| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2006038903007 |
| Дугаар | 2021/ДШМ/458 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ДШМ/458
2021 5 13 2021/ДШМ/0458
Г.Дид холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Дийн өмгөөлөгч Ц.Мандал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/745 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Тулгын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаартай эсэргүүцлээр Г.Дид холбогдох эрүүгийн 2006038903007 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Г-гийн Д,
Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс иргэн Ц.Бын Хаан банкны данс андуурч шилжүүлсэн алдаатай гүйлгээ болох 760,000 төгрөгийг завшиж, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Д нь хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “би кино үйлдвэрийн хойно барилга дээр эхнэрийн хамт ажил хийсэн. Чулууны үйлдвэрт ажилладаг байсан. Мөн Чойрт чулууны үйлдвэрт ажилласан. Тэдгээр газраас цалин орох байсан. Авах ёстой цалин орлоо гэж бодсон” талаар удаа дараа мэдүүлсэн байх тул энэ байдлын талаар шалгаж тогтоох, хэрвээ тэдгээр ажиллаж байсан эсэх, ажиллаж байсан бол дээрх газруудаас авах ёстой цалингийн үлдэгдэл тухайн үед байсан эсэхийг тогтоох шаардлагатай байна. Хохирогч Ц.Б нь Г.Дид үлдэгдэл цалин өгөх байсан эсэхийг тогтоохын тулд хохирогчийг болон дүү Г гэгчийг гэрчээр тогтоож асуух. Мөн хохирогчид дансаа ашиглуулдаг байсан гэх түүний охин Н.Б, мөн цалин нь ороогүй байсан гэх Дгэх хүмүүсийг гэрчээр асуух. Дээрх байдлуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан шалгаж тогтоох нь зүйтэй байна. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах бөгөөд шүүх үндэслэл бүхий, хууль ёсны шийдвэр гаргахад ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд Г.Дид холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Г.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Тулга бичсэн эсэргүүцэлдээ: “... Хуульд заасан үндэслэл журмын дагуу, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар буюу шүүгдэгч Г.Дийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Ц.Бын мэдүүлэг, “Юнител” ХХК-иас ирүүлсэн 88101281 болон 80309409 дугаарууд хооронд холбогдсон талаарх лавлагаа, гэрч Г.Эын “... тэгээд би өөрийн 88101281 дугаарын утаснаас 80309409 дугаарын утсанд 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр утсаар холбогдоход Д гэх хүн эхний удаа ярихад завгүй байна гэсэн тул дахин залгаад таны данс руу мөнгө андуураад шилжүүлсэн байна, та дансаа шалгаад буцаагаад шилжүүлээд өгөөч гэхэд за дансаа шалгая гээд утсаа салгасан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Дийн “... над руу нэг эрэгтэй хүн утсаар холбогдох таны данс руу мөнгө андуурч шилжүүлсэн байна гэхэд би “надад цахим үнэмлэх байхгүй, миний утсанд мэдээлэл ирдэггүй” гэж хэлээд ...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.Д нь өөрийн дансанд орж ирсэн мөнгийг өөрийнх биш, андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдсэн нөхцөл байдал тогтоогддог бөгөөд тэрээр тухайн мөнгийг буцааж өгөх боломжтой нөхцөл бүрдсэн, боломжтой байсан зэргийг үл харгалзан тухайн мөнгийг өөрийн хүсэл зоригийн дагуу захиран зарцуулсан явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад заавал гэрчүүдээс мэдүүлэг авах нь энэ хэргийн шийдвэрлэлтэд төдийлөн ач холбогдолгүй юм. Мөн аливаа этгээд өөрийн дансанд андуурагдан орж ирсэн мөнгийг өөрийнх биш гэдгийг мэдсэн, мөн бусдаас авлага гэх явдал нь “би авах ёстой зүйлээ авч байна” хэмээн өөрийн дураар бусдын хөрөнгийг захиран зарцуулах эрхийг олгосон явдал биш бөгөөд аливаа этгээдүүд нь өөр хоорондын хөдөлмөрийн хөлс, өр авлагатай холбоотой маргаантай асуудлыг тухайлан зохицуулсан хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Прокурор Б.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй нотлох баримтыг үндэслэж үндэслэлгүйгээр хэргийг буцаасан. Шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.Дийн өмгөөлөгч Ц.Мандал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн байгууллага нь түр ажилчид авч барилга дээр ажиллуулдаг байсан. Г.Д 550,000 төгрөг авах ёстой байсан бол 210,000 төгрөгийн зөрүү гарна. Мөн Дгэж андуурч хийсэн гэх хүн цалин авах ёстой байсан эсэхийг асууж тодруулаагүй. Дансны эзэн Б, эхнэр, хохирогч гэх хүмүүсийг асуугаагүй тул тэдгээрийг асуух шаардлагатай гэж үзэж шүүх хэргийг прокурорт буцаасан. Иймд прокурор дутуу шалгасан зүйлүүдээ шалгаж тодруулахгүй бол бичиг үсэг мэдэхгүй, хөлсөөр ажиллаж байсан Г.Д гэх хүн хэлмэгдэж, буруутан болох гээд байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн материалыг судлахад, Г.Дид холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Дийн 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс иргэн Ц.Бын Хаан банкны данс андуурч шилжүүлсэн алдаатай гүйлгээ 760,000 төгрөгийг завшсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Г.Дийг алдаатай гүйлгээг завшсан эсэхийг тогтоохын тулд хохирогч Л.Б, шүүгдэгч Г.Д нарын хооронд хөдөлмөрийн харилцаа байсан эсэх, хохирогч нь шүүгдэгчид үлдэгдэл цалин шилжүүлэх ёстой байсан эсэх зэргийг тодруулах, мөн хэргийн үйл баримтыг тогтоохын тулд ач холбогдолтой байж болох н.Г, Н.Б, н.Днарыг гэрчээр асууж дээрх байдлын талаар тодруулах шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, захиран зарцуулсан байдаг.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Дийн “... би Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн баруун хойд талд байрлах барилга дээр ажилласны цалин орсон байна гэж бодоод үрчихсэн юм. Мөн би 7 дугаар сард чулууны үйлдвэрт ажиллаж байсан. Уг ажлын үлдэгдэл 600,000 төгрөгний цалин орох байсан. ... миний дансанд 3 дугаар сарын 9-нөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хооронд ажилласан цалингийн үлдэгдэл 450,000 төгрөг орох байсан, тэр мөнгийг орсон гэж бодсон. Би Гд “цалингийн үлдэгдлээ авъя” гэж хэлэхэд “би 8 дугаар сард миний цалингийн үлдэгдлийг өгнө” гэж хэлсэн. ...” /хх 47-48, 82-83/, хохирогч Ц.Бын “... өөрийн төрсөн охин Н.Бийн Хаан банкны 5032129920 дугаарын данснаас ажилчдын цалин тавьж байхдаа 5935372051 дугаарын данс руу андуурч 760,000 төгрөг шилжүүлсэн. ... би өөрийн охин Н.Бид Дийн утасны дугаарыг өгч яриулахад Д “би та нараас хулгай хийж авсан биш би өөрөө энэ мөнгийг чинь цагдаад аваачаад өгчихнө” гэж хэлээд утсаа салгасан. ... Д манай компанид 2020 оны 3 дугаар сараас 6 дугаар сарын сүүл хүртэл ажиллаж байсан ба би өөрийн ажилчин Дгэх хүний цалинг тавих гэж байгаад андуураад Дийн данс руу шилжүүлсэн болно. ...” /хх 21-22/ зэрэг мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Г.Дийн алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэх үйлдлийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг эргэлзээгүй, нэг мөр тогтоогоогүй, хэргийн үйл баримтын талаар алдаатай гүйлгээ хийсэн дансны эзэмшигч Н.Б, үлдэгдэл цалинг шилжүүлэх ёстой байсан гэх н.Г мөн тухайн цалинг авах ёстой байсан гэх ажилтан н.Днарыг гэрчээр асууж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдийг тодруулж, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдийг шалгахгүйгээр прокурорын эсэргүүцэлд дурдсан гэрч Г.Э, хохирогч Ц.Б болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдэд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/745 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Тулгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/745 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Тулгын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ