| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0165/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/172 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000142 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ гэх зарын чанартай чат бичиж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч 400,000 төгрөгийг Хас банкны 5005*******238*******3 дугаарын дансаар шилжүүлэн авч хохирогч 400,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
мөн гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* сумын 11 дүгээр баг Талын шилгээн хотхоны дүгээр байрны 6 тоотыг түрээслүүлнэ гэх зарын чанартай чат бичиж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч 700,000 төгрөгийн Хаан банкны 5312*******8*******061 дугаарын дансаар шилжүүлэн авч хохирогч 700,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Байр түрээслүүлнэ гэх зарын чанартай чат бичиж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч 1,800,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны дугаарын дансаар шилжүүлэн авч хохирогч 1,800,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
нэрээ нууцалсан фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 11-р баг ******* Номин худалдааны төвийн хажууд 2 өрөө байр түрээслүүлнэ, *******016*******510 гэх зарын чанартай чат бичиж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч 1,600,000 төгрөгийг Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч хохирогч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* нь цахим хэрэгсэл ашиглаж 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд “2 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ”, “Талын шилгээн хотхоны дүгээр байрны 6 тоотыг түрээслүүлнэ”, “байр түрээслүүлнэ”, “******* Номин худалдааны төвийн хажууд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэх зарууд байршуулж нэр бүхий 4 иргэнийг залилж нийт 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Бидний амьдарч байгаа байр манай хадам ээж нэр дээр байдаг бөгөөд нөхөр, охин бид гурвыг түр амьдарч бай гээд тус байранд амьдраад 1 жил болж байна. Би 2025 оны 02 дугаар сараас хойш онлайн покер тоглож эхэлсэн. Тэгээд покер тоглоод мөнгөгүй болоод алдсан мөнгөө эргүүлж авахын тулд "Дорнод байр авна, зарна" гэсэн фейсбүүк групп дээрх "байр хайж байна" гэсэн пост доор "тавилгатай, хоёр өрөө байр түрээслүүлнэ" гэсэн коммент бичихэд над руу фейсбүүк чатаар гэдэг хүн холбогдсон. Тэгээд түрээслүүлэх байрыг чинь үзье, хэдэн төгрөгөөр, хэдий хугацаанд түрээслүүлэх вэ гэхэд нь би 1 сарын 800,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэхэд байрыг чинь үзье гэхээр нь Талын шилтгээнд амьдардаг байраа зааж өгөхөд ирж үзээд түрээслээд суухад болох юм байна гээд урьдчилгаа 400,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр миний Хас банкны ... данс руу ...шилжүүлсэн. Миний хувьд байраа түрээслүүлэх санаа зорилгогүй, тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учир гэдэг хүнээс байр түрээслүүлнэ гэж худал хэлж урьдчилгаа мөнгө дансаараа шилжүүлж авсан. Би бусдыг залилан мэхэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн байр манай хадам ээжийн нэр дээр байдаг, манай байр биш. Тэгэхээр би тухайн байрыг бусдад түрээслүүлэх ч юм уу, захиран зарцуулах эрх байхгүй. Нөхөртөө ч байр түрээслүүлэх талаар хэлж байгаагүй...” гэх, “...байр түрээслүүлнэ хэмээн зар тавьж гэх хүнээс нэг сарын төлбөр болох 700,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр авсан. ...Би гэх хүнийг залилж 700,000 төгрөг авсан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний мөнгийг буцаан төлж хохирлыг барагдуулсан...” гэх, “... гэх хүнээс байрны төлбөр болох 1,800,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд авсан. ...Уг байр нь миний хадам ээж эзэмшлийн байр байсан бөгөөд уг байрыг түрээслүүлэх талаар би хадам ээжээсээ зөвшөөрөл авахгүйгээр мөнгө олох зорилгоор худал зар оруулсан....” гэх, “... нь манай байрыг үзээд түрээслэхээр зөвшөөрсөн бөгөөд 05 дугаар сарын 01-ний өдөр байрандаа орно гэж тохирсон. ...Би урд нь 3 хүнээс уг байрыг түрээслүүлнэ гэж худлаа хэлж мөнгө авсан байсан. ... гэдэг хүнээс авсан мөнгөөрөө өмнөх өрөө дараад үлдэгдэл мөнгөөр нь цахим мөрийтэй тоглоом тоглосон. Одоо бол би цахим мөрийтэй тоглоомноос хэзээ ч ашиг олохгүй юм байна гэдгээ ухаарч цахим мөрийтэй тоглоомд бүртгэлтэй хаягаа устгасан учраас дахин тоглохгүй....” гэх мэдүүлгүүд,
хохирогч Э.гийн “...фейсбүүк чатаар зар тавьсан " " нэртэй хэрэглэгчтэй холбогдож үнэ ханшийг нь асуухад 1 сарын 800,000 төгрөгийн, сар сардаа түрээсээ авна гэж хэлсэн тул эхлээд байраа харья гэхэд одоо би байхгүй байна, гэрт манай эгч байгаа, очоод харчих гэсний дагуу ******* сумын 11 дүгээр баг Талын шилтгээн хотхонд очиж байрыг нь үзэхэд нэг эгчмэд хүн байсан бөгөөд байрыг нь үзээд таалагдсан тул түрээсэлье гэж шийдээд " " нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй эргэж холбогдож урьдчилгаа мөнгө болох 400,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би байрандаа хэзээ орох вэ гэж асуухад 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн байрандаа орж болно гэж хэлсэн. Тэгээд би 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байрандаа орохоор холбогдоход "хөдөө байна”, "манай ээж нэг шагнал авч байгаа юм, би сум руу явж байна", "суманд гал түймэр гарсан, би аймаг руу очиж чадахгүй байна", "сумаасаа аймаг руу гарч чадаагүй байна, унаа олдохгүй байна, маргааш аймаг руу очихоороо өөрөө холбогдоно" гэх зэрэг шалтаг хэлээд байсан. 03 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр түүнтэй холбогдоход "аймагт ирсэн байгаа, тэгж байгаад залгая, би завгүй байна" гэж ярьсан тул нэг л сэжигтэй санагдаад ...орой гэрт нь очиход нөхөр, хүүхдүүдтэйгээ байсан. ...би тэр гэдэг хүнд "чи яагаад холбогдохгүй байгаа юм бэ, байр бүтэхгүй бол би мөнгө төгрөгөө авъя" гэж хэлэхэд нөхөр нь хажуугаас эхнэртээ "чи юун байр яриад, хүнээс мөнгө төгрөг аваад залилаад байгаа юм бэ" гэсэн. Ингээд би тухайн эмэгтэйг анхнаасаа байраа түрээслүүлэх санаа зорилгогүйгээр байр түрээсэлнэ гэж хуурамч зар тавьж надаас 400,000 төгрөг авч залилсан гэж үзэн цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг,
хохирогч Ч.гийн “...2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр "Болор Хон” гэх фейсбүүк хаягаас ******* сумын 11-р баг Талын шилтгээн хотхоны дүгээр байрны 06 тоотыг түрээслүүлнэ сарын төлбөр 700,000 төгрөг гэх зар тавьсан байсан. Ингээд би түүнтэй холбогдож тухайн байранд нь очиж үзсэн. ...ийн өөрийнх нь ...тоот данс руу нэг сарын төлбөр болох 700,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл гэгч нь уг байрны эзэмшигч биш бөгөөд албан ёсны эзэмшигч нь зөвшөөрөөгүй байхад энэ байрыг түрээслүүлнэ гэж худал хэлж надаас мөнгө авсан байна. ...Тэрээр надаас байр түрээслүүлнэ гэж худал хэлж авсан мөнгөө буцааж өгсөн...” гэх мэдүүлэг,
хохирогч Ц.ийн “...Би олон нийтийн сүлжээ фейсбүүк цахим орчинд байр түрээслэх зар хайгаад сууж байхад ..."" гэх фейсбүүк хаягаас Талын шилтгээн хотхонд байр түрээслүүлнэ гэсэн зарын чанартай чат ирсэн. Би түүнд итгэж *******0185858 гэсэн утсаар ярьж байгаад ******* сумын 11-р баг Талын шилтгээн хотхоны эмийн сантай байрны хамгийн урд талын орцны 06 тоотод 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр очиж гэх хүнтэй уулзсан. Тэрээр гэртээ охины хамт байж байсан бөгөөд 2 өрөө цэвэрхэн байр байсан учир би түрээслэхээр болж 1,000,000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн. Ингээд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр уг байранд орохоор тохирсон. ...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дүүгийн сургалтын төлбөрт мөнгө хэрэгтэй болоод 800,000 төгрөг хэрэгтэй байна, та мөнгө өгөхгүй бол байраа өөр хүнд түрээслүүлээд таны мөнгийг ч мөн адил гаргаж өглөө гэж хэлсэн. Ингээд би гайгүй байр олсон, дээрээс нь урьдчилгаа мөнгө хүртэл өгсөн юм чинь гэж бодоод мөнгийг нь шилжүүлэн өгсөн. ...Би залилуулсан 1,800,000 төгрөгөө буцаан авсан учраас энэ хэрэгт өөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
хохирогч О.гийн “...2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк орчинд нэрээ нууцалсан хаягаас ...байр түрээслүүлнэ, *******016*******510 гэсэн дугаараар холбогдоорой гэсэн зар тавьсан байсан учир би уг утас руу залгаж тухайн хүнтэй уулзаж байрыг нь харахаар болсон. Ингээд утсаар нь холбогдож байгаад ...очиход ******* гэх хүн ганцаараа угтаж хүлээн авсан. Тэрээр 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс байраа суллаж өгнө, тэрний наанаа бага зэрэг засвар хийх шаардлагатай байгаа урьдчилгаа болгон 1,000,000 төгрөг өгөөч гэж өөрийнхөө Хаан банкны ...дансаар шилжүүлэн авсан. Миний хувьд гэгчтэй өөрийн биеэр уулзаж байрыг харсан учраас түүнд итгэж мөнгөө тэр даруй шилжүүлсэн юм. Байраа харахад бол тохилог боломжийн байр байсан бөгөөд нь нэг сарын 800,000 төгрөгөөр түрээслүүлнэ, төлбөрөө 3 сараар авна гэж ярьж байсан тул би хүлээн зөвшөөрсөн юм. ...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр фейсбүүкийн чатаар надтай холбогдож обой наалгах хүндээ 300,000 төгрөг өгөх гэсэн юм нэхээр нь ...орой 18 цагийн орчимд 300,000 төгрөгийг нь шилжүүлсэн. Үүний дараа 21 цагийн орчимд нь яаралтай мөнгөний хэрэгтэй байна дахин 300,000 төгрөг нэмж өгөөч, үлдэгдэл мөнгөө байранд орсны дараагаар өгөөрэй гэж байсан. ...Би гэх хүнээс 1,600,000 төгрөгөөр буцаан авсан...” гэх мэдүүлэг,
гэрч “... бид хоёр ******* сумын 11 дүгээр баг Талын шилтгээн хотхоны тоотод амьдардаг. Уг байр манай ээж нэр дээр байдаг, биднийг түр амьдарч бай гээд өгсөн. ...******* бусдад түрээслүүлэх эрх байхгүй. надад амьдарч байгаа байраа бусдад түрээслүүлнэ гэж огт ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг,
гэрч Э. “...Уг байрыг 2024 оны 02 дугаар сарын 1*******-ний өдөр худалдан авч өөрийн нэр дээр эзэмшлийг шилжүүлэн авсан. ...Уг байранд одоогоор миний төрсөн хүү эхнэр болон төрсөн охин хамтаар амьдардаг. ...Миний хувьд уг байрыг түрээслүүлэх зөвшөөрөл ******* өгч байгаагүй. Манай гэр бүлийн хувьд бол 2025 оны 06 дугаар сараас аймгийн төвд шилжин суурьших бодолтой байгаа учир уг байрыг хэн нэгэнд түрээслэхгүй. Учир нь манай гэр бүл аймгийн төвд шилжиж ирээд уг байранд амьдрах болно. Энэ асуудлыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн. Манай хүү нь над руу залгаж "гэрт цагдаа нар ирээд байна, байраа түрээслүүлнэ гэж бусдаас мөнгө авсан байна" гэж хэлж байсан. ...Уг байр нь миний эзэмшлийн байр байтал надаас зөвшөөрөл авахгүйгээр бусадтай байраа түрээслүүлэх талаар тохирч мөнгө авах нь болохгүй асуудал. Хэдий манай бэр буруутай үйлдэл хийсэн ч миний бэр учраас би тухайн үед нэхэгдэж байсан 1,800,000 төгрөгийг ... гэх хүний данс руу нь шилжүүлэн хохирлыг нь барагдуулсан. ...Энэ мөнгийг би нэхэмжлэхгүй, хүүхдүүдийнхээ төлөө төлж байгаа мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч *******ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, хохирогч нарын эзэмшлийн банкны дансны хуулгууд, дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 400,000 төгрөг, 700,000 төгрөг, 1,800,000 төгрөг, 1,600,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч нар нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “хохирол төлбөр төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА