| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/136 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/136
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт А.Э-т холбогдох эрүүгийн 2531*********6 дугаартай, 316/2025/******/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "******" гоо сайхны бараа бүтээгдэхүүний худалдааны газарт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Сэлэнгэ аймгийн **************** тоотод оршин суух бүртгэлтэй хаягтай, одоо Улаанбаатар хот ***************** тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******** ургийн овгийн А.Э. регистрийн дугаар: ***********
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч А.Э нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг 40 минутын орчимд Сэлэнгэ аймгийн ****** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай Тоёота приүс маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авах үедээ иргэн Д.С-н гээгдэл эд хөрөнгө болох playstation-4 видео тоглоом, А-920 загварын пос машин, air pod pro загварын чихэвч зэргийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 790,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э-н өгсөн тайлбартаа: “...Би гаргасан алдаандаа чин сэтгэлээсээ харамсаж байна. Би Улаанбаатар хотод ажил хийдэг, хөдөө эмээ маань өвчтэй амьдардаг би ажил хийж эм тариаг нь даадаг. Би тухайн өдөр нойрмог байсан тул анзаараагүй цүнхийг нь авч буусан. Тэгээд мөнгөний хэрэг гарсан тул фэйсбүүкт playstation-4 видео тоглоом зарна гэх зарыг байршуулж найзаараа өгч явуулаад зарсан. Хохирол төлбөрийг биет байдлаар буцааж төлсөн..” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг тухайн эд хөрөнгөд хийсэн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна гэж үзээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч нь биет байдлаар төлж барагдуулсан. Хохирогч нь хохирол төлбөр барагдсан гэх хүсэлт зэргээр тогтоогдож байна гэж үзээд шүүгдэгч А.Э-г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч А.Э-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг төлж барагдуулсан нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзээд 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Улаанбаатар хотод ажилладаг тодорхой хэмжээний цалин хөлс орлоготой болох нь тогтоогдсон байх тул торгуулийн ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэн авах саналтай байна...” гэжээ.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч А.Э нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг 40 минутын орчимд Сэлэнгэ аймгийн ****** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай Тоёота приүс маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авах үедээ иргэн Д.С-н гээгдэл эд хөрөнгө болох playstation-4 видео тоглоом, А-920 загварын пос машин, air pod pro загварын чихэвч зэргийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 790,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Д.С-н 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн найз охин М болон өөрийн найз М нарын хамт Сэлэнгэ аймаг явахаар болсон. Тэгээд манай хуурай ах Тэмүүлэн Шарын гол явах гэж байна гэж хэлэхээр нь бид гурав замд нь дайгдъя гэж бодоод хамт машинтай нь явцгаасан. Тэгээд бид 3 шинэ 00 цагийн үед Дархан дээр буугаад шууд вокзал руу яваад Сэлэнгэ явах вагон харсан чинь шөнийн 03 цагт ирнэ гэж байхаар нь вокзал дотор хүлээж байсан. Тэгээд вагон ирээд суугаад Сэлэнгэ рүү явсан. Өглөө үүрээр 05 цаг 30 минутад Сэлэнгэд ирээд бид 3 вагоноос буугаад таксинд суух гээд урагшаа зогсоол руу гарсан чинь нэг ах ..."хаашаа явах юм бэ?"... гэж асуусан тэгэхээр нь би ... "Олон улсын худалдааны төвийн тийшээ явна гэхдээ надад бэлэн мөнгө байдаггүй замаараа АТМ ороод аваад өгч болох уу?"... гэж асуухад болно суучих гээд хэлсэн. Тэгээд би найз охин М болон М бид 3 машины арын суудал дээр үүрч явсан 2 цүнхний нэгийг М-н ард талд тавиад харин нөгөө цүнхийг нь М урдаа барьчихсан байсан. Мөн машин дотор жолоочоос гадна 2 хүн суусан байсан. Гэхдээ урд талын суудал дээр хүн суугаагүй байсан. Харин ард суудал дээр нэг залуу дүүгээ өвөр дээрээ суулгасан байсан. Тэгээд бид 3 очих газрын хаягаа яаг сайн мэдэхгүй зүг чиг л мэдэж байсан болохоор тайлбарлаад яваад байсан. Тэгээд нөгөө айлаа олохгүй хайгаад яваад байсан чинь Таксины ах одоо болж байгаа юм уу гээд байн байн асуугаад буухаар нь за ахаа энд буулгачих гээд нэг газар зогсоод мөнгөө яах билээ гээд асуусан чинь шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би анх суухдаа танд АТМ орно шүү ахаа гэж хэлсэн шүү дээ ахаа гэсэн чинь таксины ах..."Та 3 надад шилжүүлнэ гэж хэлсэн биз дээ гэж хэлээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд бид 3 таксинаас нь буугаад зогсож тэр ахтай юм ярьж байгаад хар цүнхээ аваагүй үлдээснээ санаад хаалгыг нь онгойлгох гэтэл тэр ах хөдлөөд явчихсан. Ардаас нь зөндөө орилсон боловч зогсоогүй тэр чигтээ явчихсан. Миний үлдээсэн хар цүнхэн дотор видео тоглоом буюу Playstation 4 рго, нэмэлт 2 гар, чихэвч /Airpods/ шинээрээ байсан, мөн өмнө нь манай ээжийн хэрэглэдэг байсан пос машин гэх мэт зүйлс байсан. Пос машин нь А-920 гэдэг загварын машин байсан 760,000 төгрөгөөр үнэлж байна, видео тоглоом буюу Playstation 4 pro-r 800,000 төгрөгөөр үнэлж байна. Нэмэлт 2 гар нь нийт 500,000 төгрөгөөр үнэлж байна. Чихэвч ойролцоогоор 250,000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 2,310,000 төгрөгийн хохирол учирсан байна.Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Д.С-н 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би өөрийн эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан тул одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд манай дүү нар өөрийн эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан байгаа тул цаашид гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Гэрч Х.Р-н 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний үүрээр буюу үүрийн вагон ирэх цагаар суудал тосож таксинд явсан. Үүрийн суудал ирээд удаагүй байтал 2 ******* сум руу явар хүн байхаар нь тэр 2 хүнийг машиндаа суулгачихсан байсан. Гэтэл дахиад 3 хүн байхаар нь ******* явах замд юм байна гэж бодоод тэр 3 хүүхдийг суулгасан. Тэгээд өмнө нь суусан ******* явах хүмүүсийн гар тээшийг би өөрөө багаажиндаа хийсэн. Харин тэр 3 хүүхэд бол надаар ямар нэгэн ачаа багааж руу хийлгээгүй. Тэгээд тэр сүүлд суусан 3 хүүхэд олон улсын худалдааны төвийн тэр хавьд гэж хэлээд суусан боловч тэр 3 очих айлаа олохгүй зам хайгаад нэлээн явсан. Тэгээд хайж байгаад олохгүй шинжтэй тэр нүүрний гудам дээр тулаад зогсчих энд буучихъя гэж хэлэхээр нь би зогссон чинь тэд нар өөрсдөө буучихсан. Тэгэхээр нь би таксины мөнгөө гээд хэлсэн тэр 3 мөнгө байхгүй АТМ орох хэрэгтэй гэж хэлэхээр нь би жоохон бухимдаад тэгвэл буцаад суу би нэг эсвэл буцаагаад вокзал дээр аваачаад буулгая эсвэл нэг АТМ олоод мөнгөө өг гээд хэлсэн чинь тэр үл ойлголцоод суугаагүй. Тэгэхээр нь би хүнтэй явж байсан болохоор мөнгөө авалгүй яваад өгсөн. Харин эхлээд авсан 2 хүнээ ******* руу хүргэж өгсөн. Тэгээд л би харьж амарсан. Би тэр талаар ёстой юу ч мэдэхгүй байна. Үгүй ээ би огт танихгүй өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Гэхдээ тэр хүмүүсийг хаана буулгасан талаараа бол санаж байна. Зааж өгч чадна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч Н.И-н 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хүүгийн хамт Сүхбаатар өртөөн дээр буугаад вокзалын үүдэн хэсэгт зогсож байсан хар өнгийн приус маркийн таксинд суусан, би тухайн таксиныхаа жолоочийн хажуу талын урд талын суудалд суугаад хүү болох Д нь тухайн таксины ард суусан, удалгүй 3,4 залуучууд бас тухайн таксинд суугаад бид хөдөлсөн, би тухайн таксинд суугаад бага зэрэг нойр хүрч ерөнхийдөө унтанхай байдалтай явж байсан, хэсэг явж байгаад хойно сууж байсан 1 охин, 2 эрэгтэй нь чүдэнзний ард буусан, тэгж буухдаа таксины жолоочтой бага зэрэг маргалдаад байх шиг байсан, юунаас болж маргаасан талаар нь би мэдээгүй, хэсэг явж байгаад ******* сум руу дөхөх үед таксины жолооч ах надад болон хойно сууж явсан залууд хандаж "за та нар хаана буух вэ" гэж асуухад нь би тэр ахад "би хүүхдийнхээ хамт музейн хойд талд бууна" гэсэн, харин машины хойно сууж явсан залуу "А-д бууна" гэж хэлээд дараа нь ахин Орос А гэх айлын бууна аа гэж тодотгож хэлж байсныг санаж байна, ингээд үүний дараахан ******* суманд ирж би хүүгийнхээ хамт музейн хойд талд багажид хийсэн нэг чемодантай зүйл болон нэг үүргэвчтэй цүнхээ аваад буусан, миний дараа машины хойно үлдсэн ганц залууг хүргэх гээд такси хөдлөөд явсан, ийм л зүйл болсон. Би тэр талаар огт мэдэхгүй, би бол өөрийн авч явсан 2 ачаагаа машины хойд талд хийгээд явсан, тэгээд буухдаа жолооч ах өөрөө миний ачааг авч өгсөн. Би хаан банкны интернэт банк ашиглан өөрийн 5*******9 данснаас 12.000 төгрөгийг жолоочийн 5*********5 тоот данс руу taxi гэсэн утгатайгаар бичиж шилжүүлсэн. Надад нэмж хэлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Ц.Б 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймаг ******* сум "Бүргэдэй" 1 дүгээр баг Партизаны 4-136 тоотод амьдардаг бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос хувь хүнтэй холбогдож шинэ Notebook авсан юмаа. Тухайн өдөр манай найз А. Эрхэс *******т ирнэ гэж байсан болохоор би найздаа шинээр авсан Notebook- ээ захисан. А. Э тэр өдрийн орой нь галт тэргэнд суугаад 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө ирсэн байсан. Манай гэрт болохоор /10 цагийн орчим байсан шиг санагдаж байна/ орж ирж миний шинээр авсан Notebook-ийг үлдээгээд явсан. Тэр өдрөө би А.Э-тэй ярилцаж байгаад хамт Улаанбаатар хот руу явахаар тохирсон ба тэр оройдоо галт тэргээр Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод галт тэрэгнээс өглөө 05 цагийн орчим буугаад манай найз А.Э-н ээжийн гэрт очоод авч явсан эд зүйлээ үлдээгээд бид 2 жаахан амарч байгаад гарч тусдаа амьдрах байр хайсан. А.Э "Хорооллын эцэст нэг байр байна. Би очиж үзчихээд ирье” гэж хэлээд гарсан. Удалгүй А.Э над руу залгаад "наана чинь хар цүнхтэй авч ирсэн юм байгаа. Тэрийг "Бичлийн гүүр"-ний орчим нэг хүнд аваачаад өгчих. Өгсөн мөнгийг нь над руу явуулчих" гэж хэлсэн. Үүний дагуу би тухайн цүнхтэй зүйлийг авч гараад хэлсэн хүнд нь өгсөн. Тэр хүн хар цүнхтэй юмаа аваад миний "Хаан" банкны 5******8 данс руу 270.000 "худалдан авалт" гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Би тухайн мөнгийг шууд л А.Э-н 5********4 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Гэрч Б.Д-н 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэртээ амарч байх үедээ гар утсаараа playstation-4 загварын видео тоглоом зарна гэсэн зарын дагуу холбогдож хар өнгийн цүнхтэй playstation-4 загварын видео тоглоом болон 2 ширхэг тоглоомын гарыг үл таних залуутай тохиролцон худалдан авалт хийсэн. Би надад playstation зарсан хүнийг танихгүй, *******1 гэсэн дугаартай холбогдож 270.000 төгрөгөөр playstation-4 загварын видео тоглоомыг 2 ширхэг гарын хамт худалдан авалт хийсэн. Би өөрийн хаан банкны 5*******8 гэсэн данснаас хаан банкны 5******4 гэсэн данс руу 270.000 төгрөгийг шилжүүлсэн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан /хх-ийн 08-р хуудас/,
Гээгдэл эд хөрөнгийг тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн хэрэг учралын өдөр хаанаас хаа хүртэл ямар зорчигч тээвэрлэж явсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-р хуудас/,
Гэрч Ц.Б эзэмшлийн 5******8 дугаартай Хаан банкны дансны хуулга /хх-ийн 14-16-р хуудас/,
Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ТХҮ-925-912109 дугаартай: “...Playstation-4 хоёр ширхэг гартай видео тоглоом 1 ширхэг нь 550,000 төгрөг, А-920 загварын пос машин 1 ширхэг нь 200,000 төгрөг, Air pod /БНХАУ/-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг 40,000 төгрөг нийт 790,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-44-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй талаарх лавлагаа /хх-ийн 57-р хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 58-р хуудас/ зэрэг болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Завших гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу бусдын эд хөрөнгийг завшсан идэвхтэй үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч А.Э нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг 40 минутын орчимд Сэлэнгэ аймгийн ********* сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авах үедээ иргэн Д.С-н гээгдэл эд хөрөнгө болох playstation-4 видео тоглоом, А-920 загварын пос машин, air pod pro загварын чихэвч зэргийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч, улмаар фэйсбүүкт playstation-4 видео тоглоом зарна гэх зарыг байршуулж худалдан борлуулж 790,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.С-т 790,000 төгрөгийн хохирол учруулсан ба завшсан эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч А.Э-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Эщ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар буцааж өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, тайлбараар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн... гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Шүүгдэгч А.Эщ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нь шүүгдэгч А.Э-н хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Шүүгдэгч А.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ