| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 197/2025/0500/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/458 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/458
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Саруул,
улсын яллагч М.Сүхчулуун,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ид холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406049621145 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо *** тоотод хохирогч ***ыг “ах настай хүнийг хүндэлсэнгүй" гэх шалтгаанаар түүнтэй маргаан үүсгэж, улмаар өс хонзонгийн сэдэлтээр, хохирогч ***ын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, хохирогчийн нүүрэн хэсэгт гараараа алгадах, цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, хохирогч ***ын биед духны баруун хэсэг болон баруун нүдний дээд, доод зовхины гадна хэсгийг хамарсан 9x4 см, зүүн чихний дэлбээний ар хэсэгт 4x2 см, дээд уруулын голд дотор салстад 2,5x2 см, баруун завьжинд 2x2 см, хүзүүний зүүн хажуу хэсэгт 2x2 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралтууд, цээжний баруун талд суганы урд шугамаар 10-12 дугаар хавирганы түвшинд эмзэглэл зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байхыг ойлгоно.
Уг гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэх ба шүүгдэгч *** нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчтой зүй бус харьцаж, улмаар хохирогчийн нүүрэн хэсэгт гараараа алгадах, цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, хохирогч ***ын биед духны баруун хэсэг болон баруун нүдний дээд, доод зовхины гадна хэсгийг хамарсан 9x4 см, зүүн чихний дэлбээний ар хэсэгт 4x2 см, дээд уруулын голд дотор салстад 2,5x2 см, баруун завьжинд 2x2 см, хүзүүний зүүн хажуу хэсэгт 2x2 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралтууд, цээжний баруун талд суганы урд шугамаар 10-12 дугаар хавирганы түвшинд эмзэглэл зэргийг учруулсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, хохирогч ***ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 23 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9725 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, гэрч ***ы өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, гэрч ***ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
II.Хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч *** нь “...миний бие *** ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх бичгээр гаргасан хүсэлт, хохирогчийн *** тоот данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн баримт, мөн хохирогчийн эмчилгээ, үйлчилгээ авсан зардал болох 49,920 төгрөгийг шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын сангийн *** дугаартай данс руу шилжүүлсэн баримт тус тус авагдсан байх тул ***ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч ***ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, шүүгдэгч ***ийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
IV. Бусад асуудлаар:
Шүүгдэгч ***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Хэрэгт шүүгдэгч ***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг ***ид сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТБОЛОР