Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00078

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Сувдаа,
насанд хүрээгүй хохирогч Б.Баттөмөр,
насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Батцэцэг,
улсын өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Мягмарын Сувд-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201706000135 дугаартай, 132/2017/0073/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Б хэсгийн 8-20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мээж овогт Мягмарын Сувд-Эрдэнэ /РД:ГЖ77040800/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Сувд-Эрдэнэ нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Баттөмөрийг хичээлээ ойлгосонгүй гэх шалтгаанаар зодож түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолоор/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч М.Сувд-Эрдэнийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөх шаардлагагүй гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Б.Баттөмөрийн өгсөн: Сувдаа эгч тоогоо бодож чадахгүй байна гээд намайг урт төмрөөр ар нуруу руу, нүдрүү цохисон. Одоо сорив нь арилсан. Дахиж намайг зодоогүй гэх мэдүүлэг,
201706000135 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Шүүгдэгч М.Сувд-Эрдэнийн сэжигтнээр өгсөн: Би Б.Баттөмөрийн ээжийнх нь төрсөн эгч юм. Б.Баттөмөрийн гэр Булган аймгийн Орхон суманд байдаг ба энэ жил 1 дүгээр ангид орж манайд амьдарч байгаа юм. Би 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой ажлаасаа тараад гэртээ ирээд хоолоо хийж байхдаа Б.Баттөмөрийн тооны хичээлийг хийлгэж байсан. Тэгээд хичээлээ ойлгохгүй болохоор нь гартаа барьсан галын үлээгүүр төмрөөр баруун гарлуу цохьтол дальдчаад баруун нүд рүүгээ цохиулсан. Би гарлуу нь мөн 2-3 удаа цохьсон. Маргааш нь баруун нүд нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх 43 тал/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Баттөмөрийн өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад Сувд-Эрдэнэ эгч хичээлээ хий гэсэн. Тэгээд тооны хичээлээ хийж байхад чадахгүй байна гээд галын үлээгүүр төмрөөр миний баруун талын гар, тохой болон нүд рүү цохьсон. Тэгээд миний гар болон нүд хөхрөөд өвдөөд байсан. Хааяа хичээлээ хийж чадахгүй байна гээд чимхдэг байсан гэх мэдүүлэг /хх 20 тал/,
Гэрч М.Батцэцэгийн өгсөн: Миний бага хүү энэ жил 1 дүгээр ангид орсон. Манайх хөдөө байдаг учир хүүгээ төрсөн эгч М.Сувд-Эрдэнийд 2016 оны 09 дүгээр сараас эхлэн байлгаж байна. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүүгээ авах гээд эгч Сувд-Эрдэнийд иртэл миний хүүгийн баруун нүд, гар нь хөхөрсөн байсан. Хүүгээсээ юу болсон талаар асуутал Сувд-Эрдэнэ эгч хичээлээ ойлгохгүй байна гээд галын үлээгүүр төмрөөр зодсон гэж байсан гэх мэдүүлэг /хх 22, 23 тал/,
Гэрч П.Батдэлгэрийн өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эхнэрийн эгч Сувд-Эрдэнийхээс хүүгээ аваад гэртээ харьсан. Тэгээд очоод хүүгээ хартал миний хүүгийн баруун нүд, гар нь хөхөрсөн байсан. Хүүгээсээ юу болсон талаар асуутал Сувд-Эрдэнэ эгч хичээлээ ойлгохгүй байна гээд галын үлээгүүр төмрөөр зодсон гэж байсан гэх мэдүүлэг /хх 24, 25 тал/,
Гэрч А.Цэрэнхандын өгсөн: Би Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 1г ангийг бүлгийн багш Баасансүрэнгийн оронд түр хариуцаж байсан юм. Тус ангид нилээн хөдөлгөөнтэй Баттөмөр гэх хүү байсан ба нэг өдөр нүд нь хөхөрчихсөн ирсэн. Асуутал юм мөргөөд нүдээ ийм болгосон гэж хэлсэн. Удалгүй Баасансүрэн багш ирж уулзаад Баттөмөртэй ярилцахад хүнд зодуулаад ийм болсон байна гэсэн. Тэгээд нийгмийн ажилтан Мөнхбаатар ирж уулзаад цагдаад хандсан гэх мэдүүлэг /ХХ 26 тал/,
Гэрч Б.Ууганбаатарын өгсөн: Би тэр өдөр ажилдаа явсан байсан. Маргааш нь ирэхэд Баттөмөрийн нүд болон гар нь хөхөрсөн байсан. Энэ талаар эхнэрээсээ асуутал би өчигдөр хичээлээ ойлгохгүй болохоор нь галын үлээгүүр төмрөөр цохьсон гэж хэлэхээр нь жоохон хүүхдийг ийм болтол зодоод байхдаа яадаг юм гэж уурлаад өнгөрсөн гэх мэдүүлэг /хх 27, 28 тал/,
Гэрч Х.Мөнхбаатарын өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчим 1 дүгээр ангийн хүүхдээ авах гээд Баасансүрэн багшийн ангид орсон чинь нэг хүүхдийн баруун нүд нь хөхөрсөн байсан. Би хэнд зодуулсан талаар асуутал эгч Сувд-Эрдэнэ нь хичээлээ ойлгохгүй байна гээд галын үлээгүүр төмрөөр цохьсон гэж хэлсэн. Багш Рэнцэнхандаас асуутал 2-3 хоногийн өмнө ийм болсон байсан гэж хэлсэн. Би Булган аймгийн нийгмийн ажилтан Цэрэнлхамд болсон явдлыг хэлсэн. Тэгээд маргааш нь Цэрэнлхам хүүхэдтэй уулзаж эмнэлэгт үзүүлж хамтарсан багийн үйлчилгээ үзүүлж цагдаагийн албанд мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх 29, 30 тал/,
Гэрч О.Цэрэнлхамын өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн орой ажил тарсаны дараа ЭӨЦ сургуулийн нийгмийн ажилтан Х.Мөнхбаатараас энэ талаар мэдээлэл авсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Эрдмийн өргөө цогцолбор дээр 13 цагийн орчим Боловсрол соёл урлагын газрын мэргэжилтэн Солонгомаа, анги удирдсан багш, Баасансүрэн, ГБХЗХГ-ын түр хамгаалах байрны нийгмийн ажилтан Лхайлхам нартай сургууль дээр очиж Баттөмөртэй уулзахад баруун нүд болон гар нь хөхөрсөн байсан. Хэнд зодуулсан талаар асуухад Сувд-Эрдэнэ эгч хичээлээ ойлгохгүй байна гээд галын үлээгүүр төмрөөр цохиж зодсон гэж хэлсэн. Тэгээд бид хүүхдийг эмнэлэгт үзүүлчихээд гэрээс нь авч явж түр хамгаалах байрны хамгаалалтанд яваад түр хамгаалах байранд 2 хонуулсан гэх мэдүүлэг /хх 31, 32 тал/,
Гэрч Б.Солонгомаагийн өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр намайг ажил дээр байж байхад цагдаагийн ажилтан Оюунгэрэлээс дуудлага ирсэн. Булган сумын нийгмийн ажилтан Цэрэнлхам зодуулсан гэх хүүхдийг аваад эмнэлэг орсон гэхээр нь яваад очиход зодуулсан гэх хүүгийн баруун талын нүд нь хөх алаг болсон байсан ба эдгэрч байгаа бололтой шарлаад хавдар нь арилсан байсан. Мөн баруун талын гар нь тэр чигтээ хөх алаг болсон байсан гэх мэдүүлэг /хх 33тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 142 тоот:
1. Б.Баттөмөрийн биед баруун дээд, доод, зовхи, баруун хацар, шанаа, баруун буглаганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 35 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 04 тал/, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 08-09 тал/, гэрэл зураг /11, 12 тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 16 тал/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-18 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх 36-37 тал/, ял шийтгэл шалгах хуудас /хх 50 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Сувд-Эрдэнэ нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Баттөмөрийг хичээлээ ойлгосонгүй гэх шалтгаанаар зодож түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан учруулсан болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Баттөмөр, гэрч Б.Ууганбаатар, М.Батцэцэг, П.Батдэлгэр, А.Цэрэнханд, Х.Мөнхбаатар нарын мэдүүлэг зэрэг өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 142 тоот дүгнэлт, шүүгдэгч М.Сувд-Эрдэнийн холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Сувд-Эрдэнэд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч М.Сувд-Эрдэнэ, хохирогч М.Батцэцэг нар нь сайн дураар эвлэрч байгаагаа илэрхийлсэн, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилсан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мээж овогт Мягмарын Сувд-Эрдэнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.Сувд-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч М.Сувд-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа эвлэрсэн болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын үлээгүүр төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сувд-Эрдэнэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ