Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 00077

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Б.Гантөгс,
шүүгдэгч Ч.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Чимэдцэрэнгийн Түвшинтөгсөд холбогдох эрүүгийн 201706000140 дугаартай, 132/2017/0070/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт бүжигчин ажилтай, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Б хэсгийн 13-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Халзан бүргэд овогт Чимэдцэрэнгийн Түвшинтөгс /РД:ФЙ94042736/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Түвшинтөгс нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 23 дугаар байрны 23 тоотод оршин суух Б.Гантөгсийн гэрт ороод гарахдаа 481000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ч.Түвшинтөгсийн өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 6-ний өдөр найз охинтойгоо хамт ахынх нь гэрт очоод гэрийг нь цэвэрлэж байхдаа 4 ширхэг мөнгөн аягыг харсан. Ингээд мөнгөн аягыг гэртээ авч ирж цүнхэндээ хийчихээд, 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэт хотод тоглолтоор очихдоо найз Даваажаргалын иргэний үнэмлэхээр ломбардад 200.000 төгрөгөөр тавьсан гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Гантөгсийн өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Оросын булаг гэх газар постод гарч байсан. Тэгэхэд орой эхнэр залгаад хүүдээ цай хийж өгөх гэсэн юм мөнгөн аяга хаана байгаа юм гэж асуусан. Гал тогооны өрөөний шургуулга дотор давхарлаад өрөөстэй байсан сайн хайгаад үз гэж хэлсэн. Ингээд 20 минутын дараа залгаад 4 ширхэг мөнгөн аяга байхгүй алдагдсан гэдгийг эхнэрээсээ мэдсэн. Хамгийн сүүлд Мөнхтуул үлдсэн асуу гэхэд, асуусан мэдэхгүй байна гэж хэлсэн. Намайг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ хариад үзэхэд байхгүй байсан. Тэгээд асууж сургалж явсаар байгаад Ч.Түвшинтөгсийг авсан гэдгийг мэдсэн. Ингээд би Ч.Түвшинтөгсийг Эрдэнэт хот руу дагуулж яваад ломбардаас мөнгөн аягануудаа очиж авсан гэх мэдүүлэг,
201706000140 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Шүүгдэгч Ч.Түвшинтөгсийн сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр цайны цагаар Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах 23 дугаар байрны 5 давхарт оршин суух иргэн Б.Гантөгсийн гэрт түүний дүү Б.Мөнхтуулын хамт орохдоо гал тогооны шүүгээнд байсан 4 ширхэг мөнгөн аяга хулгайлан авсан. Тухайн өдөртөө Орхон аймгийн төвд орших ломбарданд 250000 төгрөгөөр тавьсан. Тэр мөнгөнөөр найз Ганцолмонд 150000 төгрөгийг өгч үлдсэн мөнгөөр нь архи, пиво авч уусан гэх мэдүүлэг /хх 38, 39 тал/,
Хохирогч Б.Гантөгсийн өгсөн: Би 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан талаар мэдсэн. Эхнэр хэлэхдээ хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гал тогооны өрөөний шургуулганд хийсэн гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 16 тал/,
Гэрч М.Даваажаргалын өгсөн: Орхон аймагт тоглолтоор очсон байх үед Түвшинтөгс над руу залгаад уулзмаар байна, иргэний үнэмлэх чинь байна уу гэсэн. Тэгээд уулзахад миний иргэний үнэмлэхээр нэгдсэн ломбардны төв гэх газарт 4 ширхэг мөнгөн аягыг 200000 төгрөгөөр тавьсан. Би юун аяга вэ гэхэд би гэрээсээ авсан юм, цалингаа буухаар авна гэж байсан гэх мэдүүлэг /хх 29 тал/,
Гэрч Г.Мөнхтуулын өгсөн: Түвшинтөгс нь манай найз залуу байгаа юм. 2017 оны 05 дугаар сарын эхээр Гантөгс ахын гэрт бид 2 хамт орж цай уучихаад гарсан. Гарахдаа ямар нэг зүйл авсан нь мэдэгдээгүй гэх мэдүүлэг /хх 30 тал/,
Гэрч М.Долгорсүрэнгийн өгсөн: Бичиг баримт нь Мөнхөөгийн Даваажаргал гэх хүн байсан ба 200000 төгрөг авсан гэх мэдүүлэг,
эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 06 тал/ баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-10 тал/, эд зүйл хураан авах тогтоол /хх 11-12 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13 тал/, “Лэндс” ХХК-ийн дүгнэлт /хх 19-25 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46 тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Түвшинтөгс нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 23 дугаар байрны 23 тоотод оршин суух Б.Гантөгсийн гэрт ороод гарахдаа 4 ширхэг мөнгөн аяга хулгайлж 481000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Ч.Түвшинтөгсийн өгсөн: …2017 оны 05 дугаар сарын 6-ний өдөр найз охинтойгоо хамт ахынх нь гэрт очоод гэрийг нь цэвэрлэж байхдаа 4 ширхэг мөнгөн аягыг харсан. Ингээд мөнгөн аягыг гэртээ авч ирж цүнхэндээ хийчихээд, 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Эрдэнэт хотод тоглолтоор очихдоо найз Даваажаргалын иргэний үнэмлэхээр ломбардад 200.000 төгрөгөөр тавьсан гэх мэдүүлэг, хохирогч Б.Гантөгсийн өгсөн: … Эхнэр хэлэхдээ хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гал тогооны өрөөний шургуулганд хийсэн гэж хэлж байсан гэх мэдүүлэг, гэрч М.Даваажаргалын өгсөн: ....ломбардны төв гэх газарт 4 ширхэг мөнгөн аягыг 200000 төгрөгөөр тавьсан гэх мэдүүлэг, гэрч Г.Мөнхтуулын өгсөн: ... 2017 оны 05 дугаар сарын эхээр Гантөгс ахын гэрт бид 2 хамт орж цай уучихаад гарсан гэх мэдүүлэг, гэрч М.Долгорсүрэнгийн өгсөн: ...бичиг баримт нь Мөнхөөгийн Даваажаргал гэх хүн байсан ба 200000 төгрөг авсан гэх мэдүүлэг, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Түвшинтөгсийн дээрхи үйлдэл нь хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Түвшинтөгсийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.
Шүүгдэгч Ч.Түвшинтөгсөд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халзан бүргэд овогт Чимэдцэрэнгийн Түвшинтөгсийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Ч.Түвшинтөгсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Ч.Түвшинтөгс нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Түвшинтөгс нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Түвшинтөгсөд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ