Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/132

 

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,

Улсын яллагч Б.Содномиший,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э

Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******** овогт Э.Т-д холбогдох эрүүгийн 2531******2 дугаартай, 316/2025/0****/Э  индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *****, ам бүл 2, ***** хамт Сэлэнгэ аймгийн ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй ****** овгийн Э.Т, (регистрийн дугаар *******)

Хэргийн товч агуулга:

Насанд хүрээгүй яллагдагч Э.Т нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ****дугаар баг *************** хохирогч Б.Б-н толгой, чих хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохисны улмаас хохирогчийн биед зүүн чамархай цус хуралт, баруун чихний хэнгэрэг цооролт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй....” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Ээжтэйгээ байх ёстой байсан. Аав нь хөдөлмөрийн чадвараа алдсан асаргаанд байсан. Ганцхан хүүтэй учраас аав дээр нь үлдээсэн. Тусдаа амьдраад 6 жил болж байна. Би цэцэрлэгийн багшийн ажил хийдэг. Цохисон гэж байгаа хүүхэдтэйгээ найзууд юм. Маргалдаад хүчтэй цохисон гэж байсан. Уг нь хоорондоо их найзууд. Хийсэн зүйлдээ гэмшиж байна гэж хэлсэн...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Э.Т нь асаргаанд байдаг аавтайгаа хамт амьдардаг. Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газраас өмгөөлөгчөөр хангаж оролцуулж байна. Энэхүү шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалж оролцоно. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг тогтоож өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр прокуророос ирсэн саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шийдвэрлэнэ гэж журамлаж өгсөн байдаг. Үүний дагуу ял тохиролцсон. Прокуророос гаргасан саналын хүрээнд шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Т нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Хор, хохирлоо нөхөн төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд 56,700 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан. Хохирогчид 2,000,000 төгрөгийг эмчилгээнд нь өгсөн. Харилцаа сайтай, найзууд байгаа. Сэтгэцэд учруулсан хор уршгийг тогтоолгох шаардлагагүй гэж хэлсэн. Тийм учраас энэ хүүхдийг насанд хүрээгүй байдлыг нь харгалзан үзэж, улсын яллагчийн гаргаж байгаа саналын хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Шүүх хуралдаан зөвхөн хариуцлага оногдуулахаас гадна сургалт хүмүүжлийн нөлөөллийг агуулж байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд оролцсон байгаа байдал цаашдаа төлөв томоотой байна гэдгээ илэрхийлж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хор уршигтай болохыг ухаарсан байх гэж ойлгож байна. Тийм учраас прокуророос ирүүлсэн саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Насанд хүрээгүй яллагдагч Э.Т нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ****дугаар баг *************** хохирогч Б.Б-н толгой, чих хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохисны улмаас хохирогчийн биед зүүн чамархай цус хуралт, баруун чихний хэнгэрэг цооролт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02р хуудас/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Цагдаагийн байгууллагад хандаж гараар бичсэн өргөдөл /хх-ийн 05-р хуудас/, насанд хүрээгүй холбогдогчийн мэдүүлэг /хх-ийн 07-09-р хуудас/, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Т-н мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Ө.Х-н мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Э-ы мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч Б.М-н мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66-р хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 67-69-р хуудас/, өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92-р хуудас/, өсвөр насны шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 93-р хуудас/, өсвөр насны шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94-р хуудас/, өсвөр насны шүүгдэгчийн суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт /хх-ийн 95-р хуудас/, өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 96-р хуудас/, насанд хүрээгүй хохирогчиын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 97-р хуудас/, өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-р хуудас/, /, өсвөр насны шүүгдэгчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 100-137-р хуудас/, насанд хүрээгүй хохирогчид хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 140-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 56,700 төгрөгийн хохирол учруулсан тухай тодорхойлолт /хх-ийн 144-145-р хуудас/, Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 56,700 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 156-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар гэм бурууг нь хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд буюу өсвөр насны шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, дээрх ялаас чөлөөлөх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Насанд хүрээгүй хохирогч Б.Б баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.Т нь насанд хүрээгүй хохирогч Б.Б-н хохирол, хор уршгийн төлбөрт 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас насанд хүрээгүй хохирогч Б.Б нь 56,700 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан ба өсвөр насны шүүгдэгч Э.Т 56,700 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч ***** овогт Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч .... овогт Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ****** овогт Э.Т-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

  4. Шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

5. Өсвөр насны шүүгдэгч Э.Т нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай. 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 6.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ