Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/121

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                              Б.Урангоо

Нарийн бичгийн дарга                О.Марал

Шүүгдэгч Ш.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш******* О*******д холбогдох 2531000630099 дугаартай, 316/2025/0102/Э индекстэй эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1** оны 0** дугаар сарын 2**-ны өдөр С** аймгийн А******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 1, ганцаараа, Сэлэнгэ аймгийн А******* сумын С******* ** дугаар баг, ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А******* х******* овогт Ш******* О*******, регистрийн дугаар М*******

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ш.О******* нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг, А******* сум, С******* ** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод Л.Э******* "удаа дараа архи уусан" гэх шалтгаанаар уурлаж "гэрээс зайл" гэж хөөн маргалдан хэвтэж байхад нь өшиглөж, баруун гараараа 2 удаа зүүн хацарт нь алгадаж, хана мөргүүлсний улмаас биед нь духанд шарх, баруун зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.О******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.Э "... Өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 17- ны өдөр ажлын хамт олонтойгоо гадуур явж байгаад гэртээ ирээд нөхөр, хүүхдийн хамт унтах гээд байж байхад манай нөхрийн төрсөн дүү Ш.О******* нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны 01:00 цагийн үед гаднаас орж ирээд ямар нэг шалтгаангүйгээр манай нөхөр Вийн хөлийн хэсэгт нь өшиглөсөн. Тэгсэн манай нөхөр босоод дүүгээ буюу Ш.О*******г "чи одоо яагаад байгаа юм бэ?" гээд босоход "та хоёр гичийнүүд минь одоо зайл" гээд хөөсөн. Тэгэхээр нь би "чи Одоо яахавраа зүгээр байхад дандаа ингэж хөөж туудаг юм бэ?" гэсэн чинь "чи Очий минь зайл" гээд хэл үгээр доромжилсон. Тэгэхээр нь "чи одоо юу вэ? хүн амьтан амраа л даа" гэхэд "та нарыг ална шүү" гээд гал тогооны хэсэг рүү яваад заазуур аваад "одоо би та нарыг ална гээд над руу дайрсан. Тэгсэн негее заазуур нь миний толгойны зүүн талын нүдний хэсэгт заазуурынхаа үзүүрээр зүсэгдсэн байсан..." гэх болон хохирогчоор дахин өгсөн. Надад гомдол санал, иэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлгүүд, /хх-ийн 9-11, 16-17 хуудас/

Гэрч Н.М" Ш.О******* нь тус багийн С******* 14-14 тоотод оршин суудаг ба гэрт нь малын тоо бусад ажлаар очиход Ш. О******* нь гэртээ ганцаараа амьдардаг бололтой их цэвэрхэн ажилсаг хөдөлмөрч хичээнгүй санагдсан. Хэдэн адуутай түүнийгээ маллаж уяж уяа сойлгыг нь тааруулдаг бас улирлын чанартай буюу ой онгоохоор галын түлээ хийж бусдад худалдан борлуулж амьдралаа зохицуулдаг л ганц бие залуу. Харин түүний ах Ш. В, эхнэр Л.Эрдэнэсувд нар нь тус тоотод амьдардаггүй байж байгаад 2024 оны ихээр ирж Ш.О*******тай амьдрах болсон. Ер нь бол анх Ш. В нь эхэлж ирээд араас нь хэдэн сарын дараа түүний эхнэр Л.Эрдэнэсувд ирсэн санагдаж байна. Сүүлд надтай Ш. В нь таарахдаа жаахан халамцуу явж таарсан. Эхнэр нь манай энэ сумын харьяалалтай биш учир түүнийг сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

Гэрч О.Г "... Тухайн үед намайг очиход иргэн Л.Эрдэнэсувд нь бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, духны хэсэгт хагарсан шархтай, хоёр гарын шууны хэсэгт бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан. Шархнаас бага зэрэг цус гарсан байдалтай байсан. Ямар ч байсан нүүр хэсэг газарт цус мэт бохирлогдоогүй байсан. Тухайн үед дуудлагаар очоод шууд эрүүл мэндийн тээврийн хэрэгсэлтэй эмнэлэг рүүгээ аваачиж духны зүсэгдсэн хэсэгт 1 оёдол тавьж шархыг цэвэрлэж явуулсан. Тэр үед ямар ч байсан нөхрийнх нь хамаатан агсам тавьсан заазуур авч шидсэн гэж ярьж байсан. Өөр ямар нэг зүйл яриагүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 27 хуудас/

Шинжээч эмч Д.Д "...Хохирогч Л.Э духанд үүссэн шарх нь гипсэн хавтангийн булан мөргөхөд үүсэх боломжтой. Хатуу биет мөргөхөд үүсэх шархны эргэн тойрон зөөлөн эдийн няцрал ихтэй шархны зах ирмэг тэгш бус байна. Ир үзүүртэй зүйлийн үзүүрээр шарх үүсгэхэд шархны эргэн тойрон няцрал бага, шархны зах ирмэг тэгш, шархны нэр тал ир үзүүртэй мэт нэг тал нь мохоо үүсэх боломжтой. Л.Э духанд үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 34 хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д. Д 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 70 дугаартай "...1. Л.Э биед духанд шарх, баруун зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх духанд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, баруун зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Д "... Дээрх хэргийн улмаас Л.Э биед гэмтэл учирсантай холбогдуулан 1 удаагийн үйлчилгээгээр 61,850 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийгдсэн. Дээрх мөнгийг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 71 хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 хуудас/,

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 хуудас/,

Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 60 хуудас/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 61 хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуудас/

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 Шүүгдэгч Ш.О******* нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймаг, А******* сум, С******* ** дугаар багийн ** дүгээр гудамжны 1* тоотод Л.Э******* "удаа дараа архи уусан" гэх шалтгаанаар уурлаж "гэрээс зайл" гэж хөөн маргалдан хэвтэж байхад нь өшиглөж, баруун гараараа 2 удаа зүүн хацарт нь алгадаж, хана мөргүүлсний улмаас биед нь духанд шарх, баруун зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл санаатай учруулсан болох нь:

Хохирогч Л.Э мэдүүлгүүд, /хх-ийн 9-11, 16-17 хуудас/

Гэрч Н.М мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

Гэрч О.Г мэдүүлэг, /хх-ийн 27 хуудас/

Шинжээч эмч Д.Д мэдүүлэг, /хх-ийн 34 хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д. Д 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 70 дугаартай "...1. Л.Э биед духанд шарх, баруун зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх духанд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, баруун зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Д мэдүүлэг /хх-ийн 71 хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Ш.О*******гийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ш.О*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Ш.О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ш.О******* нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал 61,850 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.

Хохирогч Л.Эрдэнэсувд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ш.О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ...“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ш.О******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Ш.О*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга /  төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.О*******д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Ш.О******* нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А******* х******* овогт Ш******* О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш******* О*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга /  төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Ш.О*******н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Ш.О******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч  Ш.О******* нь  Эрүүл мэндийн даатгалын санд 61,850 төгрөгийг төлсөн, хохирогч Л.Эрдэнэсувд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6.Хохирогч Л.Эрдэнэсувд нь энэ гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ