2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1490

 

 

 

 

 

 

 

    2025       06          03                                   2025/ШЦТ/1490

 

   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч М.Түмэннаст, шүүгч Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Б.Бат-Од,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Э.Баасанжаргал,

шинжээч Т.Номинцэцэг,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,

шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Х.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М, Э.Э нарт холбогдох эрүүгийн “**” дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. П.М

Монгол Улсын иргэн,

  1. Э.Э

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, ** тоотод амь хохирогч Э-ны нүүр рүү нь олон удаа цохиж “тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, зүүн чамархай, дагзны суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, ховдлын цус харвалт, бага тархины орой суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг П.М-тай бүлэглэн учруулсан, цээж хэсэгт нь дэвсэх, өвдөглөх зэргээр амь хохирогчийн биед нь халдаж хоёр талын 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, ир, ирмэгтэй зүйл болох сүхээр эрүүний доод хэсэгт нь цохиж оочны доорх шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг дангаар учруулсан буюу хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч П.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө * дүүргийн * дугаар хороо, * тоотод амь хохирогч Г.Э-ыг боож унагаан, үснээс нь зулгааж нүүрээр нь шал мөргүүлж “тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, зүүн чамархай, дагзны суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, ховдлын цус харвалт, бага тархины орой суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг Э.Э-тай бүлэглэн учруулж, хүнийг алах гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                     

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 02 дүгээр сарын 19-ний өдрийн * дугаартай яллах дүгнэлт, хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтайгаар, шүүгдэгч П.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Х.Мөнгөндавалгаа нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, ****** тоотод амь хохирогч Э-ны нүүр рүү нь олон удаа цохиж “тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, зүүн чамархай, дагзны суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, ховдлын цус харвалт, бага тархины орой суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг П.М-тай бүлэглэн учруулсан, цээж хэсэгт нь дэвсэх, өвдөглөх зэргээр амь хохирогчийн биед нь халдаж хоёр талын 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, ир, ирмэгтэй зүйл болох сүхээр эрүүний доод хэсэгт нь цохиж оочны доорх шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг дангаар учруулсан буюу хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч П.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн *дугаар хороо, * дугаар гудамжны задгай тоотод амь хохирогч Г.Э-ныг боож унагаан, үснээс нь зулгааж нүүрээр нь шал мөргүүлж “тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, зүүн чамархай, дагзны суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, ховдлын цус харвалт, бага тархины орой суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг Э.Э-тай бүлэглэн учруулж, хүнийг алсан үйл баримт тогтоогдож байна.

 Энэ нь  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8-16 дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би талийгаач Г.Э-ны төрсөн дүү байгаа юм. Би талийгаач ах Э-тай 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзсан. Хамгийн сүүлд уулзахад Төв аймгийн Жаргалант сум руу ажилдаа явах гэж байсан. Манай талийгаач ах Э нь 2011 онд гэр бүлээсээ салаад Улаанбаатар хотод орж ирсэн. Гэр бүлээсээ салснаас хойш сэтгэл санаагаар унаад архи ууж эхэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Чингэлтэй дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 67-72 дугаар тал/,

Чингэлтэй дүүргийн *дүгээр хороо ** тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг “**” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 73-83 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын НШШГ-ын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын шинжилгээний лабораторийн эрхлэгч, шинжээч Б.З-гийн “Хэргийн газрын үзлэгээр хураан авсан бор саарал өнгийн энгэр хэсэгтээ “**” гэсэн бичиглэлтэй босоо захтай зүүн талын энгэрийн доод хэсэгт шингэн зүйлээр бохирлогдсон куртик 1 ширхэг, улбар шар өнгийн нимгэн даавуун өмд 1 ширхэг, цагаан өнгийн гадартай цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон голоороо бор өнгийн оруулгатай цайвар шаргал өнгийн тээврийн хэрэгслийн суудлын бүрээс 1 ширхэг зэрэгт биологийн болон мөр судлалын шинжилгээ” хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 130-132 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын НШШГ-ын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын шинжилгээний ахлах шинжээч Б.Г-ын “Э.Э-ын хэрэг гарсан гэх цаг хугацаанд өмсөж байсан хувцсанд биологийн болон мөр судлалын шинжилгээ хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 139-142 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын НШШГ-ын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын   шинжилгээний ахлах шинжээч Э.М-ийн “П.М-ын хэрэг гарсан гэх цаг хугацаанд өмсөж байсан хувцсанд биологийн болон мөр судлалын шинжилгээ” хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 144-150 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын НШШГ-ын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын шинжилгээний ахлах шинжээч Э.М-ийн “Цогцосны үзлэгээр хураан авсан амь хохирогч Г.Э-ны өмсөж байсан хувцсанд биологийн болон мөр судлалын шинжилгээ” хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн цамцанд үүссэн 90*30мм, 108*70мм хэмжээсүүдтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. Бусад хувцас гэмтэлгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 152-159 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “...П.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх * дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дүгээр тал/,

Хууль зүйн туслалцааны төвийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний */*дугаартай “...Э.Э-ын амьжиргааны түвшин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/97 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 401.2 босго онооноос өндөр байх тул улсын өмгөөлөгч томилон ажиллуулах боломжгүй байна...” гэх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дугаар тал/,

Гэрч Э.Б* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би тэр өдөр 2024 оны 10 дугаар сарын сүүлчээр одоо он сарыг нь сайн мэдэхгүй байна. Өглөөний 09 цагийн үед манай талийгаач ах Г.Э* нь 7 буудал дээр явж байгаад надтай тааралдаж байсан. Тэгээд талийгаач ах маань өөрөөсөө гадна бас хоёр залуутай явж байсан. Тэгээд надтай мэндлээд бид 2 уулзаж байгаад 1 шил архи бүгдээрээ хувааж ууж байсан юм. Ахтай цуг явж байсан хоёр залуугийн намхан шар царайтай залуу нь дэлгүүрээс нэг шилтэй 0,75 литрийн хэмжээтэй архи авч ирж байсан. Тэрнийгээ хажуухан талын нэг худгийн араар орж зогсож байгаад уучихаад салаад явж байсан юм. Бид нар тэр өдөр нэг их удаагүй 1 шил архиа олуулаа байсан тул 1 удаа тойруулаад нэг, нэг хийж уугаад 5, 10 минутаас хэтрээгүй тэгээд салаад явцгаасан юм. Нүүр, ам нь ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. Намайг нэг харж байхад баруун хацар орчимд нь бага зэрэг халцарсан шархтай, тэр нь эдгэрч байсан. Тав тогтоод хуурч унаж байсан гэх маягтай харагдаж байсан. Тэгээд би ахаас “Хацраа яасан юм бэ?” Гэж асууж байсан чинь ах “Яагаачгүй” гэж хэлж байсан. Өөр бусад ямар нэгэн гэмтэл шархгүй зүгээр л явж байсан юм. Би тэр өдөр талийгаач ахтай цуг явж байсан гэх хоёр залууг одоо харвал танина. Энэ иргэний үнэмлэхний зурагтай лавлагаан дээр байгаа Э* овогтой Э* гэдэг бор царайтай өндөр залуу нь мөн байна. Харин нөгөөх нь бас л энэ хэрэгт байгаа иргэний үнэмлэхний зурагтай лавлагаан дээр байгаа зураг нь мөн байна. П* овогтой М* гэдэг хүн байна. Энэ хүн нь намхан шар царайтай шаамийдуу хөгшин царайтай, 50 орчим насны хүн байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дүгээр тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт” /1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дугаар тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт” /1 дүгээр хавтаст хэргийн 206-208 дугаар тал/,            ,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “...           1.Амь хохирогч Г.Э*-н цогцост тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, зүүн чамархай, дагзны суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, ховдлын цус харвалт, бага тархины орой суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын 6, 7-р хавирганы хугарал, хоёр чамархайн булчин болон хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, хоёр нүдний зовхи, зүүн чихний дэлбээ, хэл, доод уруулын дотор салст, баруун хацар эрүүнд цус хуралт, оочны доорх шарх, хамар, хүзүү, баруун өвдөгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 48 цагийн доторх хугацаанд учирсан байх боломжтой. З. Дээрх тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, зүүн чамархай, дагзны суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт; ховдлын цус харвалт, бага тархины орой суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь хохирлын хүнд зэрэг, хоёр талын 6, 7-р хавирганы хугарал гэмтэл нь хохирлын хүндэвтэр зэрэг, хоёр чамархайн булчин болон хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, хоёр нүдний зовхи, зүүн чихний дэлбээ, хэл, доод уруулын дотор салст, баруун хацар эрүүнд цус хуралт, оочны доорх шарх гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хамар, хүзүү, баруун өвдөгний зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоогдохгүй. 4. ҮХЭЛД хүргэсэн өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогчийн биед эсэргүүцсэн тэмцэлдсэн гэх шинж тогтоогдсонгүй. 6. Тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, зүүн чамархай, дагзны суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвал, ховдлын цус харвалт, бага тархины орой суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх зогсож нас баржээ. 7. Цогцсыг зөөвөрлөсөн гэх шинж илрээгүй. 8. Дээрх толгойн гэмтлийг аваад тархи шаантаглах хүртэл идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 9. Амь хохирогч нь 0/1/ бүлгийн цустай байна. 10. Ходоодонд 80мл орчим бор ногоон өнгийн шингэн агууламж тодорхойлогдлоо. 11. Амь хохирогчид спирт, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 12. 2024.10.31-ний 10 цаг 17 минутын байдлаар нас бараад 5-7 цаг орчим болсон байна. 13. Амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу авсан бол амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй...” гэх 3672 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 211-221 дүгээр тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 244-248 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн Э.Э* гэж хаягласан 10 хурууны хумс болон 2 гарын арчдас нь шинжилгээнд тэнцэнэ. Зүүн гарын арчдас болон баруун гарын арчдас дээрээс цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Зүүн гарын арчдас дээрээс илэрсэн цуснаас хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Г.Э* болон П.М* нарын ДНХ-ийн тогтоцтой тохирно..." гэх * дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 9-16 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “... 1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн дэр, шаргал өнгийн суудлын бүрээс, улбар шар өнгийн өмд, ногоон өнгийн куртка, “RELX” гэх бичиглэлтэй электрон тамхи, “RELX” гэх бичиглэлтэй тос зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Цагаан өнгийн дэр, шаргал өнгийн суудлын бүрээс, улбар шар өнгийн өмд. ногоон өнгийн куртка дээрээс цус илэрсэн. Ногоон өнгийн куртка болон “RELX” гэх бичиглэлтэй электрон тамхи дээрээс шүлс илэрсэн. З. Цагаан өнгийн дэр, шаргал өнгийн суудлын бүрээс, улбар шар өнгийн өмд дээрээс илэрсэн цус, “RELX” гэх бичиглэлтэй электрон тамхи дээрээс илэрсэн шүлс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. 4. Ногоон өнгийн куртка дээрээс илэрсэн цус, шаргал өнгийн суудлын бүрээс дээрээс илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ- ийн тогтоц илэрсэн нь Г.Э-ны ДНХ-ийн тогтоцтой тохирно. 5. Ногоон өнгийн куртка дээрээс илэрсэн шүлснээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Э.Э-ын ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх *дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 17-26 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн П.М* гэж хаягласан 10 хурууны хумс болон 2 гарын арчдас нь шинжилгээнд тэнцэнэ. Зүүн гарын арчдас дээрээс цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Уг илэрсэн цуснаас хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Г.Э болон П.М* нарын ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх *дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 27-34 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртик, хар өнгийн цамц, цайвар цэнхэр өнгийн шоотой цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хар өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд дээрээс цус илэрсэн. Хар өнгийн цамц дээрээс шүлс илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. З. Хар өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд дээрээс илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Г.Э-ны ДНХ-ийн тогтоцтой тохирно. 4. Хар өнгийн цамц дээрээс илэрсэн шүлснээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Э.Э-ын ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх * дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 42-49 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн өмд, цайвар саарал ангийн цамц, улаан куртик зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Улбар шар өнгийн өмд, улаан куртик дээрээс цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. З.Улбар шар өнгийн өмд болон улаан өнгийн куртик дээрээс илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Г.Э-ны ДНХ-ын тогтоцтой тохирно....” гэх *дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 50-57 дугаар тал/,

Гэрч Б.Д* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2024 оны 09 дүгээр сарын үеэр Г.Э* нь манай Хайлаастын гэр болох Чингэлтэй дүүргийн *дугаар хорооны * тоотод ганцаараа ирээд бас л архи дарс уугаад хонож байсан юм. Би тэр үедээ гэртээ ганцаараа амьдарч байсан юм. Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны үеэр гэрээсээ гараад явчихсан юм. Тэгээд намайг гэрээсээ гараад явах үед Э*, П* /*/ нар нь манай гэрт ирж байсан. Тэгээд бид нар тэр хоёрын гаднаас авч ирж байсан архийг нь хувааж ууж байгаад би гэрээсээ гараад яваад өгчихсөн юм. Яагаад гэрээсээ гараад өгөх болсон юм бэ? гэвэл тэр 2 бас л архи уухаараа агсам тавьдаг, намайг дээрэлхээд байдаг тул би гэрээсээ гараад яваад өгчихсөн юм. Тэгээд урд өдөр нь Э.Э* нь надад агсам тавиад намайг зодож байсан юм. Миний зүүн талын чихний орчим гараараа 2-3 удаа алгадаж байсан одоо миний чих өвдөөд байдаг юм. Тэгээд орон дээр хэвтэж байхад миний хөнжлийг яраад дээрээс миний 2 хавирга руу гараараа ээлжлээд цохиод байсан юм. Тэгээд бас намайг тэр өдөртөө хажуу тийш нь эргүүлж харуулж байгаад гараа зангидаж миний бөгс рүү ахар сүүл хэсэгт 2 удаа хүчтэй цохиж байсан юм. Тэгээд би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээд ганц нэг гараараа түлхэж аажуухан цохьсон боловч Э.Э-ыг дийлэхгүй байсан юм. Тэгтэл “Чи өөдөөс эсэргүүцэл үзүүллээ” гэх шалтгаанаар намайг зодож байсан юм. П.М-ын хувьд тэр өдөр бас л намайг Э.Э-тай нийлж зодож байсан. Миний баруун шанаа хэсэгт гараараа 1 удаа цохиж авч байсан. Тэр нь бас л хоёр биенийгээ хараад онгирч хөөрч байсан. Тэгээд намайг дээрэлхээд байхаар нь би гэрээсээ гараад “Тамхи аваад ирье” гэж тэр хоёрт хэлээд алга болсон юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 74-77 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц-аас гаргаж өгсөн оршуулгын зардлын баримт /2 дугаар хавтаст хэргийн 78-85 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/,

Амь хохирогчийн “Хаан банк”-аас бэлэн мөнгө авсан гэх үеийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 92-97 дугаар тал/,

Шүүгдэгч П.М* мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр өгсөн: “...Ямар ч байсан Э* ахтай муудалцаж байсан, түүнийг зодож байсан. Нүүр, ам, гар, хөл рүү нь гараараа цохиж авсан. Ямар нэг эд зүйл, зэвсгийн чанартай зүйлээр Э* ахыг зодсон зүйл байхгүй. Ямар ч байсан гараараа цохиж авч байсан. Би түүнийг боож унагаагаад нүүрээр нь доош нь харуулаад шал мөргүүлж байсан юм. Тэгсэн чинь Э* намайг “Боль” гэж хэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э* нь Э* ахыг зодож байсан. Яагаад гэвэл түүнийг хурхираад байхаар нь “Дуугүй унтаач, хүн унтуулж амраахгүй байх юм” гэж хэлээд уурлаад байсан. Тэгээд түүний нүүрэн тус газарт нь гараараа нэлээн олон удаа цохиж байсан. Тэгээд 2 нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд бас шанаа хэсэг рүү нь гараараа ээлжлээд цохиод байсан тул би түүнийг салгаж аваад газраар Э* ахтай хамт унтаж байсан. Тэгээд өглөө 2024 оны 10 дугаар сарын 30-ны өглөө босож байхад Э* ахын 2 нүд нь хөхөрчихсөн байсан. Нэг ёсондоо бид хоёулаа Э* ахыг зодож гар хүрсэн. Миний хэлсэн зүйлүүд бүгд үнэн, миний хувьд Э* ахыг зодож биед нь гэмтэл шарх учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бас Э* Э* ахыг зодож байсан. Гэрэл байхгүй харанхуй үед л дээрээс нь зодоод, цохиод байсан юм. Нэлээн олон удаа цохиж байсан. Э ах ямар нэг эсэргүүцэл үзүүлэхгүйгээр тасарчихсан унтаад байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Э* мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр өгсөн: “...Намайг нэг ухаан ороод сэрэхэд П.М* нь Э* ахын дээр гарчихсан доошоо харуулаад хэвтүүлчихсэн үснээс нь зулгаагаад нүүрээр нь шал мөргүүлээд байсан. 3-4 удаа мөргүүлж байсан. Түүнээс өмнө хэдэн удаа мөргүүлснийг мэдэхгүй байна. Миний хувьд Э* ахын нүүр рүү нь алгадаж байсан бөгөөд бусад зүйлээ санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Э* мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Яагаад гэвэл би өөрөө бүхий л болсон асуудлаа үнэн, зөвөөр мэдүүлсэн байгаа. Би талийгаачийн хувьд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохьсон. Өөр бусдыг нь П.М* зодоод нүүрээр нь газарт доош харуулаад үснээс нь зулгаагаад шал мөргүүлээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119-120 дугаар тал/,

Шинжээч эмч Т.Н* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Эрүүний доод шарх нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь бүгд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үхэлд хүргэсэн толгойн гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох) үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх үйлдлүүдийн аль алинд нь үүсгэгдэнэ /цохих, мөргүүлэх, алгадах зэрэгт/. Олон гэмтэл шархтай хэн хэн нь яаж цохиж гэмтээснийг ялгах боломжгүй юм. Хүзүүнд нь 0.4*0.6, 0.3*0.5, 0.3*0.3 см хүрэн улаан өнгийн зулгаралт гэмтэл учирсан байна. Энэ нь мохоо зүйлийн шүргэгдэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өөр гэмтэл тодорхойлогдоогүй. Өвчүүний орчимд дарах, шахах үйлчлэлээр хавирганы хугарал үүсгэгдэнэ. Дэвсэх, гишгэлж, өвдөглөх үед үүсэх боломжтой. Эрүүний доорх шарх гэмтлийг оочны доод шарх гэж хэлсэн. 2 нүдний зовхин дахь цус хуралт нь тус тусдаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тус өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Үхэлд хүргэхгүй хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Хамар, амнаас гарсан шингэн нь ходоодны шингэн гарсан байна. Чихний сувагт хатсан байгаа цус нь хамар, ам, эрүүнээс гарсан цус нь чихний сувагт, чих рүү урсаж хатсан байх боломжтой ба хоёр чихний сувагт гэмтэл тогтоогдоогүй. Дээрх тархины гэмтлүүдийн улмаас гавлын дотоод даралт ихсэж тархи чихэлдэж, уртавтар тархийг гавлын том нүх рүү дарж шахсанаас түүн байх амьсгал зүрх, судасны төв цочирч, амьсгал зүрх судас зогсоно...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 111-116 дахь тал/,

Шүүгдэгч Э.Э*шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ: “...Талийгаач 27-ны шөнө бид хоёрыг амарч байхад ирсэн. Нүүрэн дээрээ халзарсан байдалтай ирсэн байсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гэж байхад талийгаач “Банкнаас мөнгө авна” гээд ажилдаа явахгүй хамт явсан. Банкнаас мөнгө аваад бид хоёрт тус тусад нь 10,000 төгрөг өгсөн. Тэгээд талийгаач утас авсан. М-ын утсанд дата аваад, талийгаачийн утсанд нэгж авч өгсөн. Тэндээсээ нэг шил архи согтууруулах ундааны зүйл аваад гудамны ард орж уугаад дахиж архи аваад Хайлааст руу явсан. Би согтоогүй байсан ба утсаа оролдоод байж байсан. Талийгаач их хурхираад байхаар нь сэрээх гээд зөөлөн алгадсан. 29-ний өглөө талийгаач бид хоёр шар тайлах юм авах гээд дэлгүүр явсан. Дэлгүүр рүү талийгаач ороод нэг хэсэг алга болоод байхаар нь “Яасан бэ?” гэхэд талийгаач “Мөнгөтэй байсан ч алга болчихсон байна, утсаар мөнгө шилжүүлж мэдэх үү?” гэж байсан. “Би мэдэхгүй” гээд байж байтал дэлгүүр рүү ороод 2 шил архи аваад ороод ирсэн. Тэгээд “Хайлааст”-д байдаг гэрт нь очоод архиа уугаад унтаад өгсөн. Өглөө цонх нүдээд байхаар нь хартал М* байсан. “Би М* эгчийнд очоод ээмэг хусчихаад ирлээ” гээд 2 шил архи согтууруулах ундааны зүйл аваад ирсэн. Тэгээд хэд хоног юм идээгүй болохоор амархан согтоод унтчихсан. Нэг сэртэл М* талийгаачийг шал мөргүүлээд цус нөжтэй нь хольчихсон байж байхаар нь би татаж аваад гудсан дээр тавьсан. М* шал арчаад байж байсан. Тэгтэл М* 1 шил архи авч орж ирсэн. Тэгээд талийгаачийг дуудаад “Нэг татчих” гээд нэг авсан. Тэгээд унтаад байж байтал М* дуудаад талийгаачийг “Цусаар бөөлжөөд байна” гэж хэлэхээр нь “Болохгүй шүү” гээд түргэн дуудах гээд гарсан. Тэр байшинд утасны сүлжээ байдаггүй. Тэгээд түргэн дуудсан чинь хаягийг нь мэдэхгүй байсан. Буцаад ороод иртэл талийгаач хурхираад унтаж байхаар нь гайгүй байгаа юм байна гээд унтсан. Өглөө үүрээр М* дахиад намайг дуудаад талийгаачийг “Хөдлөхгүй хөшчихсөн байх шиг байна” гэхээр нь очтол бие нь хөрчихсөн байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх,

Шүүгдэгч П.М* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ: “...Хэлэх зүйл байхгүй...“ гэх мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримттай агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.  

Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй...” гэж, 1966 оны “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт”-ын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй...” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын эрх зүйн баримт бичиг болон Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Тодруулбал, шүүгдэгч Э.Э*, П.М* нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар амь хохирогчийн биед халдсан үйлдэл,  уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдох бөгөөд шалтгаант холбоо бий болсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Э.Э*, П.М* нарын дээрх үйлдэл нь амь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхэд нь халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Э* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн **дугаар хороо, ** тоотод амь хохирогч Э-ны нүүр рүү нь олон удаа цохиж “тархины зүүн тал бөмбөлгийн амархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, зүүн чамархай, дагзны суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвал, ховдлын цус харвалт, бага тархины орой суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг П.М-тай бүлэглэн учруулсан, цээж хэсэгт нь дэвсэх, өвдөглөх зэргээр амь хохирогчийн биед нь халдаж хоёр талын 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, ир, ирмэгтэй зүйл болох сүхээр эрүүний доод хэсэгт нь цохиж оочны доорх шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг дангаар учруулсан болон хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч П.М* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн *дугаар хороо, * тоотод амь хохирогч Г.Э-ыг боож унагаан, үснээс нь зулгааж нүүрээр нь шал мөргүүлж “тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагзны дэлбэнгийн эдийн няцрал, цусан хураа, зүүн чамархай, дагзны суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, ховдлын цус харвалт, бага тархины орой суурийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг Э.Э-тай бүлэглэн учруулж, хүнийг санаатайгаар хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэдийн төлөөлөгч: “...шүүгдэгч Э.Э, П.М нар нь хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ...” гэснийг дурдаж байна.

Шүүгдэгч Э.Э, П.М нар нь бүлэглэж Г.Э-ны амь насыг хохироосон болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар өмгөөлөгч Б.Батсүрэнгээс гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, өмгөөлөгч Х.Мөнгөндавалгаагийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурь тус тус няцаан үгүйсгэгдэж байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Э-д 15 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.М-т 14 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

Шүүхээс, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой, хохирол тодорхой хэмжээнд төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Э-д 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.М-т 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Э.Э, П.М нарын энэ хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш цагдан хоригдсон нийт 214 хоногийг шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцов.  

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэг, 508 дугаар зүйлд тус тус зааснаар нь амь хохирогчийн оршуулгын зардал болох 12,083,094 төгрөгийг баримтаар нэхэмжилснээс шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн Э.Э-аас 6,041,547 гаргуулан, шүүгдэгч П.М нь хохирол төлөхөөр хуульд заасан хугацаагаар завсарлага авч, 2,000,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч П.М-аас 4,041,547 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц-д олгуулахаар шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

  Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хар болон шар өнгийн оруулгатай, резинэн бариултай жижиг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Э, П.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Э-д 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч П.М-т 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, П.М нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 214 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч Э.Э-аас 6,041,547 төгрөг, П.М-аас 4,041,547  төгрөгийг тус тус гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц /РД:, */-д олгосугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хар болон шар өнгийн оруулгатай, резинэн бариултай жижиг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.АРИУНБОЛД

                                           ШҮҮГЧИД                            М.ТҮМЭННАСТ

                                                                                        Э.ЧАНЦАЛНЯМ