Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1025

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00522 дугаар шийдвэртэй, Ө.Тын нэхэмжлэлтэй, НДЗд холбогдох 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 899 610 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Т, өмгөөлөгч Д.Мөнхтуяа, Ч.Содончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 26 жил, үүнээс Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан. Гэвч НДЗ 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Б/51 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гарган үндэслэлгүйгээр намайг ажлаас халсанд гомдолтой байна.

Би нягтлангийн бодсон цалингийн цэсийг хянаад эхний хуудасны дээд талд гарын үсэг зурж тамга дардаг ба төгсгөлийн хуудасны доод талд нягтлан С.Буянжаргал гарын үсэг зурж, үүний доод талд дүүргийн төрийн сангаас хянаж баталгаажуулан тамга дардаг.

Энэ зөрчлийг цэцэрлэгийн нягтлан бодогч С.Буянжаргал Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн дарга С.Батцэцэг нар хуйвалдан гардан үйлдсэн гэдгийг хожим мэдсэн байдаг. Үүний дараа С.Батцэцэг, нягтлан Т.Алтанцэцэг, цэцэрлэгийн нягтлан С.Буянжаргал нар намайг “чи энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж болохгүй өөрийн хүсэлтээрээ ажлаас халагдах өргөдөл өг, бид чамд ажил олж өгнө” гэж удаа дараа шахаж дарамталж эхэлсэн. Би нягтлан бодогчийн цаасан дээр хэвлэсэн цалин, тайланг баталж байснаас санхүүгийн программд нэвтэрч тайлан цэсийг засах эрх бүхий этгээд биш, үүнийг нягтлан С.Буянжаргал болон дүүргийн төрийн сангийн эрх бүхий этгээд хариуцдаг. Түүнчлэн, санхүүгийн тайланд нэвтрэх код зөвхөн нягтланд байдаг. Уг хэрэг Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн газарт С.Буянжаргалыг эрүүгийн журмаар холбогдуулан шалгаж байгаа.

Бээлий нь төрийн сангаас санхүүжилт гаргаж, цэцэрлэгт хүчээр өгсөн дүүргийн эрх бүхий этгээдүүдийн хууль бус шахаа юм. Уг бээлийний зарцуулалт, хадгалалтыг нягтлан С.Буянжаргал, нярав Л.Ариунжаргал нар хариуцах ёстой.

Нягтлан С.Буянжаргал ажил мэргэжлийн үүргийн хувьд ажилтанд олгосон шагнал урамшууллын тооцоог хийж гүйцэтгэх байсан. Үүнийг би хянах үүрэгтэй тул давхар хариуцна. Харин энэ зөрчил нь шагнагдсан хүмүүсээс нөхөн суутгаж, хохирлыг арилгаж болох учир ажлаас халах зайлшгүй зөрчил гэж үзэхгүй байна.

Үр дүнгийн гэрээний үнэлгээгээр хангалтгүй үнэлсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Учир нь дээрх нэр бүхий хүмүүс өөрсдийн хуйвалдан хийсэн зүйлийг намайг хийсэн мэтээр гүтгэж байна. Тодруулбал, тэд өөрсдийн завшсан 59 450 000 төгрөгөө цэцэрлэгийн дансанд буцаан төлсөн болох нь санхүүгийн баримтаар нотлогддог.

 Иймд дээрх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгон, 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.4-т дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалтгүй дүгнэгдсэн бол ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлахаар тусгасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ө.Т нь 2017 онд тус дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтээр хангалтгүй дүгнэгдсэн, мөн Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/175 НТАГ-2018/474/СТА-ТШЗ дугаар актаар цагийн бүртгэлгүй, тус байгууллагын дансанд бүртгэлгүй 15 хүнд үндэслэлгүй цалин тооцож 59 405 676.94 төгрөг олгосон, 232 ширхэг 692 000 төгрөгийн бээлий дутаасан, ажилтанд олгосон шагнал урамшууллаас 200 000 төгрөгийн татвар суутгаагүй олгосон зэрэг зөрчил гаргаж, нийт 60 297 676.94 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Энэ зөрчлийн талаар Нийслэлийн боловсролын газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/324 дугаар албан бичиг, сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл холбогдох материалыг НДЗд хүргүүлсний дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан.

Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд үнэлгээн дээр ямар нэг гомдол, үнэлгээг дахин хэлэлцүүлэх тайлбар гаргаж маргаан үүсгээгүй бөгөөд дээрх актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Цэцэрлэгийн эрхлэгч нь цэцэрлэгийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эд хариуцагч бөгөөд тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх мэдлийг Нийслэлийн өмчийн газартай гэрээ байгуулан авсан удирдах албан тушаалтан юм. Өөрөөр хэлбэл, тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан төсвийн шууд захирагч бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасан эрх үүргийг хэрэгжүүлж хяналт тавих үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 захирамжаар Ө.Тийг цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Ө.Т нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6 899 610 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Ө.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Ө.Т улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Т, өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Мөнхтуяа нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн 51 дэх талд авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсанд “гарын үсэг зурахаас татгалзсан” гэж тэмдэглэснээс харахад үнэлгээг зөвшөөрөөгүй гэдэг нь харагдана.

2017 онд дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэргэжилтийн үнэлгээгээр “хангалтгүй” гэж дүгнэгдсэн нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр илэрч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зөрчил илрүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрснийг үл харгалзан ажлаас халсан тушаал гаргасан байна.

Үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэн ноцтой зөрчил гаргасан гэдгийг хэрхэн, ямар баримтыг үндэслэн тогтоосон талаарх баримт шүүхэд ирүүлээгүй. Тодруулбал, манлайллын зорилтын биелэлт хэсэгт “0” оноо тавьсан баримтуудаа ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь манлайлан ажиллаж байсан талаарх холбогдох бүх баримтуудыг шүүхэд гаргаж өгснийг шүүх үнэлээгүй.

Хэргийн 50 дахь талд авагдсан илтгэх хуудаснаас харахад сахилгын нэг зөрчилд давхардуулан арга хэмжээ авсан байгаа нь харагдана. Түүнчлэн, хэргийн 77-82 дахь талд авагдсан нэхэмжлэгчийг ажилдаа өндөр ур чадвар, идэвхи санаачилга гаргасан тул ур чадварын нэмэгдэл олгож байсан тушаалууд авагдсан байхад үүнийг хангалтгүй гэж үнэлсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчид бээлий хариуцуулан өгсөн баримт байдаггүй. Ө.Т нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан мөнгөн хөрөнгө хариуцсан ажилтанд хамаарах эд хариуцагч биш. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ө.Т нь хариуцагч НДЗ бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/51 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 899 610 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...үр дүнгийн гэрээнд хангалтгүй үнэлгээ авсан, ...удирдах албан тушаалтаны хувьд эд хөрөнгөд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй...” гэх үндэслэл заан маргажээ.

Талуудын хооронд 2009 оноос хойш хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд НДЗ нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Б/51 дугаартай захирамж гарган Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ө.Тд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/51 дугаартай захирамжаар нотлогдож байна. /1хх 5 дахь тал/ Уг захирамжийг Ө.Т 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ажил олгогчоос хүлээн аваад мөн оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан болох нь Б/51 дугаар захирамжийн доод хэсэгт бичигдсэн тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 6533 дугаар захирамж зэрэг баримтаар тогтоогдож байх тул Ө.Тыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй гэж үзнэ. /1хх 5, 17-18 дахь тал/

Хариуцагч НДЗ нь нэхэмжлэгч Ө.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 6.3.4-т заасан зөрчил  гаргасан нөхцөл байдлыг өөрөө нотлох үүргийг хүлээнэ.

Зохигчид хөдөлмөрийн гэрээний 6.3.4-т дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон гэрээний 7.3-д зааснаар үр дүнгийн гэрээ “хангалтгүй” гэж дүгнэгдсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлахаар заасан байна. /1 хх 13-15 дахь тал/

Хэргийн баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ө.Тын үр дүнгийн гэрээг дүгнэхдээ үр дүнгийн гэрээний үзүүлэлтийн “Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан тусгай арга хэмжээнээс бусад 7 арга хэмжээний хэрэгжилтэд 25.6 оноо /0-30/, төсвийн ерөнхийлөн захирагчийн тусгайлан сонгосон 18 тусгай арга хэмжээний хэрэгжилтэд 33.2 оноо /0-40/, манлайллын зорилтын биелэлтэд 0 онооны үнэлгээ өгч, Ө.Тын үр дүнгийн гэрээг 58.8 оноо буюу “хангалтгүй” гэж дүгнэжээ. /1хх 49-73 дахь тал/ Нэхэмжлэгч Ө.Т дээрх үнэлгээнээс манлайллын зорилтын биелэлтэд өгсөн үнэлгээг эс зөвшөөрч, зохих ёсоор гомдлоо гаргаж байсан болох нь Нийслэлийн Боловсролын газар болон НДЗд үр дүнгийн гэрээний үнэлгээнд гаргасан гомдол, Нийслэлийн Боловсролын газрын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг баримтаар тогтоогдсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. /хх 6-8, 98-100, 160 дахь тал/

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/01, мөн оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/02, 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/04, 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/07, 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/10 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай” тушаал, шагнал, урамшуулал авч байсан тухай фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар Ө.Тыг эрхэлсэн ажилдаа мэргэжлийн өндөр ур чадвар, идэвхи санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн гэж үнэлэн ур чадварын нэмэгдэл олгон, шагнаж байсан үйл баримт нотлогдож байх бөгөөд хариуцагч уг нотлох баримтыг үгүйсгэж няцаагаагүй. /хх 77-82 дахь тал/ Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгч Ө.Тын манлайлал, ажлын ур чадварт “0” үнэлгээ өгч, улмаар хангалтгүй гэх үнэлгээ өгсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч Ө.Тыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.3.4-т заасан ноцтой зөрчил тогтоогдоогүй байхад хариуцагч нь хууль бусаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзнэ. Анхан шатны шүүхийн энэ үйл баримтад холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ.

Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгийн 2017 оны санхүүгийн тайлангийн завсрын аудитын шалгалт хийхэд тус цэцэрлэгт ажилладаггүй 15 хүнд үндэслэлгүй цалин олгосон, 232 ширхэг 692 000 төгрөгийн үнэ бүхий резинэн бээлий дутаасан, ажилтанд олгосон шагнал урамшууллаас 200 000 төгрөгийн татвар суутган тооцоогүй зэрэг зөрчил илэрсэн болох нь хэрэгт авагдсан 01/175 НТАГ-2018/474/СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар тогтоогдсон байна. /1хх 45 дахь тал/ Нэхэмжлэгч Ө.Т уг акттай танилцаж, гарын үсэг зурсан гэдэгт маргаангүй, харин актаар илэрсэн зөрчил нь түүний гэм буруутай үйлдэл биш гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгийн төсвийн шууд захирагч, эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг холбогдох эрх бүхий байгууллагаас шилжүүлэн авч хэрэгжүүлдэг удирдах албан тушаалтан учир хариуцагч тал нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эд хөрөнгө хариуцсан этгээдийн хувиар ажил олгогчийн итгэлийг алдсан зөрчил гаргасан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Гэхдээ хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/605 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, Нийслэлийн боловсролын газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/324 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Б/51 дүгээр захирамж зэрэг баримтаар тогтоогдсон байна. /1хх 44-45, 48 дахь тал/ Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээд нэхэмжлэгч Ө.Тыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоон, ажлаас хууль бусаар халсан үр дагаврыг арилгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ө.Тын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт заасны дагуу тооцоход 7 947 577 төгрөг /Ө.Тын 2018 оны 2, 3, 4 дүгээр сарын цалин хөлсний дунджийг ажилгүй байсан 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар/ байх боловч нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр буюу 6 899 610 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын тэгш эрхийн зарчимд харшлахгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00522 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Тыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 899 610  төгрөгийг хариуцагч НДЗ бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас гаргуулан нэхэмжлэгч Ө.Тд олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧ                           Б.НАРМАНДАХ

                                                                        Ч.ЦЭНД