Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/03121

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          30                                     101/ШШ2022/03121         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хаягт байрлах, “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, С.Э,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Г.О нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,198,965.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,

Хариуцагч С.Э, Г.О,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Зээлдэгч С.Э, Г.О нар нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ТБ-ны “Тавин мянгат” тооцооны төвөөс №18/211 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг, сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18/211-01 тоот нэмэлт гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 4 сараар сунгасан.

Зээлдэгч нар нь зээлийн төлбөрт 7,583,087.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,264,112.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,415.94 төгрөг, нийт 11,847,200.39 төгрөг төлсөн. Үүнээс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээл, зээлийн хүүгийн төлбөрт 516,326.70 төгрөгийг төлсөнөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,416,912.34 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 2,508,240.60, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 273,812.92 төгрөг, нийт 10,198,965.86 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүг төлүүлэх талаарх банкны удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй тул зээлдэгчтэй удаа дараа уулзаж зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар мэдэгдэж байсан.

Зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээг сунгах, зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд цар тахалтай үед хязгаарлалт тогтоосон учраас цахимаар хүсэлтийг авч байсан. Тэд эрхэлсэн ажилгүй болсонтой холбоотойгоор зээл төлөхөд хүндрэл учирсан, үүний улмаас зээл төлөлтийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар банкинд мэдэгдэж байгаагүй, ийм хүсэлт гаргасан нь зээлийн хувийн хэрэгт авагдаагүй, ийнхүү хүсэлт гаргасан нь тогтоогдохгүй байна.

Иймд банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 7,416,912.34 тегрөг, зээлийн хүү 2,508,240.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,812.92 төгрөг, нийт 10,198,965.86 төгрөгийг С.Э, Г.О нараас гаргуулж “ТБ” ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Э, Г.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 тоотод оршин суугч С.Э би нөхөр Г.О-ын хамт 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ТБ-ны “Тавин мянгат” тооцооны төвөөс цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж авсан болно.

Уг зээлээ 2020 оны 08 cap хүртэл төлсөн болно. “Ковид-19” цар тахлын улмаас орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан учир гэрээний үүргээ биелүүлээгүй болно. С.Э ажилгүй болоод нэг газарт ажилд орсон боловч яг энэ үед Г.О бас ажилгүй болсон. 2021 оны 11 сард над руу нэхэмжлэгч байгууллагаас ярьсан, тэгээд 2022 оны 04 сард  ирж уулз гэхээр нь очиж уулзсан. Тэгэхэд нь зээлээ бага, багаар нь төлье гэсэн чинь боломжгүй 2 хувааж бүх мөнгөө төл гэдэг шаардлага тавьсан.

2020 оны 11 сар, 2022 оны 04 сард зээлийн гэрээг сунгахыг хүссэн хүсэлтийг 2 удаа гараар бичиж өгч байсан, түүнээс биш цахимаар хүсэлтээ өгөөрэй гэж банкнаас хэлээгүй. Уг хүсэлтийнх эхнийхийг банкны эмэгтэй ажилтанд, дараагийн удаа эрэгтэй ажилтанд өгсөн.

С.Э нь 2019 оны 11 сараас 2020 оны 04 сар хүртэл ажилгүй, 2020 оны 04 сараас 2021 оны 08 сар хүртэл ажилтай, 2021 оны 08 сараас 2022 оны 04 сар хүртэл ажилгүй, 2022 оны 5 сард ажилтай болсон. Үүнийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас харж болох байх, гэхдээ энэ баримтыг авчраагүй. Банк нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор /цар тахлын/ улмаас орлого буурч, зээлдэгчийн санхүүгийн чадавхтай уялдуулан зээлийн төлбөрөө нэхэмжлэх байх гэж найдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндсэн зээлийн үлдэгдэл 7,417,912.44 төгрөгийг, ажилд ороод 2 сар болж байгаа тул 2022 оны 5,6 сарын 2 сарын хүүгийн хамт 8,500,000 төгрөгийг, 12 сарын хугацаанд, сард 500,000 төгрөгөөр төлж барагдуулахыг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: “ТБ” ХХК-иас М.С-д олгосон итгэмжлэл, “ТБ” ХХК-иас Ж.Ц-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “ТБ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.07.26-ны өдрийн 18/211 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.06.29-ний өдрийн 18/211-01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлдэгч С.Э-ийн зээлийн хүү тооцооллын хүснэгт, 2020.10.28-ны өдрийн 1 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2021.12.08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2022.03.02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2022.04.27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлдэгчийн өргөдөл, зардлын хураангуй мэдээлэл, С.Э, Г.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, “ТБ” ХХК-ийн мемориалын баримт, зээлдэгчийн анкетууд, харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 3-26/ зэрэг баримтыг,

Хариуцагч нараас: Хариу тайлбар, Г.О-ын 2020 оны 1 сараас 4 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 34, 37/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь хариуцагч С.Э, Г.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,198,965.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь 8,500,000 төгрөгийг, 12 сарын хугацаанд, сард 500,000 төгрөгөөр хувааж төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зээлдүүлэгч “ТБ” ХХК, зээлдэгч С.Э, хамтран зээлдэгч Г.О нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 18/211 тоот барьцаат зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулагдсан, гэрээгээр зээлдүүлэгч нь 15,000,000 төгрөгийг, жилийн 19,20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү тус тус төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 7-9,11-16/

 

Энэхүү гэрээний хавсралт 2-т зээлдэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар угаалгын машин, зурагт, хөргөгч, цалингийн орлогыг барьцаалжээ.

 

Талууд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 18/211-01 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр дээрх 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18/211 тоот зээлийн гэрээгээр олгосон 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 7,583,087.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,261,696.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,415.94 төгрөг төлсөн, энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч нь 7,416,912 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тогтоожээ.

 

Ийнхүү тогтоосны үндсэн дээр талууд 18/211 тоот гэрээнд дараах өөрчлөлтийг оруулсан, үүгээр зээлийн хэмжээ 7,416,912.34 төгрөг, хүүгийн хэмжээг сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувь, гэрээний хугацааг 4 сар буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл сунгаж, энэхүү нэмэлт гэрээ нь 2018 ны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18/211 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд зээлийн  гэрээний бусад зүйл, заалт хэвээр мөрдөгдөхөөр тохирсон байна. /хх-ийн 10/

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг зээлдэгчийн тус банк дах данснаас  шууд шилжүүлэн авахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.

 

Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч С.Э, хамтран зээлдэгч Г.О нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч нь 2018.08.23-ны өдрөөс 2020.06.29-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 7,583,087.66 төгрөг, хүүгийн төлбөрт 4,264,112.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,415.94 төгрөг, нийт 11,847,200.39 төгрөг төлсөн, зээлийн гэрээний 2.1.5-т заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зээлдэгч зөрчсөн, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг эс биелүүлж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зээлдэгч биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зөрчлөө арилгаагүй тул үндсэн зээлийн төлбөр 7,416,912.34 төгрөг, зээлийн хүү 2,508,240.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,812.92 төгрөг нийт 10,198,965.86 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 2020 оны 08 cap хүртэл биелүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй болсон, “Ковид-19” цар тахал зэрэг шалтгааны улмаас орлого тасалдсан нь зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан, энэ талаар зээлдүүлэгчид бичгээр хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй нь гэрээний үүрэг зөрчигдөхөд хүргэсэн учир гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 7,416,912.34 төгрөг, 2022 оны 5, 6 сарын хүүгийн хамт нийт 8,500,000 төгрөгийг, 12 сарын хугацаанд, сард 500,000 төгрөгөөр хувааж төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18/211 тоот барьцаат зээлийн гэрээний хугацаа 36 сар, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 18/211-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хугацаа 4 сар, тодруулбал, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаатай, зээлдэгч нь зээлийг, хүүгийн хамт эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлдүүлэгчид төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл гэж үзнэ. 

 

Үүнээс үзэхэд зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон байгаа нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2018.08.23-ны өдрөөс 2020.06.29-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 7,583,087.66 төгрөг, хүүгийн төлбөрт 4,264,112.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,415.94 төгрөг, нийт 11,847,200.39 төгрөг төлсөн, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэж байсантай зохигч маргаагүй байгаагаас үзэхэд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 11-16/

Гэрээний хугацаанд зээлдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй болсон, “Ковид-19” цар тахлын улмаас зээл төлөхөд хүндрэлтэй болсон, зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг зээлдүүлэгчид гаргасан боловч шийдвэрлээгүй нь гэрээний үүрэг зөрчигдөхөд хүргэсэн гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-т: “Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэртэй үйлчилгээнд тухайн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээдийн бүртгэлтэй баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, программ хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк, эрх бүхий хуулийн этгээд хүлээн авсан бол Иргэний хуулийн 42дүгээр зүйл, 196.1-д заасантай адилаар хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан байх ба уг хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.

 

Хариуцагч нар эрхэлсэн тодорхой ажилгүй байснаас цар тахлын үед зээлийг эргүүлэн төлөхөд хүндрэл учирсан учир зээлийн төлөлтийг хойшлуулах, энэ үндэслэлээр зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан эсэх, мөн өөрийн орлого буурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй нь түүнд учирсан хүндэтгэн үзэх шалтгаан, өөрчлөгдсөн нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т: “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”, 21 дүгээр зүйлийн 21.1-т: “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно”, 21.2-т: “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох, 2.2.4-т гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй гэжээ.      

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй байна.  

 

Иймд хариуцагч С.Э, Г.О нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7,416,912.34 төгрөг, зээлийн хүү 2,508,240.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273,812.92 төгрөг нийт 10,198,965.86 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч С.Э, Г.О нараас зээлийн гэрээний үүрэгт 10,198,965.86 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч С.Э, Г.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 178,133.45 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,133.45 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ