Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

                                     ******* Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт С.А холбогдох эрүүгийн 25******1 дугаартай, 316/2025/******/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* Улсын иргэн, **** оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн **** суманд төрсөн, **** настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, "*******" группт хяналтын диспьючер, ам бүл 6, нөхөр, хүү, аав, дүү нарын хамт ***** аймгийн ***** сумын **** дүгээр баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. ,,,, овгийн С.А, (регистрийн дугаар ******)

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ***** овгийн С.А. нь 2025 оны 04 дүгээр сарын 01- ний өдрөөс 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ***** сумын нутаг дэвсгэрт хохирогч Ү.Г-г "өөрийн нөхөр Т.Б-тай дотно харилцаатай боллоо" гэх шалтгаанаар зодож баруун, зүүн шилбэ, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, хүзүү, баруун, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хамрын ясанд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2025 оны 04 дүгээр сарын 02- ны өдөр хохирогч Ү. Г-н Хаан банкны 5*****9 тоот данс бүхий интернэт банк руу эзэмшигчийн зөвшөөрөлгүй нэвтэрч бүртгэл, мэдээллийн системд хууль бусаар халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ү.Г-н Хаан банкнб интернэт банк руу нь түүний утсан дээрх иргэний үнэмлэхний мэдээллийг оруулаад нэвтэрсэн...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгчийн үйлдэл холбогдлын талаар улсын яллагч тодорхой дурьдлаа. Гэр бүлийн хоорондын харилцаа нөлөөлж энэ гэмт хэрэг гарсан нь тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж шүүгдэгчийн эрхийг хүндэтгэж хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шат шатанд гаргаж ирсэн. Ял шийтгэл оногдуулах асуудалд С.А нь өөрөө торгуулийн ял шийтгэл хүлээхэд татгалзах зүйлгүй гэж хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугаа хүлээж байгаа байдал гэмшиж байгаа байдал бага насны хүүхэдтэй байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг харахад торгуулийн ял тохиромжтой байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450,000 төгрөгөөр торгох, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 2,700,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, нэмж нэгтгэх нь хууль зүйн үндэслэлтэй тул нийт 3,150,000 төгрөгөөр торгож уг торгуулийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулах саналыг тохиролцож ирсэн тул өмгөөлөгчийн зүгээс санал нэг байна...” гэжээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** овогт С.А нь 2025 оны 04 дүгээр сарын 01- ний өдрөөс 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн **** сумын нутаг дэвсгэрт хохирогч Ү.Г-г "өөрийн нөхөр Т.Б-тай дотно харилцаатай боллоо" гэх шалтгаанаар зодож баруун, зүүн шилбэ, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн хацар, хүзүү, баруун, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт, баруун чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, хамрын ясанд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2025 оны 04 дүгээр сарын 02- ны өдөр хохирогч Ү. Г-н Хаан банкны 5******9 тоот данс бүхий интернэт банк руу эзэмшигчийн зөвшөөрөлгүй нэвтэрч бүртгэл, мэдээллийн системд хууль бусаар халдсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хохирогчийн ээж П.Ц-н гараар бичсэн өргөдөл /хх-ийн 03-р хуудас/, хохирогч Ү.Г-н мэдүүлэг /хх-ийн 06-10-р хуудас/, хохирогч Ү.Г нь эрүүл мэндийн даатгалын сангаас 164,430 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тухай тодорхойлолт /хх-ийн 12-р хуудас/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, гэрч П.Ц-н мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч Т.Б-н мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, насанд хүрээгүй гэрч С.Н-н мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, насанд хүрээгүй гэрч У.Э-н мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/, шинжээч Д.Д-н мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, Сэлэнгэ аймгийн шүүх шижилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-38-р хуудас/, “Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” хөрөнгийн үнэлгээний компанийн 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №ТХҮ-925-911973 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Самсунг А14 загварын гар утас 310,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 44-46-р хуудас/, 94***** дугаарын гадагш гарсан яриа болон мессэжний жагсаалт /хх-ийн 50-62-р хуудас/, хохирогчийн Хаан банкны данс руу нэвтэрсэн IP хаягийн тухай ирүүлсэн мэдээлэл /хх-ийн 64-67-р хуудас/, хохирогч Ү.Г-н Хаан банкны дансны хуулга /хх-ийн 71-р хуудас/, Хохирогч Ү.Г-д хохирол төлсөн баримтын хуулбар /хх-ийн 74-р хуудас/, хохирогчийн дансанд халдаж 300,00 төгрөгийг авсныг буцаан өгсөн дансны хуулга /хх-ийн 76-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95-р хуудас/, шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 96-р хуудас/, шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 97-р хуудас/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98-р хуудас/, шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тдорхойлолт /хх-ийн 99-р хуудас/, шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 100-р хуудас/, шүүгдэгчийн захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-р хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101-р хуудас/ зэрэг болно.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар гэм бурууг нь хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн цалин, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож торгох ял оногдуулах, уг ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Ү.Г нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлбөрт 2,000,000 төгрөг нөхөн төлсөн /хх-ийн 74 дүгээр тал/, хохирогч Ү.Г нь эрүүл мэндийн даатгалын сангаас 164,430 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг шүүгдэгч С.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эрүүл мэндийн даатгалын санд 164,430 төгрөгийг нөхөн төлсөн /хх-ийн 141 дүгээр тал/ болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт С.А-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт С.А-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял,   

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял,   

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 6.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ