Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00080

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
хохирогч Э.Мөнх-Очир,
улсын өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Ш.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шихэрээгийн Лхагважавд холбогдох эрүүгийн 201706000094 дугаартай, 132/2017/0074/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 8, Булган аймгийн Орхон сумын Халиун багт оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шаавай овогт Шихэрээгийн Лхагважав, /РД:ОМ72010831/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Лхагважав нь 2017 оны 04 сарын 02-ны өдөр Булган аймгийн Орхон сумын "Цохионы өвөр" гэх газарт согтуугаар, өөрийн охин Л.Түвшинжаргал руу гишүү мод шидэх үед түүний хүү Л.Бархасбадь оногдож бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ш.Лхагважавын өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хөрзөнгөө авч байгаад бие ядраад байхаар нь эхнэрээсээ ганц шил архи авч уусан. Тэгээд хүүхдээсээ мал чинь хаана байна гэсэн чинь мод руу орсон гэхээр нь малдаа яв гээд мод аваад шидсэн чинь ард нь зогсож байсан хүүхдээ оносон. Тэгээд хүүхэд маань ухаа алдаад унасан гэх мэдүүлэг, Хохирогч Э.Мөнх-Очирын өгсөн: Лхагважав хөрзөнгөө авч байгаад надаас архи байна уу гэхээр нь архи өгсөн. Тэгээд 50 грамм архи уусан. Дахиад нэхэхээр нь би өгсөн. Архиа уучихаад нэг цаг гаруй унтаж байгаад босч ирсэн. Тэгээд Лхагважав сэрээд модны гишүү барьчихсан хонь хаана байна гэж асуухад нь Энхдалай мод руу орсон гэсэн чинь над руу модоо бариад алхахаар нь шидэж магадгүй гэж айгаад өвөлжөөний урд хураасан хөрзөнгийн ардуур орсон, удалгүй охин Түвшинжаргал хашгирах шиг болохоор нь юу болов гэж бодоод гартал хүргэн Энхдалай хүү Бархасбадийг тэвэрчихсэн сууж байхаар нь юу болсон бэ? гэж асуухад хүргэн ах Лхагважав гартаа барьсан модоо шидчихлээ гэж хэлж байсан гэх мэдүүлэг,
201706000094 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Шүүгдэгч Ш.Лхагважавын сэжигтнээр өгсөн: Би 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өвөлжөөний хөрзөнгөө хуулж байгаад эхнэр Мөнх-Очирт би ядраад байна архи байвал өгөөч гэж хэлсэн чинь эхнэр надад аяганд архи дүүргэн хийж өгсөн. Тэрийг нь уучихаад өвөлжөөний хөрзөнгөө хуулж байгаад дахин архи уумаар санагдаад байхаар нь эхнэрээсээ дахин нэг аяга архи хийгээд өгөөч гэж гуйсан чинь эхнэр аяганд архи хийж өгсөн. Түүнийг нь ууж байгаад тасарсан байсан юу болсоныг сайн санахгүй байна. Нэг сэрсэн чинь хонины хашаанд намайг хүлсэн байсан тэр үед гадаа харанхуй болох гэж байсан. Тэгээд би хүлээсээ тайлаад гэрийн урагшаа уруудаад явсан. Тэр үед миний архи сайн гараагүй болохоор сайн санахгүй байна. Нэг сэргэтэл Санчир намайг сугадаад гэрт оруулж өгсөн. Тэгтэл эхнэр чи хүүгийнхээ толгойруу мод шидээд ухаан алдуулчихлаа гэсэн. Тэгээд түргэний эмч ирж үзээд эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм байна гээд авч явсан гэх мэдүүлэг /хх 53 тал/, Хохирогч Э.Мөнх-Очирын өгсөн: "...хүү Л.Бархасбадь нь сэтгэцийн өвчтэй насанд хүрээгүй юм ярьж чадахгүй учир хохирогчоор оролцож байна...2О17 оны 04 сарын 02-ны өдөр нөхөр Лхагважавын хамт өвөлжөөний хөрзөнг ховхолж байхад Лхагважав би ядраад байна архи байна уу? гэхээр нь гэрт байсан "түмний хишиг" нэртэй 0,75 л архинаас хундаглаж өгсөн. Тэгээд тэр архийг хөрзөнг хуулах явцад Лхагважав ууж дуусгасан байсан...Лхагважав сэрээд модны гишүү барьчихсан хонь хаана байна гэж асуухаар нь Энхдалай мод руу орсон гэсэн чинь над руу модоо бариад алхахаар нь шидэж магадгүй гэж айгаад өвөлжөөний урд хураасан хөрзөнгийн ардуур орсон, удалгүй охин Түвшинжаргал хашгирах шиг болохоор нь юу болов гэж бодоод гартал хүргэн Энхдалай хүү Бархасбадийг тэвэрчихсэн сууж байхаар нь юу болсон бэ? гэж асуухад хүргэн ах Лхагважав гартаа барьсан модоо шидчихлээ гэж хэлж байсан...тухайн үед Лхагважав "түмний хишиг" нэртэй 0,75 л архийг ганцаараа уугаад согтуу байсан..." гэх мэдүүлэг /хх 27 тал/ Насанд хүрээгүй гэрч Л.Түвшинжаргалын өгсөн: "...аав Лхагважав нь гэрийн урд жалганд унтаж байгаад сэрээд ээж Мөнх-Очирыг хониндоо яв гээд газраас модны гишүү аваад далайсан чинь ээж хөрзөнгийн ардуур нуугдчихсан. Тэр үед би аав гэж дуудсан чинь над руу барьж байсан модны гишүүгээ шидэхээр нь би зугтаад гүйсэн. Тэгээд эргээд хартал төрсөм дүү Бархасбадь газар уначихсан байхад нь Энхдалай ах өргөж босгож байгаа нь харагдсан. Гэхдээ би дүү Бархасбадийг яг модоор цохиулсаныг бол хараагүй, би айсандаа цааш гүйгээд хониндоо явсан..." гэх мэдүүлэг /хх 28 тал/
Гэрч Х.Энхдалайгийн өгсөн: "...2017 оны 04 дүгээр сарын 02-ны 17 цагийн үед Лхагважав ах сэрэзд евөлжөений хашаа руу явж байгаад газраас модны гишүү аваад эхнэр Мөнх-Очирыг малруу яваач гээд эхнэрийнхээ хойноос хөөсөн эхнэр нь өвөлжөөний урд овоолоостой байсан хөрзөнгийн ардуур нуугдсан. Тэгтэл өвөлжөөн дотор байсан том охин Түвшинжаргал нь ааваасаа айгаад зугтаагаад өвөлжөөний хашааны хаалганы баруун талын сараалжин хашааг давах гээд гүйж байтал Лхагважав ах гартаа барьж байсан модны гишүүгээ охин Түвшинжаргалын араас шидсэн чинь өвөлжөөний хашааны хаалганы хажуу талд явж байсан хүү Бархасбадийн толгойн тус газар онож Бархасбадь газарт унаад намайг очиход хөл гар нь хөшчихсөн байсан..." гэх мэдүүлэг /хх 29-30 тал/
Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын
1. Л.Бархасбадь нь сэтгэл мэдрэлийн хувьд хүнд оюун хомсдол, төрөлхийн тархины эмгэгшил, зүүн хөл гарын саажилт өвчтэй, Өвчин нь төрөлхийн хүнд хэлбэртэй,
2. Л.Бархасбадь нь өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодож ухамсарлан ойлгох чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй гэх дүгнэлт,
Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаартай,
1. Л.Бархасбадийн биед гавлын зүүн чамархай ба дагзны ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал, тархины зүүн талын бөмбөлгийн эдэд цус хураа, зүүн чамархай хэсгийн хуйханд зулгаралт үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Гэмтлийн зааврын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.
5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх мэдүүлэг /хх 36 тал/,
эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 04 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 04-07 тал/, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 17-22 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол /хх 25-тал/, хохирогчийн өвчний түүх /хх 61-71 тал/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.Лхагважав нь 2017 оны 04 сарын 02-ны өдөр Булган аймгийн Орхон сумын "Цохионы өвөр" гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн охин Л.Түвшинжаргал руу гишүү мод шидэх үед түүний хүү Л.Бархасбадь оногдож бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Мөнх-Очир, насанд хүрээгүй гэрч Л.Түвшинжаргал, гэрч Х.Энхдалай нарын мэдүүлэг зэрэг өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 337 тоот дүгнэлт, шүүгдэгч Ш.Лхагважавын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ш.Лхагважав бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ш.Лхагважавт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч Ш.Лхагважавын хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Ш.Лхагважав нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80 см-ын урттай гишүү модыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шаавай овогт Шихэрээгийн Лхагважавыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Ш.Лхагважавыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.Лхагвжавт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 97 дүгээр зүйлийн 97.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ш.Лхагважав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80 см-ын урттай гишүү модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ш.Лхагважавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Лхагважавт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ