох хэргийг прокурорт буцаан нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 471 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 471 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурор Д.Агарын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

                                          ШҮҮГЧ                                            Н.БАТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧ                                            Б.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ