Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/410

 

2021            4             22                                       2021/ДШМ/410                                       

                                                                                                            

                                       Мд холбогдох эрүүгийн

                                                        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Нарангуа,

шүүгдэгч Мгийн өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 504 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Тунгалагтуяагийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр Мд холбогдох эрүүгийн 1908045350380 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.             

Боржигин овогт Ж.М, 1964 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, үндэсний ёочин хөгжмийн хөгжимчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Яллагдагч М нь:

1. Шенгений орнуудад зорчих виза гаргаж өгнө, 20 сая төгрөгт багтаана гэж итгүүлэн хуурч, виз даруулсан гадаад паспорт буюу баримт бичгийг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, Содон хорооллын гадна талын авто зогсоол дээр хохирогч Э.Г16.000.000 төгрөг бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “ХААН” банк дахь Ч.Бэзэмшлийн 5926009697 дугаар дансаар 2.000.000 төгрөг шилжүүлгээр авч нийт 18.000.000 төгрөг буюу хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон орон байр худалдан борлуулсны мөнгө эд хөрөнгийг залилж бусдад ноцтой хохирол учруулан залилсан гэмт хэрэгт,

2. Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ Туулын хөвөө хотхоны 48/А /байрны 2 тоот гэртээ бэлэн 3.000.000 төгрөгийг, “ХААН” банк дахь охин Ч.Оэзэмшлийн 5026464071 дугаар дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлгээр иргэн Д.О, Д.Э нараас нийт 6.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт,

            3. Шенгений орны виз гаргаж өнгө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн банкны салбар дээр иргэн Х.Т2000 евро бэлнээр авч 5.974.840 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт,

            4. Шенгений орны виз гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2017 оны 12 дугаар сарын 20 -ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Барилагчдын талбай дээр иргэн М.М1000 евро, 466.000 төгрөгийг бэлнээр авч нийт 3.339.800 төгрөгийг хохирол учруулан залилсан гэмт хэрэгт,

            5. Солонгос улсын виз гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ХААН” банкны АТМ-ээс 5028421992 дугаарын данснаас “ХААН” банк дахь Батцэцэгийн эзэмшлийн 5926009697 дугаарын данс руу иргэн Т.Бгаас 3.250.000 төгрөгийн шилжүүлгээр авч залилсан гэмт хэрэгт,

            6. Шенгений орны виз гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны үйлчилгээний төвд байрлах Нотариатын газар 2000 евро, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2000 евро, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны үйлчилгээний төвд байрлах Нотариатын газар 2000 евро Б.О бэлнээр авч нийт 11.509.280 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт,

            7. Солонгос улсын виз гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХААН” банк дахь О эзэмшлийн 5026464071 дугаарын дансаар иргэн Х.Мөнгөнтуяагаас 3.000.000 төгрөгийг шилжүүлгээр авч залилсан гэмт хэрэгт,

            8. Солонгос улсын виз гаргаж өгнө гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариат дээр иргэн Б.А2.750.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт,

            9. Солонгос улсын ногоон карт гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн гадна иргэн Д.М2.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт,

            10. Солонгос улсын ногоон карт гардаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож, 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн гадна иргэн Д.М2.700.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт,

            11. Шенгений улс руу виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Шинэ Туулын хөвөө хотхоны 48/А/ байрны гадаа иргэн Ж.Р3.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт,

            12. Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол телевизийн байранд иргэн В.Н өөрийн 5002281547 дугаарын данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

            13. Бүгд Найрамдах Солонгос улс руу нэвтрэх виза гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 60 байрны 601 тоот гэрээс иргэн Б.О“Хас" банкны 5002281547 дугаартай дансаар 4.500 000 төгрөгийн шилжүүлэн авч залилан, 13 удаагийн үйлдлээр нийт 70.523.920 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх прокурорын газраас: Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

        Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлтүүдийг гаргаж байна. Шүүх хүсэлтийг хүлээн авах үндэстэй байна гэж үзлээ. Тус шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн №3424 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, зөрчлөө засаагүй байна. Үүнд: 1. Хэрэг шүүхээс буцаж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байх боловч яллагдагч Мгаас үйлдсэн гэх хэрэгт нь холбогдуулан тайлбар мэдүүлгийг аваагүй хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Иймд Мд холбогдох хэрэгт мэдүүлэг тайлбарыг авч мэдүүлэг тайлбар нь үндэслэлтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай байна. Хохирогч Э.Г18.000.000 төгрөгийг залилан авснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт би энэ мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг авсан бусдыг нь эгч нь болох Сүрэнрагчаагийн Н авсан тул С.Ныг шалгуулах хүсэлтэй гэх тайлбар, хүсэлт гаргаж байх тул үнэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хохирол төлбөрийн асуудлыг тооцоход ач холбогдолтой байдаг юм. Иймд С.Ныг гэрчээр асуух, С.Н Францад амьдардаг эсэх талаарх мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох, мөн хохирогч Б.Охэрэгт Эгэдэг хүнийг шалгуулах хүсэлт гаргаж байх тул хүсэлтийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй байна. Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Хэргийг прокурорт очтол яллагдагч Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор А.Тунгалагтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан бөгөөд хэргийн хүрээнд яллагдагч Мгаас ямар үйлдэл дээр мэдүүлэг, тайлбар авах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох, ямар ажиллагаа хийх зэрэг нь ойлгомжгүй. хавтас хэргийн хүрээнд үйлдэл тус бүр дээр /дахин/ яллагдагчаар авсан мэдүүлгүүд тогтвортой зөрүүгүй өгсөн байхад шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж удаа дараа хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Прокуророос 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн №3424 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан бөгөөд прокуророос 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 839 дугаартай яллах дүгнэлт үйлдэж 2020 оны 12 дугаар сарын 18-нь өдөр яллагдагч Мд гардуулж өгөхдөө гомдол хүсэлт гаргах талаар эрх үүргийг тайлбарласан. Хавтас хэрэгт яллагдагч Мгийн өмгөөлөгч Г.Энхболдоос 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Т.Нэнэ хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгаж өгнө" үү, яллагдагч Ж. Мгийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “Хохирогч нартай нүүрэлдүүлэн байцааж өгнө үү”, яллагдагч Мгаас гаргасан “Хамтран амьдрагч Т.Н нь надаас их хэмжээний мөнгө бэлэн, бэлэн бус, дансаар авсан” шалгаж өгнө үү гэх хүсэлтүүд авагдсан. Шүүхээс буцсан хугацаанд мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хүсэлт, гомдол гаргаагүй атлаа шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгч хэргийг удаашруулах, хугацаа хожих арга хэрэглэж байгааг шүүх хавтас хэргийн хүрээнд дүгнэлт хийхгүйгээр хүлээж авч байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол хавтас хэрэгт хавсаргах гэж буцаасан шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар эсхүл мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.” гэсэн заалтын дагуу прокурор өөрийн санаачилгаар иргэн Нарангэрэлээс гаргасан гомдлыг хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлан Мгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Э.Г“танд яаж итгэх юм бэ” гэхэд М нь “эгч нь найдвартай, юу гэж найзынхаа дүү нарыг залилах бэ,” ... нөхөр бид 2 банкнаас авсан байсан 15.000.000 төгрөг дээрээ нөхөрт бэлэн байсан 1.000.000 төгрөгийг нийлүүлээд 16.000.000 төгрөгийг бэлнээр Мд өгсөн. Тэр 16.000.000 төгрөгийг М өөрөө авсан. М хэлэхдээ “ 16.000.000 төгрөг байгаа юм уу, та хоёр өөр мөнгө байна уу, эгчдээ бүх мөнгөө өгчих, ....М “үлдэгдэл мөнгөө яасан бэ” гээд байхаар нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М руу “2.000.000 төгрөг байна авч байх юм уу” гэхэд М 5926009697 дугаарын данс өгөөд “манай охин Батцэцэгийн данс байгаа юм энэ данс руу хийчих” гэсэн 2.000.000 төгрөг шилжүүлсэн Би Мд нийт 18.000.000 төгрөг өгсөн байгаа. Н эгч энэ хэрэгт хамааралгүй. гэх мэдүүлэг /1хх 14-15/ З.Гэрч Х.О/“Хаан” банк руу орж өөрийн 5751256134 дугаарын данснаасаа 15.000.000 төгрөгийг аваад Мд итгээд 15.000.000 төгрөг дээрээ надад байсан 1.000.000 төгрөгийг нэмж 16.000.000 төгрөг болгоод уг хүнд өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Мгийн өгсөн 5926009697 дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн....гэх мэдүүлэг /1хх 26 /, гэрч Х.Одепозит дансны хуулга /1хх 55-62/, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээ /1хх 70-71/, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Nymaa Surenragchaa хаягаар холбогдсон мөрдөгчийн тэмдэглэл /1хх 75/, С.Нын тайлбар ...Сонгинохайрхан дүүргийн зогсоол дээр Гэпилмаагаас 16000000 төгрөг авсан. Би ямар ч мөнгө аваагүй, надад авах шаардлага байхгүй гэх хуулбар, яллагдагч Мгийн ...Би Гэпилмаагаас авсан мөнгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан ...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар М нь Гэпилмаагаас 18.000.000 төгрөг бэлэн буюу дансаар авсан болох нь тогтоогдсон ба хамтран амьдрагч Т.Ндахин шалгах үндэслэлгүй. Хохирогч Б.ОМд 4.500.000 төгрөг шилжүүлсэн болох нь хохирогч Оюунсайханы...2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр таньдаг хүнээрээ яриулаад Мгийн Хас банкны 5002281547 гэсэн дансаар 4.500.000 төгрөг 3 удаагийн үйлдлээр шилжүүлсэн." гэх мэдүүлэг, яллагдагч Мгийн...Миний хас банкны дансаар 3 удаагийн үйлдлээр 4.500.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг, Э.О...Оюунсайханаас мөнгө аваагүй харин Мтай хамтран ажиллаж байхдаа мөнгө зээлээд буцааж өгсөн, гэх мэдүүлэг, Б.ОХаан банкны 5664009489 дугаартай дансны хуулга, Ж. Мгийн Хас банкны 5002281547 дугаартай дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. С.Н нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хилээр гарч явсан болох нь Хил хамгаалах газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг, Мгийн FАСЕВООК -ийн Nymaa Surenragchaa гэх хаягт мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Nymaa Surenragchaa хаягаар холбогдсон мөрдөгчийн тэмдэглэл, С.Нын тайлбар зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Н Францад амьдардаг болох нь хангалтай тогтоогдож байхад шүүхээс С.Ныг гэрчээр мэдүүлэг авах С.Н Францад амьдардаг эсэх талаарх мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох гэж хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” заалтыг зөрчсөн байна. Шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлэлгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/504 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 504 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Ямар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр заасан нь тодорхой бус байна. Шүүгчийн захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагаанууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоочихсон ажиллагаанууд байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид дурдсан гэрчээс мэдүүлэг авах, хэрэгт авагдсан баримтуудаар хамтран гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй иргэнийг холбогдуулан шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Мгийн өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр надтай уулзаж хууль зүйн зөвлөгөө авч байсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материалтай танилцаад, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр прокурор надад яллах дүгнэлтийг танилцуулсан. Би хэргийн материалтай холбогдуулан ямар нэгэн гомдол санал хүсэлт гаргах боломж байна уу гэж М надаас асуусан. Яллах дүгнэлт гарсан учраас таны гомдол санал гаргах эрх чинь хаагдсан гэж хэлсэн. Хэрэг анх шүүхээс буцахдаа шүүгчийн захирамжид тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулахаар заасан байдаг. Үүнд оролцогчийн эрхийг хангаагүй байсан. Гэтэл дараа нь дахин оролцогчийн эрхийг хангаагүй орхисон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Мд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Прокуророос 13 удаагийн үйлдлээр нийт 70.523.920 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийн шийдвэрлэх боломжтой байна.

Учир нь хохирогч Э.Г18.000.000 төгрөгийг залилан авсан талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “би энэ мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг авсан бусдыг нь эгч нь болох С.Н авсан тул шалгуулах хүсэлтэй гэх тайлбар, хүсэлт гаргаж байх тул үнэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэж заасан байх боловч энэ талаар хохирогч Э.Г” ... нөхөр бид 2 банкнаас авсан байсан 15.000.000 төгрөг дээрээ нөхөрт бэлэн байсан 1.000.000 төгрөгийг нийлүүлээд 16.000.000 төгрөгийг бэлнээр Мд өгсөн. М хэлэхдээ “ 16.000.000 төгрөг байгаа юм уу, та хоёр өөр мөнгө байна уу, эгчдээ бүх мөнгөө өгчих, ....М “үлдэгдэл мөнгөө яасан бэ” гээд байхаар нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М руу “2.000.000 төгрөг байна авч байх юм уу” гэхэд М 5926009697 дугаарын данс өгөөд “манай охин Батцэцэгийн данс байгаа юм энэ данс руу хийчих” гэсэн 2.000.000 төгрөг шилжүүлсэн Би Мд нийт 18.000.000 төгрөг өгсөн. ...” /1хх 14-15/,

гэрч хохирогч Э.Гнөхөр Х.О“Хаан” банк руу орж өөрийн 5751256134 дугаарын данснаасаа 15.000.000 төгрөгийг аваад, надад байсан 1.000.000 төгрөгийг нэмж 16.000.000 төгрөгийг өгсөн. ...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Мгийн өгсөн 5926009697 дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 26 / гэх мэдүүлгүүд, гэрч Х.Одепозит дансны хуулга /1хх 55-62/, гэрч Ч.Бдепозит дансны хуулга /1хх 156/, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээ /1хх 70-71/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч М нь хохирогч Э.Г18.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдлийг дахин шалгах шаардлагагүй.

Мөн С.Ныг Франц улсад анхнаасаа байсныг хохирогч Э.Г“...С.Н нь Франц улсад амьдардаг, эгч энэ хэрэгт хамааралгүй. ...”  /1хх 14-15/, яллагдагч Мгийн “ ...С.Н нь Франц улсад албан ёсоор амьдардаг...” /1хх 47-49/ гэх мэдүүлгүүд, С.Н нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол улсын хилээр гарч явсан болох нь Хил хамгаалах газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг /1хх 73-74/,, Мгийн FАСЕВООК-ийн Nymaa Surenragchaa гэх хаягт мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 75/, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр С.Нын гаргаж өгсөн тайлбар /1хх 77-78/ зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Н Франц улсад амьдардаг, С.Н нь 2019 оны 10 сарын 14-нд Монгол улсын хилээр гарч явсан  болох нь тогтоогдож байх тул түүнийг хилээр гарсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан байна.

Харин хохирогч Б.Охэрэгт Эгэдэг хүнийг шалгуулах хүсэлтийн тухайд гэрч Б.Нарангэрэл “...Очир нь би Солонгос улсад ирчихсэн байна надад мөнгөний хэрэг болоод байна надад 400.000 төгрөг зээлээч гэхээр нь би 400.000 төгрөгийг явуулсан. Очир дараа нь надад эргүүлээд шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Очир нь Солонгос улс руу явах тийзний мөнгө гээд 750.000 төгрөг явуул гэхээр нь би уг мөнгийг шилжүүлээд тэгээд виз гарахгүй худлаа болоод байхаар нь Очирлуу уурлаад хэлсэн чинь надад эргүүлээд 750.000 төгрөгийг буцааж өгсөн. Ингээд Очир надаас авсан 1.150.000 төгрөгийг буцааж өгсөн. ...”  /5хх 94/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд Эгэгч нь хохирогч Б.Нарангэрэлээс 1 150 000 төгрөг зээлж байсан бөгөөд уг мөнгөө тэр даруйдаа эргүүлэн төлсөн, бусдыг залилах гэмт хэрэгт Мтай хамтран оролцсон үйлдэл тогтоогдохгүй байх тул энэ талаар дахин шалгах шаардлагагүй.

Дээрх баримтуудыг  харьцуулан шинжлэн судалж, түүнийг гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад шүүхийн урьдчилсан  хэлэлцүүлгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн асуудыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгасан. Энэ талаар хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

Шаардлагатай гэж үзвэл яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хуралдаанд гэрч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргуулан шийдвэрлүүлж, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын  хүрээнд Мд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 504 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Мд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хүртэл Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                 Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ