Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/130

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номин,

Улсын яллагч Б.Содномиший,

Хохирогч В.О,

Шүүгдэгч Ш.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ш.Х-д холбогдох эрүүгийн 2531**********5 дугаартай, 316/2025/0*****/Э индекстэй хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19**** оны 10 дугаар сарын 10-ны өдөр **** аймгийн ****** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ****** сумын ****** ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ************** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан. ****** овгийн Ш.Х, /регистрийн дугаар *********/

Хэргийн товч утга:

Яллагдагч Ш.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ********* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болох хохирогч В.О-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь баруун өвдгөөрөө өвдөглөж хохирогчийн биед хамар яс зөрөө бүхий хугарал, хамрын нуруу, 2 нүдний ухархайд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ш.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ************** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болох хохирогч В.О-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь баруун өвдгөөрөө өвдөглөж хохирогчийн биед хамар яс зөрөө бүхий хугарал, хамрын нуруу, 2 нүдний ухархайд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Х-н өгсөн: ”... Тэр өдрийн өмнөх өдөр нь эхнэрийн ажлын газрынхан байгууллагаараа спорт сургууль дээр заал авсан. Би бага охинтойгоо хоолоо хийж байгаад тал шил архи уучихсан байж байгаад охиндоо ээжийг нь аваад ирье хоолоо хийж байгаарай гээд явсан. Спорт сургуулийн тэнд таньдаг хүнтэй таараад нэг шил архи уусан. Тэгээд байж байтал эхнэрийн тэнцээн тараад харих замаараа Шонхор дэлгүүрээс нэг шил архи эхнэр зөвшөөрсөн учраас аваад харьсан. Хариад талыг нь уугаад унтсан. Маргааш өглөө нь босож ирээд үлдсэн тал шил архи уугаад эхнэрээ чирч гулдчиж хамрыг нь гэмтээж өвдгөөрөө өвдөглөсөн. Охиноо дуудаад түргэн дууд гээд эхнэртээ түргэн цагдаа ирвэл унаж бэртээсэн гэж хэлээрэй гэж гуйсан намайг тэгээд эрүүлжүүлэх байранд хийсэн байх...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.О-с: “...01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар төмөр замын байгууллагын гар бөмбөгийн тэмцээн болоод өөрийнхөө байгууллагын гар бөмбөгийн тэмцээний багт ороод тоглоод сууж байтал Х залгаад байсан, уухаараа л залгаад байдаг юм. Тэгээд нэг хартал заалаар гар хөл нь саваад согтуу орж ирж байсан. Би харь гээд хэлчихсэн тэгээд орж гараад яваад л байсан манай дарга намайг эсвэл чи нөхрөө аваад харьчих юм уу гэж байсан тэгээд би нэг мөсөн дуусгая гээд тэмцээнээ дуусгасан. Манай гэрийн тэнд гэр нь байдаг намайг нааш цааш зөөдөг багш машиндаа суулгаад гэрт хүргэж өгсөн. Замдаа Шонхор дэлгүүрээс архи авхуулсан, зөвшөөрсөн гэж яриад байна угаасаа авч өгөхгүй бол хүчирхийлэх учраас авч өгсөн. Тэгээд гэртээ ороод байгууллагын ажилчдынхаа дэргэд намайг хөөлөө гэх мэтээр маргасан. Маргалдах гэхээсээ илүү хүнийг өөрийнхөө дураар загнаж гутаадаг. Тэгээд үглэсээр байгаад уусан юмандаа унтчих шиг болсон. Шөнийн 02 цаг өнгөрөөгөөд босоод сууж байсан нэг дуг хийгээд сэртэл архиа ууж байсан. Нэг 0,75 граммын архи авхуулсан байсан тэрийгээ ууж дуусгаад намайг архинд гар гээд би үгүй хүний архинд явахгүй гээд авчраагүй тэгээд бага охиноо архинд гар гээд том охинд чинь хүртэл архи өгөхгүй байхад юу гэж бага охинд чинь өгөх юм гээд охиноо явуулаагүй. Өөрөө гарч яваад нэг шил архитай орж ирсэн. Тэгээд орж ирээд намайг өлөгчин гөлгөө гээд нэг хутга барьж гарч ирсэн тэгснээ намайг алчихмаар л байх юм гээд бахираад  байсан. Охин бид 2 гараад зугтах гэхээр баригдах учраас унтах үед нь гарч явъя гэж бодсон. Ээжийг өнгөрснөөс хойш ээжийн тухай дуу дуулаад гэрийн караоке тавьдаг тэр дээрээ дуулаад ээжээ гэж орилоод чи миний эцэг эхийг алсан гээд байдаг юм. Тухайн өдөр би хэдэн бууз чимхэнэ гээд махаа өшиглөж дуусаад заазуураа угаах гээд цаашаа хараад зогсож байтал пэд пад гэж дуугараад гэнэт гүйж ирээд үснээс зулгаагаад ариун цэврийн өрөө рүү ороод хамар руу өшиглөсөн, тэгээд зулгааж татаад цус садраад байхад наадхаа арчаач гээд би өөрөө зодуулаад өөрөө цусаа арчсан. Тэгээд охиноо гадагшаа эмнэлэг дууд гэж орилоод охины утсыг аваад эмнэлэг рүү залгатал аваад ир гээд эмч рүү нь хараагаад байсан. Тэгээд эмнэлэг та өөрөө авч ир гэсэн. Охин маань цагдаа дуудсан юм байна лээ. 2 цагдаа орж ирээд *******ыг аваад явсан би охинтойгоо араас нь цагдаа орж өргөдөл өгсөн. Тэгээд 103 дээр очоод үзүүлтэл таны хамар хавдартай учраас зураг авч болохгүй 1 дэх өдөр ир гэж хэлсэн. Тэгээд байж байтал 103 дээр 52 настай ******* гээд цагдаатай орж ирсэн. Зүрх нь давчдаад гээд 103 дээр сууж байсан. Эм өгөх гэтэл амаа зуугаад уухгүй байсан тэгтэл эмч сувилагч нь хаячих гэж байсан. Тэр оройдоо очоод би охины хичээл номыг аваад нагац ахынхаа гэрт эхний шүүх хурал орох хүртэл байсан. Намайг айлаар хоноод элдэв янзын хүнтэй заваарч явлаа цагаан сар болох гэж байна дүү нар маань ирэх гэж байна гэртээ ир гэж мессеж бичсэн. Би анх энэ хүнтэй суугаад муудалцхаараа эхний 10 жил авга ахынхаа нагац эгчийнхээ гэрт очдог байсан. 2013 онд энэ хүн бөө болж байсан. Аав нь намайг гуйгаад би гэртээ ирээд төмөр замын цэцэрлэгт ажиллаж эхэлсэн. 2015 оны намар аав өнгөрсөн. Энэ хүн байнгын хүчирхийлэгч хүн юм...” гэжээ.

          Хохирогч В.О-н 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2025 оны 01-р сарын 26-ны өглөө 08:00 цагийн орчимд ********************** тоот гэртээ байх үед манай нөхөр Х орноосоо босож ирээд л урьд өдөр нь уусан архиныхаа үлдэгдлийг ууж дуусгаад, үдээс өмнөхөн 12.00 цаг болж байх үед бага охин болох М-г Шонхор дэлгүүр рүү архинд явуулах гэхэд нь би Хишгээд хандаж "чи яах гэж бага насны охин хүүхдээ архинд явуулах гээд байгаа юм бэ" гэж хэлээд болиултал, өөрөө гэрээс гарч яваад дэлгүүрээс 1 шил архи худалдаж авч ирээд ууж эхэлсэн, ингээд авч ирсэн архиа ууж байх явцдаа надад хандаж "би чамайг хархаар л уур хүрээд байх юм, чи муу эцэг эхийн маань толгойг залгисан алуурчин" гээд л удаа дараа элдэв үгээр харааж доромжлоод байсан тул тухайн үг үйлдлийг нь харж, сонсоод сууж байсан манай бага охин болох М нь аавдаа хандаж "та одоо болиоч ээ" гэж хэлээд л маргааныг зогсоох гэсэн боловч Х тоож байгаач шинжгүйгээр охиндоо хандаж гартаа барьж байсан савхаараа над руу заагаад "аав нь энэ савхаар ээжийн чинь нүдийг сохолчих уу" гэх мэтээр заналхийлээд байсан, би энэ үед юм дугаралгүйгээр хоол бэлдэж буузны мах татсан заазуураа угаагаад зогсож байтал манай нөхөр Хишгээ гэнэт босж ирээд намайг араас татаж зулгаагаад ариун цэврийн өрөө рүү чирсэн энэ үйлдлийг нь бага охин М хараад аавдаа хандаж "та яах гээд байгаа юм болиоч" гэж хэлээд Хишгээг таттал Хишгээ охиноо хойш нь түлхээд намайг ариун цэврийн өрөө рүү авч ороод намайг өөр рүүгээ харуулж зогсоогоод өмдөө шувтлан надад хандаж "хөх" гэж хэлхээр нь би "чи юу яриад байгаа юм бэ, өмдөө татаач" гэж хэлтэл уурлаад л миний үснээс 2 гараараа зулгааж байгаад баруун хөлийн өвдгөөрөө миний хамар рүү цохитол нь миний хамраас их хэмжээний цус гарахад Хишгээ сандарсан байдалтайгаар М- эмнэлэг дуудаарай гэж орилоод, цагдаа энэ тэр болбол нүүрсний амбаар руу явж байгаад унасан эсвэл өөрөө миний өвдгийг мөргөсөн гэж хэлээрэй гээд загнаад байсан, удалгүй гаднаас 2 цагдаагийн алба хаагч ороод ирсэн, ийм л зүйл болсон.Намайг ариун цэврийн өрөө рүү хүчээр чирч оруулаад өмдөө шувтлаад "хөх" гэж хэлэх үед би уурлаад "чи юу яриад байгаа юм бэ, наад өмдөө татаач" гэж хэлтэл чи чанга ярилаа, хүүхэд сонсчихлоо гэж уурлаад л миний үснээс зулгааж доош дараад баруун хөлийн өвдгөөрөө миний хамар руу цохисон. Тиймээ бид 2 гэр бүлийн баталгаа байгаа, хамт амьдраад 22 жил орчим болж байна. Тиймээ бид 2-ын дундаас гарсан 2 охин хүүхэд байгаа. Би бодохдоо нэлээд их согтолттой байсан л гэж бодсон. Би ер нь архи уудаггүй, тухайн үед ч эрүүл байсан. Баруун хөлийн өвдгөөрөө миний хамар рүү 1 удаа цохисон. Миний хамар хугарч гэмтсэн, одооч гэсэн хөндүүрлэж бага зэрэг өвдсөн хэвээр байгаа.Тухайн үйл явдал манай гэрт болсон тул бага охин М, нөхөр болох Х нар байсан, өөр хүн байгаагүй. Тиймээ одоогоос бараг 5-н жилийн өмнө ******* намайг зодоод шүүхээр ороод эрүүгийн хариуцлага хүлээж байсан, тэр үедээ 500.000 төгрөгөөр торгуулаад, тухайн торгуулийг би төлсөн. Энэ үйл явдал нь 2 дахь удаагаа болж байна. Яг тийм гэсэн тогтсон зан авиргүй, их хувьсамтгай, түргэн ууртай хүн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл алга аа. Болно гэвэл би шаардлага гарсан үед тухайн түр хамгаалах байранд бага охин М-н хамт орох хүсэлтэй байна, яг одоогоор бол нагац ахынхаа эхнэрийн гэрт 80 гарсан хөгшин эмэгтэй хүнтэй хамт Сүхбаатар сумын 4-р багт байрлах МСҮТ-ийн урдхан талд байгаа. Тэр үйл явдлаас хойш бол байнга шахуу утсаар болон мессежээр ална тална гэж удаа дараа дарамтлаад байгаа тухайн үйл явдлын баримтыг би хэрэгт хавсаргаад өгч болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 199-20-р хуудас/,

 

          Иргэний нэхэмжлэгч Ц.Д-н 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн тодорхойлолтыг гаргасан учир сайн мэдэж байна. Би дээрх хэргийн улмаас хохирогч В.О-н биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчилгээгээр нийт 397.354 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилмээр байна….” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

 

          Насанд хүрээгүй гэрч Х.М 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Тухайн өдөр буюу 2025 оны 01-р сарын 26-ны өглөө гэртээ байх үед манай аав босоод өчигдөр өдрийн үлдээсэн архины үлдэгдэлээ ууж дуусгаад үргэлжлүүлэн архи уухгээд аав надад хандан "М ээ дэлгүүр рүү яваад архи аваад ир гэж хэлхээр нь би аавд хандаж "юу гэждээ аав, бага насны хүүхдэд юу гэж архи зархавдээ" гэж хэлтэл, ээж бас хажуунаас тиймээ юу гэж дэлгүүрийн хүмүүс хүүхдэд архи зардаг юм гэж хэлтэл аав өөрөө дэлгүүр яваад Агар нэртэй нэг шил архи авч ирээд гэрийн том өрөөний хивсэн дээр суугаад авч ирсэн архи ууж эхэлсэн, ингээд архинаасаа нилээн ууж байгаад, согтож ээжийг элдэв муухай хараалын үгээр харааж доромжлоод байсан, би энэ үед нь хэд хэдэн удаа аавд хандаж болиоч гэж хэлсэн боловч миний үгийг тоолгүй орилж хашгирсан хэвээр л байсан, үүний дараа аав гэнэт босч ирээд ээжийг хувцаснаас нь зулгааж ариун цэврийн өрөөрүү чирээд орох гэхэд би аавыг болиулах санаатай "та яах гээд байгаа юм бэ болиоч" гэж хэлтэл намайг хойш нь түлхээд ээжийг ариун цэврийн өрөөрүү аваад орчихсон, энэ үед ээж чанга дуугаар "яагаад байгаа юм бэ, болиочээ" гэж хэлсэн тул би сандарч айгаад өөрийн 80732088 дугаарын утсаар 7036102 гэсэн дугаар руу залгаж цагдаад дуудлага өгсөн, ингээд би түр хугацаанд гэрээс гарах үед аав маш чанга дуугаар "М ээ эмнэлэг дуудаарай, ээжийн чинь хамарнаас цус гараад байна" гэж хэлхээр нь би гэр рүү гээ яваад ортол ариун цэврийн өрөөний шал баахан цус болчихсон, ээжийн нүүрний хамар хэсэг нь хавдчихсан байдалтайгаар тэр цус болсон шалыг шалны алчуураар арчаад байж байсан, энэ үед аав ээжид хандаж "чи нүүрс оруулах гэж байгаад унасан" гэж эмчид хэлээрэй гэж хэлээд загнаад байсан, үүний араас хэсэг хугацааны дараа 2 цагдаа ирээд аавыг аваад явсан. Нилээн олон жилийн өмнө байхаа, яг цаг хугацааг нь сайн санахгүй байна, ойролцоогоор 4-5 жилийн өмнө аав ээжийг зодоод тэр үедээ 500.000 төгрөгөөр торгуулж байсан гэж санаж байгаа. Манай аав, жаахан түргэн ууртай догшин ширүүн зантай, хаяадаа хөгжилтэй зан авир гаргаад байдаг…” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

 

          Гэрч Х.Х-н 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ээж дүү бид 3-ын хувьд бол яг үнэндээ маш их түгшилтийн байдалтай байдаг, одоо энд суугаад танд мэдүүлэг өгөх үед ч гэсэн ороод ирэх болов уу гэж бодоод айдастай л сууж байна. Аав ээж 2 бол байнга шахуу л хэрүүл маргаантай байдаг, учир нь аав ажлаа хийгээд амарч байх хугацаандаа байнга архины хэрэглээтэй байдаг, үүнээс нь болоод л гэрт байнгын хэрүүл маргаан, үл ойлголцол тасардаггүй дээ. Маргаан үүсэх шалтгаан гэвэл ерөөсөө л архи уудаг, архи уусан үедээ ээжид хандаж "чи бол миний аав ээжийн толгойг залгисан алуурчин хүүхэн, би чамайг алсан ч болно, чамайг би алчихсан байхад хэн ч чиний амь биеийг нэхэхгүй" шүү гэж хэлээд л гартаа таарсан сандал болон бусад гэрийн эд зүйлийг бариад л зодчихдог, энэ үед нь дүү бид 2 бага настай мөн дээрээс нь эмэгтэй хүүхдүүд тул цагдаа дуудахаас өөр юуч хийж чаддаггүй. Гэхдээ цагдаа дуудаад аавыг авч яваад маргааш өглөө нь эрүүлжүүлэх байрнаас гарч ирээд энэ үйл явдал дахиад л эхэлдэг. Тиймээ тийм асуудал маш олон удаа болж байсан, би өөрийн биеэр ч гэсэн аав болох Х гэдэг хүнд холбогдуулан цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл олон удаа өгч байсан. Хамгийн сүүлд миний санаж байгаагаар 2023 оны 10 дугаар сард би оюутны 3 хоногийн амралтаар Сэлэнгэ аймагт хороололд гэртээ ирэх үед аав согтуугаар хэрүүл маргаан үүсгэж намайг "аав та одоо болиоч" гэх үед намайгч бас зодсон үйлдэл байгаа. Маш их бүр маш олон удаа ийм үйлдэл болж байгаа, хамгийн том жишээ болгож ярихад л нэлээн олон жилийн өмнө ойролцоогоор 4-5 жилийн өмнө 2021 онд аав ээжийг зодоод тэр үедээ 500.000 төгрөгөөр торгуулж байсан. Маш түргэн ууртай догшин ширүүн зантай, гэртээ ажилгүй амарч байх үедээ байнга л архи ууж байдаг Манай ээж бол 18 настайгаасаа эхлэн багшийн мэргэжил эзэмшсэн, багаасаа ганцаараа өссөн болохоор их дотогшоо зантай, дүү бид 2-той бол найзууд шиг л харьцдаг, дүү бид 2-ийн хүсэл сонирхлыг маш их дэмждэг. Манай аав 10 гаран жилийн өмнө сахиус тэнгэр гэж зүйл хүлээн авснаасаа хойш бөөгийн зан үйл үйлдэж байгаа нэрийдлээр байнга архи ууж, тухайн зан үйлийн үеэрээ ээж, дүү, бид 3-ыг сүлжмэл суран ташуураар байнга ороолгож, зодох үйлдэл гаргадаг, тухайн зан үйлийн талаарх бичлэгийг энэ хэрэгт хавсаргаж өгөх хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

 

          Сэлэнгэ аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №84 дугаартай: “...В.О-н биед хамар яс зөрөө бүхий хугарал, хамрын нуруу, 2 нүдний ухархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

          Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02-р хуудас/,

          Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 03-04-р хуудас/,

          Хохирогч В.О-г цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 06-р хуудас/,

          Зөрчил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд холбогдогчийн мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/,

          Зөрчил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 08-09-р хуудас/,

          Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,

          Согтуурсан мансуурсан хүнийг түр саатуулах тухай тогтоол /хх-ийн 12-р хуудас/,

          Эд мөрийн баримтаар гэрч Х.Х-с авсан 15 минутын бичлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

          Хохирогч В.О нь эрүүл мэндийн даатгалын сангаас 397,354 төгрөгийн үйлчилгээ авсан тухай Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын  хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02/40 дугаартай тодорхойлолт /хх-ийн 24-25-р хуудас/,

          Хохирогч В.О-н яаралтай тусламжтай хуудас /хх-ийн 47-48-р хуудас/,

          Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 53-57-р хуудас/,

          Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 70-р хуудас/,

          Шүүгдэгчийн шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хх-ийн 71-р хуудас/,

          Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өөчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 72-р хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73-р хуудас/,

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74-р хуудас/,

          Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75-р хуудас/,

          Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-р хуудас/,

          Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-78-р хуудас/,

          Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-84, 101-104-р хуудас/,

          Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх-ийн 87-92-р хуудас/,

          Шүүгдэгчийн гэр бүлийн гишүүдийн төрсний бүртгэл болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94-98-р хуудас/,

          Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсаныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 99-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, хүрэлцээтэй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Ш.Х-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.

 Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна” мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж зааснаар Ш.Х нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байх бөгөөд шүүгдэгч Ш.Х, хохирогч В.О нар нь гэрлэлтийн баталгаатай, дундаасаа хоёр хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч болон хохирогчийн зүгээс гаргасан болно.

 

Шүүгдэгч Ш.Х-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг, шүүгдэгчийн гэмт үйлдэл хооронд шалтгаант холбоотой байна. 

 

Иймд шүүгдэгч Ш.Х-н 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг 45а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болох хохирогч В.О-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь баруун өвдгөөрөө өвдөглөж хохирогчийн биед хамар яс зөрөө бүхий хугарал, хамрын нуруу, 2 нүдний ухархайд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Ш.Х-г нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг 45а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр болох хохирогч В.О-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэгт нь баруун өвдгөөрөө өвдөглөж хохирогчийн биед хамар яс зөрөө бүхий хугарал, хамрын нуруу, 2 нүдний ухархайд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч В.О хавтаст хэрэгт хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй. Хохирогч В.О сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохоос татгалзсан болно.

Хохирогч В.О-н эрүүл мэндийн даатгалын сангаас 397,354 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн болох нь хавтаст хэргийн 24-25 дугаар талд авагдсан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ш.Х-с  397,354 төгрөгийн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ш.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, холбогдсон гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 55 хоногийн нэг өдрийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж нийт эдлэх ялын хэмжээг 260 цагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээ авч, мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хохирогч В.О-й харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн Ш.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .... овгийн Ш.Х-д 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 55 хоногийн нэг өдрийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж нийт эдлэх ялын хэмжээг 260 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-д оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээ авч, мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хохирогч В.О-й харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Х-с 397,354 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалахыг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ