| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/118 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/118
2025 05 06 2025/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Б.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э,
Шүүгдэгч Ц.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Ц.С-д холбогдох эрүүгийн ......... тоот хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны 01 сарын 03-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, А аймгийн Ө сумын Б баг, С гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ө овогт Ц.С, /РД:........./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Сийг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Б.Т яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э “...гэм буруу дээр маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно...” гэсэн,
Шүүгдэгч Ц.С гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- А аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газарт Байгал орчны мэргэжилтэн ажилтай Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие А аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн У , Г , З гэх газруудад болон А багийн нутагт хяналт шалгалтаар ажилласан юм. Ажиллаж байх хугацаанд өчигдөр буюу 2025 оны 02 сарын 19-ний өдөр Баянгол багийн Замбал гэх газар 21 ширхэг шинэс төрлийн мод бэлтгэж орхисон байсан бөгөөд тухайн газрын ойр орчимд 5 ширхэг шинэ тайралттай хожуул модноос тухайн 21 ширхэг шинэс төрлийн модыг бэлтгэсэн ул мөр байсан учир эзэн холбогдогчийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. ...Иргэн Ц.С нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-н 31-33 хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч М.Д-ийн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “...Би уг хэрэгт ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр сумыг төлөөлж байна. Байгал орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн ...... тоот дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлтгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
- Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-нд А аймгийн Ө сумын төв орж Эмнэлэгт үзүүлэх гэж яваад 2025 оны 02 дугаар сарын 12-нд гэртээ ирэхэд манай нөхөр Ц.С галын түлээний мод бэлдсэн гэж ярьж байсан. Яг ямар төрлийн, ямар хэмжээтэй мод бэлтгэсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 40-41 хуудас/,
- Яллагдагч Ц.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-н 64-65 хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 2-7 хуудас/,
- Хууль бусаар бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-13 хуудас/,
- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 02 сарын 26-ний өдрийн АРХ0325/111 дугаартай "... 1. ...Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 11.4% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. ... 3. Шинжлэгдэж буй мод нь 2,653м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 524,147 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-н 41-47 хуудас/,
- Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-н 52-53 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг болон Ц.Сийн гэрчээр өгсөн мэдүүлэг, модны үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагчид яллах дүгнэлт танилцуулсан баримт, хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ц.С нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Ц.С нь ганцаараа, цахилгаан хөрөө ашиглаж, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, А аймгийн Ө сумын Б баг, З гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг босоо, шинэс төрлийн мод хөрөөдөж, тэдгээр моднуудаа 2.80м урттайгаар хэсэгчлэн тайрч, нийт 21 ширхэг шургааг болгон бэлгэж, ердийн хөсөг буюу үхэр тэргээр тээвэрлэсэн үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Ц.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
А аймгийн Ө сумын Засаг даргын тамгын газарт Байгал орчны мэргэжилтэн ажилтай Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ажиллаж байх хугацаанд өчигдөр буюу 2025 оны 02 сарын 19-ний өдөр Б багийн З гэх газар 21 ширхэг шинэс төрлийн мод бэлтгэж орхисон байсан бөгөөд тухайн газрын ойр орчимд 5 ширхэг шинэ тайралттай хожуул модноос тухайн 21 ширхэг шинэс төрлийн модыг бэлтгэсэн ул мөр байсан учир эзэн холбогдогчийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. ...Иргэн Ц.С нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй...” гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч М.Д-ийн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “...Би уг хэрэгт ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр сумыг төлөөлж байна. Байгал орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн ............. тоот дансанд тушааж хохирол бараг барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 09-нд А аймгийн Ө сумын төв орж Э үзүүлэх гэж яваад 2025 оны 02 дугаар сарын 12-нд гэртээ ирэхэд манай нөхөр Ц.С галын түлээний мод бэлдсэн гэж ярьж байсан. Яг ямар төрлийн, ямар хэмжээтэй мод бэлтгэсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хууль бусаар бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 02 сарын 26-ний өдрийн АРХ0325/111 дугаартай "... 1. ...Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 11.4% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. ... 3. Шинжлэгдэж буй мод нь 2,653м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 524,147 төгрөг байна.” гэх дүгнэлт, Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Ойн тухай хуулийн
35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,
35.4.2 зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,
35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчлан заасан байна.
Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэдэгт гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй, олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хүрээлэн буй орчноос салган авч мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл, хөсөг ашиглан зөөж ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхад хохирол учруулсан төлөв байдлыг доройтуулсан хувь хүний хийсэн аливаа сөрөг үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.С нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, хууль бусаар ойгоос ургаа мод тайрч бэлтгэж, тээвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.С-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул шүүгдэгч Ц.С-ийг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.С-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчлан заасан байна.
Иймд шүүгдэгч Ц.С нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Ц.Сийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 524,147 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор /524,147*3=1,572,441 /нэг сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1,572,441 /нэг сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас завсарлага авсан боловч хохирол төлөөгүй байх тул түүнээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Тулга “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сар хэсэгчлэн төлүүлэх” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э... нь “450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Ц.С нь “торгож өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,
шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүхээс шүүгдэгч Ц.Сийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.
Шүүгдэгч Ц.С-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 800,000 төгрөгийн үнэлгээ бүхий сарлагийн хязаалан эр үхэр, 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий модон тэрэг, 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 2,653 шоо метр 227,300 төгрөгийн үнэлгээ бүхий шинэс төрлийн мод зэргийг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учирсан 1,572,411 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ийг 600 /зургаан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.С-д шүүхээс оногдуулсан 600 /зураан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.С-ээс 1,572,441 /нэг сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун дөчин нэг/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.С-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 800,000 төгрөгийн үнэлгээ бүхий сарлагийн хязаалан эр үхэр, 70,000 төгрөгийн үнэлгээ бүхий модон тэрэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 2,653 шоо метр 227,300 төгрөгийн үнэлгээ бүхий шинэс төрлийн мод зэргийг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд учирсан 1,572,411 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.
6. Шүүгдэгч Ц.С нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР