| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00372/И |
| Дугаар | 148/ШШ2017/00453 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 148/ШШ2017/00453
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 19-36 тоотод оршин суух, эрэгтэй, 29 настай, одоо ХАС банкны Сэлэнгэ салбарт зээлийн мэргэжилтэн ажилтай Харнууд овогт Ононгийн Эрдэнэбилэг /ХЕ-87100495/ /ХАС банк / Сэлэнгэ салбар/-н нэхэмжлэлтэй
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 8 дугаар баг Буур хээр 3 дугаар хэсэг 37 тоотод оршин суух, 51 настай, эрэгтэй, одоо Пүрэв хан ХХК-ийн захирал Зээрд овогт Маньдирын Энхбаяр /УС-65123130/, Боржигон овогт Чунагсүрэнгийн Нарантуяа /МЮ-69032001/ нарт холбогдох:
Банкны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 29.370.79 ам доллар гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийнг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч М.Энхбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Хариуцагч Ч.Нарантуяа, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Энхбаяр нар нь манай банкнаас 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1100011302 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 28.57510 /хорин найман мянга таван зуун далан таван доллар нэг цент/ ам долларын зээлийг 48 сарын хугацаатай 365 хоногт 15.6 хувийн хүүтэй үндсэн хөрөнгө худалдан авах зориулалтаар авч зээлийн барьцаанд зээлдэгч Ч.Нарантуяа, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Энхбаяр нарын өмчлөлийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлалтай 6 дугаар байрны хойд талд байрлах 0058389 гэрчилгээний дугаартай, Ү-1317003107 улсын бүртгэлийн дугаартай 400м2 талбайтай барилга, 2004 оноос 15 жил эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан болно.
2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч Ч.Нарантуяа нь манай банкинд хүсэлт гарган Зээлийн гэрээ-нд өөрчлөлт оруулан сард төлөх төлбөрийн хэмжээг багасган, зээлийн дансны дугаар 1100017465 болгон өөрчлөн эцсийн зээл төлөлтийн хугацааг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч банктай байгуулсан 1100011302, 1100017465 тоот Барьцаат зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүрэг хариуцлагаа удаа дараа зөрчин зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөлгүй 711 хоног хугацаа хэтэрч бидний ажилд хүндрэл учруулсаар байна.
Иймд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100011302, 1100017465/ тоот Барьцаат зээлийн гэрээ-г дуусгавар болгож, гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 22.17379 ам доллар, зээлийн хүү 6.727 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 470 ам доллар нийт 29.37079 ам долларыг хариуцагч нараас гаргуулж, зээлдэгч нарын барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өгнө үү гэх
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч М.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.Энхбаяр миний бие нь гэр бүлийн хүн Ч.Нарантуяагийн хамт ХАС банкны Сэлэнгэ салбараас удаа дараа зээл авч төлж байсан. Энэ зээлийн авахын өмнө би 15.000.000 төгрөгийн зээлтэй байж байгаад бизнесээ өргөжүүлж Сүхбаатар суманд байрлах барилгын материал бетон нийлүүлэлтийн үйлдвэр ажиллуулах зорилготойгоор 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хамгийн бага хүүтэйгээр 28.575 доллар буюу 40 сая төгрөгтэй тэнцэх валютын зээл авсан. Уг зээлийг төгрөгөөр авах гэсэн боловч тухайн үедээ хүү нь 3.5 хувь маш өндөр байсан учраас долларын зээлийн хүү нь бага байсан учир валютын зээл авсан. Зээлж авсан мөнгөөрөө барилгын материал, тоног төхөөрөмж авч үйл ажиллагаа явуулж ажил маань жигдэрч байтал 2013 оны 7 дугаар сараас валютын ханш өсөж эхэлсэн. Анх авахад 1395 байсан долларын ханш 1750 төгрөг болон өссөн. Доллар өссөөр 2015 оны 06 дугаар сар гэхэд 1850 төгрөгт хүрсэн. Энэ байдлыг тооцож үзээгүйн улмаас үйл ажиллагаа явуулж олсон мөнгөө банкинд төлдөг байсан.
Бид авсан зээлээ 2015 оны 05 дугаар сар хүртэл долларын ханшийн өсөлтийн алдагдлыг бүрэн хариуцаж 14.000 гаруй долларыг төлсөн. Өнөөдрийн байдлаар долларын ханш 2480 төгрөгт хүрсэн байна. Би бизнесмэн болохоос эдийн засагч биш учраас зах зээлийн ханшийг тооцоолоогүйгээс болж буруу үйлдэл хийн зээл авч гэр бүлээ хохироон алдагдалд орсон байна. Миний бие нь банкыг хохиролгүй болгохын төлөө ажиллаж байгаа боловч үнэндээ долларын ханш нэмэгдэж зээлээ төлөхөд хүндрэл учраад байна. Одоо шүүхэд нэхэмжилж байгаа төлбөр нь Монгол ханшаар бодоход бараг л 70 сая гаргуй төгрөг болоод байна. Би долларын ханш өсөөд байгаа учраас Монгол төгрөгөнд шилжүүлэх талаар банкинд хэд хэдэн удаа хүсэлт тавьсан боловч банк Үйлчлүүлэгчид нэг л удаа гэрээг өөрчлөх боломжтой дахин гэрээнд өөрчлөлт хийх боломжгүй гээд бидний хүсэлтийг хүлээн аваагүй юм. Энэ байдал нь зөвхөн надад биш нийт Монголчуудын хүрээнд тулгамдаж буй асуудал болсоор байна.
Банкинд төлөх ёстой үлдэгдэл төлбөрийг миний зүгээс төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин энэ төлбөрийг тухайн үеийн буюу 2013 оны долларын ханшаар төлөх хүсэлтэй байх тул тухайн үеийн ханшаар тооцож гаргаж өгнө үү гэх.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХАС банкны /Сэлэнгэ салбар/ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: Иргэн Ч.Нарантуяа, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Энхбаяр нарт холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Ч.Нарантуяа, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Энхбаяр нар нь манай банкнаас 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1100011302 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 28.57510 ам долларын зээлийг 48 сарын хугацаатай 365 хоногт 15.6 хувийн хүүтэй үндсэн хөрөнгө худалдан авах зориулалтаар авч зээлийн барьцаанд зээлдэгч Ч.Нарантуяа, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Энхбаяр нарын өмчлөлийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлалтай 6 дугаар байрны хойд талд байрлах 0058389 гэрчилгээний дугаартай, Ү-1317003107 улсын бүртгэлийн дугаартай 400м2 талбайтай барилга, 2004 оноос 15 жил эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан болно.
2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч Ч.Нарантуяа нь манай банкинд хүсэлт гарган Зээлийн гэрээ-нд өөрчлөлт оруулан сард төлөх төлбөрийн хэмжээг багасган, зээлийн дансны дугаар 1100017465 болгон өөрчлөн эцсийн зээл төлөлтийн хугацааг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгасан ...Иймд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100011302, 1100017465/ тоот Барьцаат зээлийн гэрээ-г дуусгавар болгож, гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 22.173.79 ам доллар, зээлийн хүү 6.727 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 470 ам доллар нийт 29.37079 ам долларыг хариуцагч нараас гаргуулж, зээлдэгч нарын барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нь 8 дугаар баг Буур хээр 3 дугаар хэсэг 37 тоотод оршин суух Ч.Нарантуяа нь ХАС банк /Сэлэнгэ салбар/ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээр М.Энхбаяр оролцсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчдын хооронд 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1100011302 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 28.575.10 ам долларын зээлийг 48 сарын хугацаатай 365 хоногт 15.6 хувийн хүүтэй үндсэн хөрөнгө худалдан авах зориулалтаар, 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1100011302 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ хийн Ч.Нарантуяа, М.Энхбаяр нарын өмчлөлийн Сүхбаатар сумын 6 дугаар баг /хуучнаар 3 дугаар баг/ /6-р байрны хойд талд/ байрлалтай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0058389 гэрчилгээний дугаартай, Ү-1317003107 улсын бүртгэлийн дугаартай 400м2 талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Ч.Нарантуяагийн эзэмшлийн Газар эзэмших эрхийн 0026251 гэрчилгээний дугаартай 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалттай газрын хамт барьцаалсан байна. Зээлдэгч нарын хүсэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1100011302 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулан 28.57510 ам долларын үндсэн гэрээний дагуу 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болгоно, АНУ-ын долларын зээлийн үлдэгдлийг төгрөгт хөрвүүлэхгүй гэж тусган, зээлийг шилжүүлэн бүртгэсэнтэй холбогдуулан зээлийн дансны дугаарыг 1100017465 болгон өөрчилж Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1100017465 /1100011302/ дугаартай Барьцаат зээлийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн үлдэгдэл болох үндсэн зээл 22.17379 ам доллар, зээлийн хүү 6.727 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 470 ам доллар нийт 29.370.79 ам долларыг төлөөгүй болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, зээл төлөгдөөгүй үлдэгдлийн дансны хуулга /2 хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр нотлогдож байгаа нь хариуцагч нар нь гэрээнийхээ хугацаанд зээлээ төлөөгүй байгаа нь зээлдэгч гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзнэ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нарын өмгөөлөгчөөс: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар шүүх өөрийн эрх хэмжээний дагуу зээлийн хүүг багасгаж, зохигчдын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1100017465 /1100011302/ дугаартай Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ-г долларын зээлийн үлдэгдлийг төгрөгт хөрвүүлсэн гэж үзэж байна. Мөн шүүхэд нотлох баримт болгон гаргасан Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2148 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж нь тухайн банкны буруутай үйл ажиллагаанас болж буцаж дахин шийдвэрлүүлэхээр болсон. Иймд анх ХАС банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нараас 25.532.79 ам доллар гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд энэ шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас анхны нэхэмжилсэн 25.53279 ам долларыг 2013 оны долларын ханшаар Монгол төгрөгөнд шилжүүлэн гаргаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2148 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир хариуцагч нараас 25.532.79 ам доллар гаргах боломжгүй гэж үзнэ.
Хариуцагч нар нь ХАС банкинд зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон талаараа хэдэ хэдэн удаа хүсэлт гаргасан байдаг. Үүнд:
Зээлдэгч Ч.Нарантуяа, М.Энхбаяр нар нь 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ХАС банкны Сэлэнгэ салбарт гаргасан хүсэлтдээ:
Ч.Нарантуяа миний бие нь тус банкнаас авсан зээлийн хүүгээ 2014.06.02-нд төлөх хүсэлт тавьж байна гэжээ.
2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтдээ:
...2013 оны сүүлээс валютын ханш огцом өсч зээлийг эргэж төлөхөд маш хүндрэлтэй болж байна. Иймд 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 05 сар хүрт элх зээлийн үндсэн төлөлтийг зогсоож энэ хугацаанд зөвхөн зээлийн хүүг төлөх хүсэлтэй байна. 2015 оны 5 сараас зээлийн хүүг үндсэн төлөлттэй төлөх хүсэлт гаргаж байна гэжээ.
2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтдээ:
...2013 онд авсан долларын зээл эргэн төлөлтөнд эдийн засгийн хямрал, долларын өсөлтөөс хамааран бизнесийн үйл ажиллагаа зогсонг байдалд орж хуваарийн дагуу төлөх зээлийн төлбөр төлөх боломжгүй боллоо. Иймд зээлийн төлөх хугацааг сунгаж сар бүр үндсэн зээлээс 150 доллар хүүгийн хамт төлөрх хүсэлтэй байна гэжээ.
2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хүсэлтдээ:
...Авсан зээлээрээ барилгын материалын үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор тоног төхөөрөмж, хэв, шахмалууд худалдан авч үйлдвэрлэлээ эхэлсэн боловч 2013 оны сүүлээс валютын ханш доллар огцом өсөж эдийн засгийн хямрал манай үйлдвэрлэл, үйл ажиллагаанд муугаар нөлөөлж 2014 оноос барилгын материалын үйлдвэрлэл бүрэн зогсож өрхийн бусад орлого эрс буурч 2015 оны 6 сараас зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь төлөх боломжгүй боллоо. Иймд банкнаас авсан зээлээ төлөхийн тулд тус банкинд барьцаанд тавьсан барьцаа хөрөнгөө борлуулж,тус банкнаас авсан зээлийн үлдэгдэлээ төлж барагдуулах сонирхолтой байна. Иймд манай зээлийн хүүг зогсоож барьцаа хөрөнгийг зарж борлуулж банкны өр барагдуулах талаар хүсэлт гаргаж байна гэх хариуцагч нараас ХАС банк /Сэлэнгэ салбар-т удаа дараа гаргасан хүсэлтүүдээс үзэхэд валютыг өсөлттэй холбоотойгоор долларын зээлээ Монгол төгрөгөнд хөрвүүлэх талаар хүсэлт гаргаагүй байх ба зөвхөн зээлийг өөрсдийн боломжит хугацаагаар төлж барагдуулах талаар гаргасан байна.
Зохигчдын хооронд хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах 1100017465 дугаартай гэрээ-нд ...АНУ-ын долларыг үлдэгдлийг төгрөгт хөрвүүлэхгүй... гэж гэрээндээ заасан байгаа нь анх долларын зээл авах үеийн буюу 2013 оны долларын ханшаар зээлийн төлбөрийг Монголд төгрөгөнд шилжүүлэн бодон гаргах боломжгүй гэж үзлээ.
Иймд Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн1100011302 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн 1100011302 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ зэргийг үргэлжлүүлэн зээлдэгч нарын хүсэлтээр 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн 1100017465 /1100011302/ тоот Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ зэрэг нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул дээрх гэрээг цуцалж, хариуцагч нараас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн 1100011302 /1100017465/ тоот Барьцаат зээлийн гэрээ-ний нэмэлт өөрчлөлтийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих үндсэн зээл 22.173.79 ам доллар, зээлийн хүү 6.727 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 470 ам доллар нийт 29.370.79 ам долларыг хариуцагч Ч.Нарантуяа, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Энхбаяр нараас гаргуулан ХАС банкны /Сэлэнгэ салбар/-т олгож, зээлийн барьцаа хөрөнгө болох Ч.Нарантуяа, М.Энхбаяр нарын өмчлөлийн Сүхбаатар сумын 6 дугаар баг /6-р байрны хойд талд/ байрлалтай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0058389 гэрчилгээний дугаартай, Ү-1317003107 улсын бүртгэлийн дугаартай 400м2 талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Ч.Нарантуяагийн эзэмшлийн Газар эзэмших эрхийн 0026251 гэрчилгээний дугаартай 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалттай газрын хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50910.38 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 508.910.38 төгрөг гаргуулан ХАС банк ХХК /Сэлэнгэ салбарт/ олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т зааснаар Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1100011302 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн 1100011302 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн 1100017465 /1100011302/ тоот Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээг тус тус цуцалсугай.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зйүлийн 453.1-д тус тус зааснаар Ч.Нарантуяа, М.Энхбаяр нараас нийт 29.370.79 ам долларыг гаргуулан ХАС банк /Сэлэнгэ салбар/-т олгосугай.
3.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зааснаар Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1100011302 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-нд заагдсан Ч.Нарантуяа, М.Энхбаяр нарын өмчлөлийн Сүхбаатар сумын 6 дугаар баг /хуучнаар 3 дугаар баг/ /6-р байрны хойд талд/ байрлалтай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0058389 гэрчилгээний дугаартай, Ү-1317003107 улсын бүртгэлийн дугаартай 400м2 талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Ч.Нарантуяагийн эзэмшлийн Газар эзэмших эрхийн 0026251 гэрчилгээний дугаартай 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалттай газрын хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Зохигчдын хооронд хийгдсэн 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1100011302 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-нд заагдсан Ч.Нарантуяа, М.Энхбаяр нарын өмчлөлийн Сүхбаатар сумын 6 дугаар баг /хуучнаар 3 дугаар баг/ /6-р байрны хойд талд/ байрлалтай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0058389 гэрчилгээний дугаартай, Ү-1317003107 улсын бүртгэлийн дугаартай 400м2 талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Ч.Нарантуяагийн эзэмшлийн Газар эзэмших эрхийн 0026251 гэрчилгээний дугаартай 2004 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалттай газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 508.910.38 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 508.910.38 төгрөг гаргуулан ХАС банк /Сэлэнгэ салбар/-т олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА