2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1576

 

    

 

 

 

2025        6        12                                      2025/ШЦТ/1576

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч Ш.Цэрэнханд,

шүүгдэгч З.Д, З.Да, тэдгээрийн өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн З-ын Д, Х овгийн З-ын Да нарт холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,

2. Монгол улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч 3.Д, 3.Да нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ********* хотхоны гадаа байрлуулсан байсан хохирогч Б.Эийн эзэмшлийн 44-11 УБВ улсын дугаартай Тоёота Кровн-21 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Да нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гадуур явж байгаад гэртээ хариад дүүгээ дагуулж гараад машины 4 ширхэг дугуйг авсан” гэв.

Шүүгдэгч З.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ********* дугаартай хэргээс:

Улсын яллагч хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-26, 27-28, 29-33-р хуудас/, хохирогч Б.Эийн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн СБ2-24-703 дугаартай шинжээчийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-68-р хуудас/, гэрч З.Дагийн 55-56-р хуудас/, яллагдагч З.Дагийн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/, яллагдагч З.Дгийн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч З.Д, З.Да нарын өмгөөлөгч О.Алтанчулуу яллагдагч З.Дагийн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94-р хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 95-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96-р хуудас/, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүний иргэний тодорхойлолт /хх-ийн 97-р хуудас/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 98-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 99-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 100-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 101-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч З.Д нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.  

Шүүгдэгч З.Да нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно. 

Шүүгдэгч З.Д, З.Да нарт холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч 3.Д, 3.Да нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ********* хотхоны гадаа байрлуулсан байсан хохирогч Б.Эийн эзэмшлийн 44-11 УБВ улсын дугаартай Тоёота Кровн-21 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Хохирогч Б.Эийн: “...2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 21 цаг 00 минутын орчим би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Нью ресиденс хотхоны гадаа байсан тоёота кровн-21 загварын *****дугаартай тээврийн хэрэгслээ байршуулсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 09 цаг 01 минутад 88732908 дугаар залгаад машины чинь 4 дугуйг аваад явсан байна гэж үл таних хүн хэлсэн. Тэгээд гарч ирэхэд дугуй байхгүй байсан. Дугуйнаас өөр алдсан зүйл байхгүй. 4 дугуйг 2022 онд 3,3 сая төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,

- Гэрч З.Дагийн “... Би 2024 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байх үед өөрийн дүү Дг дагуулаад өөрийн *****улсын дугаартай Тоёота кровн маркийн машинаа унаад машиндаа дугуй олж авах зорилготой гэрээсээ гарч 100 айл руу явсан. Тэгээд 3 дугаар сургуулийн уулзвараас хойш шинэ зам руу өгсөж байгаад байрны гадна цагаан өнгийн 2 Кровн маркийн машины байхыг хараад очоод дугуйг нь хартал 210 Кровных нь дугуй таалагдаад аятайхан обудтай дугуй харагдахаар нь дүүгээ хүн харж бай гэж хэлээд би өөрөө тухайн машины дугуй бүрийг данхраадаар өргөж байгаад тайлж аваад дугуйных нь оронд чулуу эвж орхиод явсан. Би тухайн машины дугуйг аваад явах үед бараг өглөө болж байсан. Тэгээд дүүтэйгээ хамт гэр лүүгээ явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55- 56-р хуудас/,

- “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн СБ2-24- 703 дугаартай “...Тоёота кровн 210 загварын тээврийн хэрэгслийн сток обудтай 18-тай өвлийн 4 ширхэг дугуйг 1,600,000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64- 68-р хуудас/,

- Мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн *****улсын дугаартай Тоёота Кровн загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28-р хуудас/,

- Мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “...Хүн харж байсан гэх Д нь дугуй зөөж байгаа байдлыг харуулав. Дугуй тайлж байсан Да гэгч нь дугуй өнхрүүлж явж байгаа байдлыг харуулав...” гэсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-33 дугаар хуудас/,

- Яллагдагч 3.Дагийн: “...Би тухайн өдөр найз нартайгаа машинтай гадуур явж уулзаж байгаад шөнө 03 цагийн үед гэртээ очсон гэтэл гэрт манай дүү Д унтаж байсан түүнийг сэрээгээд юманд яваад ирье гэж хэлээд авч гарсан тэгээд 100-айлын орчим шинэ замаар явж байгаад нэг гудамж руу орсон гэтэл цагаан өнгийн кровн машин байхаар нь дугуйг очиж харахад аятайхан обудтай дугуй таалагдаад байхаар нь би дүү Дг хүн харж бай гэж хэлээд тэгээд уг машины дугуйг өөрөө данхраадаж тайлаад машиндаа ачаад явсан. Би Дг энэ дугуйг зөөгөөд машинд хий гэж хэлсэн тэгээд 2 дугуйг нь зөөгөөд машинд хийсэн...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

- Яллагдагч 3.Дгийн: “...Би тухайн өдөр гэртээ унтаж байтал манай ах Да шөнө орж ирээд намайг ойрхон юманд яваад ирье гэж хэлсэн тэгээд би машинд нь суугаад унтаад өгсөн гэтэл нэг газар очоод намайг сэрээгээд хүн харж бай гэж хэлсэн тэгэхээр нь би юу хийж байгаа юм бэ? гэж асуутал хүнээс авах ёстой юм аа авч байна гэж хэлээд машины дугуй тайлаад тэгээд намайг 2 дугуйг нь машинд хийгээдэх гэж хэлсэн тэгэхээр нь би уг хоёр дугуйг нь машинд хийсэн 2 ширхэг дугуйг нь Да ах өөрөө машиндаа хийсэн тэгээд гэртээ харьсан өөр мэдэх зүйл байхгүй маргааш нь цагдаа дээр хүрээд ир гэж байна гэж Да ах хэлсэн тэгээд цагдаа дээр ирсэн. Би Даг хулгай хийж байгааг мэдсэн гэхдээ намайг хүн харж бай гэж хэлэхээр нь л мэдсэн түүнээс мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч 3.Д, 3.Да нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө *********хотхоны гадаа байрлуулсан байсан хохирогч Б.Эийн эзэмшлийн 44-11 УБВ улсын дугаартай Тоёота Кровн-21 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З.Да, З.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эт 1,600,000 төгрөгийн хохирол учиржээ.

Хохирогч Б.Эт учирсан 1,600,000 төгрөгийн хохирол нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгдсөн болох нь хавтаст хэрэгт түүний гомдол, саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 88-р хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч З.Дад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Шүүгдэгч З.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” саналыг,

Шүүгдэгч З.Да, З.Д нарын өмгөөлөгч О.Алтанчулуугаас “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргасан.

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгч З.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан ба шүүгдэгч З.Д, З.Да нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байгаа тул улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх шүүгдэгч З.Д, З.Да нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Даг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч З.Дг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч З.Да, З.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч З.Да, З.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн З-ын Д, Х овгийн З-ын Да нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Даг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар, шүүгдэгч З.Дг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч З.Да, З.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч З.Д, З.Да нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч З.Да, З.Д нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Да, З.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ОЧБАДРАХ