| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00391/И |
| Дугаар | 148/ШШ2017/00464 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 148/ШШ2017/00464
| 2017 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 148/ШШ2017/00463 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Туул 89-62 тоотод оршин суух, эмэгтэй, 34 настай, одоо МТ Дархан ХХК-нд хуулийн асуудал хариуцсан менежер ажилтай ******* овогт *******ийн ******* /СЮ-83020801/ / МТ ХХК-ний/ нэхэмжлэлтэй:
Хариуцагч: Улаанбаатар Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 бичил хороолол Хасбаатар гудамж 6а-16 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* 52 тоотод оршин суух, эрэгтэй, 62 настай, өндөр насны тэтгэвэрт гэх ******* овогт *******ийн *******ад /ЧА-54122014ХХХХ / холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрийн үлдэгдэл 64.186.050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн С.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 01/17 тоот Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 01/17 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан. Энэхүү гэрээний 5.2.2-т Гэрээт ШТС нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана гэж заасан бөгөөд бидний зүгээс шатахууныг цаг, хугацаанд нь нийлүүлж хамтран ажилласан. С.******* нь МТ ДарханХХК-иас худалдан авсан шатахууны төлбөр болох 42.790.700 төгрөгийг бүрэн төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулахгүй хүндрэл учруулж байна.
Манай компани нь төлбөр барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдсэн боловч одоог хүртэл төлбөрөө хийгээгүй болно. Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээний 5.2.2, 5.2.3-т зааснаар хугацаанд нь төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний төлбөрийн алданги тооцоход /2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл/ нийт 142 хоног 30.381.397 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцүүлэн 21.395.350 төгрөгөөр тооцож нийт 64.186.050 төгрөгийг иргэн С.*******аас гаргуулан өгч нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж, гэрээг цуцлан, алдангийн хувьд шүүхийн шийдвэрийг харгалзан үзнэ. Нэгэнт гэрээнд заагдсан төлбөрийн үлдэгдлийг бүрэн хэмжээгээр нэхэмжилсэн учраас 01/17, 02/17 тоот гэрээнүүдийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм гэх.
Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг 2017 оны 09 дүгээр сард багтаан төлнө. Алдангийн хувьд дааж давшгүй тоо бичсэн байна. Нэгэнт хүний юмыг авсан болохоор төлбөрийг төлж барагдуулна гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МТ Дархан ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сумын Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* 52 тоотод оршин суух иргэн С.*******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: ...С.******* нь МТ Дархан ХХК-иас худалдан авсан шатахууны төлбөр болох 42.790.700 төгрөгийг бүрэн төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулахгүй хүндрэл учруулж байна...Гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээний 5.2.2, 5.2.3-т зааснаар хугацаанд нь төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний төлбөрийн алданги тооцоход /2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл/ нийт 142 хоног 30.381.397 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцүүлэн 21.395.350 төгрөгөөр тооцож нийт 64.186.050 төгрөгийг иргэн С.*******аас гаргуулан өгч нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж, гэрээг цуцалж, алдангийн хувьд шүүхийн шийдвэрийг харгалзан үзнэ... гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь:
Зохигчдын хооронд хийгдсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №01/17 дугаартай Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ-г 2 жилийн хугацаатай мөн өдрийн 02/17 дугаартай Барьцааны гэрээ-нд заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээий хэмжээг үндэслэн зээл олгож, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор хийн Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1-д заасан харилцаа үүссэн байна.
Иргэн С.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр №01/17 дугаартай Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ, мөн өдрийн 02/17 дугаартай Барьцааны гэрээ-нд заасан шатахуун зээлээр худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 42.790.700 төгрөг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа-аар /2 хуудас/, Өглөг, авлагын дэлгэрэнгйү тайлан /4 хуудас/, С.*******ын Өр төлбөрөө барагдуулах талаар МТ Дархан ХХК-нд гаргасан хүсэлт /1хуудас/ зэргээр нотлогдож байгаа нь гэрээний үүргийн биелэлтийг зөрчсөн гэж үзнэ. Зохигчдын хооронд хийгдсэн гэрээнд заагдсан шатахуун зээлээр худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 42.790.700 төгрөгний хугацаа хэтрүүлсний алданги 21.395.350 төгрөг нийт 64.186.050 төгрөг нэхэмжилснээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсний алданги 21.395.350 төгрөгний 30 хувь буюу 6.418.050 төгрөг нийт 49.209.305 төгрөг гаргуулан МТ Дархан ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иймд зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ мөн өдрийн 02/17 дугаартай Барьцааны гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул дээрх гэрээг тус тус цуцалж, С.*******аас шатахуун зээлээр худалдан авсан үлдэгдэлийн төлбөр 42.790.700 төгрөг түүний хугацаа хэтэрсэн алданги 6.418.050 төгрөг нийт 49.209.305 төгрөгийг гаргуулан МТ Дархан ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14.976.745 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 478.880 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49.209.305 төгрөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 403.997 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зохигчдын хооронд хийгдсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/17 дугаартай Гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ мөн өдрийн 02/17 дугаартай Барьцааны гэрээ-г тус тус цуцалсугай.
2.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* 52 тоотод оршин суух иргэн С.*******аас нийт 49.209.305 төгрөг гаргуулан МТ Дархан ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.976.745 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 478.880 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 403.997 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА