Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Хохирогч З.Энэбиш

Шүүгдэгч И.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И.Гантулгад холбогдох эрүүгийн 201507000113 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1967 онд төрсөн, 50 настай, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг,  Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 4-р багт оршин суух, Гаадан овогт Ившинхоролын Гантулга РД:ДЛ67022810 гэв.

Шүүгдэгч И.Гантулга нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн З.Энэбишийн 15.000.000 төгрөгийн үнэтэй халтар манан хөөргийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч И.Гантулга нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн З.Энэбишийн халтар манан хөөргийг хулгайлж түүнд 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч И.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2015 оны 03 дугаар сарын сүүлээр Энэбиш гэдэг хүний хөөргийг хот руу авч явсан. Тэгээд Энэбиш би зээлтэй байна үүнийг мөнгө болгоод өгөх арга байна уу гэсэн. Хүнд үзүүлсэн толгой нь хагархай юм байна авахгүй гэсэн. Тэгэхээр нь аймаг дээр байдаг гэртээ 14 хонуулаад 05 дугаар сарын 25-ны өдөр ирнэ гэхээр нь хойш нь авч очоод миний ажлын өрөөний шүүгээнд 15, 16 хоносон. Тэгээд 05 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед ажил дээр З.Энэбиш ирээд юмаа ав гэсэн чинь өнөөдөр жоохон тоглож, пиво ууна үдээс орой ажил тарахаар чинь авъя гэсэн. Үдийн цайны цагаар гэртээ ирэхэд Энэбиш ирсэн байхаар нь цагаан сараар ирээгүй юм гээд нэг архи задалж өгчихөөд би хүнтэй зарсан малын мөнгө авах гээд явчихаад ирсэн чинь архиа дээрээс нь бараг амсаагүй шахуу байж байсан. Яагаад уухгүй байгаа юм гэсэн чинь би ганцаараа архи ууж чаддаггүй юм байна гэсэн. Тэрийг задлаад уугаад байж байтал Энэбишийн найз Шартолгойт гэдэг залуу орж ирсэн. Гурвуулаа уугаад байж байтал манай оюутан хүүхэд Ховд аймгаас утасдаад 20.000 төгрөг хийгээдэх гэхээр нь Шартолгойтыг аваачаад хийгээтэх гэсэн чинь би бичиг үсэг мэддэггүй гэсэн. Тэгэхээр нь Энэбишийг чи яваад ирнэ үү гэсэн чинь Энэбиш авч яваад 30 минут болсон. Тэр хооронд бид хоёр архиа ууж дуусаад аяганд жоохон архи үлдчихээд байж байсан чинь Энэбиш орж ирсэн. Чи яав гэсэн чинь очер ихтэй байна гэсэн. Юмаа аваад явах юм уу гэсэн чинь болоогүй бид хоёр муушиг тоглох гэж байна орой хөөргөө авна гэсэн. Орой 17 цаг 45 минутын үед над руу ярьсан. Би хөөргийг нь аваад гэртээ ирэхэд энэ хоёр нэг архи аваад ирсэн. Тэр архийг нь уугаад дахиж нэг архи уугаад байж байтал Энхжаргал гэдэг хүн хаалга цохьсон.  Тухайн үед манай нэг бэр орж ирж мах авсан гэж байгаа юм. Тэрүүхэн зуур ухаан жоохон балартсан байсан. Энхжаргал гэдэг хүн орж ирээд намайг ор руу түлхэж унагаасан гэсэн. Тэгээд жоохон муудалцаад манайд сууж байгаад эд нар хөөргөө аваад манай үүдэн дээр гарангуут цагдаа нар эд нарыг баривчилсан. Тэгээд Энхжаргалыг хийгээд Энэбишийг явуулаад 40-50 минутын дараа ирж цагдаад баригдсан байгаа юм. Цагдаа дээр байж байгаад гарах болсон чинь хөөрөг нь байхгүй байсан гэсэн. Би эд нарыг явсны дараа гэртээ байж байгаад Батбаатар гэдэг хүнтэй 9 цагийн үед нэг шил архи уугаад нам унтсан. Хүн босч хаалга тайлж өгөхгүй бол гаднаас манай хаалга онгойхгүй. Тэгсэн өглөө сэрсэн чинь энэ хоёр цагдаа та хөөрөг нь сейфинд байгаа гэж хэлсэн гэсэн. Энэ хүн өөрөө аваад явсан. Өөрөө тамхилаад гэрчтэй аваад явсан хүн. Яахаараа миний өрөөнд байдаг юм та нар очиж үз гэсэн. Миний өрөөнд очиж үзсэн. Тэр шөнө манай өрөөг гаднаас хүн онгойлгож орсон байсан. Яагаад гэхээр би цагдаад хүсэлт өгсөн шалгаагүй. Албан өрөөнд байсан албаны тамга алга болсон. Тэгээд би хоёр цагдаад хэлсэн. Анхнаасаа энэ хоёр цагдаатай холбоотой хэрэг байгаа юм. Энэбиш, Энхжаргал гэдэг хоёр хүний нэгийг нь нүцгэлж бүх юмыг нь бүртгэж оруулчихаад нэгийг нь зүгээр гавалсан байсан. Яагаад ингэж оруулсан юм гэсэн чинь хүчрэгдэхгүй байсан гэсэн тийм хоёр залуу нэг хүн хүчрэхгүй байна гэж байхгүй. Түүнээс хойш 3 жил дамнаж энэ хүнд дарамтлуулж амьдарч байна. Хулгай хийгээгүй. Миний үр удам, өвөг дээдэст хулгай хийж байсан түүх байхгүй. Хөөргөө хүлээж авсан. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цагдаа руу шилжээд 07 дугаар сард амралтаа аваад Говь-Алтай аймагт ирээд амарч байсан. 07 дугаар сарын 28-ны орой ахтай цуг хүүгийн хүүхдийн даахинд Ховд аймагт очоод байж байсан чинь Энхболдбаатар орлогч дарга над руу баахан залгасан байсан. Залгаад яав гэсэн чинь нөгөө хөөрөгний чинь толгойг цагдаагийн ар талаас барилгынхан олсон байна гэсэн. Худлаа яриад бай. Яаж байдаг юм гэсэн чинь үнэн бид нарын үзэж байсан хөөрөгний толгой мөн байна гэсэн. Багийн даргаа явуулаад зургийг нь авахуулаатах гээд зургийг нь авахуулаад өмгөөлөгчтэйгөө ярьсан. Нөгөө хөөрөгний чинь толгой Хөхморьт сумд гарч ирсэн сураг байна гэсэн чинь би ярья гэсэн. Өмгөөлөгч мөрдөн байцаагчтай чинь ярихад бид нар Хөхморьт сумд шалгаж байна гэж хэлсэн гэсэн.  Тэгээд таг чиг байж байгаад 08 дугаар сарын арван хэдний үед Сайнхүү гэдэг прокурор дуудаад хэдэн юман дээр гарын үсэг зуруулсан гэсэн. Хөөрөгний толгой олдсон гэсэн би үзье гэсэн чинь чамд үзүүлэхгүй өөрт чинь ямар ч хамаагүй, хэргийг чинь хаалаа яв гэсэн. Энэ жил 05 дугаар сарын арван хэдний үед дахиад цагдаагаас хэргийг чинь сэргээсэн гэж дуудсан. Амартүвшин гэж хурандаа шалгасан. Би мэдүүлэг өгөхгүй, өмнө нь мэдүүлэг өгч байсан. Хэрэг тодорхой байхад та нар дахиж хүн дуудлаа гээд мэдүүлэг өгөөгүй. Ийм хэрэг болсон юм... гэж мэдүүлж байгаа хэдий ч

 Хохирогч З.Энэбишийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би 05 дугаар сарын 25-ны өдөр хөөргөө авах гэж очсон чинь нэг шил архи гаргаад би энийг чамд өгч байгаа юм гэсэн. Би ганцаараа ууж чаддаггүй юм гэж хэлсэн. Би хөөргөө авъя гэсэн чинь өрөөнд очоод ав гэсэн. Би авах гээд очсон чинь би авъя гэсэн. Миний хөөргийг анх эхлээд авахдаа хот руу нутгийн золгуутанд аваад явъя. Чи хөөргөө өгөөд явуулчих гэсэн. Тэгэхээр нь би өгч явуулсан. Миний хөөргийг худалдаж явъя. Би чамд хэдэн төлөг өгье. Нэг бол би нэг шар бариад өгье. Чи үлдээчих гэсэн. Би найр хуримтай үлдээхгүй гэсэн. Ирээд очиж уулзаад хөөргөө авъя гэсэн чинь чи жоохон байж бай гэсэн. Тэгээд би нэг найзындаа очиход лото, илжиг тоглож байгаад эргээд 2 цаг гээд хүрээд ир гэхээр нь ирсэн чинь Гантулга гэртээ ирсэн байсан. Гантулга “Сархад” гэдэг  архи задалж өгсөн, тэр архийг нь Хуягаа бид 3 хувааж уусан, Гантулга манай хүүхдийн данс руу 20.000 төгрөг хийгээд ир гэж Хуягаад хэлэхэд чадахгүй гэсэн, тэгээд би явж хийсэн.Тэгээд ирэхэд аяганд архи хийсэн байсан түүнийг нь уучихаад хөөргөө авъя гэхэд ажил дээр байгаа, би авч ирээд байж байя, та хоёр ирэхдээ архитай ирээрэй гэсэн, тэгээд Хуягаа бид хоёр бензин аваад 1 шил 0,5-тай тэргүүн архи аваад Гантулгынд очоод тойруулаад байж байхад Гантулга миний хөөргийг өгсөн, тэгээд би Гантулга, Хуягаа хоёртой хөөрөглөсөн, архи дуусахад Гантулга дахиад 1 архи уумаар байна гэхэд нь Хуягаа бид хоёр мөнгөө нийлүүлж 0,5-тай “Ерөөл” архи авсан. Тэгээд уугаад дуусах гэж байхад Гантулга дахиад хөөрөглө гэхээр нь би хөөрөглөсөн, тэгэхэд хүн хаалга цохьсон, Гантулга өөрөө хаалга нээж өгөхөд Энхжаргал орж ирээд чи миний базыг халдаг хэн юм бэ гээд Гантулга руу дайрч маргасан, тэгээд Энхжаргалын авчирсан пивийг хувааж уугаад үүдэн дээр нь гараад ирэхэд цагдаа барьж аваад явсан. Тэгээд очоод үзэхэд хөөрөг байхгүй, даалин  байсан, үүнийг Энхжаргал мэдэж байгаа. И.Гантулга өөрөө бид нартай цуг гараад мод усалж байсан хүмүүс рүү яваад өгсөн. Одоо 3 жил болж байна. Би маш их хохирч байна. Миний хөөрөг энэ хүнээс гарцаа байхгүй. Зүгээр байсан хөдөөний малчин хүнд архи  өгсөн. Би зараад өг гэж хэлээгүй. Өөрөө нутгийн золгуутанд хот руу барьж яваад ирье гэсэн юм” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 29-30/

Гэрч С.Шартолгойн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тухайн үед Гантулгын жижиг хөөргийг Энэбиш барьсан байсан. Гантулгатай өөрийнхөө халтар манан хөөргөөр буцаагаад сольж авч байгаа юм болж байсан. Дараа нь Энэбиш Гантулга бид 3 байхад Гантулга Энэбишээс ганц хөөрөглөөдөхье гэж хэлээд буцааж аваад өгөөгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36, 109/

Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Тогтохбаатар, а/а Д.Баатарцогт нарын “Гантулгын гэрт очиход унтаж байсан ба цонхыг нь тогшиход босож ирээд хаалга нээсэн. Гэрт нь орж Энэбишийн хөөрөг алга байна. 40 сая төгрөгний үнэтэй гэж байна гэхэд надад үлдээчихсэн байгаа. Миний ажлын өрөөнд сейфэнд байгаа гэсэн тул бид 2 цагдаагийн хэсгийн байр орж Энхжаргал болон Энэбиш нарыг явуулсан...” гэсэн илтгэх хуудас болон мэдүүлэг /хх-ийн 78,106, 231-233/

Гэрч О.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай ЗДТГ-ын хаалганы түлхүүр миний мэдэхийн 5 ширхэг байдаг ба тухай түлхүүрүүдийг хурлын дарга, Засаг дарга, орлогч дарга, ЗДТГ-ын дарга, төрийн сангийн дарга нар эзэмшдэг...” гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч З.Энэбишийн хөөргийг өгсөний дараа шүүгдэгч Гантулга дахиад хөөрөглө гэж хөөрөглөсөн, энэ үед гаднаас Энхээ буюу Энхжаргал гэдэг хүн орж ирээд Гантулга руу дайрсан, Гантулгынхаас гараад Энхжаргал, Энэбиш нарыг цагдаагийн байранд аваачсан, тэнд байхдаа Энэбиш тамхиа авах гэж өврөө уудлахдаа миний 40 саяын хөөрөг алга гэж хашгирахад, цагдаа, хэсгийн төлөөлөгч хоёр Гантулгынд очиж асуухад миний сейфэнд байгаа гэсэн зэрэг үйл явдлууд нь дээрх нотлох баримтуудаар батлагдаж, шүүгдэгч Гантулгын би аваагүй гэсэн мэдүүлэг нь няцаагдаж байх тул шүүгдэгч И.Гантулга нь хохирогч Энэбишийн согтуурсан байдлыг далимдуулан хөөргийг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй  байна.

Шүүх  хэргийн бүх ажиллагааг хянахад  2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Оролцогч нараас  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлыг шийдвэрлүүлэх талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт  гаргаагүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч И.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч И.Гантулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогчийн мэдүүлэг /хх-29-30-рт/, гэрч С.Шартолгойн мэдүүлэг /хх-35-36-рт/, гэрч С.Шартолгойн мэдүүлэг /хх-109-рт/, гэрч Ц.Отгонцагааны мэдүүлэг /хх-76-77-рт/, гэрч Д.Баатарцогтын мэдүүлэг /хх-106-рт/, мөн Д.Баатарцогтын мэдүүлэг /хх-231-233-рт/, гэрч Ц.Төмөртийн мэдүүлэг /хх-117-рт/, М.Тогтохбаатарын илтгэх хуудас /хх-78-рт/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-198-рт/, хохирогчийн хөөрөгний толгой олсон В.Самбанамдагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл байна. Гэрч М.Туяагэрэлийн мэдүүлэг /хх-204-рт/, гэрч З.Онолбаатарын мэдүүлэг /хх-231-рт/, шинжээчийн дүгнэлт 2 дугаар /хх-13-16-рт/ хамгийн сүүлд үнэлгээ тогтооход Итгэлт-эстимэйнт ХХК-аас 15.000.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Сэжигтэн И.Гантулгын мэдүүлэг /хх-51-52-рт/, гэрч Д.Энхжаргалын мэдүүлэг /хх-55-рт/, З.Энэбишийн маршрут тогтоосон тэмдэглэл /хх-72-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: хохирогчийн мэдүүлэг /хх-29-30-рт/ хохирогч бол мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадахгүй байгаа. И.Гантулга гэдэг хүн авсан гэдэг талаар мэдэхгүй. Хөөргөө тэр айлд үлдээсэн дахиад хөөрөглөсөн гэдэг талаараа мэдэхгүй. С.Шартолгой ярихдаа тэгж хэлсэн. И.Гантулгад байгаа гэж бодож байна гэсэн байгаа. Гэрч М.Бат-Өлзий /хх-107-108-рт/ энэ хүн бол архи уугаагүй эрүүл байсан хүн. З.Энэбиш гэдэг хүн Цагдаатай маргалдаад цаашаа явсан байгаа. Соёлын төв нь цагдаагийн саатуулах байрны хаана байдаг талаар байхгүй байгаа. З.Энэбиш гэдэг хүн нь соёлын төвийн үүдээр гараад цагдаатай маргалдаад байсан асуудлаа мэдэхгүй байгаа. Цаашаа авчихаад эргэж ирэхдээ хаагуур яваад хаана очиж байж байгаа мэдэгдэхгүй. Тухайн үед хохирогч согтуу байсан учраас өөрийн явсан маршрутаа зөв зааж өгч чадахгүй байгаа. Гэрчийн мэдүүлэг дээрээс энэ нь тодорхой харагдаж байгаа юм. Гэрч Б.Батбаатарын мэдүүлэг /хх-110-рт/, И.Гантулгын согтолтын зэрэг ямар байсан, ярьсан зүйлээ санаж байсан эсэхийг энэ гэрч мэдүүлсэн байгаа. Гэрч Д.Баатарцогтын мэдүүлэг /хх-107-рт/ тухайн сумд цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хүн эрүүлжүүлэх байранд очсон байхдаа би И.Гантулгаас хөөргөө сая авсан гэж хэлсэн байгаа. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болсон шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх-173-174-рт/ хохирогчийн өгч байсан мэдүүлэг асуулт хариулт хэсгээс хөөргөө авахаар 6 цаг 30 минутын үед очсон. И.Гантулгын гэрээс 9 цагийн үед гарсан. Би гадаа гарчихаад мотоциклоо асаах гэж байхад И.Гантулга гуай хойшоо захиргааны галч нар мод усалж байгаа газар руу явчихсан. Би мотоциклио асаах гэж байхад миний мотоциклийг цагдаа булааж аваад унаад явсан. Хуягаа асаагаад явчихсан. Би хамгийн сүүлд нь хаалгыг нь хаачихаад гарч явсан гэсэн байгаа. Би зугтаагаагүй мотоциклийнхоо хажууд байж байсан. Намайг яв гэхэд нь би явахгүй гээд Соёлын төвийн үүдээр тойроод тамхи татаж жаахан алхаж байгаад араас нь пүүтгэн дээр очсон юм. Гавлах гэхээр нь гавлуулахгүй гээд жоохон ноцолдож байгаад тэр хоёр цагдаа нийлж гавлаж эрүүлжүүлэхэд хийсэн юм. 11 цаг өнгөрөөгөөд гарсан. Би өмнөх шөнө нь нойргүй явсан. Би энэ хүнээс хөөргөө авахаар ирсэн. Цагдаагийн байрнаас гараад шууд энэ айлд ирээд хөөрөг байгаа юм уу гэхээр аанхаа гээд толгойгоо сэгсэрсэн гэж байгаа. Өмнө нь Энхжаргалын эхнэр хоёр цагдаатай очоод хөөрөг байгаа эсэхийг асуухад хөөрөг нь байж байна чи тэр И.Гантулгад хөөргөө өгсөн байна гэж хэлсэн. Өмнө нь мэдүүлэгтээ Энхжаргал И.Гантулгад өгсөн гэж хэлсэн боловч шүүх хуралдаан дээр Энхжаргалын эхнэр тэгж хэлсэн гэсэн байгаа. Эндээс Энхжаргалын эхнэр хоёр цагдаатай И.Гантулгын гэрт очсоноор харагдаж байгаа. И.Гантулга хаана байсан юм гэхээр зүүн талын орон дээрээ унтаж байсан гэж байгаа. Энэ хүн хохирогчийг очиход босч ирээгүй орон дээрээ унтаж байсан байгаа. Тэгэхээр маш их согтолттой байсан хүн орон дээрээсээ аанхаа гээд толгойгоо сэгсэрсэн гэж байгаа. Хохирогч саатуулах байранд очоод миний хөөрөг алга болсон байна гээд тэрнээс хойш болсон явдлаа сайн санаж байгаа. Тэгэхээр энэ хүн аанхаа гээд толгойгоо сэгсэрсэн нь энэ хүнд байна гэж баттай нотолсон нотлох баримт болж чадахааргүй харагдаж байгаа. Тэмдэглэлээс хөөрөгний зургийн талаар асуусан байгаа /хх-175-рт/ таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хураан авсан тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-195-197-рт/, 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх-199-рт/, гэрч Энхболдбаатарын мэдүүлэг /хх-202-рт/, Т.Майдарын мэдүүлэг /хх-203-рт/, гэрч М.Туяагэрэлийн мэдүүлэг /хх-204-рт/, В.Самбанамдагийн мэдүүлэг /хх-206-рт/, прокурорын тогтоол /хх-211-212-рт/, гэрч Б.Батбаатарын мэдүүлэг /хх-223-рт/, В.Самбанамдагаас хоёр дахь удаа байцаасан мэдүүлэг, гэрч Ц.Амгалангийн мэдүүлэг /хх-226-рт/, гэрч С.Чимгээгийн мэдүүлэг /хх-227-рт/, М.Тогтохбаатарын илтгэх хуудсыг улсын яллагч уншаад танилцуулсан байгаа. Гэрч Энхчимэг, Галааравын мэдүүлэг эдгээр мэдүүлгүүд хөөрөг олдсон талаар мэдүүлсэн байгаа. Ц.Отгонцагааны мэдүүлэг /хх-239-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч И.Гантулга нь хохирогч З.Энэбишийн хөөргийг нутгийн зөвлөлийн золгуутад авч яваад 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогч З.Энэбишийг буцаан авахаар ирэхэд орой явахдаа ав хэмээн буцааж өгөөгүй байна. Энэбиш нь хөөрөг байхгүй байгааг цагдаагийн саатуулах байранд байхдаа хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Тогтохбаатар, а/а Д.Баатарцогт нарт хэлсэн байх ба М.Тогтохбаатар, Д.Баатарцогт нар нь шүүгдэгч И.Гантулгын цонхыг нь тогшин асуухад миний ажлын өрөөнд сейфэнд байгаа гэж хэлсэн зэрэг байдлаас дүгнэхэд  шүүгдэгч И.Гантулга нь хохирогч З.Энэбишийн 15.000.000 төгрөгний үнэлгээ бүхий халтар манан хөөргийг хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И.Гантулгад холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

шүүгдэгч И.Гантулгыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, И.Гантулгын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Гантулгад оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.   
Шүүхээс шүүгдэгч И.Гантулгыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Шүүгдэгч И.Гантулгад 2002 оны Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Алдагдсан халтар манан хөөрөгний үнэлгээг хөөрөгний их бие, толгойн хэсгийг тус тусад нь үнэлгээгээр тогтоолгоогүй байх тул хэрэгт  хураагдаж ирсэн, гэрч В.Самбанамдагийн Хөхморьт сумд ажил хийж газар ухаж байгаад олсон гэх улаан ягаан өнгийн толгойн хэсгийг дамнасан 5 ширхэг цагаан од, нэг ширхэг хар өнгийн од мэт хонхорхойтой, халбаганд наадаг хэсэг нь цэвэрлэгдсэн  хөөрөгний толгойг  шүүгдэгч, хохирогч нар алдагдсан хөөрөгний толгой мөн гэж мэдүүлж байх тул хохирогч З.Энэбишид буцаан олгож, хохирогч З.Энэбишийн хөөрөгний үнийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйгээр шийдвэрлэлээ.

 Энэ хэрэгт И.Гантулга нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдөөгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Гаадан овогт Ившинхоролын Гантулгыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Гантулгын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар И.Гантулгад оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Гантулгад оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэтрүүлсүгэй.

5. Хэрэгт хураагдаж ирсэн улаан ягаан өнгийн толгойн хэсгийг дамнасан 5 ширхэг цагаан од, нэг ширхэг хар өнгийн од мэт хонхорхойтой хөөрөгний толгойг хохирогч З.Энэбишид буцаан олгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Энэбишийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт И.Гантулга нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлөгдөөгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.САРАНТУЯА