Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/02606

 

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/02606

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ................тоотод байрлах, улсын бүртгэлийн ................, регистрийн ......... дугаартай,  С  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн .......................тоотод оршин суух, регистрийн дугаар .............., Б.Л.Ц-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 7.626.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн захирал М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Л.Ц 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай 180 ширхэг эд материалыг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаанд түрээслүүлсэн ба түрээсийн төлбөрт 675.000 төгрөгийг төлж, барьцаанд 300.000 төгрөг, нийт 975.000 төгрөг төлсөн. Бараа материалыг үргэлжлүүлэн түрээслүүлэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх авлага, өглөгийн товчоо тооцоогоор нийт 430 ширхэг бараа материалыг 56-113 хоног түрээслэсэн, түрээсийн төлбөр 7.495.500 төгрөг, дутаасан барааны төлбөр 112.000 төгрөг, эвдэрсэн 57 ширхэг барааны төлбөр 911.500 төгрөг, нийт 8.519.000 төгрөг төлөхөөс 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нийт 3.135.000 төгрөг болон барьцааны 300.000 төгрөгийг хасч тооцон, нийт 5.084.000 төгрөгийг төлүүлэхээр С ХХК-ийн авлага, өглөгийн тооцоогоор тогтоосон ба Л.Ц  нь төлбөрийг төлөхөөр зөвшөөрч, хүсэлт гаргаж гарын үсэг зурсан боловч одоо хүртэл төлөөгүй. Түрээсийн алдангийн тооцоог 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 181 хоногийн хугацаанд хоногийн 0,5 хувиар тооцож үзэхэд 4.601.020 төгрөг гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5.084.000 төгрөгийн 50 хувиар тооцож, алданги 2.542.000 төгрөгийг нэмж, нийт 7.626.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд Л.Ц аас түрээсийн үлдэгдэл төлбөр, дутаасан болон эвдэрсэн барааны үнэ 5.084.000 төгрөг, алданги 2.542.000 төгрөг, нийт 7.626.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Өмнө нь уг төлбөрийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч заасан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дагуу түүнийг эрэн сурвалжлуулсан ба Л.Ц  нь заасан хаягтаа оршин суудаг болохыг тогтоож өгсөн гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-иас хариуцагч Л.Ц ид холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт нийт 7.626.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Ц  нь С ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр t272 дугаартай Түрээсийн гэрээ[1] байгуулж, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаанд 37 нэр төрлийн 180 ширхэг хэв хашмал буюу барилгын ажилд шаардлагатай бараа материалыг нийт 975.000 төгрөгөөр түрээслэн авахаар тохиролцжээ.

Мөн талууд тохиролцон түрээсийн гэрээний хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгаж, 430 ширхэг бараа материалыг 56-113 хоногийн хугацаанд түрээслэхээр тохиролцсон байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба хэргийн 8 дугаар хуудас болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Зарлагын болон Орлогын баримт, хариуцагчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн С ХХК-нд гаргасан хүсэлт зэргээс үзэхэд түрээсийн төлбөр болон дутаасан, эвдэрсэн барааны үнэ нийт 8.519.000 төгрөг төлөхөөс 3.435.000 төгрөгийг төлж, үлдэх 5.084.000 төгрөг төлөгдөөгүй болох нь тогтоогдлоо.

Гэрээний 4 дүгээр зүйлд түрээслүүлэгч эд хөрөнгийг дутагдуулсан тохиолдолд түрээслүүлэгчид үнийг 2 дахин нэмэгдүүлэн төлөх, түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд тооцож алданги төлөх, түрээсийн эд зүйлийг хүлээн авсан хугацаанаас хойш хүлээлгэн өгсөн хугацаагаар түрээсийн хугацааг тооцож, төлбөрийг төлөх зэргийг тус тус зааж, тусгасан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцэж байна.

Хариуцагч Л.Ц ид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр[2] нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, хариу тайлбар өгөх хугацаа олгосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй тул мөн зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хариуцагч Л.Ц аас түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу түрээсийн төлбөр, дутаасан болон эвдэрсэн барааны үнэ 5.084.000 төгрөг, алданги 2.542.000 төгрөг, нийт 7.626.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц аас 137.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хариуцагч Л.Ц аас түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу түрээсийн төлбөр, дутаасан болон эвдэрсэн барааны үнэ 5.084.000 төгрөг, алданги 2.542.000 төгрөг, нийт 7.626.000 /долоон сая зургаан зуун хорин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137.000 /нэг зуун гучин долоон мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ц аас 137.000 /нэг зуун гучин долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА