| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/1291/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1580 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1580
2025 06 12 2025/ШЦТ/1580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Өнөбат,
шүүгдэгч Г.О нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-д холбогдох эрүүгийн “**” дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.О
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын орчим таксигаар үйлчлүүлж байх үедээ тухайн таксины жолооч болох хохирогч Б.П-тэй “Буруу замаар явлаа, мөнгө идэх гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, хэл амаар доромжлон, улмаар хохирогч Б.П-ийн зүүн гарыг мушгин түүний эрүүл мэндэд зүүн атгаалын доод төгсгөлийн гадна булууны сэлтэрхий, үений дотор хэсэгт хавчуулагдсан байдал, зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.О* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх байр суурьтайгаар оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.О* нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн -дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*” зочид буудлын орчим таксигаар үйлчлүүлж байх үедээ тухайн таксины жолооч болох хохирогч Б.П-тэй “Буруу замаар явлаа, мөнгө идэх гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, хэл амаар доромжлон, улмаар хохирогч Б.П-ийн зүүн гарыг мушгин түүний эрүүл мэндэд зүүн атгаалын доод төгсгөлийн гадна булууны сэлтэрхий үений дотор хэсэгт хавчуулагдсан байдал, зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Б.П* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнө “******” баарны үүдэнд зогсож байхад 1 залуу ирээд “Яаралтай натур оръё” гээд суусан. Би “За” гэж хэлж хөдлөөд *дүгээр хорооллын замаар явж байгаад “ШУТИС”-ийн уулзвараар өнгөрөөд “*” зочид буудлын орчим явж байхад “Чи муу буруу иргээд явж байна, мөнгө идэх гэсэн муу пизда” гэж хараасан. Би тэр үед явах замаа хэлсэн. Тэгсэн намайг “Чи муу мөнгө идэх гэсэн муу пизда” гэсэн. Би тэр үед “Буу тэгвэл” гээд маргалдаж байгаад буулгасан. Тэгээд тухайн эрэгтэй миний машин руу өшиглөөд хараагаад байхаар нь “Мөрөөрөө яв” гэтэл “Би чамайг ална пизда минь” гээд байсан. Машинаасаа маргалдаж байхад намайг заамдаад байсан. Тэгээд “Би чиний гарыг нэг л мушгина” гэж байгаад гар мушгиад намайг өшиглөсөн. Би тэгэхээр нь “Яв” гээд түлхсэн. Тэгээд би гар дийлдэхгүй байхаар нь машиндаа суусан. Тухайн залуу цааш явж байгаад буцаж ирээд “Буугаад ир пизда минь, би чамайг ална” гээд машин өшиглөөд байсан. Одоо бараг хонхойсон байх. Ямар ч байсан өшиглөсөн гутлын ором нь байгаа. Тэгээд хажуугаар явж байсан жолооч нар “Хөөе чи болиоч” гээд нөгөө залууг явуулсан. Тэгээд би гар эвгүй байсан болохоор нөгөө залуугийн явсан замын хойноос нь явж байтал нөгөө залуу алхаж байсан. Би машинтайгаа очоод суучих би саяны залуу байна суучих гэсэн. Тэгсэн нөгөө залуу суухгүй гэхээр нь би очоод “Чи сая гар эвгүй болгочихлоо” гэсэн чинь “Худлаа жүжиглээд байна надаас мөнгө салгах гээд байгаа юм уу?” гэхээр нь би “Үгүй, тийм зүйл байхгүй” гэж хэлтэл нөгөө гар мушгисан үл таних залуу “Чи тэгээд яах гэж буруу эргэсэн юм бэ?” гэсэн. Би тэр үед явах замаа хэлсэн. Тэгсэн “Чи надаас илүү мөнгө авах гээд ингэж байна” гээд хүний үг ойлгохгүй байсан. Тэгээд хэсэг ярилцаж байгаад “Цагдаа сэргийлэх гээд хэрэгггүй, энэ гарыг эмнэлэгт үзүүлээд яасан болохыг мэдье, гар зүгээр бол би цагдаа гэж явахгүй” гэж хэлтэл “Цагдаагаар яваад яах вэ? эмнэлэг орж үзүүлье” гэсэн. Тэгээд би “Машинд суучих, явъя” гэсэн чинь “Буу чиний машинд суухгүй” гээд байсан. Тэгэхээр нь би “Машин онгорхой байгаа би түгжээд ирье” гээд машинаа түгжээд ирэх үед нөгөө залуу байхгүй зугтаад явсан байсан. Би сүүлд очиж уулзаж байхдаа утасны дугаараас нь өөр рүүгээ залгуулсан. Миний нүүр рүү 1 удаа цохисон. Мөн гар мушгисан. Машин руу 2 удаа өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гар зүгээр бол гомдол, санал гэх зүйл байхгүй...” гэх /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
Хохирогч Б.П* мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлттэй танилцлаа ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй, шаардлагагүй. Өөрийн эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийнхээ мөнгийг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн */-дугаартай “.. 1. Б.П-ийн биед зүүн атгаалын доод төгсгөлийн гадна булууны сэлтэрхий үений дотор хэсэгт хавчуулагдсан байдал, зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн атгаал ясны хуучин сэлтэрхий үүсгэсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зүүн атгаалын доод төгсгөлийн гадна булууны сэлтэрхий үений дотор хэсэгт хавчуулагдсан байдал, зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал мушгих үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба зүүн атгаал ясны хуучин сэлтэрхий үүсгэсэн хугарал нь үзүүлэхээс сараас дээш хугацааны өмнө үүссэн байх боломжтой. 4. 3үүн атгаалын доод төгсгөлийн гадна булууны сэлтэрхий үений дотор хэсэгт хавчуулагдсан байдал, зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 -д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
**эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээ, компьютерт томографийн зураг (хавтаст хэргийн 22-24 дүгээр тал),
Хохирогч Б.П-ээс хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 22-24 дүгээр тал),
Шүүгдэгч Г.О* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн талаар:
Шүүгдэгч Г.О* нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэг хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэг нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД