Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/447

 

 

 

 

 

 

 

    2025         06         12                                   2025/ШЦТ/447

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн /ҮД:2702/,

шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч У.Хандсүрэн /ҮД:2362/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Б дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Э, Э.Ш нарт холбогдох 2405 01768 0441 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19........... оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, дулааны инженер мэргэжилтэй, “............” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилладаг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ................дүүрэг, .............. дүгээр хороо, ........... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ТЭ /РД:............/.

2. Монгол Улсын иргэн, 19........ оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатарт хогод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, “................” онлайн шопд хүргэлтийн жолоочоор ажилладаг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ............ дүүргийн ........дугаар хороо, ......... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БШ /РД:................./.

Хэргийн товч агуулга:

Г.Э, Э.Ш нар нь бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны шөнийн 01 цагийн орчимд Б дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бурхант төвийн нийтийн караокены гадаа хохирогч Г.Б үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.  

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Э, Э.Ш нар нь бүлэглэн хохирогч Г.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /хх.04/,

Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх..47/,

Хохирлын баримт /хх.49-51/,

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй тухай хүсэлт /хх.53/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.55/,

Хохирол төлсөн тухай баримт /хх.57, 182-184/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.58-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б өгсөн: “Би 4 дүгээр сарын 09-ны өдөр цуг хамт ажиллаж байсан эгчтэйгээ гадуур явж байгаад бид 2 караоке орохоор болсон юм. Ингээд БГД- н 22 дугаар хороо, Бурхант төвд байрлах нийтийн караоке орсон юм. Ингээд манай ажпын эгч бид 2-ын хажуу ширээнд нэг эрэгтэй хоёр эмэгтэй сууж байсан юм. Тэгээд тухайн караоке нь хүн нэмэгдэж орж ирэхээр ширээнд хүмүүсээ цуг суулгадаг юм байна лээ, тэгээд хамт явж байсан Солонгоо эгч бид 2 тухайн 3 хүнтэй хамт нэг ширээд суусан. Ингээд тухайн хүмүүс архи уугаад Солонгоо эгч бид хоёр 2, 2 ширхэг пиво уугаад сууж байсан, тэгээд би нэг мэдэхэд караокены гадаа байж байхад хамт сууж байсан хүмүүс гэнэт гарч ирээд орилоод, намайг үсдээд чирээд байсан, би тухайн үед толгой хэсгээс хааж байсан болохоор хэн намайг өшиглөж үсэдсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд намайг зодуулж байхад ардаас Солонгоо эгч гарч ирээд салгах гэхэд тухайн хүмүүсийн нэг нь өшиглөөд түлхээд унагаачихсан юм. Тэгээд манай эгч цагдаад дуудлага өгөөд цагдаа нар тухайн хүмүүс нь авч явсан. Ингээд сүүлд асуухад би тухайн үед цагдаа руу явахгүй гээд караоке дотор үлдсэн гэж байсан. Би тухайн хүмүүсийг танихгүй, тухайн үед таарсан хүмүүс байгаа юм. Би болон тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би гадаа байсан чинь гэнэт гарч ирээд, үсдээд чирээд өшиглөөд байсан. Би толгой хэсгээ хааж байсан болохоор яг хэн цохисон талаар мэдэхгүй байна. Хамт ажиллаж байсан Солонгоо гэх эгч болон тухайн 2 эмэгтэйчүүдтэй хамт байсан эрэгтэй байсан. Би тухайн хүмүүсээс болж ажлаа хийгээгүй, мөн хохирол мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.65-66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Сундуйн өгсөн: “Би эрхээ ойлголоо, надад мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Тухайн өдөр эхнэр болон найз Шийн хамт Налайх руу арьс аваад, мөн салхинд гарчхаад, орой нь харих замдаа хорооллын тэнд байх нийтийн караоке орсон юм. Ингээд бид 3 нийлээд 6-7 шил пиво уугаад дуулж байхад хажуу ширээнд сууж байсан 2 эмэгтэй хамт суугаад дуулж байсан чинь манай эхнэр тамхи татаж байхад тухайн 2 эмэгтэй манай эхнэрт “танай нөхөр найзтай чинь явалдсан” гээд хэлсэн юм шиг байгаа юм, тухайн үед манай эхнэр тоолгүй байж байгаад, буцаж орж ирээд “энэ хүмүүстэй хамт суухгүй” гэж зөөгчид нь хэлсэн юм. Ингээд байж байсан чинь манай эхнэр найзтайгаа түрүүлж гараад, би тооцоо хийгээд гарахад тухайн манай эхнэр найзтайгаа тухайн хамт байсан бүдүүн хөгшин эгчтэй хэрэлдээд маргалдаж байсан юм. Тэгээд тухайн хамт байсан Батцэцэг гэх эмэгтэй нь караокеноос гарч ирээд, гэнэт нэг эмэгтэй нь манай эхнэрийг үсдээд, хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн, тухайн үед би гайхаад эхнэрээ татаж авч холдуулаад, манай эхнэрийн найз Ш нь түхайн эмэгтэйг болиулах гэж зууралдаж байхад тухайн бүдүүн эгч хамт зууралдаж байгаад, тэр 3 дээр дээрээсээ давхралдаад, 2 нь зогсож байсан машины голоор уначихсан. Тэгээд би очиж Шийг босгох үед тухайн эмэгтэй дээшээ харчихсан байсан, тэгээд тэр 2-ыг босгоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирэхэд “надаа хамаа байхгүй” гээд тухайн газраа үлдээд, Солонгоо болон би эхнэр болон Ш нарын хамт цагдаа дээр ирсэн. Тийм асуудал болоогүй, биед ил харагдах ямар ч гэмтэл гараагүй байсан, тухайн 2 эмэгтэй нь намайг манай эхнэрийн найзтай холбож, худлаа зүйл манай эхнэрт ярьж маргаан үүссэн гэж бодож байна. Ямар нэгэн зодоон болоогүй, харин манай эхнэрийг өшиглөөд үсдэх үед нь найз нь өмөөрч зууралдаж байгаад газарт унасан. Манай эхнэрийн найз найзлаад 6-7 жил болж байна...” гэх мэдүүлэг /хх.69-70/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5260 дугаартай:

“1. Г.Б биед хүзүү, цээж, зүүн мөр, бугалга, өвдөг, баруун дал, шуу, өвдөгт цус хуралт, баруун дал, зүүн өвдөгт зулгаралт, баруун гарын 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.81-82/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.13-25, 65/,

Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх.92-94/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.105-107, 115-117/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.110-111, 120-121/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Шийн яллагдагчаар өгсөн: “...би тухайн эмэгтэйн цээж хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглж унагаасан мөн үсдэж газар унагаасан зүйл байгаа...гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх.114/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Эын яллагдагчаар өгсөн: “...би тухайн эмэгтэйн цээж хэвлий хэсэг рүү нэг удаа жийж унагаасан...гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа зүйл байхгүй...миний буруутай үйлдэл байсан. Хохирол бүрэн барагдуудсан...” гэх мэдүүлэг /хх.124/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.129-150, шинээр гаргасан 1 хуудас/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч нарын гаргасан хүсэлт /хх.158-160/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.162-165/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.170-173/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй тухай хохирогчийн тайлбарыг тэмдэглэсэн прокурорын тэмдэглэл /хх.75/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Э, Э.Ш нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Э, Э.Ш нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Э, Э.Ш нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Э, Э.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Г.Э, Э.Ш нарын хувийн байдлыг харгалзан үзэж, тэдгээрт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э, Э.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, Э.Ш нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ТЭ, Боржигон овогт Эрдэнэ-Очрын Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Э.Ш нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Э, Э.Ш нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э, Э.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, Э.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР