Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/01403

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 16

181/ШШ2022/01403

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Б/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,985,361.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагч: Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Ж.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,985,361.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Ж.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай ХҮГ-001833 тоот Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, ХҮГ-001833 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 2019 оны 10 сарын 25-ны өдөр А Аппликейшнд хүсэлт илгээн 2,000,000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, 2 дахь сараас сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй ба хүүний төлбөрт 77,971.46 төгрөгийн төлөлт хийсэн. Ж.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 25 сарын турш зөрчөөд байна. Бид цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс зээлийн хүүг зогсоосон болно.

Иймд Ж.Бээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон Цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 1.5 дугаар зүйлийн 1.1.2-т заасныг үндэслэн үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,985,361.87 төгрөг буюу нийт 3,985,361.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А ББСБ-тай ХҮГ-001833 тоот гэрээг байгуулж ,2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг зээлж авсан. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс улс даяар хөл хорио удаа дараа тогтоож, дэлхий нийтээр тархсан Ковид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, эрхэлж байсан үйл ажиллагаа маань зогсож, орлогогүй болж хүүгийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Одоо эдийн засаг сэргэж байгаа учраас авсан зээлээ эргүүлэн төлж барагдуулж иргэний үүргээ биелүүлнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үндсэн төлбөр болох 2,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүгийн төлбөр болох 1,985,361.87 төгрөгийг дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, багасгаж өгөхийг хүсье гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 78,716 төгрөг төлсөн баримт А ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, Итгэмжлэл, Зээлийн дансны хуулга, Харилцагчийн дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

А ББСБ ХХК болон Ж.Б нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 2,000,000 төгрөг, зээлийн хүү 1,985,361.87 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, ковидын нөхцөл байдлаас шалтгаалан эрхэлж байсан үйл ажиллагаа зогссон тул зээлийн хүү 1,985,361.87 төгрөгийг багасгаж өгнө үү гэх тайлбар гаргав.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №ХҮГ001833 тоот Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ББСБ харилцагчийн хүсэлтийн дагуу харилцагчийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд бүртгэх, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх, харилцагч төлбөр тооцооны үйлчилгээ авах, бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэлийг ББСБ-д төлөх, данс нээх, хаах, зээл авах болон зайнаас ББСБ-ын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцаанд талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлохоор харилцан тохиролцжээ./хх9/

 

4.2. Мөн өдөр нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Ж.Бтэй №ХҮГ001833 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан, энэхүү гэрээгээр ББСБ нь зээлдэгчид Ард Апп-аар дамжуулан олгох Хэрэглээний зээл, Овердрафтын зээлийн эрх болон ББСБ-ын шинээр гаргаж байгаа зээлийн бүтээгдэхүүн болон бусад санхүүгийн үйлчилгээний эрхийг зээлдэгчид олгох, Зээлдэгч нь хэлэлцэн тохирсон хугацаанд зээл, түүний шимтгэл хүүг эргүүлэн төлөх харилцааг зохицуулахаар харилцан тохиролцжээ./хх10/

 

4.3. Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч А ББСБ ХХК-тай байгуулсан дээрх гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ард Аппликейшнээр дамжуулан 2,000,000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, 2 дахь сараас 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын маргаагүй тайлбар, хэрэгт авагдсан Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, Зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх9-14/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. заасантай нийцсэн байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Бт зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул хариуцагч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасны дагуу буцаан төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Хариуцагч Ж.Б нь дээрх гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүг сар бүр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон.

 

4.4. Зохигчдын хооронд байгуулсан Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 7.5-д Зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заажээ. Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-т Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно. гэж заасан тул зээлийн хүүг багасгах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Ж.Б-ээс үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 1,985,361.87 төгрөг, нийт 3,985,361.87 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

5. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,716 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бээс 3,985,361.87 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бээс 78,716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ