| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2020/01017/И |
| Дугаар | 130/ШШ2020/01192 |
| Огноо | 2020-12-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2020/01192
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 0 дугаар багт оршин суух, Б байкелди овогт Е Ан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын 0 дугаар багт оршин суух, Ж овогт Хуаны Х,
Хариуцагч: Б аймгийн Б сумын 0 дугаар багт оршин суух, Ж овогт Хын С,
Хариуцагч: Б аймгийн Б сумын 0 дугаар багт оршин суух, Б овогт Жий А нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Х.Х, хариуцагч Х.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, орчуулагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Х.Х, Х.С, И.А нараас 2 машин өвсний үнэ 1000000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Е.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний 2005 оноос эхлэн хадлан бэлтгэж авах зорилгоор эзэмшиж жил бүр хавар усалж, чулуу болон бусад хог хаягдлыг арчиж улмаар жил бүрийн намар 2-3 машин өвс хадаж авдаг тус сумын 5-р багийн нутаг хуучин нэрээр ЭТЦ-ийн хадлангийн талбай одоогийн нэрээр С.Бы талбай нэртэй талбайг минь X.Х, И.А нар нь намайг хадлангийн өвс ургуулах бүхий л бэлтгэлээ хийж зусланд нүүж явсны хойгуур ирж хэний ч зөвшөөрөлгүйгээр сүйтгэж суваг шуудуу татан малтаж хадлангийн уг талбайд өвс ургах боломжгүй болгосон бол X.С нь тэдний эвдэж сүйтгэснээс үлдсэн хэсгийн өвсийг хадаж авсан байна. Би энэ талбайг 2005 оноос эхлэн 40 жилийн /2045 он хүрэл/ хугацаагаар эзэмших эрхтэй бөгөөд 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б сумын ЗД-аас авсан 0002059 тоот гэрчилгээтэй болно. Би 2020.08.15-ны өдөр өвсөө хадаж авахаар жил бүр миний хадланг хадахад надад тусалдаг Х.Шыг дагуулан очиход минь миний талбайг дээрх 3 хүн эвдэн сүйтгэснийг мэдэж сумын эрх бүхий дарга нарт мэдэгдэж сумын ЗД-аас гаргаж өгсөн комиссыг газар дээр нь дагуулан очиж үзүүлээд, улмаар уг талбайг үзэж нягтлахаар очсон комисс бүрэлдэхүүнээрээ Х.Сын гэрт нь очиж асуухад тэрээр "би өөрөө мэдэхгүй, аав хадаж ав гэхээр нь хадсан" гэж үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно. Уг комисс газар дээр нь тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан юм. X.Х, X.С, И.А нарын сүйтгэж, өвсийг хадаж авсан миний эзэмшлийн уг талбайгаас жил бүр 2-3 машин өвс хадаж авч байсныг гэрч Х.Х, М.Е, X.Ш зэрэг олон хүмүүс мэддэг юм. X.Х, X.С, И.А нарын миний эзэмшлийн хадлангийн талбайг минь сүйтгэж, өвсийг хадаж авснаас болж энэ жил хадаж авах 3 машин өвсгүй болж бусдаас нэг сая төгрөгөөр өвс худалдаж авч хохирч байна. Иймд 2 машин өвсний үнэ болох 1000000 /нэг сая/ төгрөгийг X.Х, X.С, И.А нараас гаргуулан өгч миний хохирлыг арилгуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Е.Ан нэхэмжлэлтэй Х.С, Х.Х, И.А нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Е.Ан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Е.Ан 2005 онд С.Бы талбай нэртэй хадлангийн талбайг 40 жилийн хугацаагаар эзэмших гэрчилгээ авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус газраасаа өвсөө хадаж авахаар очиход талбайн өвсийг хадсан, чулуу татсан, сүйтгэсэн байдалтай байсан. Уг газрыг нэхэмжлэгч 2005 оноос эхлэн жил бүр хавар усалж, чулуу хогийг нь түүж улмаар намар нь өвсөө хадаж авдаг байсан. Гэтэл энэ жил очиход өвсийг нь хадсан байдлыг хараад н.Ш гэдэг хүнийг дагуулж очоод сумын эрх бүхий хүмүүст хандсан байна. Б сумын Засаг даргаас комисс гаргаж уг асуудлыг газар дээр нь очиж шалгаж тэмдэглэл үйлдсэн байдаг. Уг тэмдэглэлд Х.С би өөрөө мэдэхгүй, аав хадаж ав гэхээр нь хадсан гэж хэлж гарын үсэг зурсан байдаг. Тэгээд Е.А нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж хариуцагч нарт "... жил бүр би 2-3 машин өвс авдаг байсан. Энэ жил өвс сайн ургасан. Та нарын үйлдлээс болж би өвсгүй үлдсэн тул 2 машины өвсний мөнгийг төлж өгөөд хадлангийн талбайд шуудуу татаж сүйтгэснийг дараа жил хавар засаж өгөөрэй" гэж шаардлага тавьсан байна. Уг шаардлагыг хариуцагч нар биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Шүүхэд хандахдаа нэг машин өвсний үнийг 500000 төгрөгөөр тооцож нийт 1000000 төгрөгийг хадланг хадаж авсан хүмүүсээс гаргаж өгөөч дээр нь сүйтгэсэн газрыг засуулж өгөөч гэх нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаж хянан шалгагдах хугацаанд хариуцагч Х.Сын хариу тайлбартаа комисс очиж шалгаж тэмдэглэл үйлдсэн нь худлаа гэсэн байх тул бидний зүгээс тухайн үед уг үйлдлийг газар дээр нь очиж шалгасан Засаг даргаас байгуулсан комиссын гишүүдийг гэрчээр асууж өгөхийг хүссэн тухай хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох нотлох баримтаа өөрсдөө нотол гэхээр нь бид нар уг гэрч нартай өөрсдөө очиж уулзаж утсаар ярьсан. Харин сумын хэсгийн цагдаа хувь хүнд тодорхойлолт өгөх боломжгүй хэрэв шүүхээс дуудвал очоод тодорхойлолт өгч болно гэж хэлсэн. Бусад гэрч нарын хувьд урьд нь бичиж өгснөө дахиад бичиж, нотариатаар гэрчлүүлж өгсөн. Мөн энэ явцад И.А, Х.Х хоёр Е.Атай тохиролцож гарын бичиг бичиж өгсөн боловч мөнгөн дүн бичигдээгүй болохоор шүүх хурлаар шийдвэрлүүлэх гэж байгаа. Гэтэл бид нэг газрын, нэг нутгийн иргэд учраас нэхэмжлэгч Е.Атай зөвлөлдөөд шүүхээр хэлэлцүүлээд эхлээд шийдвэр гаргуулж авъя дараа нь мөнгө авах авахгүй асуудлыг дараа нь шийдээрэй гэхэд Е.А би яах вэ мөнгө авахгүй байж болно. Надад ах дүү байдаггүй учраас намайг элэг барьж газрыг маань зөвшөөрөлгүй хадаж авдаг. Ер нь хууль гэж байдаг юм байна, буруу зүйл хийвэл шүүхээс хариу гардаг юм байна гэдгийг энэ хүмүүст харуулахын тулд шүүх хурал болоосой. Мөнгө авах, авахгүй эсэх асуудлыг дараа нь шийдье гэсэн. Тэгэхээр сая төгрөгийн хүн бүрээс биш 3 хүний дундаас сая төгрөг гаргаж өгөөч гэж хүсэлт гаргасан байдаг. Хариуцагч Х.Сын эцэг нь өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байгаа. Бид нар Х.Стой утсаар ярьж чадсангүй. Х.С тухайн газарт комисс очоогүй гэж мэдүүлсэн боловч очоод шалгахад өөрийнх нь бичиж өгсөн мэдүүлэг гарын үсгийн хамт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн тухайн үед эрх бүхий хүмүүс болсон явдлыг шалгаж тогтоосон байдаг. Мөн Х.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б сумын 0 дугаар багт байдаггүй хүнээр хуурамч баримт гаргуулж гаргаж өгсөн байна. Тэр н.Агэдэг хүн надад тийм хөрш байхгүй гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч И.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б сумын иргэн Е.Ан нэр бүхий 3 хүнээс 2 машин өвсний үнэ болох 1,0 сая төгрөг гаргуулах талаар гаргасан иргэний нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд:
Би сумын төвийн дээд талд 2018 онд би шинээр өвлийн байшин, хашаа хороо барьж кадастрын зураг хийлгэсэн ба өөрийн гэрийн хажууд байгаа Ан талбайд 1 га орчим хэсэг газарт түүний зөвшөөрлөөр тор хашаа татаж хашсан. Тэгэхдээ уг талбайн дотор ургасан өвсийг А өөрөө хадаж авахаар болсон ба би өвөл өөрийн тугал малаа оруулж байхаар тохирсон юм. Өнгөрсөн хавар тэр хашаан дотор багахан газарт хар шороо, буус буулгаж тордон төмс, хүнсний ногоо зэргийг тарьсан. Харин би өөрийн ногооны талбайг услахаар шуудуу татсан ба харин тэр хүний талбайг сүйтгэсэн асуудал гараагүй юм. Мөн тэр талбайн өвсийг урьд жилүүдэд ч гэсэн А өөрөө хаддаггүй, харин өөр хүмүүс ирж хаддаг байсан, энэ жил ч гэсэн өөр хүмүүс ирж хадсан. Миний хашаа татсан талбайн талыг нь Х гэдэг хүн ирж хадаад 1 машин өвс хадаж авсан бөгөөд үлдсэн хэсэг нь одоо хүртэл хэн ч хадаагүй байж байна. Би Ан хадлангийн талбайг эвдэж сүйтгэсэн асуудал байхгүй. Е.А нь миний хадлангийн талбайг эвдэж сүйтгэсэн, өвс хадах боломжгүй болгосон гэдэг нь огт үндэслэлгүй, мөн түүний талбайгаас би өвс хадаагүй тул би түүнд өвсний үнийг юу гэж төлөх юм бэ. Иймд Е.Ан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б сумын иргэн Е.Ан нэр бүхий 3 хүнээс 2 машин өвсний үнэ болох 1,0 сая төгрөг гаргуулах талаар гаргасан иргэний нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч Х.С дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд:
Е.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ... Х.С нь Х, А нарын сүйтгэж шуудуу татаж, эвдэж сүйтгэсэн талбайгаас үлдсэн газрын өвсийг хадаж авсан гэсэн утгатай зүйл бичиж, надаас мөнгө төгрөг нэхэмжилсэн байна. Х.С миний бие Ан хадлангийн талбайгаас өвс хадаж авсан асуудал бол байхгүй. Харин А өөрийн хадлангийн талбай гэж байгаа талбайгаа жил бүр өөрөө хаддаггүй ба тэр талбайг Ш /Х/, М хоёр хадаж, 2 машин өвсийг тракторчин Р гэх хүнээр ачиж буулгасан байна. Мөн нэхэмжлэлдээ: ...комисс бүрэлдэхүүнээрээ очиж Сын гэрт очоод асуухад би өөрөө мэдэхгүй, аав хадаж ав гэхээр нь хадсан гэж хэлсэн гэж огт үндэслэлгүй байна. Би тэгж хэлээгүй, харин худал гүтгэлгийн шинжтэй зүйл дурдаж бичсэн байх юм. Иймд Е.Ан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Е.А Х.С миний хадлангийн өвсийг хадаж авсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ жил миний бие өвдөөд өвс хадахаар хүү Х.Сыг явуулаад араас нь өөрөө ирсэн. Х.Сын хадаж авсан газар миний өөрийн газар. Е.А өөрийн хадлангаа н.Ш н.М гэдэг хоёр хүнээр хадуулж авсан. Тэр хоёр хадаж авсан өвсөө Е.Ан хашаанд буулгаагүй Е.А худалдсан уу бүү мэд ямар ч байсан н.Ш н.М нарын хашаанд 2 машин өвс буулгасан байна. Тэгэхээр хурааж авсан өвсөө миний хашаанд буулгаагүй өөрийнхөө хашаанд ч буулгаагүй өөр хүний хашаанд буулгачхаад бид нараас ямар өвс нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Мөн Х.Х Е.Ан хашаанд шуудуу татаж сүйтгэсэн байна. Е.А нэхэмжлэлдээ Х.Хы сүйтгэсэн газраас Х.С өвс хадаж авсан байна гэж бичсэн байна. Тэр сүйтгэсэн газраас яаж өвс гарч яаж тэрийг хадаж авдаг юм бэ энэ нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Агэдэг хүний талаар ярьсан. н.Аманай хөрш хүн тэр өвсийг хадаад буулгаж байхад нүдээрээ үзсэн тул тодорхойлолт гаргаж өгсөн. И.А болон Х.Х нар хашааг сүйтгэсэн хүмүүс харин н.Ш н.М нар Е.Ан хашааны өвсийг хадаж авсан хүмүүс. Харин миний хүү Х.С бол миний хад гэсэн газрыг л хадсан. Тэр газар миний өөрийн газар байсан. Х.Саас ирж мэдүүлэг авахад нь би хөдөө идшиндээ явсан байсан ирээд холбогдох хүмүүстэй утсаар ярих гэсэн боловч холбогдож чадаагүй тэгээд шүүхээс Х.Сыг хариуцагчаар татсан гэхээр нь Е.Адаа утсаар яриад та юу яриад байгаа юм бэ танай хадлангаас хадаж авсан хоёр трактор, нэг УАЗ-469 машины чиргүүл өвсийг өөрсдөө буулгаж авсан байна шүү дээ бид нараас юу нэхэмжилж байгаа вэ гэхэд утсаа тасалсан тул дахиж яриагүй. Эцэст нь хэлэхэд миний хүү хүний хадланг хадаагүй миний өөрийн газрыг хадсан тул нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Хариуцагч Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б сумын иргэн Е.Ан нэр бүхий 3 хүнээс 2 машин өвсний үнэ болох 1,0 сая төгрөг гаргуулах талаар гаргасан иргэний нэхэмжлэлтэй танилцаад хариуцагч болох Х.Х миний бие дараах хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд:
Е.А нь миний нэрийг Х гэж бичсэн байна, миний нэр Х юм. Мөн шүүхэд нэхэмжлэлдээ: ... миний талбайг Х.Х, И.А нар нь намайг хадлангийн өвс ургуулах бүхий л бэхэлгээ хийж зусланд нүүж явсны хойгуур ирж хэний ч зөвшөөрөлгүйгээр сүйтгэж суваг шуудуу татан малтаж өвс ургуулах боломжгүй болгосон байна... гэсэн утгатай зүйл бичсэн байсан бол үлдсэн газраас Х.С нь өвс хадаж авсан байна гэжээ. Тэгвэл хадлангийн талбай нь сүйтгэгдчихсэн бол С яаж өвс хадаж авдаг юм бэ гэдгийг хэлмээр байна. Би одоогоос 3 жилийн өмнө урьд байсан том шуудуунаас жижиг шуудуу салаалан татаж байсан ба тэр татсан шуудууны усаар олон хадланчид өөрсдийн талбайгаа усалж, өвс хадлан хадаж, төмс, хүнсний ногоо ургуулан хурааж авдаг. Одоо хадлангийн талбай байгаа газар айлууд бууж, хашаа байшин барьсан байгаа тул тэндээс их өвс хадаж авна гэдэг нь өөрөө боломжгүй зүйл байгаа юм. Харин Ан талбайд хохирол учруулж, эвдэж сүйтгэсэн асуудал болоогүй. Тэр хэлээд байгаа талбайгаасаа А өөрөө өвс хадаж байгаагүй ба харин хадлангийн талбайд ургасан өвсийг өөр хүмүүс ирж хадаж авдаг, өөрөөр хэлбэл ургасан өвсийг бусдад худалддаг юм. Тодорхой хэлбэл Ш, М нар нь сүүлийн 2 жил дараалан Ан талбайд ургасан өвсийг хадаж авсан гэдгийг хүн болгон мэдэж байгаа юм. Иймд Е.Ан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай хадлан Е.А ахын хадлантай хил залгаа байдаг. Миний хадлангийн талбайгаас өвс сайн гарахгүй тул би өөрийнхөө хадланд усны суваг татсан. Уг сувгийг татахдаа Е.Ан хадлангаас дамжуулж татсан. Е.А ах надад чиний татсан шуудуу миний хадланг сүйтгэсэн байна гэж хэлсэн. Гэхдээ миний татсан шуудуу ямар нэгэн хор нөлөөгүй. Хадлангийн талбайн эзэмшигч тэр мөнгийг нэхэмжилж байгаа бол би тэр мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Е.А нь хариуцагч Х.Х, Х.С, И.А нараас 2 машины өвсний үнэ 1000000 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч Х.Х, Х.С, И.А нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцаж, гарын үсэг зурсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлж, холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Едилхан овогтой Ад хуучин С.Бы талбай Б аймаг Б сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг үндэслэн, 0,5 га газрыг 40 жилийн хугацаатай хадлангийн зориулалтаар ашиглуулахаар 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 0002059 дугаартай Газар ашиглах эрхийн гэрчилгээ-г олгосон байна.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна гэсэн байна.
Б сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/237 дугаартай албан бичигт Б сумын ЗДТГ-ын сумын Засаг даргын 2000-2016 он хүртэлх бүх захирамжуудыг аймгийн төв архивт шилжүүлсэн нь үнэн болно гэжээ.
Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Е.А, хариуцагч Х.Х, Х.С, И.А нарт жил бүр хадлан авах, ашиглуулах талаар Засаг даргаас захирамж гарах учиртай гэтэл хуулинд зааснаар захирамж гарсан эсэх нь эргэлзээтэй байгаа боловч нэхэмжлэгч Е.Ад ... Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрийг үндэслэн 0002059 дугаартай Газар ашиглах эрхийн гэрчилгээ-г олгосон байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Б сумын иргэн С.Бын ... сумын Засаг даргын захирамжаар хадлан хуваарилах комиссын даргын үүрэг гүйцэтгэж хадлангийн талбай хуваарилсан тус сумын 5-р багийн иргэн Е.Ад хуучин ЭТЦ-ийн хадлангийн талбай болох Хгийн өвөлжөөний тус арлыг олгож гэрчилгээжүүлсэн нь үнэн гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт,
Х.Х, Х.Ш, М.Е нарын ... Е.Агийн эзэмшиж байгаа хадлангийн талбайгаас жил бүр 2 оос 3 машин өвс гардаг, 2-3 жил хадлан хадахад тусалсан гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд,
2020 оны 08 сарын 15-ны өдрийн Хурлын тэмдэглэл-д ... тус сумын 5-р багийн иргэн Е.Атай Х.Х, Х.С, И.А нарын хадлангийн тайлбайн маргаанд 5-р багийн Засаг дарга С.Д, хэсгийн цагдаа Н, газрын даамал Алмабек нар газар дээр очиж учир байдалтай танилцлаа. ... Газар дээр нь очиж үзэхэд уг газар нь Е.Ан хадлангийн талбай мөн байна, иргэн Х.Х, И.А нар эвдэн сүйтгэж, суваг шуудуу татаж, тариалангийн талбай болгож хагалж хашаалсан, Х.С зөвшөөрөлгүй орж хэсэг газрыг хадаж авчээ. Х.С ... би өөрөө мэдэхгүй, аав хадаж ав гэхээр нь хадсан гэснийг, шийдвэрлэсэн нь Маргаантай газрын гэрчилгээ газрын кадастрыг авч үзэхэд иргэн Е.Ан хадлангийн талбай мөн байна. Дараа жилээс ийм төрлийн маргаан гаргахгүй байхыг санууллаа гэж бичигдсэн байх ба уг тэмдэглэлд тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Хариуцагч Х.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нь ... миний хадлангийн талбай Е.Ан хадлангийн талбайтай хил залгаа, түүний газраас хадлан хадаж аваагүй, би өөрийнхөө газрыг хадаж өвсөө авсан гэж маргаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагч Х.С түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нар нь маргаан бүхий газарт хадлангийн талбайтай эсэх нь тодорхойгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Х.Аы ... Е.Ан хадлангийн талбайгаас Х.С өвс хадаагүй, уг хадлангийн өвсийг Х.Ш, Т.М нар хадаж хурааж авсан гэх, С.Жы ... Е.Ан хадлангийн талбайгаас УАЗ-469 машины чиргүүлээр өвс ачаад Т.Мд буулгаж өгснөө тодорхойлж байна гэх, Х.Ш нарын баримтыг иргэний үнэмлэхийн хамт нотариатаар баталгаажуулсан, иргэн Х.Р, Т.М нарын бичмэл баримтыг нотариатаар баталгаажуулсан мөртлөө иргэний үнэмлэхийн хавсаргаж нотариатаар баталгаажуулаагүй байх ба дээрх тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.
Мөн Б аймгийн Б сумын 5 дугаар багийн Засаг дарга С.Д ... миний бие болон хэсгийн цагдаа, газрын даамал бид гурав Е.Ан хадлангийн талбайн маргаанаар газар дээр нь очиж танилцсан. Е.А Х.Ш болон Т.М нарт хөлсөөр хадлан бэлтгүүлж байсан нь үнэн болно гэсэн баримт бичиж өгсөн байх ба энэхүү баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа нь нотлогдохгүй байна.
Хариуцагч И.А нь ... иргэн Е.Ан хадлангийн талбайгаас хэсэг газрыг хашиж авсан ба цаашид хашсан газрыг А өөрөө хадаж авч байхаар тохиролцов. Миний бие Ан хадланг хадаж байгаагүй ба цаашид ч хадахгүй гэдгээ хэлэлцэж тохиролцов гэж, мөн хариуцагч Х.Х нь ... иргэн Е.Ан нэхэмжлэлийг хүндэтгэн үзэж өөртөө нь хүн ёсоор тохиролцон бүх хохирлыг барагдуулна. Мөн зөвшөөрөлгүй суваг шуудуу татсан буруугаа хүлээж байна. Миний бие Х.Х Е.Ан хадлангийн талбайд суваг шуудуу татсан талбайн хэмжээгээр өөрийн хадлангийн талбайгаас өвс хадах газар өгөхөөр тохиролцов. Цаашид ийм асуудал дахиж гаргахгүй гэж тус тус гарын баримт өгч, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцон байх ба хариуцагч Х.Х нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гарын баримтын талаар тодруулахад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, харилцан тохиролцсон талаар тайлбар гаргасан тул хариуцагч И.А, Х.Х нар нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Б сумын санхүүгийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолтоор ... нэг машин өвсний үнэ 450000-500000 төгрөгийн үнэтэй гэж тодорхойлсныг үндэслэн нэг машин өвсийг 450000 төгрөг тооцож, хоёр машин өвсний үнэ 900000 төгрөгийг хариуцагч Х.Х, И.А, Х.С нарт тэнцүү хувааж, хариуцагч нарын тус бүрээс 300000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е.Ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч И.Ат шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн нэхэмжлэгч Е.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х, Х.С, И.А нараас 26150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е.Ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Хаас 300000 /гурван зуун мянган/ төгрөг, хариуцагч Х.Соос 300000 /гурван зуун мянган/ төгрөг, хариуцагч И.Аээс 300000 /гурван зуун мянган/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е.Ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Е.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х, Х.С, И.А нараас 26150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН