Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/448

 

2021             5             12                                       2021/ДШМ/448                                      

                                                                                                            

 

Т.Ц, Т.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Т.Цын өмгөөлөгч Б.Энхболд,

бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Цын өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлоор Т.Ц, Т.П нарт холбогдох эрүүгийн 2105000000157 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Т.Ц, 1995 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батцог Мандал ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт

2. Боржигон овогт Т.П, 2002 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүрээ” мэдээлэл, технологийн дээр сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эх, ах, бэр эгч, дүүгийн хамт

            Шүүгдэгч Т.Ц нь өөрийн төрсөн дүү Т.Птэй бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд  Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар байрны 3 тоотод мэдээллийн технологи ашиглан “Tamus Tamus Tamus” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5114490057 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 7.050.000 /долоон сая тавин мянга/ төгрөгийн ашиг олсон,

            Шүүгдэгч Т.П нь өөрийн төрсөн ах Т.Цтай бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар байрны 3 тоотод мэдээллийн технологи ашиглан “Tamus Tamus Tamus” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, Т.Цын нар дээр Хаан банкинд бүртгэлтэй 5114490057 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 7.050.000 /долоон сая тавин мянга/ төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Ц, Т.Пнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Т.Ц, Боржигон овогт Т.П нарыг “мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц, Т.Пнарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цэнхэр өнгийн 1 ширхэг “Redmi /Xiao mi 10/ маркийн гар утас, 1 ширхэг  “Redmi Note 8 маркийн гар утас зэргийг Улсын орлогод оруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хар өнгийн кейс, цэнхэр өнгийн гар утасны хайрцаг, цагаан өнгийн цэнэглэгч, ногоон өнгийн 4380545179519943 дугаартай хаан банкны карт зэргийг шүүгдэгч Т.Цт буцаан олгож, хар өнгийн цүнх, цэнхэр өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр, хавтасгүй тэмдэглэлийн дэвтэр, улаан өнгийн 54 ширхэг хөзөр, саарал өнгийн 99 ширхэг хөзөр, цэнхэр өнгийн 80 ширхэг хөзөр, А4 цаасыг голоор нь нугалж хатуу цаас дунд нь хийж 30к-220к, 50к-370к суудал 8 хүнтэй гэж бичсэн цаас, 30к-220к, 50к-370к, суудал 8 хүнтэй гэж бичсэн цаас А4 хэмжээтэй цаас, тоглолтын хуваарь гаргаж хүснэгт хийсэн А4 хэмжээтэй 16 ширхэг цаас, хүмүүсийн нэрс, тоо бичсэн цаас 2 ширхэг, 10 ширхэг А4 хэмжээтэй цаасыг хооронд нь нааж  FIOP CARD TURN CARD RIVER CARD гэж латин үсгээр бичиж 11,22, 33, 44, 55, 66, 77, 88 гэж бичсэн покерын ширээн дээр тавьдаг цаас зэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц, Т.Пнараас тус бүр 3.525.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дугаартай зөвшөөрлөөр 36-80 УАР улсын дугаартай “Тоёота приус” 30 загварын автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг улсын орлогод оруулах орлогыг хангах зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Цын өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц, Т.Пнараас тус бүр 3.525.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн хэрнээ прокурорын 2021 оны 2 дугаар 8-ны өдрийн 14 дугаартай зөвшөөрлөөр 36-80УАР улсын дугаартай “Тоёота приүс” 30 загварын автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг улсын орлогод оруулах орлогыг хангах зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүх 36-80УАР улсын дугаартай “Тоёота приус 30” загварын тээврийн хэрэгсэл нь хэний өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох дээр дүгнэлт хийгээгүй байна. Дээрх 36-80УАР улсын дугаартай “Тоёота приус” 30 загварын тээврийн хэрэгсэл нь миний үйлчлүүлэгч Т.Цын хувьд ногдох хөрөнгө, орлого биш байхад улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Т.Ц нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Шивилам” ХХК-тай “Автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулж “Тоёота приус” 30 загварын тээврийн хэрэгслийг үнийг өнөөдрийг хүртэл төлсөөр байгаа бөгөөд хэрвээ дээрх тээврийн хэрэгслийн үнийг төлөхгүй тохиолдолд “Шивилам” ХХК нь шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа болно. Иймээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г миний үйлчлүүлэгч Т.Цт 2 удаа хэрэглэж түүний эрх зүйн байдлыг дордуулсан учраас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаартай дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.    

            Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд албадлагын арга хэмжээг 2 удаа давхардуулж хэрэглэсэн зүйл байхгүй. Шийтгэх тогтоолын 7 дахь заалт маш тодорхой. “...улсын орлогод оруулах орлогыг хангах зорилгоор “Тоёото приус” 30 загварын автомашиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, уг автомашин хууль бус эх үүсвэртэй болохоор тухайн автомашиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Энэ байдлаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь зохимжгүй байна. Давж заалдах гомдол гаргахын оронд 7.050.000 төгрөгөө төлсөн бол тухайн машин өөрсдийнх нь эзэмшилд очих бүрэн боломжтой байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Т.Ц, Т.Пнар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд  Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар байрны 3 тоотод мэдээллийн технологи ашиглан “Tamus Tamus Tamus” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, Т.Цын нэр дээр бүртгэлтэй “Хаан банкны 5114490057 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 7.050.000 /долоон сая тавин мянга/ төгрөгийн ашиг олсон болох нь:

гэрч А.Пгийн “...2020 оны 12 дугаар сарын эхэн үеэс 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл манай нөхрийн фэйсбүүкээр лайв /live/ хийж покер тоглуулсан 7.000.000 гаруй төгрөг миний дансанд цугласан. Нөхөр 2021 оны 1 дүгээр сарын дунд үед “Тоёота приус” 30 маркийн машин лизингээр авч урьдчилгаанд миний дансанд цуглуулсан покер тоглоомоос олсон ашгийн 6.000.000 төгрөгийг өгсөн. Үлдсэн ашгийн мөнгөөрөө машиндаа хэрэгцээтэй зүйл авсан. /1хх 151/,

Т.Цын яллагдагчаар өгсөн: “...Би фэйсбүүкээр покер тоглуулж нийт ойролцоогоор 7.000.000-8.000.000 төгрөгийн ашиг олсон. Би 2020 оны 12 дугаар сарын сүүлд “Тоёота приус” 30 загварын машиныг лизенгээр авч түүний урьдчилгаанд фэйсбүүкээр покер тоглуулж олсон ашгийн 6.000.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл ашгийн 1.000.000 гаруй төгрөгөөр машиндаа дугуй, хучлаг бусад өрхийн хэрэглээний зүйл аваад дууссан. /1хх 145/,

...Би фэйсбүүкээр покер тоглуулж нийт ойролцоогоор 7.050.000 төгрөгийн ашиг олсон. “Тоёото приус” 30 маркийн машин лизингээр авч түүний урьдчилгаанд фэйсбүүкээр тоглуулж олсон ашгийн 6.000.000 төгрөгийг өгсөн.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /1хх 172/,

Т.Пгийн яллагдагчаар өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл өдөр бүр тасралтгүй 6-7 цаг фэйсбүүк дээр ах лайв хийж покер тоглуулж, би хажууд тусалж бүртгэлийн хөтөлж, дансыг нь шалгадаг байсан. Би ахаасаа авсан 200.000 төгрөгийн ашгаар өөрийн ашиглаж байсан S-8 маркийн гар утсаар 250.000 төгрөгөөр бусдад зараад ашгийн 200.000 төгрөгөө нэхээд, хүнээс 50.000 төгрөг зээлж аваад 500.000 төгрөгөөр  Red mi Note-8 маркийн гар утсыг өргөө кинотеатрын урд байрлах гар утас засвараас 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр авсан. ...” /1хх 148, 1хх 176/, автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ /1хх 44-48/, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай тогтоол /1хх 36/, депозит дансны хуулга /1хх 52-134/, депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 135-136/,  олсон ашгийн тооцоо гаргасан тэмдэглэл /1хх 138/, “Дамно ХХК” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 160-166/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Ц, Т.Пнарыг мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Т.Ц, Т.П“мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Ц, Т.Пнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд тухайн зүйлд заасан торгох ял оногдуулсан нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Цын өмгөөлөгч Б.Энхболдын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дугаартай зөвшөөрлөөр 36-80 УАР улсын дугаартай “Тоёота приус-30” загварын автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг улсын орлогод оруулах орлогыг хангах зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт байгаа баримтуудаас үзэхэд гэрч А.П “...Нөхөр 2021 оны 1 дүгээр сарын дунд үед “Тоёота приус-30” маркийн машин лизингээр авч урьдчилгаанд миний дансанд цуглуулсан покер тоглоомоос олсон ашгийн 6.000.000 төгрөгийг өгсөн. ...” /1хх 151/, Т.Цын “...Тоёота приус-30” маркийн машиныг лизенгээр авч түүний урьдчилгаанд фэйсбүүкээр покер тоглуулж олсон ашгийн 6.000.000 төгрөгийг өгсөн. ...” /1хх 145/, 172/, автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ /1хх 44-48/ Т.Цын нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5114490057 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн баримт зэргээс үзэхэд гэмт хэргийн улмаас нийт 7.050.000 /долоон сая тавин мянга/ төгрөгийн орлого олжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж зааснаар Т.Ц, Т.Пнарыг хууль бусаар олсон орлого болох 7.050.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс нь 3.525.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь зөв бөгөөд тус мөнгийг улсын орлогод оруулах ажиллагааг хангах зорилгоор 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дугаартай зөвшөөрлөөр  автомашины шилжилт хөдөлгөөн хязгаарласан 36-80 УАР улсын дугаартай “Тоёота               приус-30” загварын автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалт нь хэрэв шүүгдэгч нар нийт 7.050.000 /долоон сая тавин мянга/ төгрөгийг улсын орлогод оруулж шүүхийн шийдвэр биелэгдсэн тохиолдолд тус машиныг эзэмшигчид нь буцаан олгох боломжтой  заалт  үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Цын өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Цын өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

           

ШҮҮГЧ                                                Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ