Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/427

 

2021           4               28                                      2021/ДШМ/427                                       

 

Ш.Г, Б.Г нарт холбогдох

нрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор М.Энхбаатар,

бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Энхбаатарын 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Ш.Г, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2011018481157 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.             

1. Тунгаа овогт Ш.Г, 1987 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ноолуурын технологич мэргэжилтэй, Хишигтулга ХХК-нд захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт

2. Хөхморьт овогт Б.Г, 1984 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Мак ХХК-нд ажилладаг, ам бүл 2, эхийн хамт

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 754 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Шүүгдэгч Ш.Г нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудлын 503 тоот өрөөнд эгч Э.Отай маргаж, түүнийг цохилоо гэх шалтгаанаар уурлаж, хохирогч Б.Гын нүүрэн тус газарт өшиглөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудлын 503 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогч Э.Отай түүний нөхрийн хамт согтууруулах ундаа хэрэглэсэн гэх шалтгаанаас болж марган улмаар түүний зүүн гараас барьж түлхэж унагаах үедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Г, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тунгаа овгийн Ш.Г, Хөхморьт овгийн Бат- Эрдэнийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Гад 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ш.Г нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Гас 278.000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 102 дугаар байрны 6 тоотод оршин суух Хөхморьт овгийн Б.Г /РД:ОК840611Ю/-Д олгож, хохирогч Б.Г нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Ш.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор М.Энхбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ш.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав” гэж заасан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт уг заалтыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... ажиллагааг ямар хугацаанд ... ямар хэмжээгээр хийх” -ийг тусгахаар хуульчилсан байхад торгох ял биелүүлэх хугацааны талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт огт дурдаагүй шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар тодорхой тусгах шаардлагатай байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/136 дугаартай шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ш.Г нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудлын 503 тоот өрөөнд эгч Э.Отай маргаж, түүнийг цохилоо гэх шалтгаанаар уурлаж, хохирогч Б.Гын нүүрэн тус газарт өшиглөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудлын 503 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогч Э.Отай түүний нөхрийн хамт согтууруулах ундаа хэрэглэсэн гэх шалтгаанаас болж марган улмаар түүний зүүн гараас барьж түлхэж унагаах үедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гын “...О орж ирээд “чи нөхөр уруу татаад янхандлаа” гэж хэлээд намайг хаалганы хажуу талын захад байрлах орон дээр сууж байхад ирээд миний нүүр лүү 2-3 удаа алгадсан. Надад бэртэл гэмтэл учирсан зүйл байхгүй. О над руу дайраад байхаар нь би орон дээр сууж байгаад босоод өөрөөсөө түлхсэн чинь дахиад босож ирээд над руу хашхичаад дайраад алгадаад байсан. Би Ог өөрөөсөө холдуулаад босоод 2-3 удаа түлхсэн. Гантөмөр тухайн үед нэлээн согтсон байсан болохоор энэ үйл явдлыг ч санахгүй байх. О “би угаасаа чамайг харна, чи яасан их хүний нөхөр уруу татдаг юм бэ, би хүн дуудчихсан байгаа, та нар нэг бол наадхаа ав” гэж хэлж байтал хаалга онгорхой үед гаднаас нэг залуу орж ирээд 4-5 алхаад намайг орон дээр сууж байхад миний зүүн гар талаас хөлөөрөө миний нүүр лүү өшиглөсөн. Би тухайн үед хэн гэдгийг нь мэдэхгүй нүүрээ дараад тонгойход тэр залуу хөлөөрөө дахиад миний нүүр лүү өшиглөсөн. Би “хэн бэ яаж байгаа юм бэ” гэхэд “чамайг алаад өгнө” гэж байсан. Би орноос босоод хажуу орон дээр суугаад шал руу цусаа гоожуулаад байж байтал тэд нарын хоорондоо ярьж байгааг сонсоход намайг өшиглөсөн залуу дүү нь гэдгийг мэдсэн.

...Би Отай зууралдаагүй зүгээр орон дээр сууж байсан. Г гэх залуу миний хамар луу 1 удаа, уруул руу 1 удаа нийт 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний нүүр лүү гараараа цохисон байх. Би сайн санахгүй байна. Миний хамар мурийсан, урууландаа 4 оёдол тавиулсан байхад нүүрэн лүүгээ ганц удаа алгадуулахад ийм гэмтэл үүсэхгүй. Миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн үйлдлийг би маш тод санаж байна. Г орж ирээд намайг зодсон. Би яагаад Огийн гарын булчингийн дотор тал хөхөрсөн гэдгийг мэдэхгүй байна. Би түүнтэй зууралдаж байхдаа хөхрүүлсэн байж болох юм, гэхдээ мэдэхгүй байна. Гэмтэл согог судлалын төвд очоод уруул хэсэгт 4 оёдол хийлгэж, шүүх эмнэлгийн эмчээр хамрын муруйг тэгшлүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 11 сарын 3-ны өдрийг хүртэл Энэрэл эмнэлэгт 7 хоногийн хугацаатай хэвтэн эмчлүүлсэн. Надаас нийт 398.000 төгрөгийн зарлага гарсан байна. Хэрэг учрал болсон өдрийн маргааш нь би Өмнөговь аймаг Гурвантэс сум руу ажилдаа явах ёстой байсан боловч нүүрэндээ гэмтэл авсан болохоор явж чадаагүй, эмчилгээ хийлгэсэн. 2020 оны 10 дугаар сард цалингүй болсон учир нэг сарын цалин болох 2.000.000 төгрөг, мөн эмчилгээний зардал 398.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /хх 18-20/,

хохирогч Э.Огийн “...Би Гтай таарамжгүй харьцаатай. Б.Г манай нөхөртэй утсаар яриад дуудсан юм байна лээ. Орой 19 цаг өнгөрч байхад найз Улаанаагийн 99681280 дугаар руу нь залгаад асуухад тэрээр “нөхөр чинь Баянбүрдийн “Рич” зочид буудлын 5 давхрын 503 тоотод байгаа шүү, очоод аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийн ах Батзориг руу залгахад тэрээр "би машингүй байна“ гээд дүү Г руу залгаж хэлсэн байсан.

...Би өрөөнд ороод Гын нүүр лүү гараараа 2-3 удаа алгадсан бөгөөд тэрээр намайг зөрүүлж зүүн гарын булчингаас базаад миний нүүр лүү гараараа 1 удаа алгадаад ор луу түлхээд унагаасан. Миний зүүн гарын булчингийн дотор тал хөхөрсөн байна. Нүүрэн тус газарт алгадахад тухайн үед хацарт халуу оргиж байсан боловч одоо зүгээр байна. ...” /хх 22-23/,

гэрч Ш.Э“...Гантөмөрийн эд зүйлийг хурааж, цуглуулж байтал Г орж ирээд Ог өмөөрч Гыг цохих шиг болсон. Ямар ч байсан “миний эгчийг цохидог хэн бэ чи” гэж хэлж байсныг санаж байна...Тухайн үед Г Гын нүүр лүү цохисон байх. Учир нь хамраас нь цус гарчихсан байсан. Би яг цохиж байхыг нь анзаарч хараагүй. ...” /хх 31/,

гэрч Ш.Г“...Би согтоод тасарчихсан байсан. Маргааш өглөө нь гэрт сэрсэн. Болсон зүйлийн талаар өөрийн эхнэрээсээ сонссон...Г дараа нь надад хэлэхдээ “намайг орж ирэхэд эгч Ог Г нь алгадаад түлхэж байхад нь уур хүрээд нүүрэн тус газарт нь алгадсан” гэж хэлсэн. ...” /хх 32/,

гэрч С.Л“...Гыг 1 эмэгтэй нь орноос босгоод нүүр ам руу нь алгадаад, цохиод байсан. Тухайн үед Г нэлээн согтсон байдалтай яасан юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй нь Гтай урьд өмнө нь маргаантай байсан бололтой “чи миний амьдралыг сүйрүүлж байна” гэж хэлээд байсан. Би тэр үед тэр хоёрыг салгаж байтал гаднаас жижиг, туранхай залуу орж ирээд Гыг учир зүггүй ална гээд зодоод байсан. Гын нүүр лүү өшиглөөд, нэлээн хэдэн удаа цохьсон. Тэр үед би тэр залууг Гаас салгасан. Буудлын өрөө дотроо 3 ширхэг ортой бөгөөд голын орон дээр Г сууж байсан. Гтай хамт архи ууж байсан 2 залуугийн нэг нь явчихсан байсан. Харин Гтай хэрүүл хийгээд байсан эмэгтэйн нөхөр нь гэх залуу нэлээн согтчихсон бараг ухаангүй байсан. Түүнийг ар гэрийн хүмүүс нь өргөөд аваад гарсан. ...” /хх 33-34/,

гэрч Б.С“...Тухайн үед 503 тоотод үйлчлүүлж байсан гэх хүмүүс бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зүйл байхгүй. Хаалга дотроосоо түгжээд хэт их дуу чимээ гаргасан зүйл байгаагүй. Хэрүүл маргаан хийсэн бол бусад өрөөнөөс эсвэл ямар нэгэн байдлаар би мэдэх байсан. Би одоо гаднаас хүмүүс орсон эсэх талаар санахгүй байна. Манай буудлын дүрэмд гаднаас хүмүүс орохгүй байх талаар үүрэгтэй байдаг. Хэрэв орох бол би хаашаа ямар зорилготой орох гэж байна гэж асууж лавлах ёстой. ...” /хх 35/,

шинжээч эмч Т.Ч“...Э.Огийн биед зүүн гарын бугалгад цус хуралт зөөлөн эдийн гэмтэл үүссэн байсан. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд базах, цохих, түлхэх, унагах зэрэг тухайн хэсэгт хүч үйлчилсэн улмаас үүснэ. ...” /хх 36-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12021 дугаартай “...Б.Гын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алиманд цус хуралт, дээд, доод уруулд шарх, хүзүүнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 39-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12846 дугаартай “...Э.Огийн биед зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зураг авагдсан гэх өдрөөс өмнө 3-5 хоногийн дотор үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 44- 45/, хохирогч Э.Огийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-16/, шүүгдэгч Б.Гад холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 60-62/, хохирогч Б.Гын гэмтлийн байдлыг харуулсан зураг /хх 92-93/, хохирогч Б.Гын гаргаж өгсөн хохирлын баримт /хх 94-97/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Г, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ш.Г, Б.Г нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Прокурор М.Энхбаатарын “...Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хугацааг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож хуульчилсан байхад шүүгдэгч Ш.Г, Б.Г нарт дээрх торгох ял шийтгэлийг оногдуулахдаа ямар хугацаанд төлөхийг тодорхой заагаагүй. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх талаар тодорхой тусгах шаардлагатай байх тул шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Гад 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ заагаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгуулах, хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий этгээд уг ялыг ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр биелүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ш.Г, Б.Г нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосон нэмэлт заалтыг шийтгэх тогтоолд оруулж, прокурор М.Энхбаатарын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Гад 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ