| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/0103/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/119 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга О.Марал,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн,
шүүгдэгч Л.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А******* овогт Л******* Б*******д холбогдох эрүүгийн 2531000000142 дугаартай, 316/2025/0103/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б******* аймгийн Ц******* суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин, тракторчин мэргэжилтэй, хувиараа хүнсний ногоо тариалагч, ам бүл 2, эхнэрийн хамт С** аймгийн Х******* сум ** дугаар баг 2** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай А******* ургийн овогт Л******* Б******* (РД: М*******)
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.Б******* нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 561 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар 400 нэгжээр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 07 дугаар сарын 31-ний 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хүртэл 1 жилээр хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагийн үед Х******* сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт 0,93 хувийн согтолттой үедээ Приүс загварын 1** С** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь:
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 01 дүгээр тал), тээврийн хэрэгсэл жолоодон явсан хүний согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5 дугаар тал/, гэрч Д.Б******* мэдүүлэг /хх-ийн 07 дугаар тал/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2024/3Ш/561 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 33-35 дугаар тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 13-15 дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 22-31 дүгээр тал/, хэргийн мататериал танилцуулсан баримт /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Л.Б******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 10 сарын хугацаатай төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Б*******н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А******* ургийн овогт Л******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б*******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Б*******н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ