2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1579

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         6          12                                    2025/ШЦТ/1579

 

 

                          

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Бын Од холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.О нь 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** байрлах гэртээ хохирогч өөрийн нөхөр Х.Бг үл ялих зүйлээр шалтаглан нуруунд нь хутгалж, улмаар эрүүл мэндэд нь нурууны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ********** дугаартай хэргээс:

Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/, хохирогч Х.Бгийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Хын мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0725/4742 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36-р хуудас/, яллагдагч Б.Оын мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.О нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.О нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Б.О нь 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** байрлах гэртээ хохирогч өөрийн нөхөр Х.Бг үл ялих зүйлээр шалтаглан нуруунд нь хутгалж, улмаар эрүүл мэндэд нь нурууны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02- р хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/,

- Хохирогч Х.Бгийн: “...2025 оны 3 дугаар сарын 18-ний орой би ажлын найз болох Отай /********/ ажлынхаа ойролцоо гадаа экс нэршилтээ цагаан архи 0,5 литрийнхийг нь хувааж уусан тэгээд ажлын газрын найзууд болох Б /********/, Э /********/, А нар нь хүрч ирээд бид 2-ийг аваад манай гэр рүү явсан гэрт орж ирэх үед цаг 22 цаг болж байсан тухайн үед манай ажлын газрынхан манайд нэмж уухаар болсон санагдаж байна. Нэмээд ууж байгаад манай найзууд гарсны дараа би өөрийн эхнэр болох Б.Отай маргалдаж эхэлсэн гэхдээ тухайн үйл явдлыг би сайн санахгуй байна. Найзууд гарсан дараагаас би тасарчихсан байсан тэгээд сэрэх үед эмч цагдаа нар хүрээд ирчихсэн байсан. Миний биед баруун ойролцоо шархтай байх шиг байсан тэр хэсэг өвдөж байсан. Тэгээд цагдаа дээр ирээд шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол хүлээж аваад явсан тухайн үедээ шүүх эмнэлэгт бол үзүүлээгүй. Манай 16 настай Х, 11 настай Тэнүүн, 1 настай Урь гэх манай хүүхдүүд л байсан манай ажлын газрын найзууд гараад явсан байсан. Нуруунд баруун талын дал хэсэгт хутгалуулсан шарх гэмтэлтэй. Бид анх 2009 оноос хойш гэр бүл болсон дундаа 3 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаатай урьд өмнө 2017 онд би гэр бүлийн харилцаатай хүнийг зодсон асуудлаар цагдаад шалгагдаж байсан харин манай хүн намайг зодсон цохисон асуудал гаргаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Хын: “...2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр намайг гэртээ байж байхад манай аав болох Б нь орой ажлаа тараад гэртээ ажлынхаа найзууд гэх 2-3 хүнийг дагуулаад гэрт орж ирээд ууж сууцгаасан. Тэгээд найзууд нь гарч явсны дараа манай аав Б болон ээж О нар нь хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан тухай хэрүүл маргаанд нь зогсох шинжгүй улам ширүүсээд байхаар нь болиулах гээд тэр хоёрт хандаж боль гээд зөндөө хэлсэн боловч ерөөсөө намайг тоогоогүй. Тэгээд хэсэг хугацааны дараа аав гэрээсээ явна гээд байхаар нь ээж аавыг чиглээд явж байх шиг байсан ба би яг тухайн үед гэрийн эд зүйлийг эмхэтгээд янзлаад явж байсан. Тухайн хутгалах үйл явдлыг би бол сайн харч амжаагүй ч гэсэн буцаад зочны өрөө рүү орох үед аав ээж 2 хана налчихсан зогсож аавын нуруунаас бага зэргийн цус гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь би аавыг буйдан нь дээр хэвтүүлсэн ээж харин түргэн дуудаарай гэхээр нь би түргэн дуудсан. Тухайн үед манай аавын нуруу хэсэгт бэртэл гэмтэлтэй цус гарч байна. Аавын хажууд ээжээс өөр хэн нэгэн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0725/4742 дугаартай: “Х.Бгийн биед нурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36-р хуудас/,

 - Яллагдагч Б.Оын: “...Тухайн өдөр манай нөхөр найзуудтайгаа манайд согтуу ирээд ууж байгаад найзуудыг нь гарч явсны дараа манай нөхөр нь гэнэт би явна гээд өөрийнхөө хувцаснуудыг чимданд хийгээд өөрийнхөө аавын зураг болон бурхан эдрээ хайрцаглаад явах гээд байсан тэгэхээр нь би чи өнгөрсөн хүний юмнуудыг авч явах гэл ээ гээд уурлаад хайрцгийг нь булааж аваад бурхныхаа эд зүйлийг янзлаад дараа нь аяга тавгаа угаагаад байж байтал манай нөхөр Б нь явах гээд үүд нь дээр хувцсаа өмсөөд байж байсан тэгэхээр хутганы комноос нэг хутга аваад нуруу хэсэгт нь хутгалсан тэгээд угаалын өрөө ороод хартал цус гарчихсан байсан тэгэхээр нь том хүү болох Хыг дууд эмнэлэг дуудаарай гэхээр нь манай хүү эмнэлэг дуудаад тэгээд цагдаа болон эмнэлэг нар хүрээд ирсэн. Жижиг жимс арилгадаг хутга байсан. Тухайн үедээ би юу ч бодоогүй зүгээр л уурандаа хийсэн үйлдэл маань ийм нөхцөл байдалд хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

   Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар эхнэр, нөхөр нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн байна.

Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч болох нөхөр Х.Бгийн бие махбодид буюу нуруунд хутгаар зүсэж халдсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.О нь 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********** байрлах гэртээ хохирогч өөрийн нөхөр Х.Бг үл ялих зүйлээр шалтаглан нуруунд нь хутгалж, улмаар эрүүл мэндэд нь нурууны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Х.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Х.Б нь эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгоох ял оногдуулах” саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

            Шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга – 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овгийн Бын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга – 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ