2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1582

 

   

                                                           

 

 

 

   

   2025       06         12                                     2025/ШЦТ/1582

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Х.А нарыг оролцуулан,

           Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-т холбогдох эрүүгийн “**” дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х.А /РД:**/,

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт * гудамжинд хохирогч И.Г-тай урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт цохиж биед нь духанд шарх, баруун нүдний алимны салстын улайлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны *дугаар сарын 8-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Х.А-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдав.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.А* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд Х.А* нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэр * гудамжинд хохирогч И.Г-тай урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газарт цохиж биед нь духанд шарх, баруун нүдний алимны салстын улайлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч И.Г* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Намайг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр найз болох Т-ын -дүүргийн - дугаар гудамжинд байдаг гэрийг нь нүүлгэж байх үед тус өдрийн 16 цагийн үед зүс таних А* захирал нь гэсэн эмэгтэй хүний хамт ирсэн. Тэгээд тэр машинаасаа бууж ирээд А* нь миний нүүр хэсэгт 2-3 удаа цохихоор нь би эргүүлээд А-ын духны хэсэгт нь цохисон. Тэгээд надтай маргалдаад байж байснаа А* нь машин руугаа эргэж очоод дотроос цагаан өнгөтэй өргөн тонгорог гаргаад ирэхээр нь тэнд байсан хүмүүс А-ыг болиулаад бариад авахаар нь би тэндээс зугтаж явсан, намайг буцаад очих гэж байхад хүмүүс ойртуулаагүй. Тэгээд А-ын төрсөн ах нь болох Г* нь хутгыг нь авсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан. Намайг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр найз Т-ын Сүхбаатар дүүргийн *дугаар хороо * дугаар гудамж байдаг хашаанд нь байх үед А-т зодуулсны улмаас энэ гэмтлүүд үүссэн. А* машинаасаа бууж ирээд миний зүүн хацар хэсэгт нэг удаа, духан дээр баруун хөмсөгний дээд хэсэгт нэг удаа тус тус цохисон, намайг цохисных нь дараа А* луу харахад гартаа барьсан байсан юм аа, доош газар луу шидэж байсан. Би тэрийг чулуу байна аа гэж харсан. А-ын захирал гэдэг эмэгтэй хүнийг * гэдэг бөгөөд, бид хоёр төрөл садны харилцаатай юм аа, *ыг Б* гэж дууддаг, би тухайн хэрэг болсон өдрийн өглөө нь Б-ийн ажил дээр нь очоод уулзсан, Б-ийн аавынх нь хашаа нь *дүүргийн *дугаар хороо * гудамжинд байдаг юм аа, энэ хашааг хүн авъя гэж байсан, энэ талаар Б-тай ярилцчихаад явсан, А* нь бас тэр хашааг зарах гээд хүн хайгаад явж байсан сурагтай байсан, тэгж байхад нь би дундуур орчихсон юм шиг байгаа юм аа. Өмнө нь А-тай энэ хашааг зараад дундаас нь 5, 10 сая унагая гэж ярьсан байсан. тэр өдөр Б-тай уулзчихаад явахдаа А-тай таараад юм дугараагүй явсан. Энэ асуудлаас болоод маргалдсан. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй..." гэх /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

Гэрч С.Б* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Г* нь манайхтай нэг гудамжинд байдаг юм аа, тэгээд бид нарыг ойр зуурын юм хийгээд байж байх үед тус өдрийн 15-16 цагийн үед манай гэрийн гадаа А* нь ирсэн байсан юм байна лээ, би тэр үед гэр дотроо байсан ба нөхөр Т* нь гэрийн зүүн талд мод ачиж байсан, яг тэр үед манай гэрийн гадаа хүмүүс боль гээд орилолдоод эхлэхэд нь би хүүхдээ гэртээ үлдээгээд гарсан, намайг гэрээс гараад харахад манай хашааны гадаа Ганхуяг зогсож байсан. Намайг гэрт байх үед Г*, А* хоёр хоорондоо зодолдсон байсан, тэгээд би гэртээ буцаад орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Гэрч Ц.Ж* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *дүүргийн **дугаар хороо * гудамжинд манай хамаатны ах болох Г* нь манай ажлын газрын залуу болох А* луу залгаж хэл амаар доромжлоод байсан. Манай аав Цен нь өөрийн нэр дээрх хашаа байшинг А-ыг зараад өгөөч гээд хоорондоо амаар харилцан тохиролцоод хашаан дээрээ А-ын дугаарыг бичүүлсэн байсан. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө манай ажил дээр Г ах ирээд танай аав чинь хашаа байшингаа А-аар заруулна гэсэн байна. би танай хашаа байшинг зараад өгье гэсэн. Би Г ахад би тэр талаар мэдэхгүй та аавтай уулзаад асуу гэсэн. Тэгсэн Г ах өөрийн найз нартаа Ц ахын хашаа байшинг би зарах эрхтэй охин Ж надад зөвшөөрсөн гэж ярьсан байсан. Тэр ярьсан яриаг нь А бид хоёр хүмүүсийн амнаас сонссон байсан. Тэгээд тэр өдөр Ганхуяг ах А луу залгаж хэрүүл маргаан өдөж хүрээд ир гээд дуудаад салахгүй байсан болохоор би А-ын хамт хангайн 7 дугаар гудамжинд очсон. Бид хоёрыг хангайн 7 дугаар гудамжинд очиход Г ах тэр гудамжинд хүлээгээд байж байсан. Тэгээд А-ыг машинаас буухад нь шууд цохиж тэр хоёр хоорондоо зодолдож эхлэхэд тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгаж болиулсан. Харин нөгөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай ажил дээр Г ахын эгч нь Г ирээд хэл амаар намайг доромжлоод цагдаад дуудлага өгүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн * дугаартай дүгнэлтээр "...1. И.Г*-н духанд шарх, баруун нүдний алимны салстын улайлт гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Шинэ гэмтлүүд байна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт тусламж авсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 43-44 дугаар тал/,

Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон лавлагаа баримтууд /хавтаст хэргийн 46-107 дугаар тал/,

Яллагдагч Х.А* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Намайг 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ******орчимд байдаг ажил дээрээ байх үед И.Г* ах утсаар яриад намайг хэл амаар доромжлоод байсан, тэгэхээр нь би тус өдрийн 14 цагийн үед *дүүргийн *дугаар хороо * тоотод очсон. Намайг очих үед И.Г* ах ирсэн байсан ба гадаа нь хог цэвэрлээд байж байсан. Намайг машинаас буухад Г* ах миний баруун хөмсөгний хавьд нэг удаа цохисны дараа цус гарахаар нь би зөрүүлээд Г* ахын дух, шанаа хэсэгт 3 удаа цохисон. Тэр үед хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан бөгөөд намайг машинд суулгахаар нь би тэндээс явсан. Би тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би болсон асуудлыг санаж байна. Би тэр үед өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан. Би тэр үед Г* ахын нүүр, дух хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон. Намайг цохисны дараа дух нь шалбарчихсан байсан. Г* ахтай хашаа, байшингийн л маргаантай байсан. Энэ асуудлаас болоод маргалдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  6-7 дугаар тал/,

Шүүгдэгч Х.А* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.  

            Шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Х.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн талаар: 

Шүүгдэгч Х.А* нь бусдад төлөх төлбөргүй.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар: 

Эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД