| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2009016201540 |
| Дугаар | 2021/ДШМ/411 |
| Огноо | 2021-04-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2021/ДШМ/411
2021 4 22 2021/ДШМ/411
Р.Цд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Бямбасүрэн,
шүүгдэгч Р.Ц, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэболор,
бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Цгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2009016201540 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Савар овогт Р.Ц, 1971 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт
Р.Ц нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 46 дугаар гудамжны 98В тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн ах Р.Бнь зээл авахад чинь хамтран зээлдэгч болсноос хүүхдийн мөнгө зээл төлөлтөд шилжиж байна, арилжааны банк орж хамтран зээлдэгчээр бүртгүүлсэн бүртгэлээс нэрээ хасуулмаар байна гэх шалтгаанаар хоорондоо маргалдах явцад модон хусуураар Р.Б цохих явцад нь баруун болон зүүн гараараа хаасны улмаас эрүүл мэндэд зүүн богтос ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, баруун бугуйнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Р.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Савар овогт Р.Цг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Р.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Р.Ц нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Р.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хүүгийн хамт хувиараа ажил хийдэг. Эрүүл мэндийн хувьд элэгний хатуурал өвчтэй, В, С вирусийн улмаас мэргэжлийн ажил хийх боломжгүй болоод байнгын эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байдаг. Би эрх зүйн мэдлэггүйн улмаас өөрийн хувийн байдалтай холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхэд гаргаж өгч чадаагүй юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ зүйлд заасан торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Р.Цгийн өмгөөлөгч Д.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилсэн байна. Шүүгдэгч Р.Ц тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдаг. Шүүгдэгчийн хувьд эрүүл мэндийн хувьд элэгний хатуурал өвчтэй, В, С вирусийн улмаас мэргэжлийн ажил хийх боломжгүй болоод байнгын эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байдаг. Гэм буруугийн хувьд маргасан зүйлгүй. Шүүгдэгч Р.Ц ажилгүй гэж байгаа боловч ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр Иргэний шүүхэд гомдол гаргаад явж байгаа. Хохирол төлбөрийг барагдуулах боломжтой. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгч Р.Цгийн гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хуульд заасан үндэслэл тогтоогдсон учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлж байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Р.Ц гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргаж байсан. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээсээ татгалзсан учраас хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу анхан шатны шүүх үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Р.Цгийн эрүүл мэндийн байдал тааруу гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад уг баримтуудыг ирүүлээгүй. Мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэглэхэд хориглосон зүйлд хамаарахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Р.Ц нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 46 дугаар гудамжны 98В тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн ах Р.Бнь зээл авахад чинь хамтран зээлдэгч болсноос хүүхдийн мөнгө зээл төлөлтөд шилжиж байна, арилжааны банк орж хамтран зээлдэгчээр бүртгүүлсэн бүртгэлээс нэрээ хасуулмаар байна гэх шалтгаанаар хоорондоо маргалдах явцад модон хусуураар Р.Б цохих явцад нь баруун болон зүүн гараараа хаасны улмаас эрүүл мэндэд зүүн богтос ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, баруун бугуйнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Р.Б “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 10 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 46 дугаар гудамжны 97 тоотод эгч Р.Цгийн гэрт ороод “Эгчээ хоёулаа цуг Хаан банк орж таны цалингийн зээл дээр хамтран зээлдэгчээр зурсан гарын үсгээ цуцлуулмаар байна. Хүүхдийнхээ мөнгийг авмаар байна” гэхэд “За тэгье’ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ ороод хувцсаа өмсчхөөд гарч иртэл эгч гэртээ байхгүй байсан тул хажуу айл дүү Б ортол эгч байсан. Эгчийг “Хаан банк” оръё гээд дагуулаад гартал эгч “Орохгүй. Дараа болъё” гэж хэлээд бид хоёр маргалдсан.
...гэрээс гарч явахдаа эгчийг би хурдал гээд хувцаснаас нь татахад эгч уурлаад миний нүүрийг маажих шиг болохоор нь түлхээд өөрөөсөө холдуулсан. Гэтэл манай охин Б.М намайг дагуулаад гэр руу ороод байж байтал эгч Р.Ц араас ирээд гэрийн хаалганы цонхыг чулуу шидэж хагалчхаад явсан. Араас нь очоод эгчийн гэрт ороход хүүхэд нь намайг тэврээд авсан. Тэр хооронд Р.Ц намайг хоолны модон хусуураар миний зүүн гарын шуу хэсэг, толгой хэсэг руу цохисон. Р.Ц эгчтэй маргалддаг өдөр эгч миний өмнө нь хагалгаанд орсон гар руу цохисноос хойш бороолж байсан гарын яс нь зөрсөн. Одоо гүйцэт атгаж болохгүй байгаа. ...” /хх 27-28, 51-52/,
гэрч Ц.Бгийн “...Р.Ц эгч ганцаараа орж ирээд сууж байтал гаднаас Р.Бах орж ирээд Р.Ц эгчийг банк явъя гэхэд Р.Ц эгч явахгүй гээд маргаан үүссэн. Тэгэхэд Р.Бах Р.Ц эгч дээр очоод цамцнаас нь заамдаж авахад Р.Ц эгч бас зөрүүлээд заамдаж аваад байж байтал гаднаас Р.Ц эгчийн хүү н.Батбаяр нь орж ирээд Р.Бахыг хойноос нь гэдсээр тэврээд зогсож байсан. Р.Ц эгч хоолны модон хусуураар Р.Бахыг 2 удаа цохисон. Р.Ц эгч эхэлж цохиход Р.Бах баруун гараараа хаагаад Р.Ц эгч ахиад модон хусуураар цохиход зүүн гараараа хаасан. Р.Бахын хүүхдүүдийн мөнгө нь Р.Ц эгчийн зээлийн дансанд ордгоос болж маргалдсан. Эхлээд нэг цохиход Р.Бах баруун гарынхаа шуу хэсгээр хаагаад дараа нь ахиад нэг цохиход зүүн гарынхаа шуу хэсгээр хаасан. ...” /хх 55/,
гэрч Г.Мын “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн үед сэрэхэд гэрийн хаалганы цонхны шилийг хагалсан байсан. Гадаа хэрүүл болоод байхаар нь гараад хартал н.Б аавыг унагаачихсан аавын дээр сууж байсан. Хажуу талд нь Р.Ц эгч Р.Б нуруу руу өшиглөж байсан. Би очиж салгаад цагдаа дуудсан. ...”/хх 57/,
гэрч Т.Нийн “...Р.Б биед учирсан зүүн богтос ясны хугарал нь хүндэвтэр гэмтэлд хамаарна. Зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, баруун бугуйнд зулгаралт хүндэвтэрт орохгүй. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Р.Б зүүн гарын хуучин хугарал нь бороолж байх явцдаа шинэ хугарал үүссэн байсан. Борооны дундуур хугарлын шинэ шугамтай. ...” /хх 32/,
Шүүгдэгч Р.Ц яллагдагчаар өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 8 цагийн үед би дүү Батболдын гэрт сууж байтал дүү Бгаднаас орж ирээд төв Хаан банк оръё гэж хэлсэн. Би тухай үед боловсролын бичиг баримт буюу журнал, хувийн хэргийг сургалтын менежерт хүлээлгэж өгөх байсан тул явах боломжгүй байна, дараа явъя гэж хэлсэн. Гэтэл Бнамайг сандал дээр сууж байхад чирээд гадагшаа гарсан. Би явахгүй, дараа болъё гэтэл дүүгийн машины хажууд нүүр рүү 2 алгадаж гэдэс рүү өшиглөсөн, тэгэхээр нь эргээд Батболдын гэр рүү орсон. Бөд явж чадахгүй гэж хэлэхэд хүзүүнээс боосон. Тэгэхээр нь би адилхан хүзүүнээс нь боогоод байж байтал миний хүү Батбаяр орж ирээд Бийн хойноос тэврээд бид хоёрыг салгасан. Би дүүгийнд байсанд хоолны хусуураар Бийн гар руу 2 удаа цохисон. Тэгээд Ббид хоёр, хоёр тийшээ салаад явсан. ...” /хх 5-8/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 6337 дугаартай “...Р.Б биед зүүн богтос ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...” /хх 37-38/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Ц нь хохирогч Р.Б модон хусуураар цохиж эрүүл мэндэд зүүн богтос ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, баруун бугуйнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Р.Цг хохирогч Р.Б модон хусуураар цохиж эрүүл мэндэд зүүн богтос ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, баруун бугуйнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Р.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд тухайн зүйлд заасан торгох ял оногдуулсан нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Р.Ц “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ зүйлд заасан торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хохирогч Р.Б “...намайг хоолны модон хусуураар миний зүүн гарын шуу хэсэг, толгой хэсэг руу цохисон. Р.Ц эгчтэй маргалддаг өдөр эгч миний өмнө нь хагалгаанд орсон гар руу цохисноос хойш бороолж байсан гарын яс нь зөрсөн. Одоо гүйцэт атгаж болохгүй байгаа. ...” /хх 27-28, 51-52/, гэрч Ц.Бгийн “...Р.Ц эгч хоолны модон хусуураар Р.Бахыг 2 удаа цохисон. Р.Бахын хүүхдүүдийн мөнгө нь Р.Ц эгчийн зээлийн дансанд ордгоос болж маргалдсан. ...” /хх 55/, гэрч Г.Мын “...Р.Ц эгч Р.Б нуруу руу өшиглөж байсан. ...”/хх 57/,гэрч Т.Нийн “...Р.Б биед учирсан зүүн богтос ясны хугарал нь хүндэвтэр гэмтэлд хамаарна. ...” /хх 32/, шүүгдэгч Р.Цгийн яллагдагчаар өгсөн “...Би дүүгийнд байсан хоолны хусуураар Бийн гар руу 2 удаа цохисон. Тэгээд Ббид хоёр, хоёр тийшээ салаад явсан. ...” /хх 5-8/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдож байх бөгөөд гэрч, хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, утга агуулгын хувьд ноцтой зөрүүгүй байна.
Шүүгдэгч Р.Ц нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ ойлгон гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг хөнгөрүүлж 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзэлийг төрүүлдэг ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүсэл зоригт нийцүүлэх албагүй юм.
Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогын байдлыг тодорхойлсон баримт нотолгоо авагдаагүй байх тул “...торгох ялаар шийтгэж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Р.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Р.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд ял шийтгэл хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2 дахь заалтын “...Шүүгдэгч Р.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Шүүгдэгч Р.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ