| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2018/03673/И |
| Дугаар | 183/ШШ2019/00141 |
| Огноо | 2019-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2019/00141
| 2019 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2019/00141 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, настай, эмэгтэй, /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, настай, эрэгтэй, /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2010 оноос*******тай амьдарч 2 хүүхэдтэй болсон боловч таарамжгүй байдлаас болж 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. 2016 оны 9 дүгээр сард*******ы үр хүүхдүүдээ бодъё, би зээл авч байр орон сууц авъя, урьдчилгаа 30 000 000 төгрөг зээлээч гэсэн хүсэлтийг зөвшөөрч,*******ыг .....тоот 2 өрөө байр авахад нь 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай, хүүгүй байгуулсан. Бидний дундаас төрсөн 3 хүүхэд байгаа, гэрлэлт цуцалснаас хойш эргэн амьдарч, нэг охин төрүүлсэн. 2016-2018 оны хооронд хамт амьдарч байхдаа гэр бүлийн хэрэгцээний мөнгийг нэг нэгнийхээ данс руу хийж өгч, түүнийг нь авч хэрэглэж байсан.*******ы Хаан банкны хоёр дансаар л миний данс руу мөнгө орж ирж байсан нь миний дансны хуулганаас харагдана. Би*******ыг надад бэлэн мөнгө өг гэхээр нь дандаа банкаар шилжүүлдэг байсан. Тиймээс миний*******ы байр авахад шилжүүлж өгсөн 30 000 000 төгрөгийг*******аас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... би 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******тай хууль ёсны гэр бүл болж 2015 оны 12 дугаар сар хүртэл 5 жил амьдарсан. 2016 оны 9 дүгээр сард гэрлэлтээ цуцлуулсан. Уг хуралдаан дээр би зөвхөн хүүхдүүдээ авна, *******гаас нэг ч төгрөг авахгүй гэж тайлбарлаж байсан. Түүнээс хойш үр хүүхдүүдээ өнчрүүлээд яахав хэмээн буцан нийлж амьдарч байгаад 2016 оны 10 дугаар сард эхнэр болох *******тай ярилцан шийдвэрлэж, Хан-Уул дүүрэгт байрлах хоёр өрөө байрыг худалдан авахаар шийдэж ипотекийн 5 хувийн зээлэнд хамрагдаж авсан. Урьдчилгаа мөнгөний 30 000 000 төгрөгийг хүүхдүүдийнхээ ээж болох *******гаас авсан нь үнэн. *******гийн хүсэлтээр нотариат орж зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл ******* намайг 30 000 000 төгрөгийг өөртөө аваад хэрэглэсэн мэт яриад байх юм. Учир нь *******гийн нэг хүүхэд надтай хамт амьдарч байгаа. Тэр хүүхэд *******тай хамт амьдрахыг хүсдэггүй, би үр хүүхдүүддээ зориулж, зээл хийж байр авсан. Энэ хөрөнгө одоо ч миний эзэмшилд ирээгүй зээлэнд байгаа. Зээлийг би төлж байгаа. Энэ асуудал дээр ******* ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Түүнээс биш би *******гаас авсан 30 000 000 төгрөгөөр өөртөө машин аваад унаж, өөр бусад байдлаар өөртөө наасан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зээлийн гэрээг *******гийн хүсэлтээр хийхдээ өөрийн Найрамдал зуслангийн наана Баянголын аманд байх зуслангийн газрыг *******гийн нэр дээр шилжүүлсэн. Учир нь ******* 30 000 000 төгрөг надаас зээлэх хүсэлтэй юм бол миний нэр лүү Баянголын аманд байх зуслангийн газрыг шилжүүл гэж хэлсэн. Байр худалдан авсныхаа дараа худалдан авсан байраа би бусдад түрээслээд, түрээсийн мөнгийг *******д өгч байсан. Байрыг түрээслээд мөнгөөр нь надаас зээлсэн 30 000 000 төгрөгөө өг гэж ******* өөрөө надад хүсэлт тавьсан. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд 30 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... Бид 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан боловч 2016 оны 9 дүгээр сард*******ы үр хүүхдүүдээ бодъё, би зээл авч байр орон сууц авъя, урьдчилгаа 30 000 000 төгрөг зээлээч гэсэн хүсэлтийг зөвшөөрч,*******ыг .... тоот 2 өрөө байр авахад нь 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Бидний дундаас төрсөн 3 хүүхэд байгаа, гэрлэлт цуцалснаас хойш эргэн амьдарч, нэг охин төрүүлсэн. Одоо бид хамт амьдрахгүй байгаа тул 30 000 000 төгрөгөө гаргуулна” гэж тайлбарласан.
Хариуцагч “...би 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******тай хууль ёсны гэр бүл болж 2015 оны 12 дугаар сар хүртэл 5 жил амьдарсан. 2016 оны 3 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. Түүнээс хойш үр хүүхдүүдээ өнчрүүлээд яахав хэмээн буцан нийлж амьдарч байгаад 2016 оны 10 дугаар сард эхнэр болох *******тай ярилцан шийдвэрлэж, Хан-Уул дүүрэгт байрлах хоёр өрөө байрыг худалдан авахаар шийдэж ипотекийн 5 хувийн зээлэнд хамрагдаж авсан. Урьдчилгаа мөнгөний 30 000 000 төгрөгийг хүүхдүүдийнхээ ээж болох *******гаас авсан нь үнэн. Энэ хөрөнгө одоо ч миний эзэмшилд ирээгүй, би энэ байраа миний асрамжид үлдсэн хүүдээ зориулж авсан, одоо зээл төлж байгаа. Байр худалдан авсны дараа байраа түрээслээд, мөнгөөр нь надаас зээлсэн 30 000 000 төгрөгөө өг гэж ******* хүсэлт тавьсны дагуу би бусдад түрээслэсэн мөнгийг *******гийн данс руу шилжүүлж байсан. Энэ мөнгийг хасч тооцуулна” гэж маргасан.
Дээрхээс дүгнэхэд зохигчид гэр бүлийн харилцаатай байх боловч хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч зээл 30 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Зохигчдын хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч*******аас нэхэмжлэгч *******гийн данс руу нийт 4 520 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул үүнийг зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хариуцагч******* нь “...зээлийн гэрээг *******гийн хүсэлтээр хийхдээ өөрийн Найрамдал зуслангийн наана Баянголын аманд байх зуслангийн газрыг *******гийн нэр дээр шилжүүлсэн. Иймд энэ зээлийг төлөхгүй” гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иймд дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч*******аас 25 480 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 520 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч******* Баянгол дүүрэгт оршин суух бүртгэлтэй боловч талууд тус дүүргийн шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно” гэж заасантай нийцэж байх хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 285 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас 25 480 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 520 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 285 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ